Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 33

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолтой С.А д холбогдох 2015001600077 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.Ж ы давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор П.Шижиртуяа, шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч М.Найдан, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов

Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ГовьАлтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт оршин суух хаягтай, урьд өмнө 2 удаагийн ял шийтгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заснаар С.А д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 13-ны өдрийн 545 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, Д овгийн С.А.

Шүүгдэгч С.А  нь 2020 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө ... хашаанд байрлуулсан иргэн Я.Н ын эзэмшлийн **-** Дар улсын дугаартай цэнхэр өнгийн  Т.Портер загварын тээврийн хэрэгсэл дотроос Hankook маркийн хар өнгийн аккумлятор 1 ширхэг, бутлагч багаж болох молодок 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлж 441.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ... байрлах иргэн Д.Ж ы байшингийн цонхыг хөшиж, грашийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 831.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Д овгийн С.А ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-тзааснаар шүүгдэгч С.А д 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээллтэй байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дзааснаар шүүгдэгч С.А аас 663.000 /зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ж д олгож, үлдэх 897.000 /найман зуун ерин долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч С.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Я.Н гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Delkor маркийн 2 ширхэг 100 амперийн аккумлятор, 1 ширхэг стартерыг, 1 ширхэг хар хөх өнгийн мөрөвчтэй өмдийг эзэмшигч нарт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Ж  давж заалдах гомдолдоо: “...С.А  нь 2020 оны 04 дүгээр 17-ны өдөр ... хашаа байшингийн үүдний цонхыг эвдэж орж эд зүйлийг хулгай хийсэн ба хохирол огт төлөөгүй билээ. Хулгайд алдсан эд зүйлийг "Тольдох Оюуны өгөөж" ХХК нь үнэлсэн бөгөөд үнэлгээ хийсэн шинжээч эд зүйлийн бодит шинжийг ялган таньж үнэлгээ хийж чадаагүй бөгөөд алдсан эд зүйлийг зах зээлийн үнийг харгалзан шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа боловч хаанаас хэдэн онд авсан багаж, эд зүйлс болохыг надаас огт асуугаагүй байж таньж мэдэж үнэлгээ хийсэн гэдэг нь эргэлзээтэй. Учир нь хулгайд алдсан эд зүйлс дотор боолт, гайкны Резва татагч багажийг комоор нь 2018 оны 10 дугаар сард Оросын Холбооны Улсын  Улаан-Үүд хотоос Монгол мөнгөөр 330.000 төгрөгөөр худалдан авч байсан ба энэхүү худалдан авсан үнэ, багажны чанар зэргийг харгалзан үзэлгүй 60000 төгрөгөөр үнэлсэн нь Хятад багажны зах зээлийн үнийг баримтлан үнэлсэн байдаг. Ингэж намайг хохироосон үнэлгээ байсныг шүүх хурал дээр танилцуулан уншихад буруу байгаа талаар хэлсэн боловч шүүх огт анхааралгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Цахилгаан гагнуур 2008 онд 200.000 төгрөгөөр /Кен/, түрдэг цахилгаан хөрөө 2018 онд 150.000 төгрөгөөр, төмөр таслагч /Том/ 150.000 төгрөгөөр, 2018 онд Орхон аймгийн 100 айлын барилгын материалын дэлгүүрээс худалдан авч байсан ба үүнийг бууруулан үнэлж бичиж намайг хохироосон. Краны 100 ампертай 2ш Хятад улсад үйлдвэрлэгдсэн аккумуляторыг 2019 онд автомашины хамт авч байсан ба одоогийн зах зээлийн үнэ 1 нь 250.000 төгрөг бөгөөд энэ нь хуучин аккумуляторын үнэ билээ. Мөн портерийн стачер 150.000 төгрөг зах зээлд худалдаалж байхад 60000 төгрөгөөр үнэлсэн. Үнэхээр 60000 төгрөгөөр авч болох эсэхийг худалдаа хийж байгаа Орхон аймгийн 100 айл, Танил зах зэрэг газруудаар ороход 150.000-200.000 төгрөгийн үнэлгээтэй одоо зарж байна. Шүүх хэргийг шийдвэрлэсний дараа мөн очиж үзэхэд мөн л адил үнэтэй байна. Хохирсон дээр хохироож байгаа мэт үнэлгээг зориуд доогуур үнэлсэнд үнэхээр гомдолтой байна. Ийм үнэлсэн үнээр багажаа авч чадахгүй учир багажаа буцаан авмаар байна. Эдгээр алдсан багаж нь миний амьдралаа залгуулж байсан эд хөрөнгө маань бөгөөд энэхүү багажаа алдсанаар би ажилгүй хүний эгнээнд орсон ба арга барагдаад багажуудаа дахин худалдан авах гэтэл Орост үйлдвэрлэсэн багаж нь бараг байхгүй байх бөгөөд байгаа тохиолдолд 2 дахин нугалсан үнэтэй 600.000-700.000 төгрөгний үнэтэй /резва татагч/ байна. Зах зээлийн үнийг харгалзан үнэлгээ тогтоосон гэдэг нь худлаа болох нь дээрх захууд дээр худалдаалж байгаа үнээс харагдаж байхад үндэслэлгүй шийдвэр гарсан. Зах зээлийн үнэлгээ гэж хаанаас баримталсан үнэлгээ болох нь ойлгогдохгүй, тэр зах зээл дээр нь очиж уг үнээр нь авмаар байсан ч энэ нь тодорхойгүй. Алдсан хүн арван тамтай гэгчээр хохирсон эд зүйлээсээ нэгийг ч олж аваагүй, дээрээс нь үнийг гаргаж хохирлыг нь барагдуулж байгаа нь гээд 50 хувьд нь хүрэхгүй төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үнэхээр гомдолтой байна.

Хохирогчийн хохирлыг барагдуулаагүй атлаа ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Шүүхээс түүний хувийн байдал. гэм буруугаа зөвшөөрч байгаа байдлыг хор уршгийн хэмжээг харгалзан ял оногдууллаа гэж шийдвэрлэсэн ба цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийг олж тогтоон баривчилж хэргийг илрүүлж хэргээ хүлээсэн этгээд нь гэм буруугаа хүлээж гэж үзэх үндэслэлгүй. Энэ хугацаанд таны хохирлыг төлнө өргөдлөө буцаагаач гэж удаа дараа хэлж байсан атлаа шүүх хуралдаан дээр хохирлыг төлөх тухай нэг ч үг хэлээгүй хурлыг дуусгасан нь хохирол төлөх идэвх зүтгэл байхгүй байна гэх ойлголт төрснөөс гадна хэргээ гэмшиж байгаа шинж тэмдэг огт харагдаагүй байхад шүүх анхаарч шийдвэрлээгүй нь буруу гэж үзэж байна. Учирсан хохирлыг зөв шинжлэн тогтоох зөв шударгаар хуулийн дагуу хохирлын үнийг тогтоох асуудлыг бүрэн шийдвэрлээгүй тул дахин шинжээч томилон хэргийг шийдвэрлэх боломжийг олгож Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 2020/ШЦТ/146 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж, шинжээч дахин томилж хохирлыг зөв тогтоох асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогч Д.Ж ы давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна. 

Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад хорих саналыг шүүхэд гаргаж оролцжээ. 

Анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д овгийн С.А ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.А д 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч С.А  нь 2020 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө ... хашаанд байрлуулсан иргэн Я.Н ын эзэмшлийн **-** Дар улсын дугаартай цэнхэр өнгийн Т.Портер загварын тээврийн хэрэгсэл дотроос Hankook маркийн хар өнгийн аккумлятор 1 ширхэг, бутлагч багаж болох молодок 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлж 441.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ... байрлах иргэн Д.Ж ы байшингийн цонхыг хөшиж, грашийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 831.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Я.Н ын өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Г а над руу залгаад таны машин дотор байсан молдок, аккумулятор алга болсон байна гэж хэлсэн. Миний алга болсон гэх молодок, аккумулятор нь манай блокны үйлдвэрт байдаг хашааны хажуу талын айл буюу ...од Г ын хашаанд байсан Портер маркийн **-** ДАР улсын дугаартай машинд байсан юм. Би Б  ахаас асуухад 2020 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө үл таних үүдэн шүд нь унасан 30 орчим насны хүн орж ирээд гарсан. Араас нь харахад Г ын хашаа руу орж байсан гэж хэлсэн. Тухайн үед миний машин түгжээгүй онгорхой байсан.” гэх мэдүүлэг.

 Гэрч Б.Г ын өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед Я.Н  ахын цэнхэр өнгийн Портер загварын автомашиныг гэрийн гадаа тавьсан. Тэгээд тухайн үед молдок, аккумулятор хоёрыг машин дотор үлдээсэн байсан юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орой үзэхэд машин дотор байхгүй байсан.” гэх мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч С.С ын өгсөн “...100-тай хоёр аккумулятор алга болсон гэж Ж  хэлсэн. Ж  манай компаний ачааны авто машины жолооч хийдэг юм..., хоёр аккуммулятороо авмаар байна.” гэх мэдүүлэг.

 Гэрч Г.М ын өгсөн “2020 он 04 дүгээр сарын 17-ны орой намайг гэртээ буюу ...од байж байхад миний хуурай ах С.А  ах орж ирсэн. Орж ирэхдээ Кен маркийн улаан хөрөө, гагнуурын аппарат авч орж ирсэн. Тэгээд нэг нэгээр нь авч гараад эргэж авч ирээгүй. 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө гаднаас хоёр ширхэг 100-тай аккумулятор авч орж ирээд “ахын дүү энийг зараад өгөөч” гэхээр нь би наадах чинь янз бүрийн асуудалгүй юм уу гэхэд асуудалгүй гэсэн. Тэгэхээр нь би С.А  ахтай хамт Мэргэжил сургалтын төвийн ард байдаг өрхийн эмнэлгийн хажууд байдаг Цэцэгээ эгчийн төмрийн цэгт аваачиж хоёр аккумуляторыг нийлүүлээд 12.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг.  

Гэрч Г.Ц  гийн өгсөн “...А ыг цагдаа дагуулж ирээд өдөр өөр хүний надад худалдсан хоёр аккумуляторыг хулгайлсан гээд аваад явсан.” гэх мэдүүлэг.

Яллагдагчаар С.А ы өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 09-ний орой Н  ахын блокны үйлдвэрийн манаач нэрийг нь сайн мэдэхгүй ахын гэрт ортол гэртээ ганцаараа нилээн согтуу 0.5 литрийн ерөөл нэртэй архи ууж байсан. Тэр архийг нь хувааж уучихаад авч явсан нэрийг нь мэдэхгүй архиа гаргатал уухгүй гэхээр нь би явлаа гээд гэрээс нь гартал хашаанд нь цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь хаалгыг нь таттал онгорхой байсан, дотор нь молдок байхаар нь аваад аккумуляторыг нь бас аваад шууд гэр рүүгээ явсан.

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед Д гийн гэрээс гарсан замаараа хуурай ах Ж аас архины мөнгө гуйя гэж бодоод гэрт нь очтол Ж  ах гэртээ байхгүй гэр нь цоожтой байхаар нь амбаарыг нь татаж онгойлгоод дотроос нь хоёр ширхэг аккумулятор, гагнуурын аппарат, түрдэг цахилгаан хөрөө зэрэг эд зүйлийг нь аваад засмал зам руу гараад гар өргөтөл цагаан өнгийн суудлын автомашин зогсохоор нь цахилгаан хөрөө, гагнуурын аппарат хоёр зарах гэсэн юм авах уу гэтэл авъя гэхээр нь 50.000 төгрөгөөр зарсан, 04 дүгээр сарын 18-ны өдөр хоёр ширхэг аккумуляторыг нь төмөр авдаг Цэцэгээ эгчид 12.000 төгрөгөөр худалдсан.” гэсэн мэдүүлгүүд нь тухайн болсон үйл баримт болон өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд гэрчилж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулах замаар үнэлэхэд хэргийн үйл баримт хангалттай тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.А ыг 2020 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө ... хашаанд байрлуулсан иргэн Я.Н ын эзэмшлийн **-** ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн Т.Портер загварын тээврийн хэрэгсэл дотроос Hankook маркийн хар өнгийн аккумулятор нэг ширхэг, бутлагч багаж болох молодок нэг ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлж 441.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ... байрлах иргэн Д.Ж ы байшингийн цонхыг хөшиж, грашийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 831.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан заалтын дагуу зүйлчилсэн нь хууль ёсны байх зарчимд нийцсэн, анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй болжээ.

 Шүүгдэгч С.А ыг “нууцаар болон хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, “нууцаар болон хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.А ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ж д 663.000 төгрөгийн шууд хохирол учирсныг шүүгдэгч С.А аас гаргуулахаар шийтгэх тогтоолд дурдаж өгчээ.

Хохирогч Д.Ж ы давж заалдах гомдолд “...Учирсан хохирлыг зөв шинжлэн тогтоох зөв шударгаар хуулийн дагуу хохирлын үнийг тогтоох асуудлыг бүрэн шийдвэрлээгүй тул дахин шинжээч томилон хэргийг шийдвэрлэх боломжийг олгож Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/146 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж, шинжээч дахин томилж хохирлыг зөв тогтоох асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч С.А ы хулгайлан авсан эд зүйлийн үнэлгээг үнэлгээ гаргах мэргэжлийн байгууллага буюу “Тольдох оюуны өгөөж” ХХК-иар гаргуулсан байх бөгөөд анхан шатны шүүх тухайн үнэлгээг үндэслэн хохирлын хэмжээг тогтоож, тухайн хохирлыг шүүгдэгч С.А аас гаргуулж хохирогч Д.Ж д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн хохирогч Д.Ж  нь шүүхээс хохирогч надад 663.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. С.А ы ээж хохирлыг барагдуулж байгаа тул гомдлоосоо татгалзаж байна гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаанд ирүүлжээ.

Иймд хохирогч Д.Ж ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.А  нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 52 хоног урьдчилан цагдан хоригдсон бөгөөд энэ хугацааг эдлэх ялд оруулан тооцлоо. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Ж ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А ы цагдан хоригдсон нийт 52 хоногийн хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                  ШҮҮГЧИД                                    М.ХҮРЭЛБААТАР 

                                                              Д.МӨНХӨӨ