| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0181/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/178 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/178
2024 09 04 2024/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч М.Сайнзаяа /томилолтоор/,
хохирогч Б.Шинэбаатар,
шүүгдэгч Н.Ж******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Н.Ж*******д холбогдох эрүүгийн 2415000000161 дугаартай, 163/2024/0*******1/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х******* овогт Н******* Ж*******, ******* аймгийн ******* суманд ******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, 31 настай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, ******* хотын ******* дүүргийн ******* дугаар хороо тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: РЭ93102002.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Н.Ж******* нь өөрийн “ ” гэж фэйсбүүк хаягаас Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байх хугацаандаа буюу 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд удаа дараа фэйсбүүк цахим орчинд байрлах группүүдэд өөрийн хамтран амьдрагч байсан Б.Ш талаар хувийн зургийг байршуулан “Би донтой залуу байна. Би эмэгтэй хүнийг ашиглаж хаях дуртай. Би бас орондоо шээж байсан. Тоглуулах охин байна уу?, ганц удаа хамт хонох охин байна уу?, миний дугаар . Мөн би орондоо шээгээд бас эмэгтэй хүнийг барьж авч зоддог байсан юмаа. Би тийм л байна. Надтай танилцаж гар хүргүүлэх эмэгтэй байна уу?, гэх илтэд худал мэдээллийг фэйсбүүк цахим сүлжээнд нийтэлж олон нийтэд тараасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд
шүүгдэгч Н.Ж******* нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “ ” гэх фэйсбүүк хаягнаас
цахим орчинд байрлах группт хамтран амьдарч Б.Ш фото зураг бүхий “Би донтой залуу байна”, “Би эмэгтэй хүнийг ашиглаж хаях дуртай”, “Би бас орондоо шээж байсан”, “Тоглуулах охин байна уу”, “ганц удаа хамт хонох охин байна уу”, “миний дугаар ”, “би орондоо шээгээд бас эмэгтэй хүнийг барьж авч зоддог байсан юмаа. Би тийм л байна”, “Надтай танилцаж гар хүргүүлэх эмэгтэй байна уу” зэрэг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илтэд худал мэдээллийг цахим сүлжээ ашиглан олон нийтэд тараасан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:
-Хохирогч Б.Ш “...Би одоогоор Булган аймгийн Булган суманд барилгын туслахаар ажиллаж амьдарч байгаа ба 2023 оны 08 дугаар сард ******* хотод байхдаа фейсбүүкээр гэх нэртэй фейсбүүк хаягтай эмэгтэйтэй танилцаад 2024 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан юм. Ингээд бид хоёр ойролцоогоор 3 сарын хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд Булган аймгийн Булган суманд хамтран амьдарч байсан юм. Тэгээд бид хоёр 2024 оны 06 дугаар сарын эхээр Булган аймгийн Булган суманд байхдаа үл ойлголцсоны улмаас маргалдсан юм. Гэтэл тухайн үед бид хоёр хардалтын улмаас маргалдсан ба түүний дараагаар фейсбүүк дээр байх олон зарын группүүд дээр миний хувийн зургийг оруулаад доор нь би донтой залуу, надаар тоглуулах хүүхэн байна уу, би орондоо шээдэг, ганц удаа хамт хонох охин байна уу, энэ залуу охин болгонтой унтаж ашиглаж явдаг гэх мэтээр миний талаар худал мэдээлэл тарааж намайг доромжилсон утгатай нийтлэл оруулсан байсан. Тухайн нийтэлсэн фейсбүүк группүүдийг дурдвал АЙМАГ СУМ, хотын хамгийн том зар, Тэшиг сумын зарын нэгдсэн групп, аймгийн зарын групп зэрэг группүүд дээр зурагтай нийтлэл оруулсан байсан. Би энэ талаарх өөрийн гар утсан дээрээ хадгалж авсан зургуудаа хэвлэн хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Миний талаарх нийтлэлийг гэх нэртэй фейсбүүк хаягаас оруулсан байсан ба тухайн фейсбүүк хаягийг анх надтай 2023 оны 08 дугаар сард танилцаад хамтран амьдарч байсан эмэгтэй ашигладаг. Тухайн эмэгтэйг би анх танилцсан цагаасаа хойш Намуунзул гэдэг нэртэй юм байна гэж боддог байсан саяхан нэг хүнээс асуутал Н.Ж******* гэдэг нэртэй юм байна лээ. Тухайн фейсбүүк дээр тавьсан байсан нийтлэлтэй холбоотойгоор миний нэр хүнд унасан, доромжлогдсон тул би энэ талаар цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Миний өөрийн хувийн зурагтай доромжилсон утгатай нийтлэлийг нэртэй фейсбүүк хаягаас олон зарын группүүд дээр нийтэлсэн байсан. Тухайн нэртэй фейсбүүк хаягийг Н.Ж******* ашигладаг ба би Н.Ж*******тай 2023 оны 08 дугаар сараас хойш нэртэй фейсбүүк хаягаар нь харьцдаг байсан. Би Н.Ж*******тай 2023 оны 08 дугаар сард фейсбүүкээр танилцаад 2024 оны 03 дугаар сараас2024 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан. Би Н.Ж*******тай 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд хамт амьдарсан ба зан аашны хувьд муухай ааштай санагдсан. Мөн ойр тойрны гэрийнхээ хүмүүстэйгээ харьцахдаа ч муухай харьцдаг юм байна лээ. Би Н.Ж*******ы төрсөн эх н.Н нэлээн хэдэн удаа уулзаж байсан. Түүний ээж нь ******* хот ******* дүүрэг 7 буудлын автобусны буудлын тэнд байдаг юм байна лээ. Би одоо очвол сайн мэднэ. Би сүүлд 2024 оны 05 дугаар сарын сүүлээр ******* хотод байх Н.Ж*******ы гэрт очоод өөрийнх нь 4 хүүхэдтэй танилцсан ба надад 4 хүүхэдтэй гэдэг талаараа тухайн үед л анх хэлж байсан. Н.Ж*******ы фейсбүүк дээр тавьсан байсан нийтлэлээс болж миний нэр хүнд унаж байна. Намайг хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байна. Фейсбүүк дээр тавьсан байсан нийтлэлүүдийг устгуулмаар байна. Тухайн нийтлэл оруулсан Н.Ж*******д хууль ёсны хариуцлага тооцуулмаар байна. Би гомдолтой байна. Надад сэжиглэж байгаа хүн байгаа. Би гэх фейсбүүк хаягаас нийтлэл оруулсан хүнийг Н.Ж******* гэж бодож байна Тухайн хүн Н.Ж******* мөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
-Хохирогч Б.Ш гаргаж өгсөн 3 хуудас баримт /хавтаст хэргийн 6-8- дахь тал/,
-Шүүгдэгч Н.Ж*******ы гар утсанд 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-30 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Шинэбаатар “...Мэдүүлэг өгөхгүй, хамтран амьдрагч Н.Ж*******ы цахим орчинд нийтэлсэн мэдээллүүд нь огт үндэслэлгүй худлаа мэдээлэл юм. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ж*******ы: “...Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Н.Ж******* нь өөрийн “ ” гэж фэйсбүүк хаягаас Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байх хугацаандаа буюу 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд удаа дараа фэйсбүүк цахим орчинд байрлах группуудэд өөрийн хамтран амьдрагч байсан Б.Ш талаар хувийн зургийг байршуулан илтэд худал мэдээллийг фэйсбүүк цахим сүлжээнд нийтэлж олон нийтэд тараасан болох нотлогдсон байна. Иймд шүүгдэгч Т.Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээллийг цахим сүлжээнд нийтэлж, олон нийтэд тараасан” гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Н.Ж******* нь хамтран амьдрагч Б.Ш гэрэл зургийг цахим орчинд байршуулан түүний нэр төр, алдар хүндэд халдсан илтэд худал мэдээллийг цахим сүлжээ ашиглан олон нийтэд тараасан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Ж******* нь тус мэдээлэл нь илт худал болохыг мэдэж байсан атлаа түүний хүсэж цахим сүлжээ ашиглан олон нийтэд тараасан байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцох бөгөөд дээрх үйлдэл нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцлоо.
Н.Ж*******ы үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Ж*******ыг “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Б.Шинэбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Ж*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Н.Ж*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Н.Ж*******: “...Би ******* хотод 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хүүхдүүдийн маань эцэг хүүхдүүдээ авна гээд шүүхээр маргалдаж байгаа. Намайг байхгүй хооронд хүүхдүүдийг маань нууцаар аваад явчихсан байсан. Тэгэхээр хотод очоод шүүх, цагдаагаар явах ажилтай байгаа тул энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ялаар шийтгэж өгнө үү ...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дэх тал/, ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 он 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 86-89 дэх тал/, Н.Ж*******ыг эрэн сурвалжилсан талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 92-93 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 94 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 97 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 98 дахь тал/, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 103 дахь тал/, Б.Мөнгөншагайн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 110 дахь тал/, Б.Номин-Эрдэнийн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 111 дэх тал/, Б.Маргад-Эрдэнийн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 112 дахь тал/, Ж.Алтаншагайн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 113 дахь тал/, зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Ж*******ы хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Ж*******ы нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, шүүгдэгч Н.Ж******* нь гэр бүлийн асуудалтай холбоотой маргаан шийдвэрлүүлэх зорилгоор торгох ял оногдуулж өгөх тухай хүсэлт тус тус гаргасан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Ж******* нь сүүлийн 1 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, Нийгмийн халамжийн тухай хуульд заасан “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ээс өөр орлогогүй байх тул түүнд торгох ял оногдуулах нь торгох ял биелэгдэх боломжгүй байхын зэрэгцээ “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэх шударга ёсны заримд нийцэхгүй, түүнчлэн шүүгдэгч Н.Ж******* нь урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан боловч дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд дахин зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын “...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх...” зорилгыг хангахгүй гэж шүүх дүгнэв.
Иймд эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
2.3.Бусад асуудал
Шүүгдэгч Н.Ж******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.Ж*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х******* овогт Н******* Ж*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж*******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж*******д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Ж*******д сануулсугай.
5.Шүүгдэгч Н.Ж******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ