Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0642

 

 

  

 

 

     2022         09           06                                    128/ШШ2022/0642

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т Б Э***** ХХК /РД: *******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А********,

Хариуцагч: Э Х********** З Х*********,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б********, Б.Э******* нарыг оролцуулан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Э Х З Хны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, Б.Э********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Т Б Э**** ХХК нь Э Х**** З Х****нд холбогдуулан тус хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар маргасан.

          2. Э Х З Х*ноос Т Б Э*** ХХК-д олгосон БНХАУ-д цахилгаан эрчим хүч экспортлох зориулалтаар эрчим хүчний барилга байгууламж /Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд 2020 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц/ барих 29/2015 дугаар тусгай зөвшөөрлийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          3. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч Эрчим хүчний яаманд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гомдолд Эрчим хүчний яамны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн в/995 дугаар албан бичгээр хариу өгсөн тул тус шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2021/3655 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2021/4196 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дахин гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгч Т Б Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Э Х З Х**** нь Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 32 дугаар тогтоол гаргахдаа Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй тухай 2020 оны 12 сарын 17-ны өдөр 581 дугаар тогтоолыг үндэслэсэн, энэхүү тогтоолыг гаргахдаа Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай 2020 оны 4 сарын 23-ны өдөр 252 дугаар тогтоолыг үндэслэсэн бөгөөд хууль бус шийдвэрүүдийн улмаас Т Б Э******** ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

          Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар  тогтоолоор, 2015-2030 онд Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын 4 дүгээр зүйлийн 4.1-д "...бодлогыг үндсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ: Нэгдүгээр шат /2015-2023 он/....4.1.1.2.экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн байх,...Хоёрдугаар үе шат /2024-2030 он/: ...Хөрш орнуудтай их чадлын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар холбогдож цахилгаан эрчим хүч экспортлох үе...4.1.2.2...экспортын зориулалтын том чадлын цахилгаан станц, дамжуулах шугам баригдсан байх; 4.1.2.6...нийт үйлдвэрлэлд хувийн хэвшлийн оролцоо давамгайлсан байх..." гэж тогтоосон.

          Мөн дээрх дэвшүүлсэн зорилго, зорилтыг 2018-2023 онд хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 325 дугаар тогтоолоор Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг батлан, Эрчим хүчний Яам хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг хүлээсэн.

          Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, Эрчим хүчний яамны зөвшөөрлийг үндэслэн Монгол Улсын анхны цахилгаан экспортлох тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Э Х З Хноос Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд орших Аманголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн, БНХАУ-д цахилгаан экспортлох зориулалтаар, 2020 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга байгууламж барих 29/2015 дугаар тусгай зөвшөөрлийг Т Б Э ХХК-д 5-н жилийн хугацаатайгаар олгож, энэхүү төслийн ажлыг эхлүүлж байсан.

          Т Б Эгрупп нь анх 2006 онд геологи хайгуулын ажлуудыг хийж, хүрэн нүүрсний ордын нөөц тогтоон бүртгүүлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сард тус тусгай зөвшөөрөл авснаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Монгол Улсаас анх удаа БНХАУ-ын State Gride Corporation, China Energy Engineering Group International Company-тай цахилгаан эрчим хүч худалдан авах, хөрөнгө оруулалт хийх гэрээ хэлцлийг хийж, станцын зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Power China Consruction  хамтран ажиллаж байна. Төслийг үргэлжлүүлэхийн тулд 29/2015 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргахад Э Х З Х төрийн бодлогын эсрэг шийдвэр гаргаж, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 581 дүгээр тогтоолоор хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэн, төслийн ажлыг зогсоосон байна.

          Э Х З Х** нь Т Б Э*** ХХК-ийн 29/2015 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхдээ Эрчим хүчний яаманд мэдэгдэлгүйгээр шууд хүчингүй болгон Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн.

          Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 14 дүгээр зүйлийн 14.1-т "Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:...14.1.4. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;" гэж заасан.

          Гэтэл Т Б Э*** ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу 2 болон түүнээс дээш зөрчөөгүй, бусдад хохирол учруулсан үйлдэл хийгээгүй байхад Э Х З Х 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 252 дугаар тогтоолоор нөхцөл шаардлагын биелэлт нь Хангалтгүй гэсэн 1 удаагийн дүгнэлтийг үндэслэн 29/2015 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус хуулийн 14.1-т заасныг зөрчсөн.

          Эрчим хүний зохицуулах хорооноос бүх төрлийн эрчим хүчний эх үүсвэр барих тусгай зөвшөөрөлд ижил нөхцөл, шаардлагыг биелүүлэхийг үүрэг болгон, 5 хүртэл жилийн хугацаанд шинэ эх үүсвэрийг барьж, ашиглалтад оруулсан байх болзол тогтоон, шалгуур үзүүлэлтийн биелэлтийг дүгнэн ажилладаг. Экспортын дулааны цахилгаан станцын төсөл нь улс хооронд эрчим хүч худалдах, худалдан авах ажиллагаа бөгөөд ил болон далд уурхай, том хүчин чадалтай дулааны цахилгаан станц, хил дамжуулан баригдах өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаас бүрдэх, олон улсын шинжтэй, томоохон цогц бүтээн байгуулалтын ажил юм.

          Э Х З Х**** нь нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх дулааны цахилгаан станц барих болон хөрш оронд цахилгаан экспортлох дулааны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын үзүүлэлтийг ижил байхаар Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм боловсруулан, хэрэгжүүлж байгаа боловч захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмын дагуу захиргааны ерөнхий хуулиар бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргах бүрэн эрхийг Э Х З Х****нд хуульчлан олгосон.

Э Х З Хноос тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, мөн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлээр хүчингүй болгосон.

Энэ шийдвэрээ гаргахдаа “...Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас тус компанид 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээ олгосон байна. Т Б Э**** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 12 дугаар сард дууссан учраас үүнийг харгалзах үзэхгүй...” гэж шийдвэрлэсэн. Тухайн гэрчилгээнд “...Монгол Улсын Засгийн газрын тогтоолд 2020 оны 01 дүгээр сард гарсан, тус Засгийн газрын тогтоол гарсны улмаас тус компанид давагдашгүй хүчин зүйл тохиолдсон байна...” гэж гэрчилснийг үл ойшоон шийдвэр гаргасан.  

Т Б Э*** ХХК-ийн зүгээс хуралдаанд оролцох боломжгүй байсан. Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нийтийг хамарсан бэлэн байдлын зэрэг Засгийн газрын 2020 оны 226, 2021 оны 1 тоот тогтоолоор зарласан байсан. Энэ тогтоолын дагуу үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй, гэртээ хоригдож байх үед Э Х З Х****ноос 32 дугаар тогтоолыг гаргасан. Монгол Улсын иргэн, хуулийн этгээд Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлсний төлөө Э Х З Х***ноос хууль бус шийдвэр гаргасан. Мөн маргаан бүхий актыг гаргахдаа тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэсэн үндэслэл болгосон.

“Т Б Э*** ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахаар 180 хоногийн өмнө хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийг Э Х З Хноос шийдвэрлэхдээ 581 дүгээр тогтоол гаргасан. Энэ тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу маргаан бүхий 32 дугаар тогтоол гарахаас 30 хоногийн өмнө гаргасан ба тус тогтоолыг гаргасныхаа дараа 30 хоногийн дараа хүчингүй болгосон. Тус 581 дүгээр тогтоолыг гаргахдаа 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр дүрмээ зөрчиж гаргасан. Энэ дүрэмд тусгай зөвшөөрлийг хэрхэн сунгах талаар тодорхой заасан байдаг. Энэ дүрмийн 9.2-т “...Цаашид үйл ажиллагаа хэвийн явуулах боломжтой тусгай зөвшөөрлийг сунгана...” гэж заасан байхад Э Х З Х***ноос энэ байдлыг харгалзаж үзээгүй.

Түүнчлэн тусгай зөвшөөрлийн нөхцөл байдлыг дүгнэсэн  судалж үзээгүй байж 2019 он хүртэл буюу өөрөөр хэлбэл манай компанид 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгосон мөртөө 4 жилийн ажлыг нь дүгнэж, шийдвэр гаргасан. Манай компанийн 2019 оны үйл ажиллагааг дүгнээгүй гэдэг нь хурлын тэмдэглэл, мөн тус хурлаар хэлэлцсэн танилцуулга зэргээс тодорхой харагддаг. Мөн энэ шийдвэрийг гаргах үед тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтдээ давагдашгүй хүчин зүйл тохиолдсон буюу гол гэрээ байгуулагч нь хилийн цаанаас Монгол Улсад орж ирэх боломжгүй байгаа талаар дурдсан, мөн гол гэрээ байгуулагчаас манай компанид ирүүлсэн албан бичгийг хавсаргаж хүргүүлсэн боловч үүнийг дүгнэлгүйгээр  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Мөн Э Х З Хноос хууль зөрчин дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг 2019 оны байдлаар хангалтгүй биелүүлсэн гэж үзэн шийдвэр гаргасан. Анх тусгай зөвшөөрлийг олгохдоо эдгээр нөхцөл шаардлагыг биелүүлээрэй гэж 5 жилийн хугацаатай олгодог. Гэтэл тухайн 5 жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад заасан барилга, байгууламжийг барих ямар ч боломжгүй.

Зураг төслөө хийсэн бол оноог өгөх ёстой. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын П Ч гэдэг компанитай EPC гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу барилгын зураг, барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлнэ, боловсон хүчин нийлүүлэх, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ юм. Энэ гэрээний дагуу ажиллана гэдгээ П Ч ****ХХК-иас 2 удаа албан бичиг ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл Э Х З Хноос үүнд 0 үнэлгээ өгсөн ба энэ гэрээг байгуулсан гэдгийг мэдэж байсан.

Т Б Э *****п ХХК-тай тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тус компани нь тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн бүх хөрөнгө оруулалт, санхүүжилтийг гаргахаар тохиролцсон. Т Б Э интернейшнл групп ХХК-иас ирүүлсэн хөрөнгө оруулалт гэдгээ баталгаажуулж ирүүлсэн албан бичгийг мөн шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл Э Х З Хноос үүнд 60 оноо өгсөн. Одоо хэрэгжиж байгаа хүчин төгөлдөр гэрээ байсаар байтал 100 оноо өгөөгүй нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хохироосон үйлдэл гэж үзэж байна.

Эцэст нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад байгаль орчны үнэлгээг хэрэгжүүлсэн байдалд оноо өгөхөөр тусгасан. Гэтэл Э Х З Хноос үүнд ямар ч оноо өгөлгүй орхигдуулсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь дээрх нөхцөл шаардлагыг бүрэн биелүүлсэн. Монгол Улсад экспортын цахилгаан станц анх удаа баригдах гэж байгаа юм. Т Б Э ХХК нь маш олон ажил хийсэн. Үүнд зөвхөн Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт нь 1,7 тэрбум гэж тооцоолсон. Энэ төсөл нь 2 өөр улсад зэрэг хэрэгжиж байгаа юм. Бид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт мөн станц барьж байна, гэтэл эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан байна.

Барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж ашиглалтад оруулах шаардлага байдаг. Энэ шаардлагын биелэлт 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр биелэлт нь дуусгавар болох ёстой байсан боловч нэхэмжлэгч компани нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компанитай ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан байсан. Гэтэл цар тахал гарсантай холбогдуулан ажилчид хил нэвтрэх боломжгүй болж, энэ нөхцөл шаардлагыг биелүүлэх боломжгүй болсон. Энэ бол нийтэд илэрхий үйл баримт юм, түүнчлэн үүнийг баталгаажуулж Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсан. Энэ нь тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан гэдгийг нотолсон боловч хариуцагчаас 0 үнэлгээ өгсөн.

Зураг төсөл боловсруулж, зураг төслөө эрх бүхий байгууллагаар батлуулах гэсэн нөхцөл шаардлага байсан. Үүнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компанитай гэрээ байгуулсан, үүнд нь зураг төсөл боловсруулах ажил нь хамт орсон учраас тухайн нөхцөл шаардлагыг биелүүлэх боломжгүй болсон. Гэхдээ зураг төслийн гүйцэтгэгч компанитай ерөнхий гэрээгээ байгуулсан учраас тухайн асуудалд 0 үнэлгээ өгөх боломжгүй байсан.

Барилгын зураг төслөө Монгол Улсад экспертиз хийлгэнэ гэж заасан байдаг. Мөн дээрх шалтгааны улмаас эрх бүхий этгээдээр экспертиз хийлгэх боломжгүй байсан. Гэтэл хариуцагч талаас үүнд мөн 0 үнэлгээ өгсөн.

Тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш 12 сарын дотор барилга байгууламжийг ашиглалтад оруулахад зарцуулагдах хөрөнгийн талаар хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулсан байх ёстой гэж заасан. Үүнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эрчим хүчний компанитай хөрөнгө оруулалтын талаар гэрээ байгуулж, үүнийгээ хариуцагч талд өгсөн учраас 60 оноо өгсөн байсан. Гэтэл нөхцөл шаардлагыг хангасан байхад 100 оноо өгөх боломжтой байсан гэж үзэж байна.

Тухайн барилга, байгууламжийг барих газрын асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой гэсэн шаардлага байсан. Үүнд газрын гэрээ болон гэрчилгээг өгсөн байсан. Зургаадугаарт: Барилга, байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих бичиг баримтыг баталгаажуулна гэж заасан. Тус асуудалд захиалагчийн хяналт гэдэг зүйл тавигдахгүй, яагаад гэвэл улсаас ямар нэгэн хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд хянахын тулд захиалагчийн хяналт гэдэг тавигдах ёстой.

          Гэтэл тусгай зөвшөөрөл авснаас хойш таван жилийн дотор экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барьж, БНХАУ-тай том чадлын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар холбогдох, цахилгаан эрчим хүч экспортлох гэрээ хэлцэл хийн, том чадлын цахилгаан станц, дамжуулах шугам баригдсан байх боломжгүй ба төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогоор 2015-2030 оны хооронд хэрэгжүүлэхээр байхад Э Х З Х эрхээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргаагүй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй, хүчингүй болгосон.

          Э Х З Х шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг огт харгалзан үзэлгүй, бидэнтэй биечлэн уулзаж, санал, мэдээлэл авалгүй, тайлбар, танилцуулга хийх боломж олголгүй, хуралд оролцуулалгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хууль бус 252, 581, 32 дугаартай шийдвэрүүдийг ар араас нь гаргаж Захиргааны үйл ажиллагааны хууль тогтоомж, тусгай зарчмыг удаа дараа, ноцтой зөрчсөн.

          Иймд Э Х З Хны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 32 дугаар тогтоол хууль бус бөгөөд Т Б Э ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул 32 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

          5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Э Х З Х**** нь Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах эсэх тухай асуудлыг шийдвэрлэдэг. Тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор Т Б Э ХХК-д эрчим хүчний барилга байгууламж (БНХАУ-д цахилгаан экспортлох зориулалтаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2020 MB-тын хүчин чадалтай дулааны цахилгаан станц) барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгож, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоож өгсөн. Э Х З Хноос олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих үүргийн хүрээнд Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу Т Б Э ХХК-д тогтоосон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг тусгай зөвшөөрөл олгосон хугацаанаас 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх байдлаар дүгнэхэд нөхцөл, шаардлагын заалтуудын биелэлтийг хангаагүй байна. Үүнд:

          Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын /Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулах/ хүрээнд барилга угсралтын ажил эхлүүлж, станцыг ашиглалтад оруулаагүй;

          Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтын Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм /БНбД 11-01-98/ болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, батлуулах/ хүрээнд нарийвчилсан зураг төслийг эрх бүхий байгууллагаар хөрвүүлж, батлуулаагүй;

          Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтын Зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийх дүрэм /БНбД 11-203-04/-ийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэх/ хүрээнд батлагдсан зураг төслийг магадлангаар оруулаагүй;

          Төслийн санхүүжилтийн гэрээг эцэслэн байгуулаагүй, хөрөнгө оруулагчийн санхүүгийн тайлан, хөрөнгийн эх үүсвэрийг баталгаажуулах баримт бичиг зэрэг баримтуудыг ирүүлээгүй байсан тул нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтыг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагчтай эцэслэн тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан байх/ бүрэн биелүүлээгүй гэж үзсэн;

          Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтын /Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх/ хүрээнд барилга угсралтын ажлыг эхлүүлэх тухай Эрчим хүчний яамнаас зөвшөөрөл авч барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй;

          Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь заалтын /Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралтын ил, далд ажлын акт, бичиг баримтыг баталгаажуулах/ хүрээнд барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулаагүй нөхцөл байдал тогтоогдсон нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг Хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэх үндэслэл болсон юм. Иймд Т Б Э ХХК-иас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2020 оны 6 дугаар сарын 08-ны едрийн МР-20/04 албан тоотоор Хороонд ируулснийг хэлэлцээд, Т Б Э ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн байх шаардлагыг хангаагүй тул Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу Хорооны 2020 оны 581 дүгээр тогтоолоор тус компанийн 29/2015 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх /Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй/ хэсэгтэй мөн нийцэж байгаа болно.

Т Б Э* ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, Хорооны 2020 оны 581 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн тул Хорооны 2021 оны 32 дугаар тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх заалт /Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан/-ыг үндэслэн Т Б Э ****ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих 29/2015 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан болно.    

Т Б Э**** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг өнгөрсөн хугацаанд 3 удаа үнэлж, дүгнэсэн. Нэгдүгээрт: Анх тусгай зөвшөөрөл авснаас хойш буюу 2015 оноос 2017 оныг дуусах хүртэлх хугацаанд хийсэн ажлыг 2018 оны 02 дугаар сарын хурлаар эхний байдлаар хэлэлцсэн бөгөөд тухайн үед хангалтгүй гэж үнэлэгдсэн. Үүний улмаас 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/269 дугаартай албан бичгийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллах тухай үүрэг даалгаврыг тус компанид өгсөн.

Ингээд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг мөн дүгнэсэн бөгөөд тус дүгнэлтээр мөн хангалтгүй гэж дүгнэгдсэн. Энэ хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б оролцож энэ үнэлгээ, дүгнэлттэй танилцаад, дүгнэлтийн талаар маргаагүй гэдгээ хэлсэн нь хурлын тэмдэглэлд авагдсан. Ингээд 2015 оноос 2019 оныг хүртэл тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэсэн. Энэ дүгнэлтээр 2020 оны 02 дугаар сар хүртэлх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын  биелэлт хангалтгүй гэж дүгнэгдсэн.

Мөн тус хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон. Үүний дараа 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар өнгөрсөн хугацааны нөхцөл шаардлагыг дүгнэхэд мөн хангалтгүй гэж дүгнэгдсэн. Мөн тус О.Б мөн оролцсон нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Ингээд 2015 онд авсан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана” гэж заасан байдаг.

Мөн Э Х З Хны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Аж ахуйн харилцааны дүрмийн 9.2-т “Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нөхцөл, шаардлага, тухайн онуудын зорилтыг энэ дүрмийн 6.7 дахь заалтын дагуу үнэлж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 22.2 дахь заалтыг үндэслэн сунгах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан. Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу 2015 онд олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг өнгөрсөн хугацаанд 3 удаа үнэлэхэд хангалтгүй үнэлэгдсэн, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй гэж тусгай зөвшөөрөл олгогч үзсэн учраас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн.

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1569 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг сунгахгүй болсонтой холбогдуулан нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгснөөс хойш 30 хоногт багтаан хүчингүй болгосон шийдвэр гаргана” гэж заасны дагуу Э Х З Хноос 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Т Б Э ХХК-ийн барилга, байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тогтоол гарсан. Маргаан бүхий дээрх тогтоол нь Эрчим хүчний тухай хуулийн 24.3.1-д “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” гэх үндэслэлийг хүчингүй болсон.

 Дээрх хугацаанд үнэлж, дүгнэсэн нөхцөл шаардлагуудаар тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш 2 зүйл тодорхой болсон байх ёстой. Үүнд: нэгдүгээрт хөрөнгө оруулалт, хоёрдугаарт: үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээг байгуулах буюу хэн худалдаж авах нь тодорхой болсон байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь дээр үйл ажиллагаатай холбоотойгоор хангалттай хэмжээнд хийгдээгүй байсан учраас нөхцөл шаардлагууд нь хангалтгүй үнэлэгдсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т Б Э **ХХК-ийн гаргасан Э Х З Х******ны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Т Б Э ****ХХК нь дараах үндэслэлээр маргасан.

            2.1. Э Х З Х *******нь Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 32 дугаар тогтоол гаргахдаа Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй тухай 2020 оны 12 сарын 17-ны өдөр 581, Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай 2020 оны 4 сарын 23-ны өдөр 252 дугаар тогтоолыг үндэслэсэн нь хууль бус.

          2.2.Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг 2 болон түүнээс дээш зөрчөөгүй, бусдад хохирол учруулсан үйлдэл хийгээгүй байхад Э Х З Х **********2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 252 дугаар шаардлагын биелэлт нь Хангалтгүй гэсэн 1 удаагийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.          

          2.3.Бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, биечлэн уулзаж, санал, мэдээлэл авалгүй, тайлбар, танилцуулга хийх боломж олголгүй, хуралд оролцуулалгүйгээр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэхдээ ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нарийвчлан шинжлэн судлаагүй,тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

          3. Нэхэмжлэгч Т Б Э ХХК нь Э Х З Хны 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 301 дүгээр /1-р хавтасны 230 дахь тал/ тогтоолоор Т Б Э ХХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай авсан./1-р хавтасны 19 дэх тал/

          4.Т Б Э*** ХХК-иас тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг Э Х З Хны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар эхний байдлаар хэлэлцээд Хангалтгүй гэж үнэлэгдсэн тул 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/269 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллах тухай үүрэг даалгаврыг өгсөн.

          Мөн хорооны 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 269 /2-р хавтасны 86 дахь тал/, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 252 дугаар тогтоолоор /1-р хавтасны 20 дахь тал/ тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2019 оны биелэлтийг хангалтгүй гэж дүгнэж, /2-р хавтасны 164, 167 дахь тал/ тус хорооны 2020 оны 581 дүгээр /1-р хавтасны 53 дахь тал/ тогтоолоор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн,

          2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/906 дугаар албан бичгээр тусгай зөвшөөлийн нөхцөл шаардлагыг хангах талаар хугацаатай үүрэг өгч, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 60-07-002/05 дугаар /1-р хавтасны 119 дэх тал/ улсын байцаагчийн актаар тусгай зөвшөөрлийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түдгэлзүүлсэн байдаг.

          Ингээд дээр дурдсан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, мөн хугацаа дууссан гэх үндэслэлээр хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолоор /1-р хавтасны 22 дахь тал/ Т Б Э ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

          5.Хариуцагч нь Т Б Э *****ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг шалгаад,

          Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулах” гэж заасныг зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлээгүй.

          Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.2-т "Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм /БНбД 11-01-98/ болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, батлуулах гэж заасныг зөрчиж нарийвчилсан зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй;

          Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.3-т “Зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийх дүрэм /БНбД 11-203-04/-ийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэх үүргээ биелүүлээгүй, батлагдсан зураг төслийг магадлангаар оруулаагүй;

Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээгүй, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй,төслийн санхүүжилтийн гэрээг эцэслэн байгуулаагүй, хөрөнгө оруулагчийн санхүүгийн тайлан, хөрөнгийн эх үүсвэрийг баталгаажуулах баримт бичиг зэрэг баримтуудыг ирүүлээгүй байсан тул нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтыг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагчтай эцэслэн тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан байх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзсэн;

          Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.5-д “Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх” гэснийг зөрчиж барилга угсралтын ажлыг эхлүүлэх тухай Эрчим хүчний яамнаас зөвшөөрөл аваагүй;

          Нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.6-д “Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралтын ил, далд ажлын акт, бичиг баримтыг баталгаажуулах” гэж заасныг зөрчиж барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулаагүй тул тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг Хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Тодруулбал, Нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын П Ч компанитай EPC гэрээ /3-р хавтасны 219-4-р хавтасны 101 дэх тал/ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан боловч уг гэрээнд Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлээгүй, түүнчлэн зураг төсөл, барилгын аж зөвшөөрөл зэргийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, зөвшөөрөл аваагүй болох нь Эрчим хүчний хөгжлийн төвийн 2022 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 1/185, Эрчим хүчний яамны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн в/1273 дугаар албан бичгээр болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдсон болно.

 

6.Хариуцагч нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэсэн  дүгнэлтүүд, гаргасан шийдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдэж, түүний оролцоог хангасан болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн 2015 оноос 2019 оныг хүртэлх  нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэсэн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б оролцож, үнэлгээ, дүгнэлттэй танилцаж, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн нь хурлын тэмдэглэлд /2-р хавтасны 167 дахь тал/ тусгагджээ. 

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*********** оролцсон нь хурлын тэмдэглэлд тусгагдсан, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд оролцоог хэрхэн хангасан талаар тусгагджээ. /4-р хавтасны 115 дахь тал/

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1569 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг сунгахгүй болсонтой холбогдуулан нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

            7. Худалдаа, аж үйлдвэрийн танхим 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээнд /2-р хавтасны 191 дэх тал/ “...Т Б Э****** ХХК-ийн ...тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болсон. Дээрх нөхцөл байдал нь ... давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж ... гэрчилгээ олгож байна. ... гэрчилгээ нь COVID-19 ... холбогдуулан гарсан хорио цээрийн хугацаанд хүчин төгөлдөр байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Т Б Э ХХК-ийн  тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор /2-р хавтасны 83 дахь тал/ тогтоож, 5 жилийн хугацаанд биелүүлэхээр үүрэг хүлээсэн бөгөөд уг хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 10-нд дууссан.

Иймээс нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд үүргээ биелүүлээгүй нь давагдашгүй хүчин зүйлээс нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

           8.Ийнхүү нэхэмжлэгч Т Б Э********* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн 5 жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангалтгүй гэж дүгнэгдсэн, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй, түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан  тул Э Х З Х*******ны  2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгснөөс хойш 30 хоногт багтаан хүчингүй болгосон шийдвэр гаргана”,  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй”, Э Х З Х**********ны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Аж ахуйн харилцааны дүрмийн 9.2-т “Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нөхцөл, шаардлага, тухайн онуудын зорилтыг энэ дүрмийн 6.7 дахь заалтын дагуу үнэлж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 22.2 дахь заалтыг үндэслэн сунгах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасанд нийцжээ.

          9. Нэхэмжлэгчээс “...2019 он хүртэл буюу 4 жилийн ажлыг нь дүгнэж, шийдвэр гаргасан” талаар нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан боловч хариуцагчаас тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн нь  Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана”, 24.3.1-д “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” гэж заасанд нийцжээ.

10. Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад байгаль орчны үнэлгээг хэрэгжүүлсэн байдалд оноо өгөлгүй орхигдуулсан талаар дурдсан боловч Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.”Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр олгоно.”, мөн Э Х З Хны 2015 оны 301 дүгээр тогтоолд заасан нөхцөл шаардлагад зааснаас үзэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь тусгай зөвшөөрөл олгох урьдчилсан нөхцөл бөгөөд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад хамаарахааргүй байна.

11.Дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч Т Б Э**** ХХК-иас Э Х З Х*********нд холбогдуулан тус хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 22 дугаар зүйлийн 22.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.3.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасныг баримтлан Т Б Э ХХК-иас Э Х З Хнд холбогдуулан гаргасан тус хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.АДЪЯАСҮРЭН