Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2021/00927

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00103/и

   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, *******  баг, ******* тоотод байрлах Х- банкны ДС-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******хот, ******* дүүрэг, ******* хороо, *******  тоотод оршин суух ******* овогт Б.Б-/РД:*******/,

Хариуцагч: ******* аймгийн *******сумын ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт И.Б- /РД:*******/ нарт холбогдох,

“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 8,230,034.94 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т- /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х- банкны ДС- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И.Б- Б.Б- нар нь Х- банкнаас 2017 оны 07 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10.675.162 төгрөгийн цалингийн зээл авсан. 2018 оны 03 сарын 30-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 159 хоног хэтэрсэн байна. Иймд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр нийт 8.230.034,94 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна” гэв. 

 

Хариуцагч Б.Б- шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх Х- банкнаас зээл авахдаа гэрлэлтийн баталгаатай албан ёсны гэр бүл байсан. Тухайн үед авсан 10,675,162.01 төгрөгийн зээлийг бид хоёр гэр бүлийнхээ хашаа, байшин амьдрал ахуйгаа сайжруулахад зориулсан. Иймд хариуцагч И.Б-тай хамт, хувааж төлөх хүсэлтэй байна. Өөрт ногдох 4.115.017.47 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Төлбөрийг төлөхгүй явсаар хүү, хүүгийн төлбөр гээд нэмэгдсэн байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х- банкны ДС- нь хариуцагч И.Б-, Б.Б- нарт холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн нийт төлбөр 8,230,034.94 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Б- нь шүүхэд гаргасан тайлбартаа “Миний бие Х- банкнаас зээл авсан нь үнэн төлөх үүргээ хүлээн зөвшөөрч байгаа тул Х- банкны нэхэмжилсэн 8,230,034.94 төгрөгөөс тал хувь болох 4,115,017.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарладаг, хариуцагч И.Б- хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Х- банкнаас хариуцагч И.Б-, Б.Б- нар нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 7,675,162.01 төгрөг дээр 3,000,000 төгрөгийг нэмж, нийт 10,675,162.01 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч нарын хүсэлтээр 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *******-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж хугацааг сунган сард төлөх төлбөрийн хэмжээг бууруулан хавсралт-2 дахь зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг байгуулж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байна.  

Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд зааснаар гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дуусахаар байгаа боловч нэхэмжлэгч Х- банкны ДС- нь хариуцагч И.Б-, Б.Б- нарыг зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “хариуцагч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед төлбөрөө төлөөгүй 159 хоног хгуацаа хэтэрсэн, төлөлт хийгээгүй” гэсэн тайлбар, И.Б-, Б.Б- нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд хариуцагч нар нь 2020 оны 10 дугаар сараас хойш зээл буцаан төлөх хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч Х- банкны ДС-аас зээлийн гэрээний үүрэг зөрчиж байгаа   болон  үүргээ  биелүүлэхийг  бичгээр  мэдэгдэл  өгч  байсан  болох нь хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5068/27, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5119/01/21 дугаартай зээл төлөх тухай мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 4.2.2-т зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн төлбөрийг сар бүр зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байхаар заасан бөгөөд хариуцагч нар нь энэхүү гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2020 оны 10 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байх тул нэхэмжлэгч банкны зүгээс зээлийн гэрээний 6.1.1-д зааснаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч банкны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах дээрх шаардлага нь энэхүү хуульд заасантай нийцэж байна.

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/201******* дугаартай зээлийн гэрээний 1.2.4-т “зээлдэгч зээлийн гэрээний 2.1.7 болон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт заасан дэд хугацаанд хуваарьт зээлийн төлбөрөө эргүүлэн төлөөгүй тохиолдолд нэмж төлөхөөр тохиролцсон 2.1.6-д заасан хүүг нэмэгдүүлсэн хүү”, 2.1.6-д “нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна” гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.

Мөн хариуцагч нар нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй болно.

 

Тус зээлийн гэрээг өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 7,675,162.01 төгрөг дээр 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэмж 3,000,000 төгрөгийг авч, мөн өдрөө зээлийн гэрээг нийт зээлийн төлбөр болох 10,675,162.01 төгрөгийн хэмжээгээр хийсэн байх бөгөөд хариуцагч Б.Б-гийн шүүхэд гаргасан тайлбараар гэрээний зүйл болох мөнгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан байх бөгөөд талууд гэрээгээр зээлийн гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх журмыг дээр дурдсанаар тохирсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Нөгөө талаар хариуцагч И.Б-, Б.Б- нар нь нэхэмжлэгч Х- банкны шаардлагын хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид тул мөн хуулийн 242.11-д зааснаар тэдгээрийн үүрэг тэнцүү байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Х- банк, Б.Б-, И.Б- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн  үндсэн  төлбөр  6,444,367.01  төгрөг,  зээлийн  хүүгийн  төлбөр 1,764,762.90  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,905.03 төгрөг, нийт 8,225,034.94 төгрөгийг хариуцагч Б.Б-, И.Б- нараас гаргуулж, Х- банкны ДС-т олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчээс нотариатын зардалд 5000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч Х- банкны дээрх шаардлагаа нотолж шүүхэд ирүүлсэн  нотариатын зардал төлсөн мөнгөний тасалбар нь нотлох баримтын шаардлага хангасан баримт байна.

 

Хариуцагч И.Б- нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Харин хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т- хариуцагч И.Б-ыг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд талууд өмнө нь гаргаж хариуцагч И.Б-ыг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд дахин энэ хүсэлтийг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасантай нийцэхгүй гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан байна.

Учир нь хуулийн дээрх заалтад заасан шүүх хуралдаанд оролцох эсэх нь хариуцагч И.Б-ын эрхийн асуудал байх тул хуулиар үүрэг болгож өгөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Х- банк, Б.Б-, И.Б- нарын байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Б-, И.Б- нараас нийт 8,230,034.94 төгрөгийг гаргуулж, Х- банкны ДС-т олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 146,632 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-, И.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 146,632 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х- банкны ДС-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Т.ЖАВХЛАНТӨГС