| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03401/И |
| Дугаар | 001/ХТ2025/00055 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2025/00055
“НД” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/04650 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2025/00151 дүгээр магадлалтай,
“НД” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Д.Э-т холбогдох
Гэм хорын хохиролд 13,545,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“НД” ХХК нь Д.Э-т холбогдуулан гэм хорын хохиролд 13,545,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/04650 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Д.Э-с 6,440,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НД” ХХК‑д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,440,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2‑т зааснаар нэхэмжлэгч “НД” ХХК‑ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 225,675 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-с 117,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “НД” ХХК‑д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2025/00151 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/04650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судлахгүйгээр хэрэгт хамааралгүй хуулийн зүйл заалт сонгон буруу дүгнэлт гаргаж, хохирлыг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ бодит бус, буруу тайлан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй байхад хохирлын үнэлгээ тогтоох эрх бүхий байгууллага биш Ч дүүргийн П-н 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтэд бичигдсэн 12,880,000 төгрөгийг бодит үнэлгээ гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувиар багасгасан нь үндэслэлгүй. Учир нь дээрх зохицуулалтын хувьд гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн байхыг шаарддаг. Харин энэ тохиолдолд даатгуулагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Түүнчлэн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилждэг тул нэхэмжлэгч нь тухайн нөхөн төлсөн хэмжээгээр буруутай этгээдээс шаардсан. Гэтэл шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.03.06-ны өдрийн 001/ШХТ2025/00239 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч “НД” ХХК нь хариуцагч Д.Э-т холбогдуулж гэм хорын хохиролд 13,545,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба үндэслэлээ “...даатгуулагч Г.Ч-н автомашины гадна талыг хариуцагч Д.Э-н насанд хүрээгүй хүү Л.И хурц үзүүртэй зүйлээр зурж, гэм хор учруулж даатгалын тохиолдол бий болсон, “А” ХХК хохирлыг 13,545,000 төгрөгөөр тогтоосон учир даатгалын гэрээний дагуу гэм хорыг төлж, шаардах эрхийг шилжүүлэн авсан...” гэж тодорхойлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, “...Бид хүүгийнхээ гэм буруутай үйлдлийн талаар маргахгүй, гагцхүү автомашинд учирсан хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй байсан учраас эрүүгийн хэргийн явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасан, цагдаа, прокурор хүсэлтийг хангаж шинжээч томилсон боловч автомашин засагдсан учраас үнэлгээ хийх боломжгүй гэсэн хариу өгсөн, өөрөөр хэлбэл бид хохирлын үнэлгээний талаар маргаантай, хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч “НД” ХХК нь даатгалын нөхөн төлбөр олгосон буруутай, иймд хохирлын хэмжээг бууруулж 3,500,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлөх боломжтой...” гэж мэтгэлцжээ.
8.Анхан шатны шүүх хариуцагчаас 6,440,000 төгрөгийг гаргуулан “НД” ХХК‑д олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “...“НД” ХХК нь даатгалын гэрээний дагуу үүргээ биелүүлсэн учир гуравдагч этгээдээс шаардах эрхтэй хэдий ч маргаантай асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа, хохирлын хэмжээ тодорхой болоогүй, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүйг мэдэж байсан атлаа даатгуулагч Г.Ч-н гаргасан хүсэлтийг хүлээн авч, даатгалын гэрээний заалтуудыг зөрчин, 2023.05.05-ны өдрийн “А” ХХК-ийн тайлан, автомашин угаалгасан зардлын баримтыг үндэслэн түүнд 13,545,000 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон үйлдэлдээ гэм буруутай, тиймээс шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1‑д зааснаар хохирлын хэмжээг багасгаж, 50% болох 6,440,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулав...” гэж дүгнэжээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн ба даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэх баримт бүрдээгүй байхад нөхөн төлбөрийг олгосон нь даатгалын гэрээний 6.14.4-т заасныг зөрчсөн, нэхэмжлэгч нь 2023.05.26-ны өдөр Г.Ч-д даатгалын нөхөн төлбөрийг олгоогүй байсан бол дахин үнэлгээ тогтоож, хохирлын хэмжээг тогтоолгох боломжтой байсан, даатгалын нөхөн төлбөрийг шилжүүлснээр даатгалын зүйлийн үнэлгээг тогтоох боломжийг хязгаарласан тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгахгүй гэж дүгнэсэн.
9.“НД” ХХК болон Г.Ч нарын хооронд 2023.03.07‑ны өдөр автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдаж, Г.Ч нь 339,999,996 төгрөгийн үнэ бүхий, өөрийн өмчлөлийн, **** У** улсын дугаартай, хар өнгөтэй, 2021 онд үйлдвэрлэгдсэн, 2022.01.25‑ны өдөр Монгол Улсад орж ирсэн, ****** маркийн автомашиныг даатгуулж, даатгалын хураамжид 3,399,999 төгрөг төлсөн, “НД” ХХК нь даатгалын тохиолдол үүссэн үед нөхөн төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. Г.Ч нь “Г” ХК‑тай байгуулсан 2022.03.01‑ний өдрийн тусгай нөхцөлтэй автомашины зээлийн гэрээний дагуу “Т” ХХК‑аас 272,000,000 төгрөгөөр, жилийн 15%‑ийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлээр худалдан авсан ба уг автомашин нь “Г” ХК‑ийн зээлийн барьцаанд байгаа болох нь тогтоогджээ.
10.Ч дүүргийн П-н 2023.08.04‑ний өдрийн 25 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор, Г.Ч-н өмчлөлийн автомашин Чингэлтэй дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байхад, 2023.04.29‑ний өдөр хариуцагч Д.Э-н хүү Л.И нь иртэй зүйлээр тойруулан зурж гэмтээн, 12,880,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн боловч Л.И нь энэ үедээ 9 нас 8 сар 5 хоногтой байсан, насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Даатгуулагч Г.Ч нь 2023.05.01‑ний өдөр даатгалын тохиолдол болсныг мэдэгдэж, “А” ХХК‑ийн үнэлгээний тайлан, холбогдох баримтыг хавсарган өгсөн байх ба “НД” ХХК‑ийн 2023.05.23‑ны өдрийн авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн шийдвэрээр, даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.3‑т заасан зогсоолд байх үед гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учрах эрсдэл буюу зурах, сэвтүүлэх эрсдэл учирсан гэж үзэн “А” ХХК‑ийн үнэлгээгээр тогтоогдсон 13,510,000 төгрөг, угаалгын зардал 35,000 төгрөг, нийт 13,545,000 төгрөгийг 2023.05.26‑ны өдөр даатгуулагч Г.Ч-д шилжүүлэн, даатгалын нөхөн төлбөрийг төлжээ.
11.Даатгалын гэрээний үндсэн дээр иргэд, байгуулагууд эрсдлээ даатгуулж даатгалын хураамж төлөх, гэрээний хугацаанд даатгалын тохиолдол болсон үед даатгалын компаниас нөхөн төлбөр олгох итгэлцэл дээр суурилсан үйл ажиллагаа байдаг. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжих тул “НД” ХХК нь гэм хорыг буруутай этгээдээс шаардах эрхтэй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.
12.Харин хоёр шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасан хэм хэмжээг зөв тайлбарлаагүйгээс гадна хэрэглэх ёстой хэм хэмжээ биш болохыг анхаараагүй байна. “НД” ХХК нь гэм хор учирсан хийгээд хохирлын хэмжээ нэмэгдэхэд аливаа хамаарал байхгүйгээс гадна даатгалын гэрээний үүргээ биелүүлсэн байдлыг гэм буруутай гэж үзэж, нэхэмжлэлийг багасгасан хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг зөрчсөн, энэ талаар залруулах боломжтой байна.
12.1.Даатгалын тохиолдол бий болсон бол нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой бөгөөд ийнхүү даатгалын төлбөрийг төлснөөр үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Даатгалын гэрээний 6.1, 6.2, 6.3, 6.14.4‑т даатгуулагч 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн материалыг ирүүлэх, даатгуулагч нэмэлт хугацаа олгох, шаардлага хангасан бүрэн гүйцэд материал хүлээн авах, аюул осол болсон тухай холбогдох мэргэжлийн байгууллагын акт, тодорхойлолт, хохирлын үнэлгээ (З, О, Ш, П, холбогдох засаг захиргааны байгууллага, үнэлгээний байгууллага гэх мэт) зэрэг баримт бичгийг үндэслэн асуудлыг шалгаж тогтоосны дараа даатгалын нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэхийг заасан байх ба “НД” ХХК 2023.05.23‑ны өдөр авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн шийдвэр гаргажээ.
Бусдын эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн эсэх тухайд эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа хэдий ч даатгалын гэрээнд заасан тохиолдол бий болж, нөхөн төлбөр авах шаардлагыг хангасан нөхцөлд даатгагч гэрээний үүргээ биелүүлсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийг зөрчөөгүй юм. Учир нь талууд Иргэний хуульд заасан гэрээг байгуулж, гэрээний харилцаа үүссэн тул эрх зүйн хувьд үүргээ биелүүлэх нь зүй ёсны болохоос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан нь үүргийг биелүүлэхгүй байх зайлшгүй нөхцөл болоогүй байна.
12.2.Эрүүгийн хэргийг шалгах ажиллагааны явцад хариуцагч Д.Э нь хохирлын хэмжээг маргаж, Ч дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж автомашины бодит үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргаж байсан, 2023.06.07‑ны өдрийн мөрдөгчийн тогтоол, Ч дүүргийн П-н 2023.06.21‑ний өдрийн прокурорын тогтоолоор “Д” ХХК‑ийг шинжээчээр томилсон, “Д” ХХК‑ийн 2023.06.23‑ны өдрийн тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр “...үнэлэгдэж буй **** У** улсын дугаартай автомашин нь засварлагдсан, хохирлын биет байдалд үзлэг хийх боломжгүй, тогтоолын дагуу үнэлгээ хийх боломжгүй байна...” гэсэн хариуг өгчээ.
Ч дүүргийн П-н 2023.06.27‑ны өдрийн 24 дүгээр тогтоолоор “А” ХХК‑ийг шинжээчээр томилсон байх ба “А” ХХК нь 2023.07.27‑ны өдөр “...уг автомашинд учирсан хохирлын хэмжээ 13,510,000 төгрөг, ...Т ХХК‑аас 2022 онд худалдаж авсан шинэ автомашин байсан тул албан ёсны борлуулагчийн үнийн саналаас хөнгөлөлттэй дүнг хасаж хохирлын хэмжээг тодорхойлсон...” гэсэн агуулга бүхий тайлбарыг өгсөн байна. Эдгээр баримтуудаар хохирлын бодит хэмжээ тогтоогдсон ба уг автомашиныг засварласан нь үнэлгээ тогтоолгох боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй. Шүүхийн энэ дүгнэлт мэтгэлцэх зарчмын агуулга, хэргийн оролцогчийн нотолгооны үүрэгт нийцсэнгүй.
Хариуцагч Д.Э нь “...бид тухайн үед гадуур явж засварын үнэ ханшийг судлахад 1,500,000-2,000,000 төгрөг болно, 1 детал 100,000-250,000 төгрөг орчимд засагдана гэж засварын газрууд хэлж байсан...” гэж татгалзсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1‑д зааснаар нотлоогүй байна.
12.3.Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгах үүргийг заасны зэрэгцээ 503.4-т “Эцэг, эх, асран хамгаалагч нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотолж чадвал тэдгээрийг гэм хор арилгах үүргээс чөлөөлж болно.” гэж заажээ. Хэрэгт байгаа баримтаас үзвэл 9 настай хүүхдийн хувьд бусдын эд зүйлийг гэмтээж болохгүй гэх ойлголт тогтсон, ийм төлөвшил олж авсан байх бүрэн боломжтой ба хүүхдийн үйлдлийг эцэг, эх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул гэм хорыг багасгах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2025/00151 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/04650 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.Э-с 13,545,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “НД” ХХК-д олгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтад “...117,990 ...” гэснийг “...225,675...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “НД” ХХК-аас 2025.02.18-ны өдөр төлсөн 128,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД