Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

2024         09            03                                   2024/ШЦТ/177

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа /томилолтоор/,

шүүгдэгч Б.Ж*******, түүний өмгөөлөгч Ж.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.Ж******* холбогдох эрүүгийн 2415000000165 дугаартай, 163/2024/0180/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Б******* Ж*******, Булган аймгийн ******* суманд ******* оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, ам бүл 3, аав, ээжийн хамт Булган аймгийн ******* сумын ******* 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:ГН95050113.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Ж******* нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Бугатын эх” гэх газарт 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хамт архи ууж байсан Б.М******* маргалдан улмаар түүний толгой хэсэгт архины шилээр цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ж******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Бугатын эх” гэх газар Б.М, Д.Б*******, Б.Д нарын хамт тээврийн хэрэгслээр зорчин явж байгаад хэрүүл маргаан үүсгэн, хамт зорчиж явсан Б.М толгойн тус газар архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

-Хохирогч Б.М “...Би 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар баг “Бугатын эх” гэх газарт байрлах гүүрэн дээр том машинаар шороо асгачхаад орой 20 цагийн орчимд Бугат сумын Хүүхдийн овооны өвөрт байдаг Д гэдэг айлын гадаа очсон. Тэгэхэд Д гэдэг айлд Ж******* гэдэг залуу манай ажлын Б*******, Д нар 1 шил архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд би буцаад Бугатын эхэнд очиж асгасан шороогоо тэгшилж байсан ковш дээр очихоор болоход манай ажлын Ганболд, Ууганбаяр, Д гурав намайг чи эндээ байж бай бид гурав оччихоод ирье гэсэн. Тэгээд би Д, Ж******* гэх хоёр залуу, ажлын газрын Б******* гуравтай уугаад сууж байсан 1 шил архийг нь хувааж уусан. Тэгээд бид 4 ууж байсан архиа дуусгачихаар нь Бугатын эхэнд байгаа манай ажлын газрын хүмүүс дээр оччихоод ирье гээд Д, Ж*******, Б******* бид дөрөв Ж******* гэдэг залуугийн цагаан өнгийн “приус-20” загварын тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тэгээд Бугат сумын төвөөс Агар нэртэй 0.75 литрийн 2 шил архи худалдаж аваад Бугатын эхэнд байгаа манай ажлын газрынхан дээр очих гээд явж байх замдаа худалдаж авсан архи бид дөрөв хувааж уугаад явж байгаад манай ажлын газрынхан дээр очсон. Тэгээд хэсэг байж байгаад Д, Ж*******, Б******* бид дөрөв буцаад архиа хувааж уугаад явж байхад манай ажлын газрын Б*******, Ж******* хоёр машины хойд талын суудал дээр суучихсан явж байгаад муудалцсан. Тэгэхэд Д жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсооход хойд суудал дээр сууж явсан Ж******* гэдэг залуу машинаас бууж жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байсан миний талын хаалгыг онгойлгож Ж******* нь ууж байсан “Агар” нэртэй 0.75 литрийн архины шилээр 1 удаа миний дух хэсэгт цохиход тухайн архины шил нь хагарсан. Тэгэхэд миний толгойны дух хэсгээс их хэмжээний цус гараад байж байхад манай ажлын газрын ах нар намайг Бугат сумын эмнэлэг дээр авч очиж миний дух хэсэгт оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8- дахь тал/,

-Гэрч П.Б*******гийн “...М, Ж*******, Д би дөрөв буцаад явж байхад Ж******* гэдэг залуу надтай арын суудал дээр суугаад явж байснаа над руу уурлаж миний нүүр хэсэгт 2 удаа цохисон. Тэгэхэд машин жолоодож явсан Д приус-20 загварын тээврийн хэрэгслээ зогсооход тухайн Ж******* гэдэг залуу ууж явсан Агар нэртэй 0.75 литрийн архины шилийг машинаас авч буугаад намайг цохих гэхээр нь би машины хаалгыг хаахад Ж******* урд суудал дээр сууж явсан М толгой хэсэгт нь 1 удаа архины шилээр цохиход архины шил нь хагарч М толгойноос цус гарч эхэлсэн. Тэгээд ажлын газрын найз М толгойноос цус гараад байсан болохоор Бугат сумын эрүүл мэндийн төвд очиж найз М дух хэсэгт нь эмч 3 оёдол тавьж боолт хийж явуулсан... Миний биед гэмтэл шарх учраагүй болохоор би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дахь тал/,

-Гэрч Б.Дгийн “...Ж*******ы приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхад Ж*******, Б******* хоёр машины ард сууж яваад муудалцсан. Тэгэхээр нь М бид хоёр болиулаад байж байхад манай хамаатны залуу Ж******* ууж байсан архины шилээрээ М толгой хэсэг рүү нь цохиход архины шил нь хагарсан. Тэгэхэд М толгойноос цус гарч Мыг ажлын газрын хүмүүс нь эмнэлэг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дугаартай “...Б.М биед дух, зулай чамархайн заагт зүсэгдсэн шарх, дух, хамрын нурууны зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох, зүсэгдэх, үрэгдэх механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

7.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж*******ы өгсөн: “...байхгүй ...” мэдүүлэг.

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Ж******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Бугатын эх” гэх газар Б.М, Д.Б*******, Б.Д нарын хамт тээврийн хэрэгслээр зорчин явж байгаад хэрүүл маргаан үүсгэн, хамт зорчиж явсан Б.М толгойн тус газар архины шилээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Ж******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон байх тул гэмт хэрэг гэм буруутайд тооцоход үндэслэлтэй. Хохирол төлбөрийн хувьд сайн дураараа 2 сая төгрөгийг хохирогчид өгсөн байгаа....” гэв.

Шүүгдэгч Б.Ж*******ы үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн толгойн тус газар архины шилээр цохиж,  хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 206 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Ж*******ы хохирогч Б.М толгой руу архины шилээр цохисон үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан дух, зулай чамархайн заагт зүсэгдсэн шарх, дух, хамрын нурууны зүүн талд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Э.Даваажаргалын “...Б.М биед учирсан гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр цохигдох, зүсэгдэх, үрэгдэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Ж*******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч Б.М нь “2,000,000 төгрөг хүлээн авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” талаар мэдүүлэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Ж*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

            Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Ж******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Б.Ж******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, өндөр настай аав, ээжийн хамт мал маллан амьдардаг, мөн түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 36 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Ж*******ы хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ж******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Ж******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/ таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэн, торгох ялыг шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Хэрэв шүүгдэгч Б.Ж******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох  хэсэгт тусгайлан сануулав.

2.2.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Ж******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Б******* Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.Ж******* оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ж******* сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Ж******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ