| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/01034/И |
| Дугаар | 142/ШШ2021/00905 |
| Огноо | 2021-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2021/00905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СК ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Б-д холбогдох,
316 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагч О.Б, гэрч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “С К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ойдовдорж овогтой Б нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 100143 тоот С үйлчилгээний гэрээг С К ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг С гурвалсан үйлчилгээ болон 250 000 төгрөгний үнэтэй Huawei HG-DG7 /1 ширхэг/, Entone Кamai 500 /2 ширхэг/ төхөөрөмжийн хамт гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний болон төхөөрөмжийн төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үйлчилгээ зогссон. О.Б нь үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлгүй боловч төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэлийг төлж барагдуулаагүй байна. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.4, 6.5, 6.6, 6.7-т заасны дагуу төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл болох 312 000 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй. Иймд О.Бгаас төхөөрөмжийн төлбөрт 312 000 төгрөг, нотариатын зардалд 4 000 төгрөг, нийт 316 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Б миний бие 2014 оноос хойш С хэрэглэж эхэлсэн тэрнээс өнөөг хүртэл төлбөрийн асуудал гарч байгаагүй. Хувийн ажил дээрээ Стай. Нэг өдөр ажилчин залуу нь манайд ирэхдээ манайх төхөөрөмжөө үнэ төлбөргүй шинэчилж байгаа гээд дугаараа үлдээгээд явсан. Би гэртээ хариад тэр залуу руу яриад төхөөрөмжөө салаалуулсан. Бүх төлбөр үнэгүй гээд 2014 онд Сгаас авсан төхөөрөмжийг аваад явсан. Би энэ төхөөрөмжийг үнэ төлбөртэй гэж огт мэдээгүй ба эсвэл яагаад манай төхөөрөмжийг авч явж байгаа юм, үнэгүй шинэчилж байгаа хурд нэмэгдэнэ гээд солисон. 2 мегабайтын хурд 10 мегабайт болно гэсэн нь худал байсан. Хэт удаан бараг зургаан сар ашиглаад сүүлдээ бичлэг ч үзэж чадахааргүй болоод 76769000 руу, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бараг долоо хоног 99189465, 76061135 залгаад өдөрт 5-10 удаа залгаад холбогдож чадаагүй. Тийм учраас Юнивинш дуудаж суулгасан. Иймд би төхөөрөмжийн төлбөрийг өгөх боломжгүй төхөөрөмжийг би салбар дээр нь бариад очсон энийгээ ав гээд. Надад тэр төхөөрөмж хэрэггүй, буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Хүний хэрэгцээг хангахгүй, дээр нь дуудлага өгөөд ирдэггүй, 3 жил ашиглах талаар тайлбарлаж хэлээгүй, хэрэв хэлсэн бол би үргэлжлүүдээд ашиглахаа бодох байсан гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С К” ХХК нь хариуцагч О.Бд холбогдуулан үйлчилгээний гэрээний дагуу төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 312 000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 4 000 төгрөг, нийт 316 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч О.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд мэтгэлцэж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч С К ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үйлчилгээний гэрээний дагуу 36 сар ашиглаагүй хэрэглэгчийн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 312 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг.
Хариуцагч О.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа: 2014 оноос хойш скайтелийн хэрэглэгч байсан ба үйлчилгээний ажилтан нь шинэ төхөөрөмжийг богино хугацаанд суурилуулж байгаа гэсэн тул хуучин төхөөрөмжөө шинэчлүүлэхээр хандсан. Хуучиныг нь аваад явсан болохоор шинэчлэж байна л гэж бодсон. Гэтэл шинэ төхөөрөмж нь гацах байдлаар хэрэгцээ хангахгүй хуучинаасаа ч дордсон. Үйлчилгээний чанарын талаар гомдол гаргахаар утсаа авдаггүй, засч өгөхгүй байсан учир юнивишнг сонгох болсон. Хэрэглээний төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд төхөөрөмжийн төлбөрийг төлөхгүй. Надад энэ тухайгаа хэлээгүй, гэрээг бүрэн уншаагүй гэж мэтгэлцэж байна.
Зохигчдын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үйлчилгээний гэрээ байгуулагдсан ба гэрээний дагуу 36 сар хэрэглэх үүргээ биелүүлээгүй тул төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэгч шаардах эрхээ тодорхойлсон боловч энэ өдөр гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байна. Тухайлбал: хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Үйлчилгээний гэрээ БҮТ-ХҮА-2019/12-V10 гэрээний хавсралт гэсэн 1 хуудас баримтаар зохигчдын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй бөгөөд гэрээний гол нөхцөл гэж тодорхойлсон 36 сар ашиглах талаархи заалт байхгүй, гэрээг хэзээ байгуулсан нь тодорхойгүй, төхөөрөмжийн үнэ хэдэн төгрөг болох, ямар ямар иж бүрдлээс бүрдэх талаар гэрээнд тусгагдаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй гэж үзнэ.
2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 100143 дугаартай гэрээний өргөдлийн маягтанд төхөөрөмжийн төлбөрийг HD бокс 140 000, Wi-Fi цацагч 110 000, нийт 250 000 төгрөг гэж, нэхэмжлэлд 250 000 төгрөгийн үнэтэй Huawei HG-DG7 /1 ширхэг/, Entone Kamai 500 /2 ширхэг/ гэж, гэрч Ч.Тийн “…3 ширхэг 270 000 /150 000+120 000/ төгрөгийн үнэтэй төхөөрөмж суурилуулсан” гэсэн мэдүүлгээр төхөөрөмжийн үнийг 312 000 төгрөг байсан гэж тодорхойлох боломжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад нотариатын үйлчилгээний төлбөрийн зардлыг нэхэмжилсэн боловч энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Тодруулбал: нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд төхөөрөмжийн үнэ ханш хэд байсан. Үүнээс ашигласан хугацааг хэрхэн тооцсон, нотариатын зардал нэхэмжилсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 10 130 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч О.Бд холбогдох 316 000 /гурван зуун арван зургаа/ төгрөг гаргуулах тухай “С К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 130 /арван мянга нэг зуун гуч/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ