Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2202

 

 

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01635 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “К” ХХК-ийн хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч “Э” ХХК-ийн эрх залгамжлагчаар “Г” ХХК-ийг томилуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Батхүлэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Г” ХХК-тай 107/150 тоот зээлийн гэрээ, 107/150 тоот зээлийн барьцааны гэрээ, Т07/115 тоот болон Т07/116 тоот зээлийн батлан даалтын гэрээг тус тус байгуулж, 250 000 еврог тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар жилийн 7.25 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ “Э” ХХК нь биелүүлээгүй тул тус банк шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-уул дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрээр “Э” ХХК-аас 579 795 672 төгрөг гаргуулж, “К” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон 1 дүгээр байрны 22 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008698 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг 150 000 000 төгрөгийн төлбөрт тооцон авсан, үлдэгдэл төлбөр болох 429 795 672 төгрөгийг төлөөгүй байгаа.

“Г” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Э” ХХК, “Монфрэш сүү” ХХК болон “Монфрэш шүүс” ХХК-уудад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 12 495 923 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээний үндсэн дээр эвлэрсэн. Хариуцагч нар эвлэрлийн гэрээнд заасан төлбөр төлөх үүрэг болон “Э” ХХК-ийн бүх хувьцааг бусад үл хөдлөх эд хөрөнгийн хамт “Г” ХХК-д шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн боловч “Г” ХХК нь тус компанийн “К” ХХК-д төлөх төлбөрийг төлөхгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч “Э” ХХК-ийн эрх залгамжлагчаар “Г” ХХК-ийг томилж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2014 оны эвлэрлийн гэрээ нь “Г” ХХК болон “Э” ХХК, “Монфрэш сүү” ХХК, “Монфрэш шүүс” ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээ бөгөөд уг гэрээний тал бус этгээд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох зээлийн төлбөрт 576 805 644 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэг Хан-Уул дүүргийн шүүхээр 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэрт төлбөрийг ямар хөрөнгөөс гаргуулахыг маш тодорхой заасан бөгөөд тэдгээр хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа. “Э” ХХК нь эрх зүйн чадвартай, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах бие даасан хуулийн этгээд болно. Компанийн эрх залгамжлалын асуудал нь компани татан буугдах, өөрчлөн байгуулагдах, өөрчлөгдөх тохиолдолд бий болох асуудал ба компани хуучин хэвээр оршин тогтнож байгаа нөхцөлд эрх үүргээ өөрөө хэрэгжүүлдэг гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3.1-т заасны дагуу “Г” ХХК-ийг Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч “Э” ХХК-ийн эрх залгамжлагчаар томилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “К” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд буюу нэхэмжлэгч “Г” ХХК, хариуцагч нар болох “Монрфрэш Сүү” ХХК, “Монфрэш Шүүс” ХХК, “Э” ХХК нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 4894 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан бөгөөд талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний гол зорилго нь дан ганц “Э” ХХК-ийн өрийг төлөх зорилготой бус уг компаниас гадна “Монфрэш шүүс” ХХК, “Монфрэш сүү” ХХК нарын нийт өр төлбөрийг төлөх, төлбөрийг хэрхэн төлөх, ямар төрлийн хөрөнгийг ямар дүнд тооцон шилжүүлэх, өр төлбөрийг төлөхтэй холбоотой бусад зохицуулалтуудыг тусгасан байхад зөвхөн “Э” ХХК-ийн өр төлбөртэй холбоотой мэтээр тайлбарласан, нэг талыг барьсан буюу маргаан гаргаж бүй талын эрх үүрэгт хамаатуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, талууд эвлэрлийн гэрээг байгуулахдаа харилцан тохиролцсон, хариуцагч нар нь холбоотой этгээдүүд буюу хувьцаа эзэмшигч нар нь ижил этгээдүүд бөгөөд эдгээр этгээдүүдийн хувьцаа эзэмшдэг компаниудын нийт зээлийн төлбөрийг төлүүлэх ажиллагааны хүрээнд хийгдсэн гэрээ байхад шүүх талуудын хоорондын анхны тохиролцоо, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үл харгалзан буруу тайлбарлаж, эвлэрлийн гэрээний үндсэн нөхцөлийг өөрийн үзэмжээр буруу тайлбарлан ойлгож дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Мөн шүүхээс “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар болох хэргийн зохигч биш этгээд Т.Насанхүү, Б.Алтангэрэл, Ши Жиан Пинг нар хариуцагч нар нь гэрээнд зурсан нь хариуцагчийн гаргаж буй тайлбарыг нотлохгүй” гэх ойлгомжгүй, ямар үйл баримтыг дүгнэсэн нь тодорхойгүй зүйлийг тусгажээ.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 1.3-т нийт зээлийн үүрэгт барьцаалсан барьцааны зүйлийн талаарх мэдээллийг талууд тусгаж өгсөн бөгөөд хариуцагч нарын бизнесийн үйл ажиллагаа, үндсэн санхүүгийн эх үүсвэр зэрэг нөхцөл байдлаас хамааран талууд ямар төрлийн эд хөрөнгийг шилжүүлж, төлбөр тооцоог дуусгавар болгох талаар харилцан тохиролцсон бөгөөд тухайн гэрээг байгуулах үед шилжүүлэх боломжтой хөрөнгүүдийг тодорхойлж, гэрээнд тусгасан байдаг. Гэтэл шүүх шилжүүлсэн хөрөнгө нь “Э” ХХК-ийн дийлэнх хэсгийг эзэлж байгаа учраас “... харьцангуй үнэ цэнэ бүхий томоохон үл хөдлөх хөрөнгийг чухамхүү “Э” ХХК-ийн өмчлөлд хэвээр үлдээлгүй “Г” ХХК тухайлан өмчлөлдөө шилжүүлсэн явдал ойлгомжгүй байна...”, “...шилжүүлсэн өмчлөлийн зүйлийн цар хүрээг үүсгэсэн өртэй харьцуулах…” гэх мэтээр ямар үйл баримтыг тодорхойлох гээд байгаа нь ойлгомжгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагад эдгээр дүгнэлтүүд нь ямар ач холбогдолтой эсэх тодорхойгүй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, шүүх талуудын анх илэрхийлж байсан хүсэл зоригийг огт ойлгоогүй, зөвхөн эвлэрлийн гэрээнд заасан хөрөнгө шилжүүлэх, төлбөр тооцоог дуусгавар болгох зэрэг гэрээний зохицуулалтын хүрээнд, шүүхээр баталгаажуулсан өөр үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоход ямар ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй зүйлийг үндэслэл болгон шийдвэрлэжээ.

“Г” ХХК нь эвлэрлийн гэрээг байгуулах үед хүсэл зоригийн хувьд тухайн хариуцагч этгээдийн зээлийн өр төлбөрийг шилжүүлэн авах хүсэл зоригийг огт илэрхийлээгүй бөгөөд хэрэв илэрхийлсэн бол өр эзэмшигч этгээдтэй заавал тохиролцох, гэрээ байгуулах замаар шилжүүлэх хуулийн шаардлагын хүрээнд тохиролцох ажиллагааг хийх байсан. Ийм ч учраас өрийг шилжүүлж авах хүсэл зориг илэрхийлээгүй, харин “Э” ХХК-ийн хувьцааг шилжүүлж авах замаар “тухайн өр төлбөрийг төлөх, уг ажиллагааг дуусгавар болгох ажлыг нэхэмжлэгч тал зохион байгуулна” гэж томьёолж эвлэрлийн гэрээнд тусгасан бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд “Э” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан байдаг. Мөн анхан шатны шүүх хуралдаанд “Э” ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд шүүх хуралдаанд шүүхээс дүгнээд байгаа “өр төлбөрийг төлүүлэх ажиллагаа шийдвэр гүйцэтгэлийн журмаар явагдаж байгаа, нэхэмжлэгч “К” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд барьцаа хөрөнгүүдээ авах боломжтой, манай компани үйл ажиллагаа явуулж байгаа, татан буугдаагүй, мөн эрх залгамжлалтай холбоотой асуудлыг Улсын Дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн буюу маргаан бүхий үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага нь ижил, түүнийг өмнө шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэсэн тайлбарыг өгсөөр байтал шүүх дээрх тайлбар, хуулийн зүйл заалт, түүнийг тайлбарласан тайлбарыг “зөвшөөрснөөр” гэх агуулгаар тайлбарлаж, маргаан бүхий талын нэхэмжлэлийн үндсэн шаардлагад нийцүүлэн хожим нь зөвшөөрсөн гэдэг агуулгаар дүгнэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй, хууль бус шийдвэр болжээ. Иймд дээр дурдсан үндэслэл, холбогдох тайлбар, үйл баримтыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 281 тоот шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч “Э” ХХК-ийн эрх залгамжлагчаар “Г” ХХК-ийг томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч эвлэрлийн гэрээ нь “Г” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан бөгөөд уг гэрээнд хамааралгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргажээ.

К ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эвлэрлийн гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргийг уг гэрээгээр шилжүүлж авсан “Э” ХХК нь компанийн бүх хувьцааг бусад үл хөдлөх эд хөрөнгийн хамт “Г” ХХК-д шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байхад “Г” ХХК нь “К” ХХК-д төлөх төлбөрийг төлөөгүй тул “Э” ХХК-ийн эрх залгамжлагчаар “Г” ХХК-ийг томилуулах гэж тодорхойлж 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Г” ХХК болон “Монфреш шүүс” ХХК, “Монфреш сүү” ХХК, “Э” ХХК нарын хоорондын тохиролцоо бүхий эвлэрлийн гэрээг үндэслэлээ болгожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 35 дугаар зүйлийн 35.3.1, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч “Эй Ай Жи” ХХК-ийн эрх залгамжлагчаар “Г” ХХК-ийг томилуулах нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох маргааныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 592 дугаар тогтоолоор хянаж, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал хэрэгт авагдсан байна. /хх108-114/

Нэхэмжлэгч нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгчийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр солиулах нэхэмжлэлийн хариуцагчаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба биш “Г” ХХК-ийг тодорхойлсон байна. Энэ тохиолдолд “Г” ХХК хариуцагч болох боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай. Ийнхүү тодруулах нь “К” ХХК шаардлага гаргах эрхтэй этгээд мөн эсэх, түүний шаардах эрх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр үүссэн эсэх нөхцөл байдлыг дүгнэхэд ач холбогдолтой.

Мөн шүүх Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан буюу өр шилжих тухай зохицуулалтыг хэрэглэж байгаа тохиолдолд тус зохицуулалтын дагуу шаардах эрх үүссэн эсэхэд дүгнэлт хийх боломжтой болно. Ийнхүү дүгнэснээр “Э” ХХК-ийн өрийг “Г” ХХК төлөх ёстой гэх нэхэмжлэлийн үндэслэл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой шаардлага хэрхэн үүссэн, тодруулбал нэхэмжлэгч эрх зүйн ямар хамгаалалтыг шүүхээс хүссэн нь тодорхой болох бөгөөд ийнхүү тодруулаагүй байхад талуудыг маргаантай асуудлаар бүрэн мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн, шүүх 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг иш татаж байгаа тохиолдолд тухайн гэрээнд хариуцагч, нэхэмжлэгч тал оролцсон эсэх талаар Иргэний хуулийн 53 дугаар зүйлд заасныг үндэслэн дүгнэлт хийсэн нь ач холбогдолгүй болно.

Дээрх байдлаар шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь зөрүүтэй, ойлгомжгүй байхад түүнийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01635 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ  

 

                            ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ