Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0647

 

 

  

 

 

     2022           09           07                                        128/ШШ2022/0647

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н Л ХХК /РД: *******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.З, Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Г

Хариуцагч: Э Т Т ХК,

                      Э Т Т ХК-ийн Автосамосвалын дугуй нийлүүлэх ЭТТ/202108480 дугаар цахим тендерийн үнэлгээний хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б, Д.С нарыг оролцуулан, Э Т Т ХК-ийн “Автосамосвалын дугуй нийлүүлэх” ЭТТ/202108480 дугаар цахим тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12/250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Э Т Т ХК-ийн гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн  12/118 дугаар мэдэгдэлд заасны дагуу  Н Л ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Н Л ХХК нь Э Т Т ХК-ийн “Автосамосвалын дугуй нийлүүлэх” ЭТТ/202108480 дугаар цахим тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12/250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Э Т Т ХК-ийн гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн  12/118 дугаар мэдэгдэлд заасны дагуу  Н Л ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.  

          2.Э Т Т ХК буюу тендерийн захиалагч  нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Тендер хүчингүй болсныг мэдэгдэх тухай 12/250 дугаар албан бичгээр тендерийг хүчингүй болгож дахин зарлах болсныг Н Л ХХК-д мэдэгджээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          3.Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШЗ2022/02138 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгч Н Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Нэхэмжлэгч Н Л ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Э Т Т ХХК-иас нийтэд нээлттэй зарласан "Автосамосвалын дугуй нийлүүлэх" ЭТТ/202108480 дугаар цахим тендерт холбогдох хууль журмын дагуу оролцсон бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 10 минутад тендерийг нээж шалгаруулалтыг явуулсан. Тендерийн үнэлгээний хорооноос манай компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор сонгож, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/2808 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон.

          Манай компани нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хуулийн 20 дугаар зүйл болон Захиалагчийн Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлд заасны дагуу тендерийн үнийн 5 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг байршуулж, гэрээ байгуулахаар захиалагчид хандсан.

          Гэтэл манай компанийн шалгарсан ЭТТ/202108480 дугаар "Автосамосвалын дугуй нийлүүлэх" тендер шалгаруулалтад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Э Э К Э Э ХХК гомдол гаргасан гэх мэдээллийг захиалагч Э Т Т ХК-иас утсаар авч, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Э Т Т ХК-д гэрээ байгуулах асуудлаар 053/01 дугаар албан бичгийг хүргүүлсэн.

          Дээрх гомдлыг Монгол Улсын Сангийн яам хянан үзэж 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/192 дугаар албан бичгээр захиалагч Э Т Т ХК-нд хүргүүлж, тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрлийг хэрхэн шийдвэрлэсэн.

          Э Т Т ХК нь Э Э К Э Э ХХК-ийн гаргасан гомдлыг Монгол Улсын Сангийн яам хянан үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 12/118 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг дахин шинээр ирүүлсэн.

          Иймд Э Т Т ХК нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулах эрхийг манай Н Л ХХК-д дахин олгосон бөгөөд гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6 хоногийн дотор 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр /ажлын 3 дахь хоногт/ талуудын хооронд байгуулагдах Худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдэг дарж баталгаажуулан захиалагч Э Т Т ХК-д хүргүүлсэн боловч талуудын хооронд байгуулагдах Худалдах, худалдан авах гэрээ нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар албажиж, байгуулагдаагүй тул тус гэрээ байгуулагдаагүй талаар холбогдох мэдээллийг захиалагч талаас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр лавлахад дахин өөр компани гомдол гаргасан учраас хуулийн хугацаанд гэрээ байгуулагдаагүй гэдэг хариуг аман хэлбэрээр өгсөн.

            Захиалагч Э Т Т ХК нь Сангийн яамны гомдол хянасан тухай 2022 оны 02 дугаар сарын 08-ны Өдрийн 6-1/565 дугаар албан мэдэгдлээр тендерийг түр түдгэлзүүлсэн хугацаа дуусгавар болж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6-/213 тоот албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг 15 хоног сунгах хугацааг нэмэн тооцоход хүчинтэй хугацаа нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дуусаж байгаа тул хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон учир тендерийг хүчингүй болгож дахин зарлах болсныг манай байгууллагад мэдэгдсэн.

          Захиалагч болон Тендерийн үнэлгээний хорооноос манай компанид 2 удаа гэрээ байгуулах эрх олгосон атлаа, гэрээгээ байгуулахгүй тендер хүчинтэй байх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тендерийг хүчингүй болгож, гэрээ байгуулахаас татгалзсан нь хуульд нийцэхгүй бөгөөд манай компанийн тендерт шалгарсан оролцогчийн хувьд гэрээ байгуулж, бараа нийлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн байна.

          Н Л ХХК нь тендер шалгаруулалттай холбоотой тендерт оролцогчоос шалтгаалах бүхий л үйл ажиллагааг цаг хугацаанд нь явуулсан байхад тендерийг хүчингүй болгож, гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь хууль бус юм.

          Түүнчлэн Шүүхийн шийдвэрээр 02 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжийг хүчингүй болгоод 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахаар даалгаж шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх бодитойгоор сэргээгдэх нөхцөл бүрдэнэ. Гуравдугаарт, гэрээ байгуулах 30 хоног гэх мэт хугацааны тухайд захиалагчид хуулиар тавигдаж буй шаардлага болохоос биш гэрээ байгуулах тендерийн хүчинтэй хугацаа дотроо нэхэмжлэгчийг эрх зөрчигдөж байгаа нь шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа тохиолдолд энэхүү хугацаатай хамааралгүйгээр шүүхийн журмаар зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх хууль зүйн бүрэн боломжтой байна.

           Иймд Э Т Т ХК-ийн Автосамосвалын дугуй нийлүүлэх ЭТТ/202108480 дугаар цахим тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12/250 дугаар тендерийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, Э Т Т ХК-ийн "Автосамосвалын дугуй нийлүүлэх" ЭТТ/202108480 дугаар цахим тендерт шалгарсан Н Л ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгаж өгнө үү.

          Нэхэмжлэлийн шаардлагыг “Захиалагчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЭТТ/202108480 дугаар гэрээ байгуулах эрх олгох 12/118 дугар мэдэгдэлд заасны дагуу гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг захиалагчид даалгах” болгон тодруулж байна.” гэв.

            5.Хариуцагч Э Т Т ХК-ийн “Автосамосвалын дугуй нийлүүлэх” ЭТТ/202108480 дугаар цахим тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

          Компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/334 тоот тушаалаар байгуулагдсан Э Т Т ХК-д Автосамосвалын дугуй нийлүүлэх ЭТТ/202108480 дугаар цахим тендерийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны едрийн 10 цаг 20 минутанд нээхэд Б М ХХК, М А ХХК, Х ХХК, М Т ХХК, А ХХК, Ю М ХХК, Э Э К Э Э ХХК, Н Л ХХК, Б Э Р ХХК нар материалаа ирүүлсэн.

          Э Т Т ХК-ийн “Автосамосвалын дугуй нийлүүлэх” ЭТТ/202108480 дугаар цахим тендер шалгаруулалтын үр дүнг үнэлгээний хороо тендерийн хүчинтэй хугацаанд багтааж мэдээлсэн боловч Монгол улсын Сангийн яаманд 2 удаа гомдол гарсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д "Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна" гэсэн заалтын хугацааг мөрдөх боломжгүй нөхцөл үүссэн.

          Сангийн яамны гомдол хянасан тухай 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/192 тоот тендерийг түдгэлзүүлсэн тухай албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 албан бичгээр тендерийг түр түдгэлзүүлсэн хугацаа дуусгавар болж, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6-/213 тоот албан бичгээр ирсэн тендерийн хүчинтэй хугацааг 15 хоног сунгах хугацааг нэмэн тооцоход тендерийн хүчинтэй хугацаа нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дууссан.

          Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д "гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендерийн хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулна" гэсэн заалтыг хэрэглэх боломжгүй болж Тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны 02 сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон тул тендерийг хүчингүй болгож дахин зарлахаар Үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн.

          Хуульд нэг л удаа сунгах эрхтэй байдаг тул дахин сунгах боломжгүй байдаг учраас 02 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдлийн дагуу тендерийг дахин үнэлэх шаардлага тулгарсан боловч хуулийн 29.1-д заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчид мэдэгдэж, ажлын 6 хоногийн дараа гэрээ байгуулна гэдгийг мөрдлөг болгож явах учраас тендер шалгаруулалт хийсэн үнэлгээний хорооноос тус тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон тул тус тендерийг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн байгаа.

          2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэрээр Сангийн яамны гаргасан тус шийдвэрийг хүчингүй болгосон. Тус шийдвэрийн дагуу Сангийн яам руу хандаж гэрээ байгуулах тухай тодруулсан боловч Сангийн яамнаас шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүл, Сангийн яамны тухайн шийдвэрийг хүчингүй болгосон болохоос биш үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгоогүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд энэ талаар заагаагүй учраас ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй байна гэсэн.

          Хоёр дахь шаардлага болох гэрээ байгуулахыг захиалагчид даалгах тухайд: Үнэлгээний хороо нь үнэн зөв үнэлж дүгнэх эрхтэй субъект юм. Үнэлгээний хорооны дүгнэлт зөвлөмжийг захиалагч дур мэдэн өөрчлөх үндэслэлгүй өөрчлөх эрхгүй гэж тендерийн тухай хуульд заасан байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч талд 2 удаа гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн боловч 02 дугаар сарын 08-нд Сангийн яамнаас Тендерийг хүчингүй болгох шийдвэр гаргаад, үүний дагуу Үнэлгээний хорооноос 02 дугаар сарын 10-ны өдөр тендерийг хүчингүй болгох шийдвэр ирүүлсний дараа захиалагч тал гэрээ байгуулах боломжгүй болсон. Өнөөдрийг хүртэл үнэлгээний талын энэ шийдвэр хүчинтэй байгаа. Тийм учраас 2 дахь шаардлагын тухайд Үнэлгээний төвийн дүгнэлт, зөвлөмжийг хамгийн гол нь хуульд нээснээс хойш 30 хоногийн дотор үнэлээд гэрээ байгуулах ёстой. Үүнийг Сангийн яам нэг удаа 15 хоногоор сунгана гэхээр нийтдээ 45 хоног байгаа юм. 12 дугаар сарын 06-ны 06 цагт тендерийг нээсэн. Үүнээс хойш 45 хоногийг тоолохоор 02 дугаар сарын 10-ны өдөр болж таарна.“ гэв.

          6.Хариуцагч Э Т Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

          “...Компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/334 тоот тушаалаар байгуулсан Э Т Т ХК-д Автосамосвалын дугуй нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороо тус цахим тендерийг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулсан.

          Үнэлгээний хороо тус тендерийг зохион байгуулан зөвлөмж, дүгнэлт гаргах явцад тус тендерт оролцогч нараас Монгол улсын Сангийн яаманд 2 удаа гомдол гарсан байдаг ба Төрийн болон орон нутгийн Өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна", 29.4 “Захиалагчаас ул хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж, гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно" гэж заасны дагуу тендерийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлт явуулсныг Сангийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6-/213 тоот албан бичгээр зөвшөөрөл олгосон хэдий ч сунгасан хугацаанд тендер амжилттай болох боломж бүрдээгүй байна.

          Тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны 02 сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон тул Тендерийг хүчингүй болгож дахин зарлахаар Үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам"-д нийцсэн.” гэв.

           

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэргийн  үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар, маргааны хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Н Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э Т Т ХК-ийн Автосамосвалын дугуй нийлүүлэх ЭТТ/202108480 дугаар цахим тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тендерийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, Э Т Т ХК-ийн Автосамосвалын дугуй нийлүүлэх ЭТТ/202108480 дугаар цахим тендерт шалгарсан Н Л ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Захиалагчийн ЭТТ/202108480 дугаар гэрээ байгуулах эрх олгох 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12/250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, захиалагчийн гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн  12/118 дугаар мэдэгдэлд заасны дагуу  Н Л ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах”-аар нэмж тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

3.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр “Э Т Т ХК-ийн “Автосамосвалын дугуй нийлүүлэх” ЭТТ/202108480 дугаар цахим тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12/250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Э Т Т ХК-ийн гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн  12/118 дугаар мэдэгдэлд заасны дагуу  Н Л ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах” шаардлага гарган маргаж байна.

Тендерийн үнэлгээний хорооноос манай компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор сонгож, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон,

Захиалагч болон Тендерийн үнэлгээний хорооноос манай компанид 2 удаа гэрээ байгуулах эрх олгосон атлаа, гэрээгээ байгуулахгүй тендер хүчинтэй байх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тендерийг хүчингүй болгож, гэрээ байгуулахаас татгалзсан нь хуульд нийцэхгүй,

Н Л ХХК нь тендер шалгаруулалттай холбоотой тендерт оролцогчоос шалтгаалах бүхий л үйл ажиллагааг цаг хугацаанд нь явуулсан байхад тендерийг хүчингүй болгож, гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь хууль бус юм...” гэжээ.

4.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Н Л ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Э Т Т ХК-иас зарласан “Автосамосвалын дугуй нийлүүлэх” ЭТТ/202108480 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон байх ба тус тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/2808 дугаар /х.х-ийн 6 дахь тал/ албан бичгээр нэхэмжлэгчид “хамгийн сайн тендер ирүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгож” мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдлийг үндэслэн нэхэмжлэгчээс захиалагчтай гэрээ байгуулах шатанд тендерийн оролцогч Э Э К Э Э ХХК гомдол гаргасан, Сангийн яам гомдлыг хянаж хариу өгснөөр Э Т Т ХК нь гэрээ байгуулах мэдэгдлийг нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12/118 дугаар /х.х-7 дахь тал/ албан бичгээр /2 дахь удаа хүргүүлсэн, уг мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах шатанд тендерийн оролцогч Б М ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 24-нд гомдол гаргаснаар Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар /х.х-41 дэх тал/ албан бичгээр захилагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хүчингүй болгожээ.

5.Сангийн яамны дээрх албан бичгээр тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэнтэй холбогдуулан тендерийн үнэлгээний хороо 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дахин хуралдаж, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн /х/х-ийн 71 дэх тал/ дүгнэлт, зөвлөмжийг гаргасан.

Дээрх дүгнэлт, зөвлөмж болон Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар албан бичиг зэргийг үндэслэн хариуцагч Э Т Т ХК нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Тендер хүчингүй болсныг мэдэгдэх тухай 12/250 дугаар албан бичгээр тендерийг хүчингүй болгож дахин зарлах болсон талаар мэдэгдлийг хүргүүлжээ.

6.Тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2022/0412 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 495 дугаар магадлалаар /х.х-ийн 110-125 дахь тал/  нэхэмжлэгч Н Л ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар албан бичгийн 4 дүгээр заалтын 3 дахь дэд хэсгийн “харин Н Л ХХК -ийн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд Т Т Ж В С Ө ХХК-ийн тодорхойлолт нь тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1.г “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна” гэсэн хэсэг болон “иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг үндэслэн мэдэгдье, тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д дэх заалтын дагуу хүчингүй болгож байна” гэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.

7.Иймд Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар албан бичгийн дагуу маргаан бүхий тендер хүчингүй болсон тухай мэдэгдэж тендерийг дахин зарлах болсон талаар ЭТТ/202108480 дугаар Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт, зөвлөмж болон түүнийг үндэслэн гарсан Э Т Т ХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Тендер хүчингүй болсныг мэдэгдэх тухай 12/250 дугаар албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

8.Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.”, 29 дүгээр зүйлийн 29.1.“Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2.”Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 7.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх …” гэж заажээ.

9.Эдгээр хууль заасан үндэслэл болон Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар албан бичгийг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12/250 дугаар шийдвэр хууль бус болох бөгөөд уг шийдвэрийн дагуу захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12/118 дугаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр сэргэхээр байхад Э Т Т ХК нь гэрээ байгуулахаас татгалзсан нь хууль бус байх тул Н Л ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах үндэслэлтэй.

10.Иймд нэхэмжлэгч Н Л ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э Т Т ХК-ийн Автосамосвалын дугуй нийлүүлэх ЭТТ/202108480 дугаар цахим тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12/250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Э Т Т ХК-ийн гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн  12/118 дугаар мэдэгдэлд заасны дагуу  Н Л ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгаж шийдвэрлэв.

11.Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Э Т Т ХХК-ийн Автосамосвалын дугуй нийлүүлэх ЭТТ/202108480 дугаар цахим тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт, зөвлөмжийн биелэлтийг түдгэлзүүлсэн 3616 дугаар  захирамжийн үйлчлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна.” гэж зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгч Н Л ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э Т Т ХК-ийн “Автосамосвалын дугуй нийлүүлэх” ЭТТ/202108480 дугаар цахим тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12/250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Э Т Т ХК-ийн гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн  12/118 дугаар мэдэгдэлд заасны дагуу  Н Л ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН