| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 143/2023/00543/И |
| Дугаар | 001/ХТ2025/00062 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2025/00062
Ц ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дүгээр шийдвэр,
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 203/МА2025/00005 дугаар магадлалтай,
Ө т холбогдох
Ө даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ө хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б болон өмгөөлөгч Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , хариуцагчийн өмгөөлөгч Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Ө т холбогдуулан тус Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ө хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 78 дугаар зүйлийн 78.1.3, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ө т холбогдох “Ө даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай Ц ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 203/МА2025/00005 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Ө даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ц-ыг урьд эрхэлж байсан хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, Ц-д өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны 8,446,804 төгрөгийг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулан нэхэмжлэгч Ц ад олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар” гэсний өмнө “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 220,299 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж,” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 203/МА2025/00005 дугаар магадлалыг эс зөвшөөрч, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хүчингүй болгох нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ц нь Ө т Төрийн захиргааны албан тушаалын хүний нөөцийн төлөвлөлт, хангалт сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгож төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу Эрүүл мэндийн газрын даргын 2023.12.23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа тухайн орон тоонд ажиллах боловсон хүчин байхгүй байсан тул Эрүүл мэндийн газрын даргын 2022.01.03-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар урьд нь эрхэлж байсан албан тушаал буюу Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан тухайн албан тушаалын сул орон тоог нөхөгдөх хүртэлх хугацаагаар түр томилон ажиллуулсан. Нэхэмжлэгч Ц ыг ажилд авахдаа Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг үндэслэсэн. Мөн нэхэмжлэгч Ц нь Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн тул Төрийн албаны зөвлөлийн 2019.03.25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 2.1, 2.2, 2.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 27.1.2, 27.2 дахь заалтуудын дагуу Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл рүү сул орон тооны захиалгыг тухай бүр хүргүүлж байсан. Захиалгын дагуу төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад орж тэнцэн хамгийн өндөр оноо авсан Г Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2023.03.28-ны өдрийн 30 тоот албан бичиг, 20 дугаар тогтоолын хамт манай байгууллагад ирүүлсэн. Энэхүү тогтоолын дагуу Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний орон тоог түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэж байсан Ц-ыг ажлаас чөлөөлж, төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад тэнцэн, хамгийн өндөр оноо авсан Г Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон болно. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж заасан байдаг. Ц нь тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд үргэлжлүүлэн төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлт гаргаж байгаагүй. Тухайн үеийн улс орны нөхцөл байдал, улс орон даяар Ковид-19 цар тахлаас шалтгаалж хөл хорио, олон нийтийн арга хэмжээг хориглосон үед тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан оронд нь ажиллах төрийн албан хаагч байхгүй байсан, сонгон шалгаруулалт зарлах боломжгүй цаг үе таарсан учир энэ нөхцөл байдал арилж тухайн албан тушаалын сул орон тоо нөхөгдөх хүртэлх хугацаанд түр ажиллахыг хүсэж, талууд харилцан тохиролцоод ажиллуулсан. Тиймээс тухайн албан тушаалын шалгуурыг хангасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо нөхөгдсөн учир Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т зааснаар захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Түүнчлэн, Эрүүл мэндийн газар нь Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг тул бүтэц, орон тоог аймгийн Засаг даргын захирамжаар баталдаг. Нэхэмжлэгч талын маргаад байгаа хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн албан тушаал нь аймгийн Засаг даргын баталсан бүтэц, орон тоонд байдаггүй, мөн батлуулсан албан тушаалын тодорхойлолт ч байхгүй. Хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн орон тоо байдаг талаар баримт нотолгоо хавтаст хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгч тал тусдаа орон тоо байдаг гэж зориуд худал тайлбар хийж төөрөгдүүлж байна. Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо нь урт нэртэй албан тушаал учраас хүний нөөцийн мэргэжилтэн гэж товчилж ярьдаг. Шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шаардлагатай байдаг. Гэтэл бодит байдал дээр давж заалдах шатны шүүхийн магадлал нь биелэгдэх боломжгүй юм. Магадлалын дагуу нэхэмжлэгч Ц-ыг урьд эрхэлж байсан орон тоон дээр эргүүлэн томилох шийдвэр гарсан нь, тэтгэвэр тогтоолгож төрийн албанаас чөлөөлөгдсөн, төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлт гаргаагүй хүнийг Төрийн албаны тухай хуулийг зөрчиж тухайн иргэнийг хууль зөрчиж томилгоо хийлгэх, ажиллуулахыг даалгасан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн, мөн цаашлаад хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зарчимд нөлөөлж байна. Иймд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 203/МА2025/00005 магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00005 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “...Нэхэмжлэгч Ц ыг 2021.12.23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн боловч ажил олгогчийн санаачилгаар түүнийг 2022.01.03-ны өдрөөс хүний нөөцийн мэргэжилтнээр хугацаагүй томилсон болох нь тогтоогдсон байхад ажил олгогч нь дахин тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй. Хариуцагчийн Ц нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон учир хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэсэн тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д “ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно.”, 145.2-т “ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон энэ хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.” гэж заасан заалттай нийцэхгүй байна...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц нь Ө т Төрийн захиргааны албан тушаалын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Эрүүл мэндийн газрын даргын 2023.12.23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зааснаар ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх ажлаас чөлөөлөгдсөн тушаалын талаар талууд маргадаггүй, маргаагүй үйл баримтыг тогтоогдсон үйл баримт гэж үзэх бөгөөд 2023.12.23-ны өдрийн Б/62 дугаар тушаал нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлага хангасан иргэнийг томилно.” гээд 22.1.6-д “энэ хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх” гэж хуульчилсан.
Гэтэл нэхэмжлэгч нь 2023.12.23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн буюу тус хуулийн 22.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй буюу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох боломжгүй байхад Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргаж байгаагүй. Нөгөөтэйгүүр Б/62 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц ыг өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн тул Төрийн албаны зөвлөлийн 2019.03.25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27.1.2 дахь заалт, 27.2 дахь хэсэгт заасны дагуу Өмнөговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл рүү сул орон тооны захиалгыг 2024 оны 1 сард хүргүүлсэн. Тус сул орон тоон дээр Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэх санал иртэл хугацаанд нэхэмжлэгч Ц ыг ажиллуулахаар талууд тохиролцсон. Нэгэнт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учраас өмнөх ажлын байрны тодорхойлолтоор тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2023.03.28-ны өдөр сул орон тоон дээр нэр дэвшүүлэх тухай тогтоолоор Г нэр дэвшүүлэх санал ирсэн тул Ц тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Угтаа бол Төрийн албаны байгууллагын хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр явагдахгүй бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх санал, ажлын байрны тодорхойлолтоор хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсдэг. Иймд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00005 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.03.06-ны өдрийн 001/ШХТ2025/00240 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б болон өмгөөлөгч Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Ө т холбогдуулан тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.05.01-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ө хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...Б/19 дүгээр тушаалд Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл болон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, дуусгавар болгох заалтуудыг заагаагүй, үндэслээгүй учир тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд өмнө нь ажлаасаа чөлөөлөгдсөн атал дахин Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг баримталсныг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаар тусгайлан хуульчилсны дагуу би хөдөлмөрлөж байсан ба ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тохиолдолд тус хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой.” гэжээ.
Хариуцагч Ө нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргахдаа “... Ц нь төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн. Цар тахлын үед хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байсан ба энэ үед үйлчилж байсан хуулийн үйлчлэл дуусгавар болсон тул Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл рүү тухайн ажлын байранд сул орон тооны захиалгыг хүргүүлсэн. Захиалгын дагуу төрийн албаны тусгай шалгалтад Г орж тэнцэн хамгийн өндөр оноо авсан тул сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай Өмнөговь аймаг Төрийн албаны салбар зөвлөлийн 2023.03.28-ны өдрийн 30 дугаар албан бичиг, 20 дугаар тогтоолын хамт ирүүлсэн. Иймээс Ц-ыг ажлаас чөлөөлж, Г уг албан тушаалд томилсон.” гэсэн агуулгатай тайлбар гаргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...ажил олгогч нь Ц тай хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 50 дугаар зүйл, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлсон хугацаатай үүсгэхдээ нэн шаардлагатай байгаа Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтний албан үүргийг гүйцэтгүүлэхээр сонгон томилсон ба энэ нь хугацааг сунгахгүй тохиолдолд гэрээ дуусгавар болох агуулгатай байна. Учир нь, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан нөхцөл байдлын улмаас Төрийн албаны тухай хуульд зааснаар сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалт зохион байгуулагдах боломжгүй байсан тул ажил олгогч Ц ыг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж, хугацаатай томилсныг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Ажил олгогчоос Төрийн албаны салбар зөвлөлд тус газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны захиалгыг хүргүүлж, Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2023.03.28-ны өдрийн 20 дугаар тогтоолд Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан Г нэр дэвшүүлсэн тул 2023.05.01-ний өдрөөс Г томилж, мөн өдрөөс Ц тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй буюу Хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулагдсан, хугацаа дуусах нь талуудын хүсэл зоригоос үл шалтгаалсан үйл явдал байх тул гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийг буруутгах боломжгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.
9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангасан ба “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Хэрэгт авагдсан ... хөдөлмөрийн гэрээнд хугацаа эхлэх 2022.01.03-ны өдөр, дуусах хугацааг заагаагүй, гэрээ нь хугацаагүй байгуулагдсан байна. Гэтэл анхан шатны шүүхийн хийсэн “...талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа нэгэнт хугацаатай байгуулагдсан тул уг хугацаа болсноор дуусгавар болох учиртай, хугацаа дуусах нь талуудын хүсэл зоригоос үл шалтгаалсан үйл явдал тул гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн ажил олгогчийг буруутгах боломжгүй” гэсэн дүгнэлт нь хөдөлмөрийн гэрээгээр няцаагдан үгүйсгэгдэж байна. Ц ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 заалтуудыг үндэслэл болгосон байхад анхан шатны шүүх Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан нөхцөл байдлын улмаас ажил олгогч нь Ц тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс эхлэн дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тогтоолд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн заалтыг ажил олгогч нь хэрэглээгүй байхад анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг үндэслэн дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч Ц ыг 2021.12.23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн боловч ажил олгогчийн санаачилгаар түүнийг 2022.01.03-ны өдрөөс хүний нөөцийн мэргэжилтнээр хугацаагүй томилсон нь тогтоогдсон байхад ажил олгогч нь дахин тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б болон өмгөөлөгч Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
11. Нэхэмжлэгч Ц нь 1999 онд Ө т нийт 22 жил ажиллаж байгаад тус газрын даргын 2021.12.23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн хүний нөөцийн хангалт мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас 2021.12.31-ний өдрөөс чөлөөлөгдсөн байна. Тэрээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан үндэслэлээр буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгджээ. Гэвч түүнийг Ө даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022.01.03-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтний албан үүргийг гүйцэтгүүлэхээр түр хугацаагаар томилж, талууд мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улмаар Ө даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.05.01-ний өдрийн Б/19 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх ба талууд энэ үйл баримтын талаар маргаагүй, харин ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
12. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.8. Ө даргын холбогдох тушаал болон түүний хавсралтад зааснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд хамаарах тул ажил олгогч нь энэ албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйл, мөн зүйлийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан болзол шаардлагыг хангасан иргэнийг томилох үүрэгтэй. Гэвч тухайн цаг үед Ковид-19 цар цахлын нөхцөл байдлын улмаас Ө даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022.01.03-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар Ц-ыг Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтнээр түр хугацаагаар ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байна.
Өөрөөр хэлбэл, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль УИХ-аас 2020.04.29-ний өдөр батлагдаж, батлагдсан өдрөөсөө дагаж мөрдөгдсөн ба энэ хуулийн зорилтыг “..коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон байна. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэсэн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч Ц ыг төрийн захиргааны албан тушаал дээр сонгон шалгаруулалтгүйгээр, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж ажиллуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Тухайн үед үүссэн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Ц ыг түр авч ажиллуулж байгаа талаар харилцан ижил ойлголттой байсныг маргаагүй, энэ тухай нэхэмжлэгч өөрөө мэдэж, зөвшөөрч байсан болох нь түүний шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, асуулт хариултад тодорхой илэрхийлэгдсэн байна./I-хх-106-107/
13. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна", мөн зүйлийн 33.7-д “Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулна”, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т "Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно" гэж тус тус заасан байна. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан хэдий ч дуусах хугацааг заагаагүй гэж нэхэмжлэгч маргасан байх бөгөөд анхан шатны шүүх гэрээний хугацаа дууссан гэж дүгнэхдээ маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь Ц ыг Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтнээр 2022.01.03-ны өдрөөс түр хугацаагаар томилохдоо төрийн албаны тусгай шалгалт явагдаж, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн харилцаа үүссэн, улмаар цар тахлын нөхцөл байдал арилснаар Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2023.03.28-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан Г Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тул 2023.05.01-ний өдрөөс Г томилж, мөн өдрөөс Ц тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, хугацаа дуусах нь талуудын хүсэл зоригоос үл шалтгаалсан үйл явдал тул гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн ажил олгогчийг буруутгах боломжгүй, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
14. Ажил олгогчийн 2023.05.01-ний өдрийн Б/19 дугаар тушаалдаа баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалт нь энэ тохиолдолд ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход шууд хамаарах заалт биш буюу төрийн албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон агуулгатай байгаа нь буруу боловч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор үүссэн харилцаа тухайн нөхцөл байдал арилснаар дуусгавар болох эрх зүйн зохицуулалтын дагуу гаргасан ажил олгогчийн шийдвэрийг бүхэлд нь буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц ын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон нөхцөл байдал нь түүний өндөр насны тэтгэвэртэй холбоогүй, харин улс оронд бий болсон цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцсон, уг хугацааг сунгах үндэслэлгүй, түүнийг дуусгавар болгох хуульд заасан нөхцөл үүссэн үед ажил олгогчийн гаргасан тушаалыг хууль зөрчөөгүй гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.
Харин давж заалдах шатны шүүх “...хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тогтоолд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн заалтыг ажил олгогч нь хэрэглээгүй байхад анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг үндэслэн дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй, ...Ц ыг дахин тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй, ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх атал ажлаас чөлөөлсөн тушаалд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маргааны үйл баримтад холбогдох хуулийг хэрэглэж чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 203/МА2025/00005 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00074 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б болон өмгөөлөгч Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 313/ШЗ2025/00247 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ө нь хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН