Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 135/шш2021/00725

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00859/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суугаа, ... овогт М.С /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, Аймгийн Засаг даргын тамгын газрын байранд оршин байгаа, ... аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар /регистрийн дугаар: 9023046/-т холбогдох,

 

“Тэтгэмж 4,533,648 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“миний бие М овогтой С нь 2011-2019 онд ... сумын 24 дүгээр сургууль, 2019 оноос хойш Ерөнхий боловсролын “О” сургуульд МХУЗ-ын багшаар тасралтгүй ажиллаж байна. Аймгийн БСУГ-т санхүүжилт нь орсон боловч хувийн сургуульд ажилласан жил хасагдана гэх шалтгаанаар олгогдохгүй байна. Иймд Боловсролын тухай хуулийн 43.1.7-д заасны дагуу 5 жилийн тэтгэмж болох 4,533,648 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.П шүүхэд гаргасан тайлбартаа:

“...миний бие нь БСУГ-т нягтлан бодогчоор ажилладаг ба тус газрын хариуцагчийг төлөөлж байгаа. “О” цогцолбор сургуулийн багш М.С, 2 дугаар сургуулийн багш Л.М нарын гаргасан нэхэмжлэлийг Боловсролын тухай хуулийн 43.1.7 дахь заалтын болзолыг хангаагүй гэж үзэж уг тэтгэмжийг өгөхөөс татгалзаж байгаа тул танай байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч “... аймгийн БСУГ”-т холбогдуулан Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь заалтын дагуу хөдөө орон нутгийн багш нарт олгодог 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох 4,533,648 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч М.С нь 2011-2019 он хүртэл ... аймгийн 24 дүгээр бүрэн дунд сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар, 2019 оноос хойш одоог хүртэл  ... аймгийн ерөнхий боловсролын “О” цогцолбор сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаа болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “багш нь хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, шагнал урамшуулал авах, хуульд заасан бусад хөнгөлөлт эдлэх эрхтэй”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгохоор”, 43.1.7.б-д “сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш хамаарахаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч М.С нь дээрх хуульд заасан мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-т заасан мөнгөн тэтгэмжийг зөвхөн төрийн өмчийн боловсролын байгууллагад ажиллаж буй багш хамаарахаар хуульд шалгуур тавигдаагүй байна.

 

Иймд хариуцагч ... аймгийн БСУГ-раас 5 жил тутамд нэг удаа олгох 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох 4,533,648 төгрөгийг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.С-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.П нь шүүх хуралдаанд оролцохгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хүсэлтийг хангаж, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар дугаар зүйлийн 43.1.7, 43.1.7б-д заасныг баримтлан хариуцагч ... аймгийн БСУГ-аас 4,533,648 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... овогт М.С-д олгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ... аймгийн БСУГ-аас улсын тэмдэгтийн хураамж 87,488 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ТУНГАЛАГМАА