| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2020/01306/И |
| Дугаар | 135/ШШ2021/00791 |
| Огноо | 2021-09-29 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 135/ШШ2021/00791
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2020/01306/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангиртын 2-р хэсэг, 1-1 тоотод оршин суух ТЖ88011511 регистрийн дугаартай, Боржигон овогт Очбадрахын Ууганбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, 26-р байр, 09тоотод оршин суух ТЖ72011001 регистрийн дугаартай, Боржигин овогт Очбадрахын Мөнхчимэг,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, өөрийн байранд байрлах Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж, 10г байранд байрлах Монголын Нотариатчдын танхимд тус тус холбогдох,
Нотариатч И.Энхболдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, О.Мөнхчимэгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрын өмчлөгчөөр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, О.Ууганбаярыг дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, О.Ууганбаярыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагч О.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндбаяр, хариуцагч Монголын Нотариатчдын танхимийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золбоо /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд О.Ууганбаяр нь н.Очбадрах, н.Долгорсүрэн нарын охин болох О.Мөнхгэрэлээс 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. Төрсөн цагаасаа хойш н.Очбадрах, н.Долгорсүрэн, ээж О.Мөнхгэрэлийн хамт дөрвүүлээ амьдарч байсан. О.Мөнхгэрэлийн нөхөр цэрэгт явсан, дээрээс нь Хөтөл рүү шилжин амьдрах болсон. Ер нь бол н.Очбадрах, н.Долгорсүрэн нар нь 1 хүү, 4 охинтой айл байсан. Ганц хүү нь 1987 онд золгүй байдлаар амь насаа алдсан учраас О.Мөнхгэрэлийн хүү О.Ууганбаярыг гал дээр нь төрсөн зээ гэж үзээд үрчилж авахаар ярьдаг байсан. Ингээд 1 жил хамт байсны дараа О.Мөнхгэрэл Хөтөл рүү шилжихэд О.Ууганбаярыг аваад үлдсэн.
Ингээд 1992 онд албан ёсоор үрчилж аваад Очбадрахын Ууганбаяр гэдэг нэртэйгээр холбогдох бичиг баримт нь хүртэл албан ёсоор өнөөдрийг хүрсэн. н.Очбадрах нь 2010 онд нас барсан, харин н.Долгорсүрэн 2011 онд нас барсан. Ээж, аав хоёрыгоо нас барах хүртэл нь хамт амьдарч байсан хүүхэд нь юм.
н.Очбадрах, н.Долгорсүрэн нарын нэр дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангиртын 2 дугаар хэсгийн 1 дүгээр гудамж, 01тоотод байрлах, 45 м.кв талбай бүхий хувийн орон сууц, газар байсан бөгөөд гэрчилгээ нь 2006 онд гарсан байдаг. О.Ууганбаяр нь аав, ээж хоёрыгоо нас бартал хамт байсан, өнөөдрийг хүртэл тухайн байрандаа амьдардаг. н.Очбадрах, н.Долгорсүрэн нар нь амьд ахуй цагтаа ганц хүүдээ байшингаа өвлүүлнэ гэж ярьдаг байсан. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болох байх, холбогдох гэрчүүдийн мэдүүлэг, үйл баримтаар нотлогдоно. Энэ хашаа байшинг О.Ууганбаяр өвлөөд аваад явна, эгч нар нь ч тийм ойлголттой байсан. н.Очбадрах гуай амьд байхдаа банкинд барьцаанд тавиад О.Ууганбаярт машин авч өгье гэдэг зүйл яригдаж байсан боловч тухайн үед машины барьцаанд тавих хэмжээний боломжгүй байна гэсэн зүйл яригддаг. Гэтэл тухайн үед н.Очбадрахын охин болох О.Мөнхчимэг би таньдаг хүнээрээ хөөцөлдөөд машин авах хэмжээний зээл хөөцөлдөөд өгье гээд тухайн эд хөрөнгүүдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан байдаг.
Ингээд н.Очбадрах, н.Долгорсүрэн нарыг нас барснаас хойш 5-6 жил орчмын дараа 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр О.Мөнхчимэг нь Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч н.Энхболдоос өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж аваад дээрх газар, хувийн орон сууц зэргийг өв залгамжлалын гэрчилгээний дагуу өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Энэ нөхцөл байдлыг сүүлд мэдээд, энэ асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллагуудад 2019 оноос хойш хандсан. Цагдаагийн байгууллагад 1 удаа, шүүхэд 3 дахь удаагаа хандаад, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж иргэний хэргийн шүүхээр шийдүүлэх гээд явж байна.
Ер нь нэхэмжлээд байгаа зүйл юу вэ? гэхээр дээрх эд хөрөнгүүдийг өвлөх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн О.Мөнхчимэгийн нэр дээрх №34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, энэ гэрчилгээн дээр үндэслэж гарсан Улсын бүртгэлийн газрын болон хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, О.Ууганбаяр нь Иргэний хуулийн 528.1-д зааснаар тухайн эд хөрөнгүүдийг өв залгамжлах эрхтэй болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ хууль зүйн үндэслэлүүдийг тодорхой зааж өгсөн.
н.Очбадрах, н.Долгорсүрэн нар нь 4 охин, 1 хүү нийт 5 хүүхэдтэй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар эдгээр хүүхдүүд бүгд өвлөх эрхтэй, гэхдээ н.Очбадрах, н.Долгорсүрэн нарыг нас барахад хамт байсан О.Ууганбаяр нь тухайн эд хөрөнгөд амьдраад, эзэмшээд, зарцуулаад явж байсан учраас хуулийн дагуу өвлөөд авсан гэж үзнэ. н.Очбадрах, н.Долгорсүрэн нарыг нас барснаас хойш 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр О.Мөнхчимэг өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авахаас бусад тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг авахаа илэрхийлэх, өвлөх эрх нээлгэх талаар хэлсэн ярьсан зүйл нэг ч байдаггүй. Ингээд 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан №34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ нь Нотариатын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл бусад өвлөгч гэдэг дээр байхгүй гэдэг тэмдэглэгээ хийсэн нь энэ маргаан үүсэх гол нөхцлийг бүрдүүлсэн. Нотариатч дээр гэрчилгээ хийхдээ өөр өвлөгч байгаа эсэхийг шалгах ёстой байсан. Хэдийгээр О.Мөнхчимэгийн баримт материал дутуу байсан бол түүнийг шалгаж, бусад өвлүүлэгч байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн бол энэ маргаан үүсэхгүй байсан.
Хариуцагч О.Мөнхчимэгийн хувьд энэ хашаа байшинг 1 өдөр ч ашиглаж, амьдарч байгаагүй. Энэ өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэрчилгээ О.Мөнхчимэгийн нэр дээр гарсан. Үндэслэж гарсан өвлөх эрхийн гэрчилгээ нь өөрөө хууль бус учраас тухайн улсын бүртгэлийн гэрчилгээ өөрөө хүчингүй болох ийм үр дагаврыг авчирч байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар О.Ууганбаяр нь талийгаач нартай нас бартал нь хамт амьдарч байсан учраас 3 сарын дараа автоматаар дээрх хуулийн заалтаар өвлөх эрх нь нээгдэж, өв залгамжлах эрхтэй этгээд болно. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ер нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар энэ нь илүү тодорхой болно.
Энэ нотариатчийн үйлдэл буруутай юу гэдэг асуудлаар 2019 онд Цагдаагийн газарт хандаад 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр №208 дугаартай прокурорын тогтоол гарч байсан. Тэр нь хэрэг бүртгэлийг хаах тухай прокурорын тогтоол боловч уг тогтоолын тогтоох хэсэг дээр нотариатчийн үйлдлийг хууль бус байгаа талаар тодорхой дурдсан, харин хохирлын хэмжээ хүрэхгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэм буруугийн асуудал буюу хууль бус үйлдэл гэдэг нь тодорхой хэмжээгээр тогтоогдсон гэж үзэж байна.
Мөн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №739 дугаартай Иргэний хэрэгт бий. Энэ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар уг хэрэг хавсрагдсан, давхар 1532 дугаартай шүүгчийн захирамжтай хэрэг нотлох баримтаар авагдсан. Эдгээр хэргүүдэд үйл баримтын талаар тодорхой нотлох баримтууд цугларсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар О.Ууганбаярын хувьд талийгаач нартай нас бартал нь хамт амьдарч байсан учраас 3 сарын дараа автоматаар дээрх хуулийн заалтаар өвлөх эрх нь нээгдэж байгаа учраас хуулиараа өвлөх эрхтэй. Харин бусад өвлөгч нарын хувьд хуульд зааснаар холбогдох хугацаанд өвлөх эрхтэй байгаагаа илэрхийлж, хууль дүрмийн дагуу өвлөх эрхээ хэрэгжүүлээгүй учраас өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэх боломжтой. Гагцхүү өнөөдөр тогтоогдсон байгаа О.Мөнхчимэг нь хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан учраас хүчингүй болох боломжтой гэж үзэж байна. Тэгэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.
Хариуцагч О.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..О.Мөнхчимэгийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс бүрэн татгалзаж байна. Нэхэмжлэгч О.Ууганбаяр, хариуцагч О.Мөнхчимэгийн эцэг н.Очбадрах нь 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан, нас бараад 13 жил өнгөрсөн байна. н.Очбадрах 5 хүүхэдтэй байсан. О.Мөнхтуяа, О.Мөнхзул, О.Мөнхчимэг, О.Мөнхгэрэл, О.Мөнхцэцэг гэж 5 охин байсан. Харин О.Ууганбаярыг сүүлд үрчилж авсан учраас 6 хүүхэдтэй болсон. Тэгэхээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар төрсөн 6 хүүхэд нь талийгаач н.Очбадрахын өв хөрөнгийг ижил хэмжээгээр өвлөж авах эрхтэй. Хариуцагч О.Мөнхчимэгийн хувьд О.Ууганбаярыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өв залгамжлагч гэдэг дээр маргахгүй, маргаж байгаа зүйл нь өөр үндэслэлтэй. н.Очбадрах нь 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нас барснаас хойш өвлөгдөх эд хөрөнгө буюу Дархан-Уул аймаг, Дархан сум, 15дугаар баг, Мангиртын 2 дугаар хэсгийн 1 дүгээр гудамж, 01тоотод байрлах 45 м.кв талбай бүхий хувийн орон сууц,1,820 м.кв талбай бүхий газрын хамт өвлөгдсөн.
Гэтэл талийгаач н.Очбадрахыг нас барснаас хойш 5 жил 7 сарын хугацаа өнгөрөхөд энэ 6 хүүхдийн нэг нь ч энэ өвлөх эрхийн гэрчилгээ авах тал дээр хэн ч санаачилга гаргаагүй. О.Мөнхчимэг хэн нь авах юм бол гэж хүлээж байсан, гэтэл дээрх хугацаа өнгөрөхөд хэн нь ч энийг албан ёсоор өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах санаачилга гаргаагүй. Харин О.Мөнхчимэг яагаад өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан гэхээр талийгаач н.Очбадрах аминдаа ...наад О.Ууганбаяр чинь архи дарс уудаг, янз бүрийн хэрэг төвөгт холбогддог хүн шүү, чи энэ гэрчилгээг хадгалж байгаа, энийг барьцаанд тавиад наад нөхөр чинь зараад үрчихнэ, чамд найдаж үлдээе. Манай энэ 6 хүүхдээс чи хамгийн найдвартай нь... гээд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үлдээсэн юм билээ. Ингээд бусад нь санаачилга гаргаагүй учраас О.Мөнхчимэг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нотариатын байгууллагад хандсан ингээд №34 тоот өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Уг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслээд улсын бүртгэлийн албанд хандаад өмчлөх эрхийн гэрчилгээг бичүүлж авсан.
Нотариатч н.Энхболдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №34 тоот дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндэслэлгүй. Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2011 онд батлагдсан. Энэ хуулийн 43 дугаар заалтад өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар заасан. Түүн дээр нотариатч өөр өвлөгч байгаа эсэхийг заавал тогтоож байж өгнө гэсэн заалт байхгүй. Харин өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараах баримтыг үндэслэн олгоно, түүнд өвлөгч болохыг нотлох баримт бичиг, өвлүүлэгчийг нас барсан гэрчилгээ, сураггүй алга болсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр, өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, эдгээр нь өвлүүлэгчийнх болохыг нотолсон баримт, өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр, өвлөгчийн гаргасан хүсэлт, түүний оршин суугаа газрын баг хорооны засаг даргын тодорхойлолт, өвлөгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д зааснаар өв хүлээн авахаас татгалзвал энэ хүсэлтийг мөн гэрчилнэ гэж заасан. Энэ бүрдүүлээд байгаа материалуудаар гэрчлүүлж, өвлөх эрхийн гэрчилгээ олгодог материал дотор өөр өвлөгч байгаа эсэхийг нотариатч шалгаж тогтооно гэсэн заалт байхгүй. Тэгэхээр нотариатч н.Энхболд өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хууль зөрчөөгүй, хуулиа баримталсан, О.Мөнхчимэг хуульд заасан баримтуудыг бүрдүүлээд очсон. Хуульд өвлөх эрхийн гэрчилгээ олгох хугацааг маш тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл талийгаачийг нас барснаас хойш 5 жил 7 сар өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Энэ хугацаанд О.Ууганбаяр хаагуур явж байсан юм бол, сая амьддаа О.Ууганбаярт өвлүүлнэ гэж ярьж байсан гээд байх юм, ярьж байсан гэдгээр өвлөгдөх эд хөрөнгийг хуваарилах боломжгүй. Иргэний хуульд гэрээслэлээр өвлүүлнэ, эсхүл хууль ёсны өвлөгчид өвлүүлнэ гэж заасан. Түүнээс биш хэн нэгний өвлүүлнэ гэж ярьж байсан гэх яриагаар өвийг бусдад өвлүүлэх үндэслэл байхгүй.
Яагаад энэ хүнийг өвлөх эд хөрөнгө шаардах эрхгүй хүн гэж үзээд байна вэ гэхээр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгчийн хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан. Гэтэл О.Ууганбаяр талийгаач н.Очбадрахыг нас барах үед болон түүнээс өмнөх үед хамт амьдарч байсан гэх баримт хавтаст хэрэгт байхгүй, харин хамт амьдарч байгаагүй гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт бий. Албан ёсны бүртгэл буюу улсын бүртгэлээс О.Ууганбаярыг талийгаач нартай хамт амьдарч байсан гэх нотлох баримт гарч ирээгүй. Ийм учраас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвийг хүлээж авсан гэж үзэх үндэслэл байхгүй. Харин эсрэгээрээ мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т ...энэ 528.1-д зааснаас бусад өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эрхэндээ авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ... гэж заасан. Нотариатчдын танхимаас ирсэн бичиг бий. Түүн дээр О.Ууганбаяр гэдэг хүн 5 жил 7 сарын хугацаанд нэг ч удаа нотариатын байгууллагад хандаж н.Очбадрахын өвийг хүлээж авъя гэсэн хүсэлт гаргаж байгаагүй. Тэгэхээр хүсэлт гаргаж байгаагүй нь нотлогдож байна. Тиймээс нэгэнт энэ хүн хамт амьдарч байсан нь нотлогдоогүй, өөрөө өвийг хүлээж авах хүсэлт гаргаагүй учраас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т ...энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ... гэж заасан. О.Ууганбаяр хуульд зааснаар өвийг хүлээж авах санаачилга гаргаагүй, нотариатчид хандаагүй, өвийг хүлээж аваагүй, хамт амьдраагүй учраас О.Мөнхчимэг, өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан нотариатч энэ хүнийг өвлөхөөс татгалзжээ гэж ойлгоод гэрчилгээг гаргасан байна. Үүнээс үзэхэд тухайн нотариатч анх өвлөх эрхийн гэрчилгээ гаргахдаа хууль зөрчсөн зүйл байхгүй. Дээрээс нь хуульд заасан өвлөх хугацаа өнгөрөөд 5 жил 7 сар болсон байна. Мэдээж 5-6 хүүхэд байхад бусад нь авахгүй байхад О.Мөнхчимэг авахаас өөр аргагүй болсон. Ийм байдлаар О.Мөнхчимэг өвийг хүлээж авсан.
Тэгэхээр нотариатчийн олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлийн ...О.Мөнхчимэгийг Дархан-Уул аймаг, Дархан сум, 15дугаар баг, Мангиртын 2дугаар хэсэг, 1дүгээр гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн зориулалттай орон сууц, тус хаягт байрлах 1,820 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах... гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь О.Мөнхчимэг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг яг тэр хуульд заасан журмын дагуу, өвлөгдөх өвлөх эрхийн гэрчилгээ гээд бусад холбогдох бүх баримт бичгийг бүрдүүлээд нотариатаар гэрчлүүлээд өгсөн. О.Мөнхчимэг улсын бүртгэлийн албаны зохих хууль тогтоомжийг зөрчөөд улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй.
Нэхэмжлэгч О.Ууганбаяр нь өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан гээд яриад байна. Гэтэл энэ тухай нотлох баримт байхгүй, өмчлөх эрх үүссэн, өв нээгдсэн хугацаанд улсын эрхийн бүртгэлийн цахим болон эх нотлох баримтын мэдээллийн санд О.Ууганбаярыг тухайн хаягт оршин суудаг гэх бүртгэл байхгүй гэсэн тайлбарыг улсын бүртгэлийн байгууллагын зүгээс өгсөн, энэ хаягийн лавлааг мөн адил гаргаж өгсөн. Тэгэхээр энэ нь хамт амьдарч байгаагүй юм гэдгийг нотлоод байна. Энэ лавлагаа нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэрэгт гаргаж өгсөн нэхэмжлэлтэй хэрэгт байдаг.
Уг хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн О.Мөнхчимэгийн өмчлөлд 2016 онд бүртгэхдээ 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан энэ үед бүртгэсэн. Энэ хуулийн 24 дүгээр зүйлийн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмын 5 дугаар зүйлийн 5.5-т ...өв залгамжлах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ нотариатаас олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, үйлчилгээний хураамж тушаасан баримт зэргийг үндэслэн бүртгэнэ... гэж заасан. Энэ журмын дагуу улсын бүртгэлийн алба бүртгэсэн. Тэгэхээр өнөөдөр О.Мөнхчимэгийн өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн алба хууль зөрчиж бүртгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэгэнт хууль зөрчөөгүй учраас үүнийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй.
Мөн ...О.Ууганбаярыг дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг О.Ууганбаярын нэр дээр гаргахыг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай... гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Түрүүн хэлсэнчлэн энэ талийгаач нараас эд хөрөнгийг өвлөж авах 6 хүн бий. Гэтэл яагаад ганцхан О.Ууганбаяр өвлөж авах гээд байгаа юм бэ, энэ чинь хуульд нийцэхгүй байна, О.Мөнхчимэг мөн л адил хүүхэд нь шүү дээ. Яагаад О.Мөнхчимэгт оногдох хувь байдаггүй юм бэ, энэ чинь иргэний хуулийн холбогдох заалттай огт нийцэхгүй байна. О.Ууганбаяр өвлөх эрхээ шаардах хугацаагаа өөрөө алдсан, түүнийг өв залгамжлах эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Үнэхээр улсын бүртгэлийн албыг хууль бусаар бүртгэсэн гээд байгаа бол өнөөдөр улсын бүртгэлтэй холбоотой маргааныг энэ шүүхээр шийдвэрлэхгүй, Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудал юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагууд бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэл бүртгэх журам, Эд хөрөнгө өмчлөгч, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль, Нотариатын тухай хууль гэсэн хуулиудыг удирдлага болгон өвлөх эрхийн гэрчилгээг үндэслээд улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байдаг.
Тухайн маргаан бүхий хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээнүүдийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймгийн №64 нотариатч н.Энхболдын №34, №35 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөгч, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг баримталж олгосон. Өвлөгч мэдүүлэг гаргаснаар улсын бүртгэлийн байцаагч хянаж үзээд эд хөрөнгө өмчлөгч, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэл байхгүй байна гэж үзээд тухайн бүртгэлийг бүртгэж иргэн О.Мөнхчимэгт хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээг тус тус олгосон.
Нотариатын тухай хууль болон Иргэний хууль дээр хууль ёсны өвлөгч нь өвлөх эрх нээгдсэнээс хойш 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан. Мөн хөтлөх журмын 5.5-д зааснаар өв залгамжлах эрхтэй холбоотой асуудлаар хууль зөрчиж бүртгэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Монголын Нотариатчдын танхимийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золбоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн гэж маргаад байгаа Дархан-Уул аймгийн нотариатч н.Энхболд нь нас барсан. Нэхэмжлэгч О.Ууганбаяр нь түүний хууль бус үйлдлийн улмаас миний эрх ашиг хохироод байна гэж нэхэмжлэл гаргасныг сонслоо. Гэхдээ сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардах эрхээ өвлөх эрхтэй болохыг тогтоолгох гэж өөрчилсөн бололтой.
Монголын Нотариатчдын танхим нь Нотариатын тухай хуулийн 8.1-д зааснаар нийт нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн, тэдний мэргэжлийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээд юм. Танхим нь мөн хуулийн 8.4-т зааснаар нотариатчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, нотариатчдын нэгдсэн бүртгэл хөтлөх, нотариатчийг сургах, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиглэл үүрэг бүхий байгууллага. Мөн хуулийн 4.1-д зааснаар нотариатын үйл ажиллагааг нотариатч эрхлэн гүйцэтгэдэг. Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн эрх олгосноор нотариатч өөрийн үйлдлээр бие дааж үйлдэл хийдэг, өөрөө мөн л өөрийн хууль бус үйлдлийг биечлэн хариуцдаг. Тиймээс танхимын зүгээс нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэг байдлаар хохирол учруулаагүй тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Монголын Нотариатчдын танхим хариуцагч байх үндэслэл тогтоогдохгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ууганбаяр нь хариуцагч О.Мөнхчимэг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын Нотариатчдын танхимд тус тус холбогдуулан нотариатч И.Энхболдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, О.Мөнхчимэгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрын өмчлөгчөөр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, О.Ууганбаярыг дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг О.Ууганбаярын нэр дээр гаргахыг хариуцагч Улсын бүртгэлийн байгууллагад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нотариатч И.Энхболдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, О.Мөнхчимэгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрын өмчлөгчөөр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, О.Ууганбаярыг дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, О.Ууганбаярыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Хариуцагч О.Мөнхчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нь талийгаач 6 хүүхэдтэй, 5 жил 7 сарын хугацаа өнгөрөхөд хэн нь ч өв залгамжлах талаар санаачилга гаргаагүй учраас нотариатчаар өв залгамжлал хийлгэж маргаан бүхий газар, сууцыг өмчлөлдөө авсан, Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 43 дугаар зүйлд нотариатч бусад өвлөгч бий эсэхийг тодруулахгүй бүрдэл хангагдсан байвал өвлөх эрхийн гэрчилгээг олгохоор заасан, О.Ууганбаярыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан өвлөгч гэж үзэхгүй, учир нь хамт амьдарч байсан талаарх баримт хэрэгт байхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Нотариатын тухай хууль болон Иргэний хууль дээр хууль ёсны өвлөгч нь өвлөх эрх нээгдсэнээс хойш 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан. Мөн хөтлөх журмын 5.5-д зааснаар өв залгамжлах эрхтэй холбоотой асуудлаар хууль зөрчиж бүртгэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргадаг.
Хариуцагч Монголын Нотариатчдын танхим нь Нотариатын тухай хуулийн 8.1-д зааснаар нийт нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн, тэдний мэргэжлийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээд юм. Танхим нь мөн хуулийн 8.4-т зааснаар нотариатчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, нотариатчдын нэгдсэн бүртгэл хөтлөх, нотариатчийг сургах, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиглэл үүрэг бүхий байгууллага. Мөн хуулийн 4.1-д зааснаар нотариатын үйл ажиллагааг нотариатч эрхлэн гүйцэтгэдэг. Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн эрх олгосноор нотариатч өөрийн үйлдлээр бие дааж үйлдэл хийдэг, өөрөө мөн л өөрийн хууль бус үйлдлийн биечлэн хариуцдаг. Тиймээс танхимын зүгээс нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэг байдлаар хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Монголын Нотариатчдын танхим хариуцагч байх үндэслэл тогтоогдохгүй байна гэж маргадаг байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талийгаач н.Очбадрах ...энэ хашаа байшингаа отгон хүү О.Ууганбаяртаа өвлүүлнө... гэж ярьдаг байсан, хариуцагч О.Мөнхчимэг нь би зээл хөөцөлдөөд машин аваад өгье гэж Дархан-Уул аймгийн Дархан сумын 15дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрын гэрчилгээг авсан байдаг, тэгээд би эцэг, эхээ нас барснаас хойш гэрчилгээ эгчид бий гэж бодоод байж байтал өөрөө нэр дээрээ шилжүүлж авсан байсныг мэдсэн учраас одоо би өөрийн нэр дээр шилжүүлж авахаар нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.
Нотариатч И.Энхболдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, О.Мөнхчимэгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрын өмчлөгчөөр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Уянга 181800679 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг 2002 ны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1551 дүгээр зүйлийн 1551.1-д заасан гэмт хэргийн шинжтэй, Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр нийт 25.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба үүнээс харахад хохирогч О.Ууганбаяр болон иргэн О.Мөнхтуяа, О.Мөнхзул, О.Мөнхгэрэл, О.Мөнхцэцэг нарт их хэмжээний хохирол учраагүй гэдэг үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг 2018 оны 08 дугаар сард цагдаагийн байгууллагад мэдээллэсэн бөгөөд тухайн үед 2015 оны Эрүүгийн хууль /2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн/-ийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэргийн шинж нь өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 50.000.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байвал дээрх гэмт хэргийн шинжийг агуулахаар байна.
Түүнчлэн, прокурор Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч И.Энхболд нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээг О.Мөнхчимэгт олгохдоо нас барагчийн төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд байгаа эсэх, мөн тэднийг өв хүлээн авахаас татгалзсан эсэхийг лавтай баримтаар нотлолгүй өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтын бусад өвлөгчийн мэдээлэл хэсэгт өөр өв залгамжлагч байхгүй гэж тэмдэглэн гэрчилгээ олгож талийгаач Д.Очбадрах, Д.Долгорсүрэн нарын төрүүлсөн хүүхдүүд болох О.Мөнхтуяа, О.Мөнхзул, О.Мөнхгэрэл, О.Мөнхцэцэг, үрчилж авсан хүүхэд болох О.Ууганбаяр нарын өмчлөх эрхийг зөрчиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл /эс үйлдэхүй/-ийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж дүгнэн гэмт хэрэг үйлдсэн нотариатчын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн нь одоо хүртэл хүчин төгөлдөр тогтоол байна гэж үзэв.
Иймд нотариатын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч О.Ууганбаярт хохирол учирсан байх тул нотариатч И.Энхболдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч О.Мөнхчимэг нь нотариатч И.Энхболдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандах Дархан-Уул аймгийн Дархан сумын 15дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрын өмчлөгчөөр бүртгүүлж тус тус гэрчилгээ гаргуулсан байна.
Нотариатч өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсны улмаас О.Ууганбаярт хохирол учирсан учир дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрын өмчлөгчөөр бүртгэж олгосон гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Харин Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус хэлцлийг гэрчлэн олгосон гэдгийг мэдэх боломжгүй, бүрдлийг хангасан эсэхийг хянахаас өөр бусад баримт сэлт нэхэх эрх хэмжээ улсын бүргэгчид олгогдоогүй, түүнийг мэдсээр байж бүртгэлийг хийсэн гэж үзэхээргүй байх тул улсын бүртгэлийг хийсэн улсын бүртгэгч болон байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна.
Мөн Монголын Нотариатчдын танхим нь бие даасан нотариатын үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд тус байгууллага гишүүддээ үйлчилдэг дотогшоо чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, нийтийн эрх зүйн субеъкт байх тул энэ хэрэгт хариуцагч болохгүй юм.
О.Ууганбаярыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухайд:
Нэхэмжлэгч О.Ууганбаяр талийгаач Очбадрахын охин Мөнхгэрэлээс 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, түүнийг төрсөн эх Мөнхгэрэлийн эцэг Д.Очбадрах эх Д.Долгорсүрэн нар 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үрчлэн авч Очбадрахын Ууганбаяр болгон бүртгэсэн нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 017/000074 дугаартай улсын бүртгэлийн үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн ...үрчилж авсан хүүхэд хууль ёсны өвлөгч байна гэж зааснаар нэхэмжлэгч О.Ууганбаяр нь талийгаач Д.Очбадрах, Д.Долгорсүрэн нарын өвлөгдөх эд хөрөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Д.Очбадрах нь 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан, Д.Долгорсүрэн нь 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нас барсан байх бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгджээ.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэжээ.
Нэхэмжлэгч О.Ууганбаяр нь талийгаач Д.Очбадрах, Д.Долгорсүрэн нартай нас барах хүртэл хамт амьдарч байсан гэдэг нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15дугаар багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1173 дугаартай албан бичиг, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 137 дугаартай албан бичиг зэргээр тогтоодсон, хариуцагч О.Мөнхчимэг нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр талийгаач Д.Очбадрах, Д.Долгорсүрэн нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг өвлөхийг хүссэн хүсэлтийг тойргийн нотариатч И.Энхболдод гаргасны дагуу №34 дугаарт бүртгэн гэрчилж өгсөн байна. /хх-ийн 76, 100, 122-123, 165-166 дугаар тал, 739 дугаартай хавтаст хэргийн 3 дугаар хуудас/
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 290 дугаартай албан бичигт Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд Боржигон овогт Очбадрахын Ууганбаяр /ТЖ88011511/ нь 2001 оноос 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан сумын 15дугаар баг, Мангиртын 4-р хэсэг гудамж, 47тоотод, 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс одоог хүртэл Дархан сумын 15дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1 дүгээр гудамж, 01тоотод оршин сууж байгаа бүртгэлтэй байна... гэсэн хэдий ч 2001 оноос 2011 он хүртэл дээрх хаягт огт амьдарч байгаагүй нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон болно.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зааснаар талийгаач Д.Очбадрах, Д.Долгорсүрэн нарын хүүхдүүд болох О.Мөнхчимэг, О.Мөнхгэрэл, О.Мөнхзул, О.Мөнхцэцэг, О.Мөнхтуяа, О.Ууганбаяр нарыг хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тэдэнд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.
Харин нэхэмжлэгч О.Ууганбаяр талийгаач Д.Очбадрах, Д.Долгорсүрэн нартай нас барах хүртэл нь хамт амьдарч байсан, бусад өвлөгчид болох О.Мөнхчимэг, О.Мөнхгэрэл, О.Мөнхзул, О.Мөнхцэцэг, О.Мөнхтуяа нар нь хамт амьдарч байгаагүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд өгөөгүй нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл гаргаагүй, түүнийг өвлөхөөс татгалзсан, О.Ууганбаяр хамт амьдарч байсан өвлөгч учраас гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатчид мэдэгдээгүй тул өвийг хүлээн авсанд тооцно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа хамт амьдарч байгаагүй гэдэг нь иргэний бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог гэж маргадаг боловч гэрч О.Мөнхгэрэлийн ...2006 онд манай аав, ээж хоёр өвчтэй байсан тул би Ууганбаярт иргэний үнэмлэхийг нь авч өгөхөөр Улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргахдаа өөрийнхөө хаягийг бичиж өгсөн байсан учир Дархан сум 15-р баг, Мангиртын 1-р хэсэг, 4-47 тоот гэсэн хаяг гарч ирж байгаа. би 2002 онд Дархан сумын 15-р багийн Мангиртын 4-р хэсэгт газар авч, хашаа хатгаад 47тоот хаяг дээр бүртгүүлж авч байсан, тухайн газрыг 2004 онд зарсан байсан, тухайн үед газрыг зарахад гэрчилгээ байхгүй байсан, хоосон хашаагаа хөдөөний 1 залууд 500.000 төгрөгөөр зарсан..., гэрч Э.Эрдэнэтуяагийн ...О.Ууганбаяр нас барах үед нь хамт амьдарч байсан, одоо ч гэртээ ганцаараа амьдарч байгаа, аав, ээжийгээ амьд байхад тусдаа амьдарч байгаагүй, байнга хамт амьдарч байсан. Аав, ээжийн эрх, хамгийн хайртай ганц шар хүү нь байсан. Тусдаа ч амьдрахын аргагүй ээж нь харваж хэвтэрт орсон байсан, ээжийгээ харж хандаж, асарч халамжилдаг байсан хүүхэд нь юм..., Г.Дашдондогийн ...нас барах үед нь хамт амьдарч байсан, өмнө нь ч байнга хамт амьдардаг байсан. Эцэг, эхээ өнгөрснөөс хойш гэртээ одоо ч ганцаараа амьдарч байгаа... гэх мэдүүлэг, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн өдрийн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үзлэг хийсэн тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн Мангиртын 4-р хэсэг, 47тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, үл хөдлөх хөрөнгүүдийн хувийн хэргээс анхны өмчлөгчөөс өнөөдрийн өмчлөгч хүртэл өөрчлөгдсөн шилжилт хөдөлгөөний дэлгэрэнгүй лавлагаа болон холбогдох баримтын нотлох баримтын шаардлага хангасан хуулбар зэргээр үгүйсгэгдэж байна. /хх-ийн 122-123-171, 205-206 дугаар хуудас/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ талийгаач н.Очбадрах аминдаа ...наад О.Ууганбаяр чинь архи дарс уудаг, янз бүрийн хэрэг төвөгт холбогддог хүн шүү, чи энэ гэрчилгээг хадгалж байгаа, энийг барьцаанд тавиад наад нөхөр чинь зараад үрчихнэ, чамд найдаж үлдээе. Манай энэ 6 хүүхдээс чи хамгийн найдвартай нь... гээд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үлдээсэн гэсэн тайлбараас үзэхэд талийгаач Д.Очбадрах өөрийн хүү О.Ууганбаярт маргаан бүхий эд хөрөнгийг үлдээх хүсэл зоригоо илэрхийлж байсан гэж үзэхээр байна.
Мөн түүнчлэн гэрч О.Мөнхгэрэлийн ...Ууганбаяр одоог хүртэл Дархан сумын 15-р багийн Мангиртын 2-1-1 тоотод амьдарч байгаа..., гэрч Б.Дугармаагийн ...Очбадрах, Долгорсүрэн гуай хоёр хашаа, байшингаа О.Ууганбаяртаа өгнө гэж байнга л ярьж хэлдэг байсан..., гэрч П.Болормаагийн ...Д.Очбадрах, Д.Долгорсүрэн гуай энэ хашаа, байшингаа хүүдээ /О.Ууганбаяртаа/ л өвлүүлж үлдээнэ дээ гэж их ярьдаг байсан юм..., гэрч О.Мөнхтуяагийн ...аав, ээж хоёр маань О.Ууганбаяртаа хашаа байшингаа өгнө гэж ярьдаг байсан..., гэрч О.Мөнхзулын ...амьд байхдаа хоёулаа О.Ууганбаяртаа өгнө гэдэг байсан. Ээжийн талын хоёр нагац эгч хүртэл энэ талаар мэднэ, та нар бүгд тусдаа гараад явна, энэ хашаанд О.Ууганбаяр л үлдэнэ гэдэг байсан..., гэрч Д.Жавзансүрэнгийн ...О.Ууганбаяртаа өгнө гэдэг байсан, 2 эгч нь бүгд тусдаа гарсан байсан. Манай дүү харваад хэвтэрт 13 жил байсан. Тэр үед О.Ууганбаярын төрсөн ээж нь дүүг маань асардаг байсан..., гэрч Д.Нямсүрэнгийн ...Талийгаач Д.Долгорсүрэн буюу миний төрсөн эгч надад үүнийг өөрийн биеэр надад 1 бус удаа О.Ууганбаяртаа хашаа байшингаа өгнө, хэмгийн багадаа өгнө гэж байсан. Үүнийг харвасныхаа дараа хүртэл надад хэлж байсан... гэх мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна. /1532 дугаартай хэргийн 68-73, 83-86 дугаар хуудас/
Иймд О.Ууганбаярыг дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, О.Ууганбаярыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг өвлөх эрхтэй болохыг тогтоох зүйтэй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагч О.Мөнхчимэг нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр З.Энхтуяа, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхбаяр, хариуцагч Монголын Нотариатчдын танхимын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золбоо нар оролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-д тус тус зааснаар нотариатч И.Энхболдын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, О.Мөнхчимэгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрын өмчлөгчөөр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, О.Ууганбаярыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15дугаар баг, Мангиртын 2-р хэсэг, 1-р гудамж, 01тоот, 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 4504502005 нэгж талбарын дугаартай, 1820,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг өвлөх эрхтэй болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Мөнхчимэгээс 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС