Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/42

 

Д.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                         Д.Ганчимэг

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран

Шүүгдэгч П.Мөнхдэлгэрийн өмгөөлөгч   З.Нямсүрэн нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дорнод аймгийн прокурор газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлээр Ш.Батчимэг, Д.Отгонбаяр, Ц.Оюунсайхан, П.Мөнхдэлгэр нарт холбогдох эрүүгийн 1921009090160 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Иөншөөбү овогт Даваагийн Отгонбаяр, урьд

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар баривчлах ялаар,

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, Иншөөбү овогт Цэгмидийн Оюунсайхан, урьд

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, Хатигин овогт Шүрэнцэцэгийн Батчимэг.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1989 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, Буурч овогт Пунцагийн Мөнхдэлгэр.

Шүүгдэгч Д.Отгонбаяр, Ц.Оюунсайхан, Ш.Батчимэг, П.Мөнхдэлгэр нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Сод” зочид буудлын 101 тоот өрөөнөөс иргэн Ш.Цэрэгжилийн эзэмшлийн Хаан банкны виза картыг авч, 3 600 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг шүүгдэгч Д.Отгонбаяр, Ц.Оюунсайхан, Ш.Батчимэг, П.Мөнхдэлгэр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Дорнод аймгийн прокурорын газрын прокуророос Буурч овогт Пунцагийн Мөнхдэлгэрт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Мөнхдэлгэрийг цагаатгаж,

- Шүүгдэгч Иөншөөбү овогт Даваагийн Отгонбаяр, Иншөөбү овогт Цэгмидийн Оюунсайхан, Хатигин овогт Шүрэнцэцэгийн Батчимэг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэгмидийн Оюунсайхан, Шүрэнцэцэгийн Батчимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даваагийн Отгонбаярт 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаярт оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Оюунсайхан, Ш.Батчимэг нарт тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оюунсайхан, Ш.Батчимэг нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Голомт банкны камерын бичлэг бүхий сиди 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Цэрэгжилд шүүгдэгч Д.Отгонбаяр 2,000,000 /хоёр сая/ төгрөг, шүүгдэгч Ц.Оюунсайхан 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, П.Мөнхдэлгэр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Отгонбаяр, Ц.Оюунсайхан, Ш.Батчимэг нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Мөнхдэлгэрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Отгонбаяр, Ц.Оюунсайхан, Ш.Батчимэг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бичсэн эсэргүүцэлдээ: “ ... гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, П.Мөнхдэлгэрийг цагаатгаж шийдвэрлэлээ” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт цугларсан Ц.Оюунсайханы гэрчээр өгсөн “2019 оны 12 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед Наранхуяг ахын машинд суухад жолоочийн хажуу талын сандал дээр Чимгээ, жолоочийн эсрэг талын арын суудал дээр Мөөгий нар сууж байсан. ...Би Цэрэгжилийн хэтэвчин дотроос Хаан банкны виза картыг утасных нь хамт аваад “Сод” буудлын гадна гарахад Наранхуяг ах Тоёота приус10 маркийн 84-33 дугаартай машинтайгаа “Классик” караокены баруун талд зогсож байсан. Тухайн үед Наранхуяг ахын машин дотор Чимгээ, Мөөгий нар л сууж байсан. Мөөгий, Чимгээ хоёр Цэрэгжилийн картнаас мөнгө авах, авсан мөнгөө хувааж авах, би хамгийн сүүлд Наранхуяг ахаар гэртээ буулгуулах хүртэл хамт байсан бөгөөд болсон зүйлийн талаар бүгдийг сонсож, харсан учир мэдэж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-38х/, П.Мөнхдэлгэрийн гэрчээр өгсөн “.. Би тухайн үед хүний картнаас мөнгийг нь нууцаар авч байгааг Хуягаа ах болон Халиунаа нарын ярианаас тодорхой ойлгож байсан. Тухайн орой картнаас авсан мөнгийг Хуягаа ах бид нарт хувааж өгсөн бөгөөд Чимгээ бид хоёрт тус бүр 100 000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47х/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар П.Мөнхдэлгэр нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх тухайд Б.Отгонбаяр, Ц.Оюунсайхан, Ш.Батчимэг нартай санаа, зорилго нэг байгаа гэдгээ үг хэл, үйл хөдлөл, хамт байгаа байдал, үүрэг оролцоогоороо харилцан илэрхийлж, гэмт хэргийн улмаас олсон орлогоос 100 000 төгрөгийг авч хувьдаа ашигласан, дээрх мөнгийг шүүхийн шатанд хохирогч Ш.Цэрэгжилд буцаан өгсөн /хохирогч Ш.Цэрэгжилийн анхан шатны шүүхэд гаргасан 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтэд “миний мөнгөнөөс Ц.Оюунсайхан гэдэг хүн П.Мөнхдэлгэрт 100 000 төгрөг өгсөн байсныг Ш.Цэрэгжил би П.Мөнхдэлгэрээс авсан болно гэх/ зэргээр гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, гэмт хэргийн улмаас олсон орлогоос авч ашигласан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Отгонбаяр, Ц.Оюунсайхан, Ш.Батчимэг, П.Мөнхдэлгэр нарын гэм буруутай үйлдлийн улмаас Ш.Цэрэгжилд учирсан хохирол нь 3 600 000 төгрөг болохоос бус хохирлыг шүүгдэгч тус бүрээр салган тооцож, гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Үйлдэл эс үйлдэхүй нь нийгэмд аюултай байх нь гэмт хэргийн агуулгын шинж бөгөөд энэ нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулснаар илэрдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй. Гэвч гэмт хэргийг хамтран үйлдэх нь тухайн хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэж байдаг учраас хариуцлагыг хүндрүүлж үзэх нөхцөл байдал болдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх талаар заасан байх ба мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэсэн заалтын дагуу гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн үйлдсэн этгээдүүдэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Мөнхдэлгэрийн өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Миний хувьд анхан шатны шүүх дээр “...гэмт хэргийн шинжгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох...” гэсэн хоёр асуудал дээр мэтгэлцсэн. Хуучин хулгайн эд зүйлийг авсан борлуулсан гэсэн зүйл анги байсан. Энэ үйлдэл, эс үйлдэхүй нь хэрэгсэхгүй болсон. Прокурор сая “...энэ хүн үүргээ гүйцэтгээгүй. Гэмт хэрэг гарсан байхад хэлсэнгүй...” гэж байна. Гэтэл энэ хүнийг “...сонссон, 100 000 төгрөг авсан...” гэдгээр нь зүйлчилж орж ирсэн. Үүнийг шүүхээс ялгамжтай оногдуулсан нь зөв гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй,  хэргийг зөв зүйлчилсэн байна. Шүүх шүүгдэгч Д.Отгонбаяр, Ц.Оюунсайхан, Ш.Батчимэг нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэгт заасан хэмжээ хязгаарын дотор ял шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

П.Мөнхдэлгэрийн гэм буруугийн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийн тухайд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дараах дүгнэлтэд хүрэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэх заалт нь тухайн үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг үнэлж дүгнэх шүүгчийн хувийн итгэл үнэмшилтэй тодорхой хэмжээнд холбоотойгоор хэрэгжих хуулийн хэм хэмжээ юм. Иймээс энэ заалтыг хэрэглэн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянах эрх хэмжээгээ “шүүгч үйл баримтыг илт үндэслэлгүй дүгнэсэн, тухайн зохицуулалтыг хэрэглэхдээ эрх зүйн зарчмуудад нийцэхгүй байдлаар тайлбарласан” зүйл байгаа эсэхийг хянахаар хязгаарлах нь зүйтэй. Ингэснээр шүүгчийн хууль ёсны хувийн итгэл үнэмшилд дээд шатны шүүх халдахгүй байх болон илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн шийдвэрийг дээд шатны шүүх засаж залруулдаг байх нөхцөлийг аль алийг нь хангах нөхцөл бүрдэнэ.

П.Мөнхдэлгэр нь гэмт хэрэг нэгэнт эхэлсний дараа буюу хохирогчийн картыг хулгайлан АТМ рүү явах замд нь бусад шүүгдэгч нартай нэгдсэн, шүүгдэгч Д.Отгонбаярын өгсөн 100,000 төгрөгийг авснаас өөрөөр гэм хэрэгт идэвхтэй оролцоогүй, гэмт хэрэг эхнээсээ төгстлөө түүний оролцооноос үл хамааралтай хийгдсэн байна. Энэ талаас нь харвал, хэдийгээр гэмт бүлгийн үйлдлээр хохирогчид 3,600,000 төгрөгийн хохирол учирсан нийгмийн аюулын хэр хэмжээ ихтэй хэрэг үйлдэгдсэн боловч П.Мөнхдэлгэрийн оролцоо ялимгүй шинжтэй байсан гэж үзэж болох юм. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтын “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх ойлголтод хамруулах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                  З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                     Л.НАРАНБАЯР