Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2240

 

 

 “НФК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/01710 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “НФК ББСБ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э, Г.Ц нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 169 884 352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Э.Золбоогийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “НФК ББСБ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзаяа, Б.Эрдэнэбаяр нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Энхчимэг, Г.Ц нар 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 3 хороо, 5 хороолол, Сөүлийн гудамж 12 байр, 25 тоотод байрлах 138 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаалан 59 200 ам.долларын зээлийг авсан. Уг зээлийг авахдаа 35 221 ам.долларыг өөрийн ХААН банк ХХК-ийн харилцах дансаар, үлдэгдэл 23 387 ам.долларыг бэлнээр авахдаа ам.долларыг төгрөгт шилжүүлэн авсан. Г.Цолдохгүй байсан, Б.Энхчимэг нэг удаа ирж, зээл авсан нь үнэн, төлнө гэсэн утгатай өргөдөл бичиж өгч байсан. Бид шүүхэд хандах үеийн ам.долларын ханшаар тооцож нэхэмжлэл гаргасан ба үндсэн зээлээс 94 691 721 төгрөг, үндсэн хүүнд 61 794 966 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13 317 665 төгрөг, мөн 30 000 төгрөгийг нотариатын зардалд, эрэн хайх ажиллагааны зардалд 50 000 төгрөг, нийт 169 854 352 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжилж байна. Зээлийн эхний төлөлт нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1950 ам.доллар гэж хийгдсэн байна. Хэрэгт Э.Э өмнө 2 зээлтэй байсан, тэр зээлийн төлөлтүүдийн нэгдсэн депозит данс авагдсан байгаа. 4 000 ам.доллар, 11 000 ам.доллар нь Э.Э-ийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авсан зээлийн төлөлтөд тооцогдон хасагдсан байна. Хүү тооцоолсон хүснэгтээр бид энэ 59 200 ам.долларыг зээлсэн зээлийн гэрээний төлөлттэй холбоотой гүйлгээг тусад нь гаргасан. Уг тооцоо ч депозит дансны хуулгатай тохирч байгаа. 59 200 ам.долларын үндсэн зээлээс 19 638 ам.доллар, хүү 20 928 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 3 475 ам.доллар хасагдсан байгаа. Зээлийн мөнгийг зээлдэгч өөрөө хүлээж авсан баримт нь байгаа, уг зээлээс өмнөх зээлээ төлөх, хаах эрх нь өөрийнх нь асуудал байх. Өөрөө ч өмнөх зээлээ хаасан гээд тайлбарлаж байна, 23 387 ам.долларыг төлөхгүй гэх үндэслэл байхгүй  гэжээ.

Хариуцагч Э.Э-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 18-нд зээлийн гэрээ байгуулах үедээ тухайн үеийн ам.долларын ханш 1 940 төгрөгөөр тооцож 59 200 ам.долларыг шилжүүлэн өгсөн байдаг. Гэхдээ энэ нь Б.Энхчимэгийн дансанд биш “НФК ББСБ” ХХК-ийн өөрийнх нь депозит дансанд оруулсан. Ингэхдээ 23 387 ам.долларыг бэлнээр хүлээж авав тэмдэглэгээ хийж, үлдэх 35 221 ам.долларыг “ХААН банк” ХХК-ийн дансанд хийсэн. Ингэснээр 35 221 ам.долларын хувьд зээлийн гэрээнд заасан үүргийн дагуу захиран зарцуулах эрх үүссэн. Харин үндсэн депозит данснаас өрөнд суутгасан 23 387 ам.долларт зээлдэгч аливаа нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрсэн. Учир нь 23 387 ам.долларыг тухайн өдрийн ханшаар тооцоход 44 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь тухайн өдөр хариуцагчийн автомашины зээлд суутган авсан байдаг. Хариуцагч 23 387 ам.долларт ногдох хэмжээний хүү төлөх үүрэггүй, гагцхүү 35 221 ам.долларт ногдох хэмжээгээр хүү төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үедээ ам.долларын ханшийг 2 300 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан боловч үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг 1 940 төгрөгөөр тооцож өгнө үү. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хэрэгт 2 баримт хавсаргасан байдаг. 1/ Депозит дансны хуулгыг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 23 387 ам.долларыг бэлнээр олгов гээд тэмдэглэл үйлдсэн. Мөн тэр өдрөө 35 221 ам.долларыг Э.Э-ийн 5062103677 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч тайлбарлахдаа 23 387 ам.долларыг бэлнээр олгосон баримтыг хавсаргадаг боловч тус мөнгөөр өмнөх машины зээлийг төлүүлсэн нь харагдаж байгаа. Мөн түүнчлэн депозит дансны хуулга буюу 106200775 тоот данс нь бүхэлдээ 59 200 доллар орсноос хойш үүссэн данс байгаа. Тухайн үүссэн дансанд нийт 118 492 ам.долларын төлбөрийг төлснөөр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн дээр 59 292 ам.долларын орлогыг хийж төлбөрийг төлж дуусгасан харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр хавсаргаж өгсөн тусгай зөвшөөрөлд 2011-2014 оны хугацаанд үйл ажиллагаа явуулахаар зааж өгсөн байгаа нь бусад онуудад үйл ажиллагаа явуулах эрхгүй байна. Тиймээс зээлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн                  453.1-д зааснаар хариуцагч Э.Э, Г.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 143 750 024 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч “НФК ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 26 134 328 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 007 372 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 876 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Золбоо давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Г.Ц-гаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, хариуцагч 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Мөнхзаяа нь хариуцагч Г.Ц-г шүүх хуралд оролцуулахгүйгээр шүүх хурал хийх боломжтой, түүнчлэн шүүхэд нэхэмжилсэн "Баталгаат ипотекийн гэрээ"-гээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан юм. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ201801710 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт     143 750 024 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэгчийн шаардлагаас өөрөөр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн уг шийдвэрт нэхэмжлэгч "Баталгаат ипотекийн гэрээ"-гээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаар дурдаагүй байгаа нь үүргийн гүйцэтгэлийг хэн хэдэн хувиар хариуцах, хариуцах хувь ойлгомжгүй болсон байна. Э.Э нь 200 000 000 төгрөг зээлэхээр зээлийн өргөдөл гаргахад нэхэмжлэгч тухайн өдрийн ханшаар 59200 ам.доллар зээлдүүлсэн нь хэрэгт баримтаар хавсаргасан байна. Энэ нь “НФК ББСБ” ХХК-т анхнаасаа төгрөг байхгүй байхад ам.доллар авч, төгрөг олгож, Э.Э зээл хаасан мэтээр тайлбарласан нь бодит байдалтай нийцэхгүй байна. Энэ нь анхнаасаа 59200 ам.доллар олгож зээл төлүүлэхээр шаардаж, бэлэн мөнгөгүй байж төгрөг өгсөн мэтээр авч, буцаан ам.долларт шилжүүлэн өөрсдөдөө ашигтай байдал үүсгэж, зээлийг зээлээр хаасан байна.

Энэ тухай нэхэмжлэгч зээл төлснийг хүлээн зөвшөөрсөн байдаг.  Нэхэмжлэгч хавтаст хэрэгт Депозит дансны хуулга өгсөн бөгөөд уг хуулгаас харахад хариуцагчид 23 387 ам.долларыг бэлнээр олгосон гэж тэмдэглэсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч уг мөнгийг төгрөгт шилжүүлж зээл хааснаа хүлээн зөвшөөрдөг байна. Гэтэл уг 23 387 ам.доллараар зээл төлж, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэдийг мэдсээр байж хариуцагчаас      23 387 ам.долларт хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Уг 23 387 ам.доллар нь 59 200 ам.долларын 39.5 хувьтай дүйцэх хэмжээний төлбөр бөгөөд нэхэмжлэгч 20 928.41 ам долларын хүү төлснийг хүлээн зөвшөөрсөн тул уг хүүний 39.5 хувь нь 8 266.72 ам.долларыг хүүнд илүү төлсөн харагдаж байна. Уг 8 266.72 ам.долларыг хүүнд биш үндсэн зээлэн төлсөнд тооцвол (59 200-23 387=35 813 хүү төлвөл зохих үндсэн зээл), 35 813-8 266.72=27 546.28 ам.долларт хүү тооцох ёстой. Энэ нь N0-106201290 дугаартай гэрээний дагуу 24 сарын хугацаанд 1 сарын 3 хувийн хүү тооцоход 27 546.28 ам.доллар х 72 хувийн хүү = 20 935.17 ам.долларын хүү тооцох байжээ. Ингээд хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 39 561.7 ам.доллар дээр, зээлийн хүүнд 20 935.17 ам.долларын төлөх ёстойгоос зээлдэгч 20 928.41 ам.долларыг хүүнд төлсөн байх тул үндсэн зээлийн төлбөр 39 561.7 ам.доллар дээр зээлийн хүүний зөрүү 7 ам.долларыг нэмж нийт 39 568.7 ам.доллар төлөх ёстой байжээ. Энэ нь нэхэмжлэгчийн шаардлага гаргасан Монгол төгрөгөөр тооцоход 39 568.7 төгрөг х 2353.52=83 957 547 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас 143 750 024 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргасан нь хариуцагчаас гаргуулах ёсгүй 59 792 477 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон тул шийдвэрийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, зохих хууль дүрмийн дагуу зээлийн хүүг тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “НФК ББСБ” ХХК нь хариуцагч Э.Э, Г.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 169 884 352 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэсэн нь зөв боловч зээлийн эргэн төлөлтийн талаар талууд маргаж байгаа тохиолдолд хэрэгт авагдсан депозит дансны хуулга гэх мэт бичмэл баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг анхаараагүй нь буруу болжээ.

 

Шүүх  зээлийн гэрээний үүргээс хариуцагчийн төлсөн байдлыг “...зээлд  20 823.59 ам.доллар, зээлийн хүүд 23 220.04 ам.доллар төлсөн...” гэж дүгнэсэн боловч хавтаст хэргийн 18-19 дүгээр талд авагдсан “хэвлэсэн огноо 2017\09\20 депозит дансны хуулга” гэх хэвлэмэл баримтыг баталгаажуулсан талаар банк санхүүгийн ажилтны тэмдэглэл хийгдээгүй  тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангагдаагүй байна.

Мөн хариуцагч Э.Э нь зээлийг төлж дуусгасан гэж маргадаг ба үүнтэй холбоотойгоор хариуцагчийн өмгөөлөгч нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр “...өмнө нь авсан автомашины зээлтэй холбоотой баримтуудыг гаргуулах ...” хүсэлт гаргасан нь хэрэгт ач холбогдолтой байхад шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь зээлдэгч нарын аль алинаас нь зээлийн үүргийг шаардсан байдаг ба шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Ц нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан байдаг ба итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр  Б.Ариунжаргалыг оролцуулахаар итгэмжлэл олгосон, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан боловч 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд тэрээр “...хариуцагч нар итгэмжлэлээс татгалзаж байгаа, би одоо оролцохгүй, өөрсдөө оролцоно...” гэж хариулсан талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлджээ. \хх-ийн 79\

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно” гэж заасан байхад анхан шатны шүүх уг заалтыг эсрэгээр нь хэрэгжүүлж төлөөлөгчийн мэдэгдлээр түүний бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэж, “...мэтгэлцэх эрхийг хангасан, шүүх хуралдааны товыг Г.Ц-гийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 8-2-2 тоот хаягаар мэдэгдснийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан...”  гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасантай нийцээгүй, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/01710 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Э-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 363 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                Н.БАТЗОРИГ