Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/63

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

   

                                

       2024         03           21                                        2024/ШЦТ/63

 

                                                          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пд холбогдох эрүүгийн 24190000110070 дугаартай хэргийг 2024 оны 03 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Б.П.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Бадрах-Өргөө” зочид буудлын 201 тоот өрөөний модон хаалга өшиглөж эвдэж мөн гадна талын үүдний хаалганы шилийг хагалж нийт 400,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч О.Аын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн НИК буюу Нефть хангамжийн салбарынхан манай “Бадрах-Өргөө” зочид буудлын том зааланд шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Тэгээд 23 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулаад дууссан бөгөөд зарим ажилчид нь манай буудалд өрөө авч үлдэцгээсэн. Тэгтэл Ник ХХК-ийн ажилтан шөнө манай зочид буудлын гадна хаалганы давхар бууруулагчтай шилийг хагалчихсан. Мөн 201 тоот модон хаалгыг эвдэж сүйтгэсэн байсан. Тухайн үед ресейпшнээр ажиллаж байсан О нь Б.П гэгчийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. ...Манай “Бадрах-Өргөө” ХХК-д учруулсан хохирлоо Б.П нь шилэн хаалгыг нь өөрөө очиж шиллэж өгсөн. Модон хаалгыг нь шинэ хаалгаар сольж өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 17-рт/,

Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэгтэл 02 цаг болох гэж байхад 3 давхраас согтуу хүн шатаар доошоо бууж байснаа 2 давхарт зогсоод 2 давхрын 201 тоот өрөөний хаалгыг өшиглөчихөөд доош 1 давхарт бууж ирсэн. Тэгээд тэр чигтээ гарах гэж байгаад “Бадрах Өргөө” зочид буудлын үүдний шилэн хаалгыг мөн өшиглөж хагалсан...” гэх мэдүүлэг/хх 21-рт/,

Хөрөнгө, даатгалын хохирлын “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн дүгнэлт/хх 7-9-рт/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Бадрах-Өргөө” зочид буудлын 201 тоот өрөөний модон хаалга өшиглөж эвдэж мөн гадна талын үүдний хаалганы шилийг хагалж нийт 400,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч О.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн НИК буюу Нефть хангамжийн салбарынхан манай “Бадрах-Өргөө” зочид буудлын том зааланд шинэ жилийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Тэгээд 23 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулаад дууссан бөгөөд зарим ажилчид нь манай буудалд өрөө авч үлдэцгээсэн. Тэгтэл Ник ХХК-ийн ажилтан шөнө манай зочид буудлын гадна хаалганы давхар бууруулагчтай шилийг хагалчихсан. Мөн 201 тоот модон хаалгыг эвдэж сүйтгэсэн байсан. Тухайн үед ресейпшнээр ажиллаж байсан С.О нь Б.П гэгчийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэгтэл 02 цаг болох гэж байхад 3 давхраас согтуу хүн шатаар доошоо бууж байснаа 2 давхарт зогсоод 2 давхрын 201 тоот өрөөний хаалгыг өшиглөчихөөд доош 1 давхарт бууж ирсэн. Тэгээд тэр чигтээ гарах гэж байгаад “Бадрах Өргөө” зочид буудлын үүдний шилэн хаалгыг мөн өшиглөж хагалсан...” гэх мэдүүлэг/хх 21-рт/,

-Хөрөнгө, даатгалын хохирлын “Ашид билгүүн” ХХК-ны дүгнэлт/хх 7-9-рт/,

-Шүүгдэгч Б.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа эд хөрөнгөд санаатайгаар хууль бусаар халдан гэмтэл учруулах, устгах зорилгыг агуулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ хэрэг нь эд хөрөнгөд устгаж, гэмтээснээр төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.Пгийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа эд хөрөнгөд санаатайгаар гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.П нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

   Шүүгдэгч Б.П нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч Б.П нь хохирогч О.Ат учруулсан эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлэгтээ дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Пгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Б.Пд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

   Иймд шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Пд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       

          

 

 

                                                                                                                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ОДБАЯР