Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2203

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/02776 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-ы хариуцагч Ш.Н-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 42 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Д.Энхтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О миний бие Ш.Н-т 42 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 4 000 000 төгрөг өгөх үед хариуцагч нь өөрийн гараар авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр сүүлийн 4 000 000 төгрөгийг өгөхдөө өмнө нь өгсөн 38 000 000 төгрөгтэй хамт нийт 42 000 000 төгрөгийн зээлийн баримтыг үйлдэж авсан байдаг. Уг баримт дээр Ш.Н өөрийн биеэр авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн бичиг дээр зурсан гарын үсэг нь миний гарын үсэг биш гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр түүний гарын үсэг мөн гэж гарсан. Хариуцагч нь тухайн үед бор дэвтэр дээр гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр хариуцагч бор дэвтэр дээр гарын үсэг зурсан гэх боловч нөхөж бичсэн гэх асуудлыг ярьдаг. Хавтаст хэргийн 3 дахь хуудсанд байгаа баримтыг харахад нийт 42 000 000 төгрөгийг зээлсэн гэдгийн ард Ш.Н нь гарын үсгээ зурж, регистрийн дугаараа бичсэн байдаг. Иймд нөхөж бичсэн байх боломжгүй. Яагаад хоёр өөр өнгийн балаар бичсэн талаар гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдоно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2011 онд 4 000 000 төгрөгийг зээлж аваад, буцаагаад өгсөн гэж хэлдэг. Хэргийн 3 дахь хуудаст байгаа бичгийн баримт дээр гарын үсэг зурсан хэдий ч сүүлийн өгүүлбэр буюу 38 000 000 төгрөг зээлсэн гэх бичвэрийг бичээгүй. Гэрчүүдийн мэдүүлгээр сувилагч нь сейфнээс нь 4 000 000 төгрөгийг авч Ш.Н-т өгсөн гэж хэлдэг. Харин 30 000 000 төгрөгийг Д.О төрсөн эгч Д.Должингоосоо хүүтэй зээлээд Ш.Н-т хүүгүй зээлсэн гэж ярьдаг боловч хүнээс хүүтэй мөнгө зээлээд өөр хүнд хүүгүй өгөөд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч 38 000 000 төгрөгийг хэзээ яаж өгсөн нь тодорхойгүй, гэрч Д.Должин нь энэ үйл баримтыг нотлоогүй. 4 000 000 төгрөгийг хэзээ, хаана өгсөн нь тогтоогдоогүй. Хариуцагч нь Д.О-аас 4 000 000 төгрөгийг аваад, буцаагаад төлсөн. Харин 38 000 000 төгрөгийг огт аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас 78 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 38 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн хэмээн эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна хэмээн дүгнэсэн нь нотлох баримтаа бүрэн гүйцэд үнэлсэнгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Д.О нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөртөө байсан 8 000 000 төгрөг дээр Д.Должин эгчээс авсан 30 000 000 төгрөгийг нэмээд нийт 38 000 000 төгрөгийг Ш.Н-т өгсөн ба сүүлийн 4 000 000 төгрөгийг гарын үсэг хийлгэсэн өдрөө буюу 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн. Мөнгийг өгч байхыг нь Д.Должин нүдээрээ харсан бөгөөд Д.Должин нь гэрчээр шүүхэд мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн байдаг. Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар Д.О-ы хөтөлдөг байсан бор дэвтрийг гаргаж өгсөн бөгөөд энэ дэвтэр дээр Ш.Н-т зээлдүүлсэн мөнгө болон Д.Должин гуайд зээл төлж байгаа буцаан төлөлтийг тэмдэглэсэн тэмдэглэгээнүүд авагдсан байгаа. Ш.Н нь хариу тайлбартаа 4 000 000 төгрөг 2010 онд зээлж авсан 2011 онд буцаан өгсөн хэмээн тайлбарладаг боловч хэргийн 3 дугаар талд авагдсанаар 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 4 000 000 төгрөг зээлж авсан нь нотлогддог.

Д.О миний бие удаа дараагийн шүүх хуралд байнга өөрийн биеэр очиж оролцож байсан ба хурал үргэлж хойшилж байсан атлаа нэг удаа очоогүй байхад шүүх хуралдаанаа хийсэнд нэхэмжлэгч би гомдолтой байна. Би урьд шүүхэд удаа дараа хариуцагч Ш.Ныг өөрийг нь оролцуулах хүсэлтийг гаргаж байсан ба миний энэ хүсэлтийг мөн л удаа дараа хэрэгсэхгүй болгож байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Д.Должинг оролцуулан гэрчийн мэдүүлэг авсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдүүлгийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10/5178 дугаар албан бичигт “шинжилгээ хийхэд хариуцагч Ш.Нын бичгийн хэвийн чөлөөт загвар шаардлагатай байх тул загварыг яаралтай ирүүлнэ үү, загварыг ирүүлсэн өдрөөс шинжилгээний хугацааг тооцно” гэсэн байх бөгөөд би 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд гарын үсгийн чөлөөт загвараа бичиж үлдээсэн байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6074 тоот шинжээчийн дүгнэлт 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гарсан байдаг. Шүүгч шинжээч томилох хамгийн эхний хүсэлтийг хангах үндэслэлгүй хэмээн захирамжаар шийдвэрлэсэн мөртлөө 2 cap гаруй хугацааны дараа шинжээч томилох хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийг баримтлаагүй нь хуулийн үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт бүрэн өгөөгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч 4 000 000 төгрөгийг надад 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн ажилладаг эмнэлэг дээрээ бэлнээр тоолж өгсөн гэдэг боловч үүнийгээ нотолж чадаагүй бөгөөд гэрч буюу нэхэмжлэгч Д.О-ы шууд удирдлага доор ажилладаг сувилагч нар болох н.Баасансүрэн, н.Түвшинжаргал нар шүүхэд мэдүүлэхдээ огноог илтэд андуурч мэдүүлсэн. Миний хувьд нэхэмжлэгч Д.О-аас 2010 онд 4 000 000 төгрөг зээлсэн бөгөөд 2011 онд буцаан төлсөн гэдэг тайлбараа шүүхэд хүргүүлсэн байхад нэхэмжлэгч үүнийг нотлох баримтаар няцаагаагүй юм. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар “...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх....” гэсэнтэй нийцэхгүй байгаа буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.       

            Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ш.Н-т холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 42 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, 4 000 000 төгрөгийг 2010 оны сүүлээр зээлээд 2011 онд буцааж төлсөн, 38 000 000 төгрөгийг зээлж байгаагүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гараар бичсэн баримт дахь гарын үсэг хариуцагч Ш.Н-ын гарын үсгийн чөлөөт загвартай тохирч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоноос /хх-106-107/ гадна Ш.Н нь 4 000 000 төгрөгийг Д.О-ы ажил дээр ирж авсан, мөнгийг өгөхдөө хүрэн дэвтэрт бичсэн гэж гэрч Х.Баасансүрэн, мөнгийг өгч байсныг харсан талаар гэрч П.Түвшинжаргал тус тус мэдүүлжээ./хх-82, 83/

            Мөн 4 000 000 төгрөгийг өгөхдөө хүрэн дэвтэрт Д.О өөрөө тэмдэглэж, Ш.Н-аар гарын үсэг зуруулсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан /хх-43-44/, хэрэгт баримтаар хавсаргагдсан хүрэн дэвтрийн хуудсыг шүүхэд баримтаар ирүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Хариуцагч нь 4 000 000 төгрөгийг 2011 онд эргүүлж төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Дээрх баримтуудыг харьцуулж үзвэл хариуцагч 4 000 000 төгрөгийг 2016 онд зээлсэн нь тогтоогдож байх бөгөөд харин эргэн төлснөө нотлоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангахдаа нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлсэн байх тул хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Нэхэмжлэгч Д.О урьд нь Ш.Н-т 38 000 000 төгрөг зээлдүүлэхдээ баримт үйлдээгүйг, 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нөхөн тэмдэглэсэн, үүнийг Ш.Н зөвшөөрч гарын үсэг зурсан гэж тайлбарласныг хариуцагч зөвшөөрөөгүй, өөр балаар нэмж бичсэн гэж маргасан боловч шинжээч өөр будагч бодистой бичгийн хэрэгслээр бичсэн бичвэрийн цаг хугацааг тогтоох боломжгүй гэжээ /хх-216/

Дээрх үйл баримтын талаар гэрч Б.Энхээ “урьд нь зээлдүүлсэн 38 000 000 төгрөгөө ч гэсэн нэмж бичмээр байна гэж Д.О хэлэхэд Ш.Н нь “за за тэгээч дээ” гэж уцаарлангуй хэлж байсан”, дараа нь мөнгөө нэхэхэд бөөнд нь өгч чадахгүй, цувуулаад өгнө өө гэж хэлж байсан, энэ үед хамт байсан” гэж мэдүүлжээ. /хх-168-169/

Гэрчээс үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг болон худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, хуульд заасан журмын дагуу авсан мэдүүлгийг хэргийн бусад баримттай харьцуулан үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй. 

Нэхэмжлэгч Д.О нь Ш.Н-ын мөнгө зээлсэн нөхцөл байдал нь эрүүгийн хэргийн шинжтэй гэж эрх бүхий этгээдэд гомдол гаргасныг шалгасан талаарх Нийслэлийн прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дүгээр тогтоол хэрэгт авагдсан байна. /хх-178-179/ Дурдсан нөхцөл байдал, баримтуудаас үзвэл хариуцагч Ш.Н нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар 38 000 000 төгрөгийг өмнө зээлснээ зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулж, үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч уг мөнгийг буцаан шаардах эрхтэй. 

Анхан шатны шүүх 38 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/02776 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ш.Наас 42 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “Ш.Наас 78 950 төгрөгийг” гэснийг “Ш.Наас 368 000 төгрөгийг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ