Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2021/00480

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2021/00480

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Мөнгөнморьт сум, 2 дугаар багт оршин суух, Бодонгууд овгийн Самбуугийн Болдбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах, Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азжаргал, иргэдийн төлөөлөгч Б.Түмэнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг бригадын нутаг дэвсгэр Зүүний дэнж-ийн зүүн талд байрлах тогны шонгийн модны А гурвалжингийн доод хэсэг өмхөрч унан тогны утас газардсаны улмаас Мөнгөнморьт сумын иргэн С.Болдбаатарын нийт 4 тооны мал тогонд цохиулж үхсэн. Тухайн үед Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд дуудлага өгч газар дээр нь харуулсан. Тухайн байгууллагын Техникийн комисс-ын дарга Амартүвшингийн 99045993 утсаар холбогдоход Техникийн комисс-ын шийдвэр гараагүй, хуралдаагүй байна гэж хэлээд өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөхгүй өдийг хүрч байна. Хариуцагч байгууллага байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт байхгүй, нөгөөтэйгүүр шонгийн мод өмхөрч унасан. Шонгийн мод нь 35 жилийн насжилттай бөгөөд огт шинэчлэл хийгдээгүй байсан. Хамаалалтын зурвас тогтоогоогүй. Ингэснээр хариуцагч байгууллага нь Эрчим хүчний тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолоор батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Шинжээч томилж малын үнэлгээг тогтоолгосон, шинжээчийн үнэлгээгээр малын зах зээлийн үнэлгээг 3.800.000 төгрөгөөр тогтоосон. Анх нас бие гүйцсэн эр үхрээ 2.500.000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 1.000.000 төгрөгөөр, бяруу-2, тус бүрийг 500.000 төгрөгөөр үнэлж 4.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 3.800.000 төгрөгийг Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагаас ирүүлсэн тайлбар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүчтэй салхитай, дуу цахилгаантай бороо орсны улмаас тус компанийн эзэмшлийн 10 кв Мөнгөнморьт цахилгаан дамжуулах агаарын шугамд таслалт гарсан тул Багануур цахилгаан түгээх сүлжээ салбарын ашиглалт засварын инженер Э.Төмөрсүхээр ахлуулсан гэмтэл устгах бригад 10 кв-ын Мөнгөнморьт цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг хийхэд тулгуур №324-ийн хөндлөн траверс хүчтэй салхины улмаас гол хэсгээрээ хугарч, 3 дугаар фаз дамжуулагч утас унжиж, чичиргээ намжаагчаар газар шүргэсэн байдалтай байсан ба цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас дотор бэлчиж байсан иргэн С.Болдбаатарын 2 бяруу, 1 эр үхэр, 1 эм шүдлэн үхэр шүргэлтийн хүчдэлд цохиулсан байдалтай байсан. Уг гэмтэлтэй холбогдуулан Багануур цахилгаан түгээх сүлжээ салбарын Технологийн зөрчил судлан бүртгэх комиссын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20/05 дугаартай хурлын шийдвэрээр салбарын Техникийн комиссын хурлаар учирсан хохирлын асуудлыг хэлэлцүүлж, иргэн С.Болдбаатарт хариу өгөхөөр шийдвэрлэсэн. Улмаар тус салбарын Техникийн комиссын хурал 2020 оны 09 дүгээр сард хуралдаж Эрчим хүчний тухай хуулийн 33.2. дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна., Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийн 2.1-д Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно. гэж заасан ба манай компанийн зүгээс Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргад шугам сүлжээг хамгаалах хамгаалалтын зурвасыг тогтоож, баталгаажуулах талаар албан шаардлагуудыг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд энэхүү асуудлыг шийдвэрлээгүй нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах үндэслэл болсон. Энэ асуудалд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргыг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс бусдад хохирол учруулсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гаргасан тайлбартаа: 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр болсон байгалийн үзэгдлийн улмаас Мөнгөнморьт сум руу цахилгаан дамжуулах шугамын тулгуурт эвдрэл гарч, тэнд бэлчиж байсан 4 тооны үхэр цахилгаанд цохиулан үхэж иргэн С.Болдбаатарт эд хөрөнгийн хохирол учирсан. Түүний дараа Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас 2020 оны 9 дүгээр сарын 25-ны 6/208 тоот албан бичгээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын засаг даргад Багануур дүүрэг 35,3 ОкВ-ын Байдлаг дэд станцаас Төв аймгийн Мөнгөнморьт сумын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа ЮкВ Мөнгөнморьт Ц ДАШ, тус суманд байрлах 10 0.4кВ АТП-1, 2, 3, 7, Хөгшчүүл ЮКв ЦДАШ, АТП-75 дэд өртөөнүүдэд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалтыг хэрэгжүүлж шугам сүлжээ дэд өртөөнүүдийн хамгаалалтын зурвасыг баталгаажуулах, захирамж гаргах талаар хүсэлт ирүүлснийг хүлээн авсан. Энэ дагуу сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хамгаалалтын бүс тогтоохоор тусган, ИТХ-аар батлуулсан. Батлагдсан төлөвлөгөөний дагуу сумын Засаг даргын захирамжаар хамгаалалтын зурвасыг баталгаажуулах зорилгоор хамгаалалтад авах шугамын SНР файлыг авах хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 05/123 тоот албан бичгээр хариуцагч байгууллагад хүргүүлсэн. Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Багануур ЦТС салбараас 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн 6/31 тоот албан бичигт Гранд-Амур ХХК-иар дэд станц шугам сүлжээний кадастрын зургийг хийлгэсэн гэсэн байсан. Гэвч тус зураглал нь газар дээрх шугамаас зөрүүтэй, манай зүгээс тогтоох хамгаалалтын зурвас тусгагдаагүй байсан тул мэдээллийн санд оруулах боломжгүй байна. Энэ талаар хариуцагч байгууллагад албан бичгээр мэдэгдсэн. Тиймээс хамгаалалтад авах шугамын хамгаалалтын зурвасыг тусгасан SНР файлыг бидэнд ирүүлбэл санд оруулах, зурвас тогтоох боломжтой болно гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Түмэнцэцэг Хамгаалалтын зурвас татаагүй, тухайн сумын малчдад анхааруулж байгаагүй учраас малчин малаа бэлчээж 4 үхэр тогонд цохиулж үхсэн. 4 үхрийг БЗӨБЦТСүлжээгээр бүрэн төлүүлж, хохирлыг арилгуулах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагаа нотолж 8 хувь гэрэл зураг, хариуцагч байгууллагаас тайлбар татгалзлалаа нотолж Технологийн зөрчил судлан бүртгэх комисс-ын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, зөрчлийг судалсан акт, Техникийн комисс-ын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2018, 2020, 2021 оны 2/20, 6/208, 6/31 дугаартай албан бичгүүд, гэрэл зурагийн хуулбаруудыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж гаргуулсан дүгнэлт, нэхэмжлэгчийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019, 2020 оны тооллого-ын баримт зэргийг шүүх бүрдүүлсэн байна.

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Болдбаатар нь хариуцагч Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 4.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 700.000 төгрөгөөр багасгаж 3.800.000 төгрөг нэхэмжилсэн болно.

Хариуцагч БЗӨБЦТС ТӨХК нь Төв аймгийн Засаг дарга хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй буруутай үндэслэлийг дурдаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо.

2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг бригадын нутаг дэвсгэр, Зүүний дэнж гэх газарт Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн шонгийн тулгуур мод гол хэсгээрээ хугарч, дамжуулагч утас унжиж, газар шүргэсний улмаас нэхэмжлэгч С.Болдбаатарын нас бие гүйцсэн эр үхэр 1, шүдлэн үхэр 1, бяруу 2, нийт 4 тооны мал тогонд цохиулж үхсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зурагууд, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагч байгууллагын Технологийн зөрчил судлан бүртгэх комисс-ын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, зөрчлийг судалсан акт, Техникийн комисс-ын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019, 2020 оны тооллого-ын баримт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 5-8, 38-54, 92-103 дугаар тал/

 

Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэлээ гаргахдаа өөрт учирсан гэм хорын хэмжээг 4.500.000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад малын үнэлгээг эрх бүхий байгууллагаар тогтоолгох хүсэлт гаргасны дагуу шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, тус компанийн үнэлгээний тайлангаар хохирлын хэмжээг 3.800.000 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй байна. /хх-ийн 106-113 дугаар тал/

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 33.2 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1-д Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвас тогтооно, 2.4-д Аймаг нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлт, эрчим хүчний шугам сүлжээний зурвасын зураглалыг үндэслэн Эрчим хүчний тухай хуулийн 33.2-т заасны дагуу хамгаалалтын зурвасыг тогтооно, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4-т Эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч нь хамгаалалтын зурваст дэглэм сахиулах, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг гүйцэтгэх, шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршлын зураглалыг хийх, хамгаалалтын зурвасыг тогтоолгох тухай шийдвэрийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаар гаргуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Дээрх хуулийн болон дүрмийн зохицуулалтаар хариуцагч байгууллага болох Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь ...шугам сүлжээний хамгаалалтын зурвасын байршлын зураглалыг хийх, хамгаалалтын зурвасыг тогтоолгох шийдвэрийг Засаг даргаар гаргуулах гэсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс Төв аймгийн Засаг дарга хууль болон дүрэмд заасан ...эрчим хүчний шугам сүлжээний зурвасын зураглалыг үндэслэн, хамгаалалтын зурвас тогтоох гэсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж хариуцагчийн эд хөрөнгөд гэм хор учирсан байна.

 

Хариуцагч байгууллага нь хамгаалалтын зурвас тогтоох талаар Мөнгөнморьт сумын Засаг даргад удаа дараа албан тоот, шаардлага хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч өөрсдийн хуулиар хүлээсэн үүргийн дагуу хамгаалалтын зурвас тогтооход шаардлагатай зурвасын зураглалыг хүргүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй болно. Түүнчлэн 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр буюу үйл явдал болсноос 7 сарын дараа 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Багануур цахилгаан түгээх сүлжээ салбарын эзэмшлийн кадастрын зургийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Гранд Амур ХХК хийж гүйцэтгэн мэдээллийн санд оруулсан. Иймд хамгаалалтын зурвасыг тогтоож өгнө үү гэсэн албан бичгийг Мөнгөнморьт сумын Засаг даргад явуулсан байгааг дурдах нь зүйтэй. /хх-ийн 19 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.

Хариуцагч Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь бусдын эд хөрөнгөд гэм хор учирсанд гэм буруугүй гэдгээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгч С.Болдбаатар нь өөрт учирсан гэм хорын хохирлыг хариуцагч БЗӨБЦТС ТӨХК-иас шаардах эрхтэй, хариуцагч байгууллага хохирлыг арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 700.000 төгрөгөөр багасгаж 3.800.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.

Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгч Б.Түмэнцэцэгийн шүүх хуралдаан дээр гаргасан Хамгаалалтын зурвас татаагүй, тухайн сумын малчдад анхааруулж байгаагүй учраас тогонд цохиулж үхсэн 4 үхрийг БЗӨБЦТСүлжээгээр бүрэн төлүүлж, хохирлыг арилгуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3.800.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 3.800.000 /гурван сая, найман зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бодонгууд овгийн Самбуугийн Болдбаатарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 75.750 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 50.000 төгрөгийг хариуцагч Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банк 100000142787 тоот дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ

 

ШҮҮГЧИД П.ТУЯА

 

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ