| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0179/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/176 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/176
2024 09 03 2024/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб*******
улсын яллагч М.Сайнзаяа /томилолтоор/,
шүүгдэгч С.Б******* нарыг оролцуулан,
Б******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б*******өд холбогдох эрүүгийн 2415001600163 дугаартай, 163/2024/0179/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт С******* Б*******, Б******* аймгийн Б******* суманд ******* оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, ам бүл 2, ээжийн хамт Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр баг ******* 1-3-400 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистрийн дугаар ГЮ71061878. Урьд нь Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Б******* 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н.Ч******* “үхэр малаа харсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар С.Б******* нь Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр баг 1-03 тоотод байрлах өөрийн гэртээ байсан түүний сэгсүүргэн дээлийг санаатайгаар шатааж устгасны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Б******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н.Ч******* “үхэр малаа харсангүй” гэх шалтгаанаар маргалдаж Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр баг 1-03 тоотод байрлах гэртээ байсан түүний “сэгсүүргэн дээл”-ийг санаатайгаар шатааж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд:
-Хохирогч Н.Ч өгсөн: “...Манай гэр Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар багийн нутаг 100-1-06 тоотод байдаг юм. Манайх байранд амьдардаг учир өөрийн сэгсүүргэн үстэй дээлийг нөхөр Б сэгсүүргэн дээлийн хамт хадам ээж Насантогтохын хашаанд байрлах зуны байшинд нь 2023 оны намар түр хийсэн юм. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр Батбилэг очоод өөрийнхөө дээлийг авч өмсөөд Хөвсгөл аймаг руу явсан юм. Тэгээд миний дээлийг тэнд үлдсэнийг нөхөр Б ах С.Б******* мэдсэн юм. Тэгээд 01 дүгээр сарын 02-ны орой Б******* над руу утсаар холбогдоод хэл амаар доромжилж байгаад миний дээлийг гаргаж шатаасан байна лээ. Үүнээс хойш 5-6 хоногийн дараа дээлээ авахаар очиход байхгүй байхаар нь асуухад Б******* надад хэлэхдээ би дээлийг чинь шатаасан гэж хэлсэн. Яаж байгаа юм бэ гэхээр юм хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30, 34 дэх тал/,
-Гэрч Э.Б “...Манай гэр байранд байдаг учир үстэй дээлийг нь хорхой идчих гээд байдаг учир амбаарт хийсэн байсан. 2024 оны 01 сарын эхээр манай эхнэр Чулуунцэцэг дээлээ авч өмсөхөөр очиход нь байхгүй Батбилэг ах шатаасан гэж хэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг/ хавтаст хэргийн 37 дахь тал/,
-“ ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “эмэгтэй хүний сэгсүүргэн дээл 1,000,000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16- 21 дэх тал/,
-Яллагдагч С.Б*******ийн өгсөн: “... өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Тухайн хүний эд хөрөнгөд учирсан гэх хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б*******: “...Өмнө нь цагдаад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Б******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.Б*******ийн бусдын эд хөрөнгө буюу “сэгсүүргэн дээл”-ийг шатаасан үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцох бөгөөд С.Б******* нь хохирогч Н.Ч эд хөрөнгө буюу “сэгсүүргэн дээл”-ийг шатааж дахин ашиглах боломжгүй болгон устгаж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч С.Б*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч С.Б*******ийн бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгасан үйлдлийн улмаас 1,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч С.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Чулуунцэцэгт “идэшний үхэр” өгөхөөр тохиролцсон, хохирогч Н.Чулуунцэцэгт шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Б*******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
-Улсын яллагч: “...шүүгдэгч С.Б*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/, Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 45-50 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Б*******ийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч С.Б*******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч С.Б*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Б*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Б*******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
2.3.Бусад асуудал
Шүүгдэгч С.Б******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт С******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй..
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*******өд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б*******өд сануулсугай.
4.Шүүгдэгч С.Б******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ