Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 26

 

        С.Бэд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                       С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Г.Э

Шүүгдэгч                                                        С.Б

Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Бэд холбогдох 1812005390203 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу баг, Асгатын гол гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, С.Б 

Шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 04 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутагт шороон зам дээр 11-90 УНМ улсын дугаартай Тоёото Пийлдэр маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, улмаар зорчигч Х.Тийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн зорчигч С.Бын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас С.Бэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч С.Бийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жил 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд оногдуулсан 1/нэг/ жил 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргал нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч С.Бийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 118 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Асгатын гол гэх газар оршин суух С.Б намайг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний ар гэрийн байдал маш хүнд байна. Эхнэр Ц 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Эхнэр минь хүндрэлтэй төрсөн учир зайлшгүй хүний асаргаа шаардлагатай байна. Мөн хүү Д 5 настай бага насны хүүхэд учир хараа хяналтад байх шаардлагатай. Манайх Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Асгатын голд ганц гэрээрээ байгаа зэрэг хүнд шалтгаанууд байна. Миний бие үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлыг бүгдийг нь төлсөн. Хүний амь нас хохирсон, бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж бүх зүйлд би буруутай гэдгээ бүрэн ухамсарлаж байгаа. Мөн маш ихээр гэмшиж байна. Миний ар гэрийн аргагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж миний ялыг багасган хөнгөлж, тэнсэх ялаар сольж өгнө үү гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч С.Бийн өмгөөлөгч Г.Э би дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэрэгт хууль зүйн дүгнэлт хийхдээ согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, уг гэмт хэргийг хүндрүүлэх шинжээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Жолооч Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үед үйлдсэн гэдэг ойлголтод жолооч өөрийгөө согтуурсан болохыг мэдсээр байж, эсхүл согтуурсан мансуурсны улмаас ухамсарт ухаан нь алдагдсан аль аль нөхцөл байх бөгөөд энэ нөхцөлүүд С.Бэд байгаагүй бөгөөд үүнийг нотлоогүй. Мөн яллах дүгнэлтэд С.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн бусдын амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. С.Бийг согтуу гэдгийг нотлоогүй учраас яллах дүгнэлтдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж дүгнэсэн гэж ойлгогдохоор байна. С.Б нь архи хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож болох ч бусдын архи уусан, архи үнэртэж байсан гэх мэдүүлгүүдийг үндэслэн түүнийг согтуурсан гэж үзсэн, илтэд нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд согтуурсан болохыг бусдын мэдүүлгээс гадна объектив байдлаар цус, шээснээс дээж авч, шинжилгээ хийж үүгээр нотлогдсон тохиолдолд л эргэлзээгүйгээр согтуурсан гэдгийг тогтоох учиртай. Мөн Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалаар жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.6-д “гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис  хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж журамласан. Энэ нөхцөл ч С.Бийн хэрэгт хангагдаагүй. С.Б архи хэрэглэсэн гэдэгтээ маргахгүй. Харин согтуурсан гэж үзсэнтэй маргаж байна. Согтуурсан, хэрэглэсэн гэдэг бол хоёр өөр ойлголт юм. Иймээс С.Бийг согтуу болохыг эргэлзээгүй байдлаар нотлоогүй учир хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж, мөн түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. С.Бийн эхнэр Д.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Эхнэр нь эхэс гардуулж, цус алдаж хүндрэлтэй төрсөн бөгөөд төрөөд 6 хонож байна. Гэртээ бага насны 5 настай хүүтэйгээ, хөдөө ганц гэрээрээ амьдарч, ар гэрийн бодит амьдрал туйлын хүнд байна. Энэ нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзнэ үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Бийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. С.Бийн согтуурлын хэмжээг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй боловч гэрч нарын мэдүүлгээр тэрээр архи уусан гэдэг нь тогтоогддог. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс хууль хэрэглээний асуудал дээр маргаж байна. Анхан шатны шүүхээс С.Бийг согтуурсан үедээ гэж үзсэн. Мөн яллах дүгнэлтэд архи хэрэглэсэн үедээ гэсэн байдаг. Энэ хоёр ойлголт нь өөр юм. Согтуурсан байх нь эрүүгийн хэргийн шинжтэй, харин хэрэглэсэн гэдэг нь зөрчлийн хэргийн шинжтэй байдаг. С.Бийг эргэлзээгүй байдлаар  нотлоогүй бөгөөд тухайн үед түүнээс цусны шинжилгээ авсан боловч цусны дээж хүрэлцэхгүй байна гэдэг. Цусны дээж хүрэлцэхгүй байгаа нь согтуурсан гэж үзэх боломжгүй юм. Мөн гэрч нарын мэдүүлэг болон бусад мэдүүлгээр архи үнэртэж байсан гэдэг үгээр С.Бийг согтуу байна гэж үзэх боломжгүй. Үнэртэх зүйл байж болно. С.Б тэр өдөр  гэртээ хүмүүс цай уулгасан боловч тэрээр ирсэн хүмүүстэйгээ зэрэгцээд архи уугаагүй. С.Б нь айлд очоод тоглож байх явцдаа ганц хоёр хундага тойроод ирсэн байхыг үгүйсгэхгүй. Харин үнэртсэн байхыг согтуу гэж үзэхгүй. Согтуурсан, хэрэглэсэн гэдгийг яагаад нэгийг нь гэмт хэргийн шинжтэй болгоод нөгөөг нь зөрчлийн шинжтэй гэж үзсэн юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт согтуурсан гэж байгаа. Гэтэл яллах дүгнэлтэд хэрэглэсэн үедээ гэсэн байна. Тиймээс шүүх яллах дүгнэлтийн хүндрүүлсэн нөхцөлөөр С.Бийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай харагдаж байна. С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирол төлбөрөө төлсөн. Осол гаргахдаа согтуу байсан уу, эсхүл үгүй юу гэдэг дээр маргаан байна. Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар заавал цуснаас нь шинжилгээ авна гэсэн байгаа энэ журмыг зөрчиж байна. Иймд С.Бийн цуснаас нь дээж аваад согтуу байсан гээд тогтоосон бол маргаад байх зүйлгүй. С.Б нь тухайн үед эмнэлэгт ухаангүй очсон болохоор үлээлгэж чадаагүй байх. Цусан дахь этилийн агууламжаар тогтооно гэсэн энэ журмыг зөрчөөд байна. Хууль хэрэглэхдээ эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй нь миний хувьд эргэлзээ үүсгээд байна. Эргэлзээтэй байгаа тохиолдолд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хуулийн заалттай байдаг. Тэгэхээр С.Бэд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чинь сэтгэлээсээ гэмшсэн,  учруулсан хохирол төлбөрөө төлсөн энэ нөхцөл байдлуудыг харгалзан  үзэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал оруулж байна.  С.Бийн хувийн амьдралын талаар хэлэхэд эхнэр нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Мөн түүнийг хоригдож байх явцад нь аав нь нас барсан бөгөөд тухайн үед С.Бийнх ганц гэрээрээ хөдөө байсан. Аав нь хамт очиж айл буухаар ярьж байсан боловч нөхцөл байдал өөр болсон. С.Бийг хоригдсон хойно нь  аав нь нас барсан.  Аавынх нь 49 хоног болоогүй бөгөөд аавынх нь гэрийг байгаа газраас нь нүүлгэх нөхцөл байдал үүсэж байгаа. Тиймээс ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү. Хэргийн нөхцөл байдал эргэлзээтэй байгаа учраас хэргийг ашигтай байдлаар шийдэж өгнө үү. Гэмт хэрэг хийсэн хүнийг зүгээр байлгаж болохгүй, мөн хүнд ял оногдуулж болохгүй гэсэн зарчим байх ёстой. Тэнсэх ял хүртэл хууль шүүхийн байгууллагын хяналт доор байдаг бөгөөд өөрийгөө ялтай мэт бодож явдаг ял юм. С.Б  гэм буруугийн асуудал дээр маргаагүй, харин хууль хэрэглээний асуудал дээр өмгөөлөгч би санал гаргаж байгаа юм. Хуулийг зөв хэрэглэж байна уу, эсхүл буруу хэрэглэж байна уу гэдэг тал дээр эрх зүйн туслалцааны үүднээс тайлбарлах нь өмгөөлөгч миний үүрэг байдаг. Иймд хэргийн зүйчлэл тохироогүй ба С.Б нь согтуурсан байгаагүй, яллах  дүгнэлтэд согтуурсан гэдгийг  нотлоогүй, хэрэглэсэн гэж оруулж ирсэн энэ нөхцөл байдал эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. С.Бийн согтуу үедээ Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлж, С.Бэд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн түүнд холбогдох эрүүгийн хариуцлагыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч С.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 309 дугаартай яллах дүгнэлтэд...С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн бусдын амь насыг хохироосон гэсэн дүгнэлт хийсэн атлаа уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан...согтуурсан мансуурсан үедээ...үйлдсэн гэж яллах дүгнэлтийнхээ үндэслэл хэсгээс зөрүүтэй зүйлчилж анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад яллах дүгнэлтийн зөрүүтэй байдлыг засуулалгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт ...согтуурсан мансуурсан...гэх заалт нь прокурорын яллах дүгнэлтийн...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...гэсэн дүгнэлттэй нийцэж байгаа эсэх, яллах дүгнэлтийн үндэслэлийн талаар өмгөөлөгч маргаантай байгаа зэрэгт анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй  байна. 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан... зүйлчлэлийг өөрчилж, тэнсэж өгнө үү гэсэн гомдолд дүгнэлт хийгээгүй болно.    

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэрэг прокурорт очтол шүүгдэгч С.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                        ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай. 

2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч С.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД             Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                              В.ЦЭЦЭНБИЛЭГ