Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2021/00865

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2021/00641/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, өөрийн байранд байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* дугаар байр, 172тоотод оршин суух ******* овогт ******* /РД:/ холбогдох,

 

899,608 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарандорж, М.Долгорсүрэн, хариуцагч Л., хариуцагчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн, гэрч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нарандорж, М.Долгорсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хэрэглэсэн усны төлбөр буюу 2018 оноос хойшхи 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөр 899,608 төгрөгийг нэхэмжилж байна, хариуцагч өөрөө сар бүр тоолуурын заалтаа бичүүлдэггүй, тийм учир төлбөр нь өндөр гарсан. Тоолуурын заалтаар гарсан мөнгө 559,360 төгрөг. Энэ нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бичсэн. Тэгээд хяналтын инженер Л. 2018 оны 10 дугаар сараас хойш гарсан төлбөрийн бичилт хийсэн, миний бичсэнээс хойш бичсэн заалт юм. Заалтаас нь харагдана. Энэ айл хаалгаа тайлдаггүй болохоор өмнөх байцаагч нь сард 1-2 тонн хэрэглэдэг гээд дунджаар бичдэг байсан юм байна лээ, тэгээд яг Л. гуайн хүүг нь ирэхэд таараад ороод 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр заалтаа бичсэн байсан. 2019 оны 01 дүгээр сард бас н. гэж хүн түүнээс хойшхи заалтыг бичсэн гэв.

 

Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би хяналтын байцаагчийг дуудаж шалгуулсан. Эдний бичсэн болон манай тоолуур бичигдсэн байсан. Эднийх задгайгаар 60 тонн ус бичсэн байсан. Энэ үед би байхгүй байсан. Түрүүн шүүх хуралдаан эхлэхээс өмнө 2014 оноос 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ерөнхий нягтлангаар нь баримтаа гаргуулаад авчирч өгсөн. Би 2019 он болон 2020 оны төлбөрийг төлчихсөн. 2020 оны 03 дугаар сард орлого хаав, 2020 оны 06 дугаар сард авлага хаав гэх зэрэг баримтууд хавтаст хэрэгт бий. Гэтэл 570,000 төгрөгийг усны заалтгүйгээр бичээд манайд өр төлбөр гаргасан. 2014 оноос 2018 оны 09 дүгээр сар хүртэл би бүгдийг шүүлгэсэн. Надад үндэслэлгүй ийм өр гаргасан гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний үйлчлүүлэгч 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гадаад явахаасаа өмнө усны төлбөрт 141,390 төгрөгийн тооцоо бүгдийг тушаагаад өргүй болоод явсан. Тэгээд эзгүй хугацаанд нь Л.ын хотод байдаг хүү нь гэрийг нь шалгахаар гэрт нь ирэхэд 2018 оны 10 дугаар сарын 25-нд усны байцаагч орж ирээд 571,670 төгрөгийн өр бичээд явсан. Ингээд Л. гадаадаас ирээд ******* сувгийн захиралд өргөдөл гаргасан. Усны байцаагч тоолуурын заалт бичилгүйгээр ийм их өр бичсэн. Тэгээд ерөөсөө оруулдаггүй гэсэн атлаа тухайн төлбөрийг бичихдээ заалтгүй бичсэн байсан. Тэгээд захирал нь Л. буюу хяналтын байцаагчийг шалгуулахаар явуулсан. Уг байцаагч нь Л.ынд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ирээд танайх 205,000 гаруй төгрөгийн алдангитай гарсан, өөр төлбөр байхгүй байна гэсэн. Тэгээд үүнийг Л. төлсөн. Энэ хүн байнгын өвчтэй группэд байдаг дийлэнхдээ эмнэлэгт хэвтэх эсхүл гадаад руу эмчилгээнд явдаг, хаалгаа онгойлгохгүй болохоор нь хонзогноод ийм их өр бичсэн гэж бодож байна. Хариуцагчийн зүгээс төлсөн бүх баримтаа шүүхэд хангалттай өгсөн. Ямар ч айлд 1 сарын дотор 570,000 төгрөгийн төлбөр гарахгүй, хяналтын байцаагч ирээд 205,000 төгрөгийн өр гарсан гэсэн, түүнийг нь төлсөн, одоо өргүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Ус ******* ХК нь хариуцагч Л.аас цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөр 899.608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Дархан сум, ******* баг, *******  байр, 172тоот 2018 оны 10 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хуримтлагдсан 899,608 төгрөгийн төлбөртэй... гэжээ.

Хариуцагч Л. 2018 оны 09 дүгээр сарын 20-нд би эмчилгээ хийлгэхээр Герман улс руу явсан. 2018 оны 10 дугаар сарын 20-нд хүүхэд залгаад 520.000 төгрөг нэмээд бичсэн байна гэж хэлсэн. Намайг эзэнгүй хойгуур 1 сарын дотор 571.000 төгрөгийн нэхэмжлэх бичээд явлаа гэж байсан. Би эмчилгээнд явахдаа бүх төлбөр тооцоог дуусгаад явсан одоо төлөх төлбөргүй гэж маргадаг болно.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК нь ус хуримтлуулан ариутгаж бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хангагч байгууллага байна.

Хариуцагч Л. нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн орон сууцанд амьдарч байгаагийн хувь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа хэрэглэгч байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар болон зохих ажил үйлчилгээ үзүүлсний хувьд ******* ******* ХК нь цэвэр усны үйлчилгээний төлбөр буюу усыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал, бохир усны үйлчилгээний төлбөр буюу хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг шаардах эрхтэй, Л. нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчийн хувьд цэвэр усаар хангуулах болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах талаар гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй боловч гэрээний хугацааы төлбөрийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй юм.

Хангагч байгууллага болох нэхэмжлэгч ******* ******* ХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг Ч. байгуулан, гэрээний үүргийг хэрэглэгч буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Л.аас 2019 оны 01 дүгээр сарын 10, 2018 оны 10 дугаар сарын 25, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд тогтмол шаардаж байсан, мөн хуульд заасан үүргийг гүйцэтгүүлэхээр шаардаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэхээр тогтоогдож байна.

Гэрээг Л.тай байгуулаагүй боловч тухайн байрны оршин суугч, хэрэглэгч мөн гэдгээ хариуцагч шүүх хуралдаанд мэдүүлдэг, энэ нь Дархан сумын багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогддог бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны турш гүйцэтгэх үүрэгтэй холбогдон гаргасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хуагцаа гурван жил байна гэснээр үйлчилгээ үзүүлсэн бол сар тутам төлөх төлбөрийг шаардах эрхийн хугацааг хэтрүүлсэн буюу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 571.670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх төлбөр бол 2018 оны 10 дугаар сараас өмнөх төлбөр бөгөөд энэ айл хаалгаа тайлдаггүйн улмаас тоолуурын заалтыг бичих боломжгүй байсны улмаас хуримтлагдсан байсан зардал юм гэснээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Харин хөөн хэлэлцэх хуагцааны дотор байгаа нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 302.626 төгрөгийг хариуцагч Л.аас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.140 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, 9.728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Л.аас 302.626 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 571.670 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.140 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.аас 9.728 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС