Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 21

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, Улсын яллагч Д.*******,  Шүүгдэгч Э.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч О.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох 201613000161 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* сумд 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, аав, ээж дүү нарын хамт амьдардаг, урьд нь ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 5 сарын хугацаагаар хойшлуулсан, мөн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******  /регистрийн дугаар *******/ 

Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргүүдэд холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны шөнийн 03 цагийн үед иргэн Д.*******ийн ХААН банкны харилцах картыг ашиглан Завхан аймгийн сумын багт байрлах Капитал банкны бэлэн мөнгөний машинаас 5 удаа уншуулан 840.000 төгрөгийг авсан болох нь өөрийн цахим картыг шүүгдэгч Э.*******т өгсөн талаараа мэдүүлсэн хохирогч Д.*******ийн “...Би 2016 оны 11 сарын 14-ний өдөр 18 цагийн үед ******* аймгаас Завхан аймаг руу гарах гэж байсан нэг машинд сууж байхдаа хамт явах гэж байсан нэг хүүхдэд өөрийнхөө ХААН банкны виза картыг өгөөд, виза картныхаа кодыг нь хэлээд дэлгүүрээс юм аваад ир гээд явуулсан юм, тэр хүүхэд дэлгүүрээс ирэхдээ миний авахуулсан юмнуудыг өгөөд виза картыг буцааж өгөлгүй мартуулсан байсан, би тэрийг анзааралгүй Завхан аймагт ирээд нэг найзындаа байж байтал шөнийн 03 цагийн үед би утсаа хартал мессеж ирсэн байхаар нь унштал миний ХААН банкны тоот данснаас 5 удаагийн гүйлгээгээр 842.500 төгрөгний зарлага гарсан байсан. Тэгээд би виза картаа үгүйлээд үзсэн чинь виза карт байхгүй, тэр дэлгүүрээс юм авахуулсан хүүхдээс аваагүйгээ мэдээд цагдаад хандсан юм. ...Надад 842.500 төгрөгний хохирол учирсан” гэсэн мэдүүлгээр, гэрч Ц.ийн “...2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.******* бид хоёр ...******* аймгаас гарах үед 20 гаран насны залуу хамт ирсэн юм. Тэр залуугаар ******* өөрийн виза картыг өгч архи дарс, ойр зуурын идэх юм *******д байхдаа авахуулсан юм. Би тэр залуутай хамт явж дэлгүүрээс юм авалцсан юм. ...Тэгээд тэр залуу замдаа надад *******ийн хэтэвчийг өгсөн ба би тухайн үед нь виза картыг авалгүй авсан байсан. д шөнө ирээд багт найзындаа ******* бид хоёр очоод хоол хийлгээд сууж байтал ******* утсаа харж байснаа миний данснаас мөнгө гараад болохоо байлаа карт хаана байна гээд надаас асуугаад замд хамт ирсэн залуугаас картаа авалгүй явуулсан байна гээд цагдаагийн газарт тэр дороо ирж бүртгүүлсэн юм. ...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Д.*******, Ц. нарын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч  Б.ийн мэдүүлгээр,  2016 оны 11 дүгээр сарын 15-ны шөнийн 03 цаг 23 минутанд хохирогч Д.*******ийн ХААН банкны дугаартай хугацаагүй хадгаламжийн харилцах данснаас 40500, 200500, 200500, 300500, 100500 төгрөгөөр нийт 5 удаа  842.500 төгрөгийн зарлага гарсан болохыг нотолсон ХААН банкнаас гаргасан   дугаартай дипозет дансны дэлгэрэнгүй хуулгаар, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны Э. *******аас ХААН банкны дугаарын картыг 840000 төгрөгийн хамт хураан авсан тэмдэглэл, тогтоол, Э.*******аас хурааж авсан виза карт, бэлэн мөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Д.*******өд хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр хангалттай тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.******* нь хохирогч Д.*******ийн цахим картыг ашиглан нууц далд аргаар түүний харилцах данснаас мөнгө авсан нь  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. Түүний үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээний буюу 840000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Э.*******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Улсын яллагч Э.*******ыг Д.*******ийн цахим картыг ашиглан 840000 төгрөг хулгайлсан гэх гэмт хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас давтан үйлдлээр зориуд зайлсхийсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа боловч Э.******* хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлхийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс байнга буюу түр оршин суугаа газраасаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр гадагш явахгүй ба дуудсан цагт ирэх тухай баталгааг бичгээр гаргуулж авна...” гэж тодорхойлсон байна.

Шүүгдэгч Э.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “төлөв томоотой байж цагдаагийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадагш явахгүй дуудсан цагт бэлэн ирэхээ баталж байна” гэсэн баталгаа бичжээ. Хэрэг бүртгэгч мөн өдөр Э.*******ын гаргасан баталгааг үндэслэн гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол гаргасан боловч тогтоол болон баталгаанд сэжигтэн байнга болон түр оршин суугаа ямар газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан нь тодорхойгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.3 дахь хэсгүүдэд гадуур байгаа сэжигтнийг зарлан дуудах хуудсаар дуудах, тухайн этгээд дурдсан хаягт байхгүй бол сум, баг хорооны Засаг даргад зарлан дуудах хуудсыг хүлээлгэн өгөхөөр зохицуулжээ.

Гэтэл Э.*******ыг хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан журмаар дуудсан тухай баримт хэрэгт огт авагдаагүй байна. Түүнчлэн хэрэг бүртгэгч Ч., мөрдөн байцаагч Д. нар “утсаар нь холбогдох гэхэд холбогдох боломжгүй байсан” гэсэн илтгэх хуудсыг бичсэн байгаа боловч Э.*******ыг аль ямар үүрэн холбооны ямар дугаарын утсаар хэдэн сарын хэдэнд дуудахаар холбогдохоор залгасан нь тодорхой бус байх тул үүнийг дуудсан гэж үзэх боломжгүй бөгөөд Э.******* хэрэг бүртгэлтийн шатанд дуудсан уг дуудлагыг мэдсээр байж хэрэг бүртгэлтээс зориуд зайлсхийсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.*******т холбогдуулан буруутгаж буй энэ үйлдлийг тогтоолуудад болон улсын яллагчийн яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэг, тогтоох хэсэгт өөр өөрөөр заажээ.

Тухайлбал мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн тогтоол, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоолд “...мөрдөн байцаах ажиллагаанаас оргон зайлсан” гэж, яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт “хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас давтан үйлдлээр зайлхийсэн” гэж, тогтоох хэсэгт “давтан үйлдлээр оргон зайлсан” гэж тус тус заасан байна. Ийнхүү өөр өөрөөр тодорхойлж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн аль бүрэлдэхүүнээр буруутгаж байгааг тодорхойгүй болгожээ.

Мөн шүүгдэгч Э.*******ыг хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн оргон зайлсан эсхүл зориуд зайлсхийсэн гэж үзэж байгаа нь тодорхой бус байна.

Иймд шүүгдэгч Э.*******ыг хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас дуудсан цагт бэлэн ирэх үүргээ биелүүлэлгүй давтан үйлдлээр зориуд зайлсхийсэн гэх үндэслэлгүй байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар хохирлоо сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар ялыг тэнсэн хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдлуудад тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Э.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан ба хянан харгалзсан хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэх нь  үндэстэй байна.

Шүүгдэгч хохирлоо нөхөн төлсөн учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгчийн  иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 248 дугаар зүйлийн 248.1.1, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.*******т холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн  145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 2 сарын баривчлах ял дээр ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 73 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 79 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын хувьд ноогдох хөрөнгөнөөс 90.000 төгрөгийн үнэ бүхий 5 настай эр ямаа 1 ширхэг, 60.000 төгрөгийн үнэ бүхий хязаалан ямаа 1 ширхгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.   

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

11. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМ

ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА

 З.НАНДИНЦЭЦЭГ