| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/05225/И |
| Дугаар | 001/ХТ2025/00070 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2025/00070
М.Б-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04265 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2025/00097 дугаар магадлалтай,
М.Б-н нэхэмжлэлтэй
“ГБ” ХК-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.М.Б нь “ГБ” ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04265 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч М.Б-г “ГБ” ХК-ийн Нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “ГБ” ХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10,207,872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар 10,207,872 төгрөгийн олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч М.Б-н нийгмийн болон болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч “ГБ” ХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 178,276 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2025/00097 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,494 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1.Хариуцагч “ГБ” ХК-ийн Хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2024.06.04-ний өдрийн “Зарим нэгжийн орон тоог хасах тухай” 454 дугаартай тушаал бодитой хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэгчийн тухайн үед эрхэлж байсан Үйл ажиллагааны ахлах менежер гэх ажил, албан тушаал хасагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл “Халсан орон тооны ажлыг одоо хэн хийж байгаа вэ?” гэж асуухад “Захирал хийж байгаа” гэж хариулсан. Хариуцагч тал 454 дугаартай тушаалтай холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримт гаргаж өгөх үүргийг хариуцагчийн эрх мэтээр тайлбарлан хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.
4.2.Хөдөлмөрийн маргаан нь тушаал болон түүний үндэслэл хуульд нийцсэн эсэх, бодитой байсан эсэх, ажил олгогч болон ажилтан хооронд үүссэн харилцаа тэгш байсан эсэхийг хянах гэж ойлгодог. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчид дахин боломж олгож, маргаан бүхий тушаалтай холбоотой баримтыг шинээр үйлдэх боломжоор хангасанд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.03.20-ны өдрийн 001/ШХТ2025/00320 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгон, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “ГБ” ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, зохих нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг даалгуулах нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “...ГБ” ХК нь үйл ажиллагааны ахлах менежер гэсэн ажлын байрны нэршлийг харилцагчийн үйлчилгээний ахлах гэж өөрчилж, улмаар уг албан тушаалыг орон тооны цомхотголд оруулсан нэрийдлээр урьдаас төлөвлөсөн, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгчийн албан тушаал хасагдсан тул энэ тухай хуульд заасан хугацаанд мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмжийг олгосон. Мөн нэхэмжлэгч нь мэдэгдэл өгснөөс хойш өөр албан тушаалд шилжин ажиллах тухай саналыг ирүүлээгүй...” гэж маргажээ.
М.Б нь 2022.01-01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу үйл ажиллагааны ахлах менежерийн ажилд томилогдож, сарын 2,300,000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад 2023.06.05-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж “харилцагчийн үйлчилгээний ахлах менежер”-ээр сарын 3,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан боловч “ГБ” ХК-ийн хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2024.07.08-ны өдрийн 564 дугаартай тушаалын 1 дэх заалтаар ...Хүний нөөцийн удирдлагын газрын харьяа Кастодиан банкны хэлтсийн ахлах менежерийн ажлын байр хасагдсан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг талууд шүүхэд мэдүүлсэн байна.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...хариуцагч нь ахлах менежерийн чиг үүрэг хэлтсийн захирлын чиг үүрэгтэй давхцаж байсан учраас ажлын байр хасагдсан гэдгээ нотлоогүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал хууль бус...” гэж үзсэн.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...хариуцагчийн зүгээс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн, орон тоог хассан гэж маргаж байгаа боловч энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Тэрээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нотлох баримт бүрэн ирж чадаагүй, ... хэлтэс 7 хүнтэй байсан, ... анх дэд захирал, үйл ажиллагааны ахлах, харилцагчийн үйлчилгээний ахлах, харилцааны менежер, бизнес үйл ажиллагааны менежер гэх бүтэцтэй байсан. Одоо 6 болж өөрчлөгдсөн ...” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ. Дээрхээс дүгнэхэд, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхээ анхан шатны шүүх хэрэгжүүлэх боломжтой байсан, ...давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.
9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан “шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах” гэдгийг а/. Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн; б/. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх ашигтай холбоотой хэсэг, онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд шинээр нотлох баримт шаардлагатай гэж шүүх үзсэн; в/. Хэрэг, маргаанд нэмэлт эсхүл дахин шинжээч томилох шаардлагатай гэж шүүх үзэх нөхцөл байдал хамаарахыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай тогтоолоор тайлбарласан.
Шүүх нэхэмжлэлд 2024.09.11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, 2024.09.17-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийг гардуулсан, хариуцагч нь 2024.10.01-ний өдөр хариу тайлбар, нотлох баримт ирүүлсэн ба шүүх хуралдааны товыг 2024.10.09-ний өдөр мэдэгдсэн баримтаас үзвэл хариуцагч нь нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх боломжтой байжээ. Хариуцагч нь орон тоо хасагдсан гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж, маргасан ба татгалзлаа нотлох үүрэгтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх боломжтой атлаа гаргаж өгөөгүй нь энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан тохиолдол биш учир давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д нийцээгүй, иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2025/00097 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА