Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0519

 

 

  

 

 

     2022           06           27                                        128/ШШ2022/0519

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.П***,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О***,

Хариуцагч: Н Ц У Г Д Ц Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э***, Б.Н**** нарыг оролцуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/146 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, уг захиргааны актыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн 3 сарын цалин 2.760.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э***, Б.Н****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч З.П*** нь Н Ц У Г Д Ц Х*****д холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/146 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, уг захиргааны актыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн 3 сарын цалин 2.760.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэл гаргасан.

          2.З.П***ийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/146 дугаар тушаалаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч албан тушаалаас чөлөөлжээ.

          3.Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан гомдолд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01/1314 дугаар албан бичгээр, Цагдаагийн ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 5г/3765 дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн тул тус шүүхэд 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 9779 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дахин гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн.

          4.Нэхэмжлэгч З.П**** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

          “Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/146 дугаар тушаалаар Цагдаагийн дэд ахлагч З.П*** намайг ажлаас халсныг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

          Миний бие нь 2015 онд анх цагдаагийн байгууллагад цагдаа жолоочоор ажилд орсон. 2019 оноос Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст жолоочоор ажиллаж байсан.

          2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би шуурхай дуудах байх гээд ажил дээр очиж хоносон. Дуудлага ирээгүй учир маргааш өглөө буюу 2020 оны 12 дугаар сарын 12-ны өглөө ажлаас буусан. Манай н.Б*** гээд жолооч залуу мөн өдөр ажлаас буугаад жаахан уусан байхаар нь гэрт нь хүргэж өгсөн. Бид тэдний гэрт 2 хундага архи уусан. Гараад гэрлүүгээ явж байтал н.Б**** хувийнхаа машинтай араас гарч яваад осол гаргасан байсан. Бэс нөгөө тээврийн хэрэгслийн жолооч нь 500.000 мянган төгрөг нэхсэн гэсэн. Өгөхгүй гэхээр нь цагдаа дуудсан байсан.

          Энэ зөрчилтэй холбоотойгоор Бтэй хамт архи уусан шалтгааны улмаас намайг дээрх тушаалаар ажлаас халсан болно.

Би тухайн өдөр амралттай байсан. Миний бие нь эцгийн хамт хоёулаа амьдардаг бөгөөд эцэг Ц.З**** 65 настай өнгөрсөн 3 дугаар сард бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас хагалгаа хийлгэсэн.

...Нийслэлийн удирдлагууд тушаал гаргахын өмнө надтай уулзаж учир байдлыг сонсоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй, ажлаа хийгээд явж байтал үндэслэлгүйгээр ажлаас халсан гомдолтой байна. Миний бие нь яг ямар алдаа зөрчил гаргасан, хэзээ, ямар алдаа зөрчил гаргасан талаар надад хэлж ажлаас халсан талаар хэлж ярьж танилцуулаагүй, би бодохдоо дээрх ажлын бус цагт гаргасан асуудалтай холбоотойгоор ажлаас халсан гэж ойлгож байна.

Надад ажлаас 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тушаал чинь ирсэн шүү ирж танилцаарай гэж хэлсэн. Би тушаалтай одоог хүртэл очиж танилцаагүй, тушаал одоо хүртэл надад өгөөгүй байгаа. Би 2 сар шахам ажилгүй байна. Тухайн үед тушаалтай танилцах гэсэн ч боловч Ковидтой холбоотойгоор УОК-оос хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор гадуур гарч явж чадахгүй байсан. Халсан тушаалыг би өөрийн биеэр очиж аваагүй, надад шуудан болон бусад ямар нэг байдлаар өгөөгүй. Ингээд хөл хорио суларсны дараа Ерөнхий газарт хандаж гомдол гаргаж шуудангаар хүргүүлсэн боловч хариу албан ёсоор өгөөгүй, харин шүүхэд ханд утсаар хэлсэн болно.” гэв.

          5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/146 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон, уг захиргааны актыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн 3 сарын цалин 2.760.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах гэсэн шаардлагыг гаргасан. Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/146 дугаар тушаалаар Цагдаагийн дэд ахлагч З.П****ийг ажлаас халсныг эс зөвшөөрч энэ нэхэмжлэлийг гаргасан. 2015 онд анх цагдаагийн байгууллагад цагдаа жолоочоор ажилд орсон. 2019 оноос Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст жолоочоор ажиллаж байсан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шуурхай дуудах байх гээд ажил дээр очиж хоносон. Дуудлага ирээгүй учир маргааш өглөө буюу 2020 оны 12 дугаар сарын 12-ны өглөө ажлаас буусан. Нэхэмжлэгчийн хамт ажилладаг н.Б**** гээд жолооч залуу мөн өдөр ажлаас буугаад түүнийг гэрт нь хүргэж өгсөн. Түүний гэрт нь архи уусан. Ингээд тэдний гэрээс гараад гэрлүүгээ явж байтал н.Б хувийнхаа машинтай араас нь гарч яваад осол гаргасан талаар утсаар хэлсэн. Буцаж очоод найздаа тусалсан. Энэ зөрчилтэй холбоотойгоор н.Б***тэй хамт архи уусан гэсэн шалтгаанаар ажлаас халсан байгаа. Тухайн өдөр амралтын өдөр байсан, ажилд гараагүй байсан. Тухайн үедээ нэхэмжлэгч нь 65 настай бүдүүн гэдэсний хорт хавдартай эцэгтэйгээ хамт амьдарч байсан, одоо эцэг нь нас барсан. Нийслэлийн Цагдаагийн удирдлагаас тушаал гаргахдаа нэг жилийн хугацаанд эргэж орохоор тушаал Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын санал очсон. Гэтэл Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас эргэж орох эрхгүйгээр халсан нь үндэслэлгүй байна. Мөн тухайн үед гарсан зөрчлийг харгалзаж үзэлгүй, шууд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан нь үндэслэлгүй байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн энэ хооронд цагдаагийн удирдах байгууллагадаа гомдол гаргасанд шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Төрийн албан хаагч зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын тухай журмын 3.4, 7.1-д зааснаар хуульд үндэслээд Төрийн албаны тухай хуулийн 35.6-д заасан үндэслэлээр төрийн албанд гурван жил эргэж орох эрхгүйгээр халахаар заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлд хугацааг заагаагүй байдаг. Цагдаагийн албан хаагчийг дараах тохиолдолд цагдаагийн албанаас хална гээд үүнд өргөсөн тангараг, ёс зүй сахилгын дүрэм зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, энэ хуулийн 66 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, Монгол Улсын харьяатаас гарсан зэрэг нөхцөлүүдийг хуульд заасан. Хуульд ямар нэгэн хугацаа заагаагүй байдаг. Тэгэхээр цагдаагийн байгууллага өөрсдөө үүнийг хугацаа заагаагүй болохоор нэг мөсөн хэзээ ч эргэж орох эрхгүйгээр хална гэж ойлгож тушаал гаргасан байна. Би тухайн үедээ Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Тамгын газрын даргатай уулзаж хэлж байсан: үүн дээр хугацаа заагаагүй болохоор харин ч эсрэгээрээ нэг сарын дараа ч эргэж орж болох, нэг жил, гурван жилийн хугацаанд эргэж орж болно, эсвэл хүссэн үедээ эргэж орох бүрэн боломжтой юм биш үү гэсэн. Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1-д хугацаа байдаггүй. Харин Төрийн албаны тухай хуульд 3 жилийн хугацаагаар, 3 жил дотроо ямар ч хугацаа байж болно, дээд тал нь гурван жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халахаар заасан. Шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Доод шатны байгууллага буюу яг тухайн ажиллаж байсан нэгжийн даргын санал нэг жилийн хугацаа гэсэн байна. Гэтэл дээд шатны байгууллага хугацаа хамаарахгүй халсан байна. Нэхэмжлэгчид өөрт нь гардуулаад өгсөн эсвэл хаягаар нь шууданд хийсэн үйл баримт байхгүй. Сонсох ажиллагааг утсаар хийсэн гэж нотлох баримт шинжлэн судлахад хэлсэн. Цагдаагийн байгууллагын ёс зүйн дүрэмд зааснаар хоёр удаа зөрчил гаргасныг ноцтой зөрчил гэж үзсэн байна. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг ноцтой зөрчил биш гэж үзэж байна, амралтын үедээ архи уусан. Ажлын байран дээрээ архи уусан байсан бол ноцтой зөрчил гэж үзэх байсан байх. Мөн нэхэмжлэгч хувцсаа халхалсан байгаа, архи уух асуудал бол Монголын нийгэмд хавтгай байгаа, үүнийг хэзээ ч засрахгүй юм шигээр авч үзэх нь учир дутагдалтай байх. Хүн өөрийн гаргасан алдаан дээр тодорхой хэмжээгээр үнэлэлт дүгнэлт өгөөд алдаагаа хүлээн зөвшөөрөөд, дахиж энэ алдааг гаргахгүй энэ байгууллагадаа үнэнчээр ажиллахаа илэрхийлж байгаа тохиолдолд нэг ч гэсэн хүнийг дэмжиж ажиллах нь зөв байх. Сэтгэлтэй хүмүүсээ авч ажиллуулах нь зүйтэй байх, хүн алдаж болно. Гол нь түүнийгээ ухаарч ойлгоод алдаа дутагдал дээрээ дүгнэлт хийгээд түүнийгээ засаад явбал түүнийг дэмжих нь зүйтэй байх. Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан тохиолдолд ажлаас халахаар заасан хуулийг харгалзаж үзэж тохирох байдлаар нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

          6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Иргэн З.П**** нь 2015 онд Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн сургуулийг төгсөөд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст цагдаа-жолоочоор, цагдаагийн дэд ахлагч цолтойгоор ажиллаж байх хугацаандаа байгууллагын даргын 2017 оны Б/89 дүгээр тушаалаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжсэн үед ажлын бус цагаар архидан согтуурч зөрчил гаргасан”, 2017 оны Б/09 дүгээр тушаалаар “архидан согтуурсан" зэрэг үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээж байгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гарган 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дутагдлаар халагдсан.

Цагдаагийн байгууллагаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр цагдаагийн дэд ахлагч цолыг сэргээн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст цагдаа- жолоочоор томилогдон ажиллаж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/144 дүгээр тушаалаар “амарч байх хугацаандаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2 буюу цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх гэсэн заалтыг зөрчиж Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1-д зааснаар “Сануулах" сахилгын шийтгэл ногдуулсны 3 сарын дараа дахин давтан зөрчил үйлдсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 6.3 “Сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад сахилга, ёс зүйн зөрчил давтан гаргасан нь хүндрүүлэх нөхцөл байдал болно” гэж заасан.

Мөн тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2 “ноцтой зөрчил” гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг" хэлнэ. Дүрмийн 3.4 "ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална” гэж заасан байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно”, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” бол албанаас халах талаар хуульчлагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/272 дугаар тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнийг “Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэг”-т шилжүүлсэн үед 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр албаны дүрэмт хувцастай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албаны бэлэн байдал хангаагүй, өргөсөн тангараг, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэлд шийдвэр гаргахаас өмнө буюу 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр тус газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Г иргэн З.Пийн ******** дугаарын утсаар холбогдон сонсох ажиллагаа явуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, мөн даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/146 дугаар тушаалаар цагдаагийн албанаас халж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Н 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20:21 минутад өөрийн ******** дугаарын утсаар иргэн З.П****ийн ******** дугаарын утас руу холбогдож Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/146 дугаар тушаалыг уншиж танилцуулсан байна.

Иймд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/146 дугаар тушаал “Цагдаагийн дэд ахлагч З.П***ийг албанаас халах тухай” хууль зүйн үндэслэлтэй, гарсан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй, иргэн З.П***ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй болохыг мэдэгдье.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч З.П***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/146 дугаар тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байхад албаны дүрэмт хувцастай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албаны бэлэн байдал хангаагүй, өргөсөн тангараг, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр З.П****ийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч албан тушаалаас халсан байна.

3.Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргажээ.

1/ .... тухайн өдөр амарч байсан.

2/ ... тушаал гаргахын өмнө надтай уулзаж учир байдлыг сонсоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй.

          4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар З.П**** нь Нийслэлийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/413 дугаар тушаалаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст цагдаа-жолоочоор томилогдон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гарган 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр  цагдаагийн албанаас халагдаж, Нийслэлийн Цагдаагийн газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Б/267 дугаар тушаалаар цагдаагийн дэд ахлагч цолыг сэргээн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст цагдаа-жолоочоор томилогдсон.

          5.Ийнхүү томилогдон ажиллаж байх хугацаандаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зөрчил гаргаж, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/144 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээжээ.

          6.З.П*** нь сахилгын шийтгэл хүлээснээс хойш 3 сарын дотор буюу буюу 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед албаны дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн, албаны бэлэн байдал хангаагүй зөрчил гаргасан байна.

          7. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/272 дугаар тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнийг Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлсэн үед З.П 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр албаны хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас явуулсан албаны  шалгалтаар тогтоож, албаны шалгалтын материалыг 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр З.П****т танилцуулахад зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

          8.Нэхэмжлэгч З.Пийн  гаргасан зөрчлийг шийдвэрлэх талаар 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Г, 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүний нөөцийн ажилтан Б.Н нар ******** дугаарын утсаар холбогдон З.Пт мэдэгджээ.

          9.Түүнчлэн З.П****ийн гаргасан зөрчлийг албаны шалгалтаар тогтоосон дүнг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр холбогдох албан тушаалтнуудад танилцуулж, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар, мөн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын Зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцэж цагдаагийн албанаас халахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэл бүхий  болжээ.

          10.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ амарч байх хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэж маргаж байгаа боловч Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах талаар албан хаагчдаас авах баталгаанд З.П нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус тус гарын үсэг зурсан байна.

        11.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 6.3-т “Сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад сахилга, ёс зүйн зөрчил давтан гаргасан нь хүндрүүлэх нөхцөл байдал болно”гэж,

        12.Мөн тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.3.2-т “ноцтой зөрчил” гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, ... зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг", 2.3.2-т “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, 2.4.6-д “... албан үүргээ гүйцэтгэж явахдаа болон цагдаагийн дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэх”, 3.4-д "ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална” гэж,

13.Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно”, 82 дугаар зүйлийн 82.1.Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална: 82.1.1.өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн;

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7.”төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”,  48 дугаар зүйлийн 48.1.”Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 48.1.4.”төрийн албанаас халах;”-аар заасан.

          14. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/146 дугаар тушаалаар З.П****т цагдаагийн албанаас халах шийтгэл ногдуулсан нь дээрх хууль, журамд заасантай нийцсэн тул уг тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2.760.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулахаар З.Пийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Паас Н Ц У Г Дд холбогдуулан гаргасан “Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2.760.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН