Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2025/00052

 

М,  О, У нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03679 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/02187 дугаар магадлалтай,

 М,  О, У нарын нэхэмжлэлтэй

Сд холбогдох

 Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 112,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2022 оны 04 сарын 18-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 75,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагайн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч М,  О, У нар хариуцагч Сд холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 112,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 75,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03679 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Саас 112,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М,  О, У нарт олгож, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 75,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 720,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,440,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/02187 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03679 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 720,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Хэргийн үйл баримтын тухайд.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016.02.08-ны өдрийн Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай 11 дүгээр тогтоолын 1-д “Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд загвар төсөл болон хэрэгжих иргэдийн санаачлагад үндэслэсэн Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбаруудыг дор дурдсанаар тогтоосугай” гээд 1.9-д “Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр дэх Газар шинэчлэн зохион байгуулах Г төслийн талбар 9.4 га” гэж тогтоосон.

М,  О, У, С нар нь 2022.04.18-ны өдрийн 0276 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/”-г байгуулахдаа Сыг ... газарт барилга барих зорилгоор тус газрыг худалдан авч байгааг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон байдаг. Үүнийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны үеэр хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл газрыг худалдах-худалдан авах гэрээг байгуулсны дараа Нийслэлийн Засаг даргын 2022.03.24-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/419 дүгээр захирамжаар ... хорооны нутаг дэвсгэр, ГХ-БЗД-07 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9.4 га “3” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг “Г” ЗБН-д олгож, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан талаар олж мэдсэн.

Мөн Нийслэлийн Засаг даргаас 2022.03.31-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх тухай” А/459 дүгээр захирамж гарч, улмаар С нь өөрийн архитектур төлөвлөлтийн даалгавартай газар дээрээ барилгыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу худалдан авсан газрыг ашиглах боломжгүй болсон.

4.2. Хууль хэрэглээний алдааны тухайд.

Хариуцагчийн зүгээс тус хэрэгт 2024.09.17-ны өдөр “2022.04.18-ны өдрийн 0276 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээгээр шилжүүлсэн 75,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Улмаар 2024.09.17-ны өдөр шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан бөгөөд нэхэмжлэгч М,  О, У нарт гардуулаагүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М,  О, У нарын Лд олгосон 2024.01.10-ны өдрийн 0012 дугаар итгэмжлэлд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг гардаж авах эрхийг олгоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авах эрхгүй байна. Гэтэл шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж, 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна” гэж, 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг гардаж аваад түүндээ тайлбар ирүүлэх, ирүүлсэн тайлбар болон түүнд хавсаргаж ирүүлэх нотлох баримттай хариуцагчийн зүгээс түүнтэй танилцаж, тайлбар болон нотлох баримт бүрдүүлэх зэрэг эрхийг олгоогүй.

Ийнхүү дээрх ажиллагааг явуулаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж, 6.3-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж, 6.4-д “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж, 6.5-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан.

Учир нь шүүх хэргийн талаар материаллаг болон процессын хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагддаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно” гээд 168.1.3-д “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж зохицуулсан.

Иймд дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

4.3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах тухайд.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж зохицуулсны дагуу алданги төлөх үндэслэлгүй нөхцөл байдал үүсэж байтал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Тухайлбал алдангийн тухайд иргэн Х, Ц нар Нийслэлийн ерөнхий архитектураас 2022.02.22-ны өдөр МЗХ2022/01-017 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, 209, 2096, 210 тоот газарт орон сууцны цогцолбор барихаар төлөвлөж байсан.

Улмаар С нь:

- Ц-аас ... дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ... бүхий өмчлөх эрхтэй газар,

- Хгээс ... дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ... бүхий өмчлөх эрхтэй газар,

- Мөн Хгээс ... дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ... бүхий өмчлөх эрхтэй газруудыг тус тус өмчлөлдөө шилжүүлэн авсан.

Ийнхүү шилжүүлж авахдаа 3 газарт олгогдсон 2022.02.22-ны өдрийн МЗХ2022/01-017 архитектур төлөвлөлтийн даалгавартай хамт газрыг шилжүүлэн авсан.

Нэхэмжлэгч нар болох М,  О, У нарын ... газрыг худалдаж авсан зорилго нь 2022.02.22-ны өдрийн МЗХ2022/01-017 архитектур төлөвлөлтийн даалгавартай газартай хамт нийлүүлж, дахин архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулан барилга барих байсан. Гэтэл дээр дурдсан А/419, А/459 захирамж гарснаар барилгын ажлаа эхлүүлэх боломжгүй болсон.

М,  О, У, С нарын хооронд байгуулсан 2022.04.18-ны өдрийн 0276 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/”-ний 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж харилцан тохиролцсон.

Гэтэл гэрээнд заасны дагуу 0276 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/”-г Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул гэрээ хүчин төгөлдөр болоогүй бөгөөд тус гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасны дагуу хууль зөрчиж хийсэн хэлцэл байна.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж тус заасны дагуу тус гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэгтэй байсан.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 112,500,000 төгрөг шаардаж байгаа тохиолдолд хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр шаардах эрхтэй.

Гэтэл талуудын байгуулсан 0276 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/”-г тус гэрээнд болон хуульд заасны дагуу Улсын бүртгэлд байгуулаагүй тохиолдолд тус гэрээ хүчин төгөлдөр гэж үзэхээргүй байх бөгөөд тус гэрээний дагуу шаардах эрхгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 13-р хороо, дүүрэг 4 гудамж, 223 тоот газар болон газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бусад этгээдэд түрээслэх байдлаар ашиг олдог бөгөөд ямарваа нэгэн байдлаар алдагдал хүлээгээгүй болно.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.02.20-ны өдрийн 001/ШХТ2025/00213 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч М,  О, У нар хариуцагч Сд холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 112,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...2022.04.18-ны өдөр ... газрыг хариуцагчийн хүсэлтээр 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч 75,000,000 төгрөгийг өгөөд үлдэх төлбөрийг өгөхгүй байх тул гэрээний 3.5-д зааснаар алданги тооцож, үлдэгдэл төлбөр 75,000,000 төгрөг, алдангид 37,500,000 төгрөг, нийт 112,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж, мөн “...сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан,

Хариуцагч тайлбартаа: “...тус газарт архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулж барилга барих зорилготой байсан боловч Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг “Г” ЗБН-д олгосноос барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах боломжгүй нөхцөл байдал үүссэн, ...түүнчлэн тус гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл, иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргаж, улмаар “...хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний үүрэгт шилжүүлсэн 75,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү..” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

  8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, ...хариуцагч нь худалдан авсан газрыг доголдолтой гэж маргах боловч энэ үндэслэлээр гэрээнээс татгалзаж үр дагаврыг шаардаагүй байна. ...иймд гэрээний үүрэгт хариуцагчаас үлдэгдэл төлбөр, алдангийн хамт гаргуулж шийдвэрлэнэ, ...сөрөг нэхэмжлэлийн хувьд ...талууд төлбөр тооцоог бүрэн төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байх тул үүргийн болон өмчийн хэлцлийг ялгаж зааглах нь зүйтэй, ...Иргэний хуулийн 109.2, 110.1-д заасан хуулийн хэм хэмжээг үндэслэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх боломжгүй...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад “...анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоосон, маргаантай харилцааг тодорхойлж, ...хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан...” гэж дүгнэн,  шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Худалдах-худалдан авах гэрээгээр үүргийн ба өмчийн хэлцэл аль аль нь хийгддэг бөгөөд үүргийн хэлцлийн хувьд уг гэрээг амаар болон бичгээр байгуулж болно, өөрөөр хэлбэл, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаардахгүй.

Харин уг гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т, улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болох талаар 110 дугаар зүйлийн 110.1-д тус тус зохицуулсан байна.

11. Зохигч 2022.04.18-ны өдөр 0276 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр худалдагч нь ... газрыг худалдах, худалдан авагч нь газрын төлбөрт 150,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээний дагуу худалдан авагч 75,000,000 төгрөг төлсөн боловч үлдэх 75,000,000 төгрөгийг төлөөгүй үйл баримттай зохигч маргаагүй.

Иймд хууль болон гэрээнд зааснаар хариуцагч буюу худалдан авагч үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй.

12. Талууд гэрээний 6.1-д гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох талаар тусгасан боловч гэрээний 3.4-т төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч нь худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх тул үүргийн хэлцэлд тохирсон үүрэг хэрэгжээгүй тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцлийг шаардах боломжгүй юм.

Дурдсан үндэслэлээр гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлд хамаарахгүй гэж үзэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

13. Хэдийгээр хариуцагч гэрээнээс татгалзах эрхтэй боловч маргааны зүйл болсон худалдах-худалдан авах гэрээгээр өмчлөгчийн эрх зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн тус газар анхнаасаа иргэн Х, Ц нарын орон сууцны цогцолбор барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавраар батлагдсан газарт хамааралгүй байсан, мөн Нийслэлийн Засаг даргын А/419, А/459 дүгээр захирамж гарсны дараа тус хэлцэл байгуулагдсан байх тул Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж гарснаар газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон гэх хариуцагчийн татгалзал нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс гэрээнээс татгалзах Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасан үндэслэлд хамаарахгүй байна.

14. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ, анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6-т тус тус зохицуулсан байна.

Талууд гэрээний 3.2-т урьдчилгаа 75,000,000 төгрөгийг 2022.04.18-нд ...дансаар шилжүүлнэ, үлдэгдэл төлбөр тооцоог 2022.05.18-ны дотор төлж дуусгана гэж, 3.5-д  гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний дээрх заалтыг үндэслэн гүйцэтгээгүй үүрэгт алданги гаргуулахаар шаардах эрхтэй боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хариуцагч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нь түүний гэм буруугаас болоогүй гэх хариуцагчийн тайлбар, нөхцөл байдлыг анхаараагүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

15. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Хариуцагч С нь иргэн Х, Ц нарын өмчлөлийн ... хаягт байрлалтай газруудыг архитектур төлөвлөлтийн даалгавартай нь хамт худалдан авсны дараа зэргэлдээ байрлалтай нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгэлтэй 223 тоот газрыг дээрх Архитектур төлөвлөлтийн даалгавартай газрын хамт нийлүүлж дахин архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулж барилга барих зорилгоор авсан.

Нийслэлийн Засаг даргын 2022.03.24-ний өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай А/419 дүгээр захирамж гарч, худалдан авсан талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг “Г” ЗБН-д олгож, мөн 2022.03.31-ний өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх тухай А/459 дүгээр захирамж гарснаар маргаан үүсч, худалдаж авсан газар дээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, иймд алдангийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж байсан.

Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд иргэн Х Ц нарын батлуулсан МЗХ2022/01-017 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, С нарын Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд тус тус Захиргааны хэрэг үүсгэн шалгагдаж байгаа үйл баримт тогтоогдсон байна. /ХХ-49-59, 60-65/

Ийнхүү худалдан авсан газар дээр барилга барих ажиллагаа хэрэгжих боломжгүй байдал үүссэн, үүнээс үндэслэн хөрөнгө оруулалт авах боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлыг үндэслэн төлбөр төлөх хугацаа хэтрэхэд хариуцагчийн гэм буруугаас болоогүй талаарх түүний тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд алдангид нэхэмжилсэн 37,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно.

16. Дээрх нөхцөл байдал шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/02187 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/03679 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.2-т заасныг баримтлан хариуцагч Саас 75,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М,  О, У нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,500,000 төгрөгийг гаргуулах болон хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг шийдвэрлүүлэхийг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,  2 дахь заалтын “...56.1...” гэснийг “...56.2...” гэж, “...720,450...” гэснийг “...532,950...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Саас 2025.01.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД