Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2178

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/01880 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Д-ын хариуцагч Т.Н-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2 877 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын уулзварт Хондо СR-V маркийн 96-60 УБС улсын дугаартай машинтайгаа хойноос урагшаа чиглэлтэй зорчиж, гэрлэн дохион дээр зогсож байгаад зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр хөдөлтөл, баруун гар талаас гэрэл дохио зөрчин, 29-69 УНО улсын дугаартай, Грейс маркийн автомашин хурдтай орж ирэн мөргөж, зам тээврийн осол гарган, хохирол учруулсан. Тухайн үед Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газраас хэмжилт хийж, 29-69 УНО улсын дугаартай Грейс маркийн автомашины жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай гэсэн дүгнэлт гаргасан. Тус машиныг тэр өдөр Ж.Ганболд жолоодож явсан ба машины өмчлөгч буюу эзэмшигч нь Т.Н байсан. Иймд Хондо СR-V маркийн 96-60 УБС улсын дугаартай машиныг засварлуулсан бодит гарсан зардал болох худалдан авсан эд анги “урд салхины шил 130 000 төгрөг, урд гупер 400 000 төгрөг, гуперийн арын суурь 120 000 төгрөг, их гэрэл 380 000 төгрөг, сеткон нүүр 180 000 төгрөг, хонда эмблейм 45 000 төгрөг, радиатор 550 000 төгрөг, урд салоны ослын дэр 250 000 төгрөг, нийт 2 055 000 төгрөг” дээрх эд ангийг засварлахад гарсан засварын зардал 700 000 төгрөг, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээний хөлс 97 000 төгрөг, нийт 2 877 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тухайн 29-69 УНО улсын дугаартай, Грейс маркийн автомашин нь хариуцагч Т.Н миний нэр дээр бүртгэлтэй боловч өөрийн аж ахуй нэгжийн бараа түгээлтэд ашигладаг байсан. Бараа түгээлтэд явах үед жолооч Ж.Ганболд нь жолоодож, бусад үед нь зогсоолд нь тавьж, миний зүгээс жолооч нарыг хувьдаа ашиглахыг хориглодог байсан. Осол гарах өдөр аж ахуй нэгж нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд жолооч Ж.Ганболд нь миний зөвшөөрөлгүйгээр автомашиныг дур мэдэн авч яваад энэхүү зам тээврийн ослыг гаргасан. Иймээс уг хохирлыг Т.Н би хариуцахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас гэм хорын хохиролд 2 877 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 60 982 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх бүрэлдэхүүн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийдвэрээс харагдаж байна. Хариуцагч миний бие цагтаа шүүх хуралдаанд ирсэн боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн өмнө зогсоолд машинаа байрлуулж чадахгүй буюу зогсоол олдохгүй байсны улмаас 1 минут хоцорч орсон юм. Дээр учир байдлаа шүүгчийн туслахад хэлсээр байтал намайг шүүх хуралдаан эхэлсэн гэх үндэслэлээр оруулаагүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх нь хариуцагч миний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан өөрийгөө өмгөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхийг зөрчлөө. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тохиолдолд зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болохоор зохицуулсан байдаг боловч зохигчийн аль нэг нь үүнийг хүлээн зөвөшөөрөөгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулахаар заажээ. Гэтэл зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Д хариуцагч Т.Н-д холбогдуулан гэм хорын хохиролд 2 877 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулах гэрээний бус үүрэг Т.Н надад үүсээгүй гэж маргажээ. /хх33/

Ц.Д-ын нэхэмжлэлтэй Т.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Т.Н-д мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн /хх59/ бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд хоцорч ирсэн талаараа давж заалдах гомдолдоо дурджээ. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцон мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин шүүх иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэнд шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдэж түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт иргэдийн төлөөлөгч нь 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж заажээ. Шүүх хуралдаанд хариуцагч Т.Н нь оролцоогүй тул түүнийг иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх талаар зөвшөөрөл өгсөн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон Г.Содномтуяад 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтад “гар утас холбогдох боломжгүй” байсан талаар тэмдэглэжээ. Иймд иргэдийн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар, эсхүл мэдэгдэх хуудсаар мэдэгдэх боломжгүй тохиолдолд утас болон бусад хэрэгслээр мэдэгдэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэхгүй тул иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах ажиллагааны журмыг зөрчсөн, үүнтэй холбоотой хэргийн оролцогчийн эрх хангагдаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/01880 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 982 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ 

 

                             ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                   А.ОТГОНЦЭЦЭГ