Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/64

 

   

 

 

 

 

                 

    2024         03             26                                     2024/ШЦТ/64

 

                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

           Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

          Хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, 

           Шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Аод холбогдох эрүүгийн 2319004170082 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгчийн байцаалт: Монгол улсын иргэн, Ч.А.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.А нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт унадаг дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 25.9. Унадаг дугуй, мопедын жолоочид дараах зүйлийг хориглоно: г/ зорчигчид зориулсан суудалгүй тохиолдолд буюу ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх гэж заасныг зөрчсөний улмаас шонгийн мод мөргөж, зорчигч насанд хүрээгүй С.Тийн эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний эдийн урагдал, дотуур цус алдалт, баруун уушгины уналт, цээжний хөндийн хий хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүгдэгч Ч.А нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт унадаг дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 25.9. Унадаг дугуй, мопедын жолоочид дараах зүйлийг хориглоно: г/ зорчигчид зориулсан суудалгүй тохиолдолд буюу ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх гэж заасныг зөрчсөний улмаас шонгийн мод мөргөж, зорчигч насанд хүрээгүй С.Тийн эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний эдийн урагдал, дотуур цус алдалт, баруун уушгины уналт, цээжний хөндийн хий хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй хохирогч С.Тийн “…би “Ээж рүүгээ явж байна” гэсэн чинь “Ах нь дөхүүлээд өгье” гээд унадаг дугуйныхаа урд талын рам дээр суулгасан. Намайг бэртээсэн ахтай би танктай овооны зүүн талд явж байхдаа таарсан. Гүүрэн доогуур гараагүй байсан. Би дугуйн дээр суугаад засмал замын баруун талаар нь доош уруудсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх 30-рт/,

 

           Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/527 дугаартай “...С.Тийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний эдийн урагдал, дотуур цус алдалт, баруун уушгины уналт, цээжний хөндийн хий хуралт, баруун дунд чөмөгний хугарал, баруун сарвууны 4 дүгээр хурууны 1, 2 дугаар шивнүүр ясны хугарал, 5 дугаар хурууны 1. 2. 3 дугаар шивнүүр ясны хугарал, нүүр, нуруу, хөлний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний эдийн урагдал, дотуур цус алдалт, баруун уушгины уналт, цээжний хөндийн хий хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 32-34-рт/,

           Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “... Хар өнгийн дугуйг жолоодон явсан... Чн Ч.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж үзлээ...  25.9. Унадаг дугуй, мопедын жолоочид дараах зүйлийг хориглоно: г/ зорчигчид зориулсан суудалгүй тохиолдолд буюу ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх...” гэсэн магадалгаа/хх 114-рт/,

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх 2-11-рт/,

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Аын өгсөн “...Талийгаач манай гэр бүлийн хүн байсан. Албан ёсоор гэр бүлийн баталгаагүй. Эхнэр маань жирэмсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.

 

           Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

 

           Шүүгдэгч Ч.А нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт унадаг дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 25.9. Унадаг дугуй, мопедын жолоочид дараах зүйлийг хориглоно: г/ зорчигчид зориулсан суудалгүй тохиолдолд буюу ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх гэж заасныг зөрчсөний улмаас шонгийн мод мөргөж, зорчигч насанд хүрээгүй С. С.Тийн эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний эдийн урагдал, дотуур цус алдалт, баруун уушгины уналт, цээжний хөндийн хий хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндэс шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт "тээврийн хэрэгсэл" гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг, 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.37-д  “унадаг дугуй” гэж унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (0.25 кВт-аас илүүгүй чадал бүхий цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон байж болно), хоёроос цөөнгүй дугуйтай (хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгслийг ойлгоно гэж заасан бөгөөд унадаг дугуйг хүнийг тээвэрлэхэд зориулагдсан хүний булчингийн хүчээр явдаг тээврийн хэрэгсэл гэж үзэхээр байна.

          

           Тиймээс хоёроос цөөнгүй дугайтай тээврийн хэрэгслийн жолооч ч гэсэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэж бий болох гэнэтийн осол, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байх үүрэг бүхий этгээд юм.

          

           Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

 

           Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ч.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.9. Унадаг дугуй, мопедын жолоочид дараах зүйлийг хориглоно: г/ зорчигчид зориулсан суудалгүй тохиолдолд буюу ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх гэж заасныг зөрчсөний улмаас шонгийн мод мөргөж, зорчигч насанд хүрээгүй хохирогч С. С.Тийн эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний эдийн урагдал, дотуур цус алдалт, баруун уушгины уналт, цээжний хөндийн хий хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.        

 

           Прокуророос шүүгдэгч Ч.Ан үйлдлийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

           Иймд шүүгдэгч Ч.Аыг дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, уг унадаг дугуйндаа суулгаж явсан зорчигч насанд хүрээгүй хохирогч С.Тт хүнд хохироо учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

           Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”, 2-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно...” гэж тус тус заасан. 

 

           Шүүгдэгч Ч.А хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нар нь хоорондоо 9.700.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр буюу 2024.03.01-нд 3.200.000 төгрөгийг, 2024.05.30-нд 3.200.000 төгрөг, 2024.08.16-нд 3.300.000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, шүүгдэгч Ч.А нь 2024 оны 03 дугаар сарын 01, 02-ны өдөр 3.200.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл төлбөрийг 6.500.000 төгрөгийг дараа төлөхөөр байна.

 

           Тиймээс шүүгдэгч Ч.Аыг хохирогчид 3.200.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, үлдэгдэл 6.500.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

  Шүүгдэгч Ч.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, мөн хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчинтэй болсон үеэс буюу ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

           Бусад асуудлаар:

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 3.200.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно…” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж, 2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг.

 

           Тус гэмт хэрэг нь 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдөр болсон бөгөөд 2023 оны 12 дугаар сарын  07-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлж “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр…” болсон бөгөөд тус гэмт хэргийг гарах үед мөрдөгдөж байсан хуулиар “…тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс дээш гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр…” буюу доод ялын хэмжээ нь ихэссэн байна.

          

           Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан хэргийг зүйлчилж ирүүлсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд шүүхээс тус зүйлийг журамлан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Ч.Аод оногдуулсаны зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин С.Т болтол шүүгдэгч Ч.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар шүүгдэгч Ч.Аоос 6.500.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнгөнцэцэгт олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 3.200.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР