Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 20

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч Б.Бадамсэнгэ, Насанд хүрээгүй хохирогч Э.Эрдэнэбаяр,  Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Бадамсэнгэд холбогдох 201713000021  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 31-нд Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  бетон арматур, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, эгч, дүү нарын хамт амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Алтангийн хэсэг 5-01 тоотод оршин суух хаягтай Дархан овогт Батсайханы Бадамсэнгэ /Регистрийн дугаар:ИЖ95013116/

Шүүгдэгч Б.Бадамсэнгэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бадамсэнгэ нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэхийн урд зам дээр RAUM маркийн 35-77 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ явган зорчигч Э.Эрдэнэбаярыг мөргөн биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмаар хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал насанд хүрээгүй хохирогч Э.Эрдэнэбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хичээлээ тараад харих гээд ахтайгаа цугж явж байсан. Би автобусанд суух гээд гүйсэн чинь машин гарч ирээд намайг мөргөчихсөн” гэсэн мэдүүлэг.

Насанд хүрээгүй гэрч Э.Эрдэнэцогтын “...Тэр өдөр хичээлээ тараад дүүтэйгээ цуг явж байсан чинь манай дүү Эрдэнэбаяр автобус ирж байна гээд зам руу гүйчихсэн. Тэгээд машинд дайруулчихсан гэсэн” мэдүүлэг.

Гэрч Ц.Доржсүрэнгийн ...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажиллуулдаг дэлгүүрт зогсож байгаад тамхи татах гээд гараад ирсэн чинь манай дэлгүүрийн урд талын замын хажуу талын шонгын хажууд нэг хүүхэд уначихсан нэг залуу замын цаанаас гүйж гарч ирээд тэр хүүхдийг тэвэрч аваад над руу хандаад та надад түргэн дуудаад өгөөч гэсэн. Тэгээд яасан бэ гээд асуусан чинь би сая энэ хүүхдийг шүргэчихсэн юм аа. Түргэн дуудаад өгөөч гэхээр нь би дэлгүүрлүүгээ ороод түргэн лүү утсаар ярьсан. Тэгсэн түргэнээс эхлээд цагдаагийн газар луу ярь гэхээр нь би цагдаад энд машин хүүхэд шүргэчихлээ гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудчихаад эргээд гараад ирсэн чинь нөгөө жолооч хүүхдээ аваад эмнэлэг рүү явсан байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 Түүнчлэн шүүгдэгч Б.Бадамсэнгийн үйлдлийн улмаас хохирогч Э.Эрдэнэбаярын биед учирсан гэмтлийн шинж байдал болон хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “...Э.Эрдэнэбаярын биед зүүн дунд чөмөгний дунд зөрүүтэй хугарал, тархины доргилт, духны хэсэгт, баруун шанаанд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн 201720041 тоот дүгнэлтээр нотлогдож байна.

Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Ийнхүү шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ явган зорчигч Э.Эрдэнэбаярыг мөргөн биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмаар хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч хохирогчийн эмчилгээ хийлгэхэд гарсан зардал буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч нар хохирогчийн хөлний хадаасыг авахад 1.0 сая төгрөг өгч авалцахаар тохиролцсон нь шүүх хуралдааны шатанд тэдний өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Харин шүүгдэгч тохиролцсон ёсоороо 1.0 сая төгрөгөө сайн дураараа төлөөгүй тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хөлний хадаас авахад гарсан зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй. 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батчулуун нь хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчид гомдолгүй гэж мэдүүлэн түүнд ял эдлүүлэх сонирхолгүй байгаагаа илэрхийлж байх тул насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч Б.Бадамсэнгэтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэстэй байна. 

Мөн шүүгдэгч Б.Бадамсэнгийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дах хэсэг, 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан овогт Батсайханы Бадамсэнгийг тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Бадамсэнгэд холбогдох Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолтой, 201613000021 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Шүүгдэгч Б.Бадамсэнгэд өмнө авсан гадгаш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч Б.Бадамсэнгэ нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийн хөлний хадаасыг авахад гарах зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Бадамсэнгийн 1103757 дугаартай жолоочийн үнэмлэх болон 0308380 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Д.НЯМ