Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2021/00902

 

                                               

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Э ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Б-д холбогдох,

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие О.Бтой 2009 онд гэр бүлийн бүртгэл хийлгэн батлуулж байсан. Бидний дундаас том хүү Б.Б 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, бага хүү Б.Т 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрж, одоо 10, 13 настай болж, эх миний асрамжинд эрүүл энх өсөж бойжиж байна. Нөхөр маань намайг бусадтай хардаж улмаар хөлийг маань хугартал, гарны мах тасартал өшиглөж зодож байсан ба үснээс маань чирж гэрийн үүдээр хөөж гаргаж хаях тохиолдол бүрт нь 2 хүүгээ бодоод тэсч тэвчиж өдий хүрсэн. 2 удаа цагдаад хэлж дуудлага өгсөн боловч алдарт уяач болохоороо цэвэрхэн гараад л ирдэг. Иймэрхүү зан харьцаанаас нь болоод нөхөр хөдөө, би 2 хүүгээ аваад Эрдэнэтэд 2017 оноос хойш ирэн очин 2 тустаа байгаа боловч сална гэсэн бодолгүй өдийг хүрсэн байсан. Гэтэл нөхөр маань хөдөө гэртээ өөр эмэгтэйтэй амьдарч байгаа тул цаашид хамт амьдрах боломжгүй болоод байна. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа байлгах тул эцгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү. Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22-р баг Яргуйт Толгод 31 гудамж 5 тоот хашаа байшинг газрын хамт хүүхдүүд бидэнд үлдээхэд нөхөр татгалзахгүй байх эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.

Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.Эын нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22 дугаар баг, Яргуйт толгод 31-5 тоот, хашаа байшинг газрын хамт Ш.Э болон хүүхдүүддээ үлдээнэ. Хүүхдийн асрамжийн хувьд том хүүгээ эхийнх нь асрамжинд үлдээнэ. Харин бага хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байсан боловч ээжийнх нь асрамжинд байлгахад татгалзах зүйлгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э хариуцагч О.Бод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2008 онд танилцаж, хамт амьдран 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 0 дугаартай гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас хүү Бын Б 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, хүү Бын Т 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, 0 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Б.Бгийн 0 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Б.Тгийн 0 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар Энхжих мандарваа өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Яргуйт багийн Засаг даргын тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

            Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцолоос хэрүүл маргаантай амьдарч байсан бөгөөд тэд тусдаа амьдраад 4 жил болсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүү Б.Б, Б.Т нар нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байсан бөгөөд хүүхдэд тавих эхийн анхаарал халамж, ээнэгшин дассан орчин, хүүхдүүдийн сурч боловсрох хөгжих эрхийг хангахад болон хүүхдүүдийн шүүхэд гаргасан санал, хүүхдийн асрамж дээр талууд маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан хүү Б.Б, Б.Т нарыг эх Ш.Эын асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг О.Боос хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан хүү Б.Б, Б.Т нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, хариуцагч О.Б нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, толгодын 31-5 тоотод байрлах 801 мкв талбайтай газар, мөн хаягт байрлах 76 мкв хувийн сууцыг эхнэр Ш.Э, хүү Б.Б, Б.Т нарын өмчлөлд үлдээхэд татгалзах зүйлгүй эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Боос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Эд, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 91 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Ш.Э Дулаанхаан овогт О.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн Бын Б 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Бын Т нарыг эх Ш.Эын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Б, хүү Б.Т нарыг тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг О.Боос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Боос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Эд, 91 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ