Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0658

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.О

Хариуцагч: ХУД-ийн УБХ.

Нэхэмжлэлийн шаардлага:Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Y-2206067418 дугаарт бүртгэлтэй 000773413 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.С, нэхэмжлэгч Ж.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Ннар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Ж.О  миний бие өөрийн нөхөр болох Б.Г болон 2 хүүхдийн хам 7 онд Б.Г-гийн эмээ н.Б-ийн хашаанд буюу Хан-Уул дүүрэг 8-р хороо 5-174 тоотод шинээр байшин барин өнөөдрийг хүртэл 13 дахь жилдээ амьдарч байгаа билээ.

Улмаар 2019 оны Хан-Уул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр бидний гэр бүл цуцлах асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд тухайн хашаанд барьсан дундын эд хөрөнгө болох байшинг гэр бүлийн нийт гишүүдэд тэнцүү хуваан олгох шийдвэр гарсан ба Г нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан боловч анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээх магадлал гарсан болно.

Б.Г нь уг магадлалыг эс зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа бөгөөд асуудал шүүхээр бүрэн эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Гэвч Г нь тухайн асуудал шүүхийн шатанд хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд эгч болон эмээ Бушнаагийнхаа нэр дээр хүсэлт гарган тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлэн хэрэг шийдвэрлэгдэх мөчид хүндрэл учруулж байна.

Иймд 2020-02-06-ны өдрийн Ү-2206067418 дугаартай өмчлөх эрхийн 000773413 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг зохих шатны байгууллагад /ХУД-ийн УБХт/ нь даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Г бид 2 2006 онд гэрлээд, 2008 онд анхны хүүхэд төрсөн. Тэр хугацаанд өөрийн гараар байшингаа бариад 2006-2008 оны 7 дугаар сард барьсан байшиндаа бид нар орсон байдаг. Түүнээс хойш 14 жил хамт амьдраад таарч тохирохгүйн улмаас Г бид 2 салах өргөдлөө өгөөд шүүхээр шийдвэрлүүлсэн. Шүүх шийдвэрлэхдээ хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид өгч, дундын эд хөрөнгө болох байшин болон машиныг зарж гэр бүлийн гишүүдэд оногдох хөрөнгийг хуваарилсан байдаг. Тийм учраас тухайн байшинг хүү охин Г бидний нэр дээр болгож өгнө үү. Иргэний хэргийн шүүх хурал дээр Г хэлэхдээ “миний хөрөнгө болох байшин эгчийн нэр дээр барьцаанд байгаа, уг барьцааны хугацаа дуусахаар та нар ав ” гэж хэлсэн байдаг. Ээж нь хүртэл тэгж хэлсэн. Шүүхээр маргаанаа шийдүүлэх гээд явж байх хугацаанд “та нарт юу ч өгөхгүй ээ, та нарыг гудамжинд гаргана” гэж хэлдэг байсан. Тийм болохоор Г байшингаа эгч эмээгийнхээ нэр дээр шилжүүлсэн байх гэж үзэж байгаа” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Бушнаа болон Ганчимэгийн газрын эрхийн тал дээр бид нар маргаагүй. Уг газар дээр барьсан байшин хэний өмч болохыг Улсын бүртгэлийн газар тогтоож гэрчилгээ олгосон нь эргэлзээтэй. Тухайн байшин хэний өмч вэ гэдэг нь эргэлзээтэй маргаантай байхад улсын бүртгэлийн газар бүртгэж гэрчилгээ олгосон нь буруу гэж үзэж улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгаж өгнө үү.

Гуравдагч этгээд хэлэхдээ “Иргэний хэргийн шүүхээр яваад эд хөрөнгийн маргаантай байгааг огт мэдээгүй гэж яриад байна. Хамтдаа амьдарч байсан учир мэдэж л байх ёстой. Мөн Д.Н өмгөөлөгч тухайн үед иргэний маргаанд өмгөөлөгчөөр оролцож байсан мэдэж л байгаа. Бүхэл бүтэн 2 шатны шүүхээр явж байхад шүүхийн шийдвэрт саад болох, чирэгдэл учруулах гээд байна гэдэг шиг ийм асуудлууд байгаад байна” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ж.Оын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 5 гудамжны 174 хаягтай 66 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай барилгыг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу иргэн Б.Бгаргасан мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, газрын гэрчилгээ, кадастрын зураг, эд хөрөнгийг харуулсан план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү2206067418 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000773413 дугаартай гэрчилгээ 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр олгосон байна.

Дээрх эрхийн улсын бүртгэл нь УБЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-т заасны дагуу тухайн бүртгэл нь үнэн зөв нотлох баримтад үндэслэж, хуулийн журмын дагуу бүртгэгдсэн байх тул тухайн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүйгээр, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Ж.Оын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнж 5 174 тоотод байрлалтай 66м.кв хувийн сууцыг улсын бүртгэлд бүртгэхдээ эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Бушнаагийн гаргасан мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, газрын гэрчилгээ, кадастрын зураг, эд хөрөнгийг харуулсан палан зураг, фото зураг тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү2206067418 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх  эрхийн улсын бүртгэлийн 00773413 дугаартай гэрчилгээг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр олгосон. Дээрх эрхийн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дах хэсэгт зааснаар тухайн бүртгэл нь үнэн зөв байх бөгөөд, хуулийн дагуу бүртгэгдсэн байх ба тухайн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Маргаан бүхий хөрөнгийг бүртгэхэд эргэлзээтэй үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн байна гэсэн тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргалаа. Уг хөрөнгийг бүртгэхэд ямар нэгэн эрх бүхий байгууллагаас гаргасан бичиг, өргөдөл гомдол, шүүхээс маргаантай байгаа гэсэн тодорхойлолт лавлагаа байхгүй, ямар нэгэн эрхийн зөрчилгүй, байсан” гэв.

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:  “Иргэн Ж.Оын нэхэмжлэлтэй ХУД-ийн УБХт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.Ганчимэг миний бие оролцож байгаа болно.

Б.Ганчимэг миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие Баатарсүрэн овогтой Г нь өөрийн эмээ Б.Б-ийн гар дээр 2 наснаас эхлэн Ховд аймгийн Булган суманд өсөж хүмүүжсэн. 2000 онд аав, ээж, эгч, дүү болон эмээ Б.Б-ийн хамт Улаанбаатар хотод шилжин ирж, Хан- Уул дүүргийн 8 дугаар хороонд газар авч, хашаа байшин барин амьдарч эхэлсэн.

Уг газрыг /Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 5-174 тоот/ 2000 оноос эзэмшиж эхэлсэн бөгөөд /Уг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбарыг хавсаргав/ Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар 385м2 газрыг иргэн Б.Б-ийн нэр дээр газар өмчлүүлэх тухай шийдвэр гарсан байдаг. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр уг газрын хууль ёсны өмчлөгч нь иргэн Б.Б Б.Г/2 хүний өмч/ нар тул өмчлөх эрхийн Г- 2206006208 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгогдсон бөгөөд газар эзэмших, өмчлөх талаар ямар нэгэн маргаан байхгүй болно.

Уг газар дээр 2005 /Уг байшинг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт 2005 онд барьж ашиглалтад оруулсныг дурдсан. Уг мэдээлэл хавтас хэрэгт байгаа болно/ онд аав, ээж болон миний бие хамтран 66м2 талбайтай хувийн сууцны зориулалттай байшин барьсан /Б.Б, Б.Г нарт зориулагдсан хувийн сууц/ юм. Гэтэл дуү Б.Г нь нэхэмжлэгч Ж.Отай 2006 онд гэр бүл болж, 2008 онд хүү Г.Н нь төрсөн тул тэднийг өөрийн гэсэн орон байртай болтол уг байшиндаа түр амьдрахыг нь зөвшөөрсөн юм. Түүнээс биш тэдэнд бэлэглэсэн явдал огт байхгүй болно.

Б.Б, Б.Г нар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 5-174 тоот газар болон түүн дээр барьсан байшингийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь мөн бөгөөд уг өмчийг бусад хэн нэгэн этгээдэд шилжүүлж өгөх зөвшөөрлийг өгч байгаагүй болно.

Гэтэл Б.Г, Ж.О нар нь гэр бүлийн таарамжгүй байдал, үл ойлголцох байдлын улмаас 2019 онд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулахдаа гэр бүлийн дундын өмчлөлд байгаа гэж үзэж буй байшин /Хууль ёсны өмчлөгч нь иргэн Б.Б, Б.Г нар юм/ -г (Ж.О нь уг байшинг хууль ёсны өмчлөгчид мэдэгдэлгүй өөрийн дугаар үнэлгээ хийлгэсэн байдаг.) хууль бусаар үнэлүүлэн гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэмжээг тодорхойлж хуваарилуулан шийдвэрлүүлж, иргэн Б.Б Б.Г нарын эрх ашгийг ноцтой зөрчиж эд хөрөнгөөр хохироож байна. Тэд гэр бүл цуцлуулах маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхдээ Б.Б болон Б.Г бидний өмчийг өөрсдийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж хууль ёсны өмчлөгч болох бидэнд огт мэдэгдэлгүйгээр, бидний зөвшөөрлийг ч авалгүйгээр, хоорондоо дураараа тохиролцон хуваан авахаар шүүхэд мэдүүлснээс Б.Б Б.Г бид эд хөрөнгийнхөө эрхээр хохирсон. Үүнийг тэдний гэр бүл цуцлах шүүхийн шийдвэр гарсны дараагаар дүү Б.Г бидэнд мэдэгдсэн бөгөөд яагаад бидэнд хэлэлгүй тэгж шийдэж байгааг асуухад, эхнэр хэл ам хийгээд,орилж хашгираад байхаар нь ингээд шийдүүлчихлээ гэсэн. Хэдийгээр бид төрсөн эгч, дүүс ч гэлээ бүгд тус тусдаа амьдралтай, өөрийн гэсэн тус тусын эд хөрөнгөө хуульд заасан эрхийнхээ дагуу өөрсдөө захиран зарцуулах эрхтэй гэж ойлгож байна. Ийм ч учраас Б.Г болон Ж.О нарын хийсэн хууль бус явдлыг зөвшөөрөхгүй гэж, өөрийн өмчлөх эрхийг хамгаалах гэж, хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж авсан. Мөн тэдний хоорондын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд одоо УДШ-д гомдол гаргасан байгаа болно Үндэслэл нь гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхүйц нотлох баримт байхад шүүх үүнийг огт анхааралгүйгээр зөвхөн тэдний хоорондоо тохиролцсон гэх хууль бус тохиролцоог үндэслэн бусдын өмчийн хөрөнгийг эздээс нь тодруулалгүйгээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцон үнэлж, хувааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан гомдол гаргаад байгаа болно.

Иймд Б.Г болон Б.Б нар тухайн газар болон байшингийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулж, эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь хууль журмын дагуу үндэслэл бүхий нотлох баримтад тулгуурлан хийгдсэн, холбогдох хуулийг зөрчөөгүй тул гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжин оролцож байгаа ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Тус газар нь 2012-2019 онд Орон сууцны зээлийн гэрээний барьцаанд байсан учраас тухайн байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч чадахгүй байсан бөгөөд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ дуусгавар болоход /2019 онд/ үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлсэн юм.Үүнийг нотлох дараах тайлбар, үндэслэлийг гаргаж байна.

Миний бие Б.Г нь 2012 онд өөрийн нөхөр Ч.Лхагвадоржийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны 7 дугаар байрны 36 тоотод “Орон сууц худалдан авах "Зээлийн гэрээ”-ний барьцаанд уг газрыг “барьцаалбар” болгосон байсан бөгөөд 2019 оны 08 дугаар сард “Орон сууц”-ны үнийг бүрэн төлсөн тул “Зээлийн гэрээ” дуусгавар болоход барьцааны /уг газрыг барьцаалсан гэрээ/ гэрээ хамт дуусгавар болсон /Төрийн мэдээллийн цахим сангаас авсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг хавсаргав/ юм. (Төрийн үйлчилгээний цахим машинаас энэхүү мэдээллийг зөвхөн өмчлөгч нь өөрийн иргэний үнэмлэх болон хурууны хээний тусламжтайгаар авч байгаа болно) Ийнхүү уг газрын барьцааны хугацаа дуусгавар болсон тул барьсан байшингаа өмчлөхөөр эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр иргэн Б бушнаа, Б.Ганчимэг нарын нэр дээр №000773413 дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ хууль, журмын дагуу олгогдсон юм.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 5-174 тоот газарт барьсан 66м2 талбайтай, хувийн байшинг Б.Б Б.Гнар нь хууль, журмын дагуу эзэмшиж, өмчилснийг нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны 11739 тоот албан бичиг(Хавтасхэрэгт байгаа), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-гийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тус шүүхэд хүргүүлсэн хариу тайлбар зэргээр нотлогдож байна.

Тус газар болон байшин /үл хөдлөх хөрөнгө/-г эзэмших, ашиглах, өмчлөх талаар эрх авах үйл ажиллагаа нь бүгд хууль, журмын дагуу явагдсан бөгөөд иргэн

Б.Б Б.Гнарын хууль ёсны өмч юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Ж.Оын нэхэмжлэлтэй хэрэгт Ганчимэг миний бие гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие аав ээжийн хамт 2000 онд Улаанбаатар хотод нүүж  Хан-Уул дүүрэг, 8-р хороо дэнж 5 гудамж 174 тоотод газар авч амьдарсан байдаг. 2005-2006 онд 385 м.кв өөрийн эзэмшлийн газар дээр 66м.кв байшинг өөрсдийн хөрөнгөөр  барьсан. 2006 оны 4 сард миний дүү Г Ж.Отай гэр бүл болоод 2008 оны 7 сард ганц нэг удаа Ж.Оыг дагуулж ирж, орж гардаг байсан 2008 оны 2 сард анхны хүү нь төрөөд  тус оны 9,10 сард тус байшинд нүүж орсон бөгөөд орсноосоо хойш  13 дах жилдээ амьдарч байгаад гэр бүлийн маргаан гарч, таарч тохирохгүйн улмаас 2019 оны 10 сард гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлагдсаны дараа буурай эмээ бид 2-ын өмч хөрөнгийг өөрсдийн мэдлээр хувааж авсан шийдвэр гаргасныг сүүлд мэдсэн. Уг хөрөнгийг Г, Ж.Оад бэлэглэсэн, ямар нэгэн байдлаар шилжүүлсэн зүйл байхгүй. Уг байшин болон газар миний аав ээжийн хөрөнгөөр баригдаж хууль ёсны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Миний бие 2012 онд Лхагвадоржтой гэр бүл болж Сонгино Хайрхан дүүргийн 54 м.кв хувийн орон сууцыг худалдан авахдаа тухайн хашаа байшинг зээлийн барьцаанд тавьсан учраас 2019 онд барьцаанаас чөлөөлж аваад улсын бүртгэлд хууль ёсны дагуу бүртгүүлээд ямар нэгэн эрхийн зөрчилгүй гэрчилгээ авсан.  Манай хөрөнгийг дур зоргоороо хувааж авах яриа гарсан бөгөөд энэ нь манай эрх ашгийг ноцтойгоор хохироох нөхцөл байдал бий болоод байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар захиргааны байгууллага эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгджээ гэсэн байдлаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж байгаа гэж ойлголоо. Захиргааны байгууллагын шийдвэр хууль бус гэсэн нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаагүй байна. Тиймээс захиргааны байгууллагын гаргасан шийдвэр хууль бус гэдгийг тогтоох шаардлагатай. Хариуцагчийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосон үйлдэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаад тус хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах зүйл байхгүй байна гэж үзвэл мөн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн мэдүүлэг гаргагчийн өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэн олгох журмын дагуу уг хөрөнгийг иргэн Бушнаа, Ганчимэг нарт олгосон байна. Хариуцагч нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөд Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нөхцөл байдал хэргээс харагдахгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Ж.О Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Y-2206067418 дугаарт бүртгэлтэй 000773413 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хувийн орон сууцны талаар иргэний хэргийн шүүхэд маргаантай байхад гуравдагч  этгээдүүдийн нэр дээр бүртгэсэн бүртгэл хууль бус гэж, хариуцагч хуульд заасны дагуу үнэн зөв нотлох баримтад үндэслэж бүртгэсэн гэж тус тус маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн бүхэл нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу иргэн Б.Бушнаагийн гаргасан мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, газрын гэрчилгээ, кадастрын зураг, эд хөрөнгийг харуулсан план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Y-2206067418 дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хууль зөрчөөгүй байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт хавсаргавал зохих баримтуудыг бүрэн хавсаргаж ирүүлсэн, энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй гэж үзэж бүртгэсэн хариуцагчийн бүртгэл хууль журмын зохицуулалттай нийцсэн гэж дүгнэв.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 5-174 тоот 385 м кв газрын өмчлөгч нь иргэн Б.Бушнаа,Б.Ганчимэг нар бөгөөд эдгээр иргэд тус хаягт бүртгэлтэй амьдардаг болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ , нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг , тус дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт , иргэн Б.Б Б.Гнарын иргэний үнэмлэхийн хуулбар  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Түүнчлэн маргаан бүхий 66 м кв талбайтай хувийн орон сууцыг Б.Б Б.Гнар өөрсдийн хувийн хэрэгцээнд зориулж 2005-2006 онд барьсан төрсөн дүү (төрсөн хүү) Б.Г нэхэмжлэгч Ж.Отай гэр бүл болж 2008 онд хүү Г.Наранбат төрсөн учир өөрийн орон байртай болтол уг орон сууцанд түр амьдрахыг зөвшөөрсөн гэж гуравдагч этгээд Б.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч уг орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг хангалттай нотлоогүй бөгөөд одоо нэхэмжлэгч хүүхдүүдийн хамт уг орон сууцанд амьдарч байгаа зэрэг үйл баримтууд тогтоогдлоо..  

Харин гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хувийн орон сууцны талаар иргэний хэргийн шүүхэд маргаантай байхад уг маргаан бүхий орон сууцыг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл муутай байна.

Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2499 дүгээр шийдвэрээр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцээд маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Ж.Оын салсан нөхөр болох Б.Гт үлдээж, уг орон сууцны үнэлгээнээс  Ж.О болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулж шийдсэнийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн одоо хяналтын шатны шүүхэд хянагдаж шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна.

Гэтэл маргаан бүхий орон сууц нь энэ хэргийн гуравдагч этгээд Б.Б Б.Гнарын өмчлөлийн сууц болох талаар маргаж давж заалдах гомдлоо гаргасан байх бөгөөд эдгээр гуравдагч этгээдүүдийг улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гарах үед уг асуудлаар маргаж байгаа талаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн бүртгэлийн байгууллагад хүсэлт, гомдол гаргаагүй энэ талаар хариуцагч захиргааны байгууллага мэдэх боломжгүй байжээ.

Түүнчлэн маргаан бүхий орон сууц нэхэмжлэгч Ж.О болон түүний гэр бүлийн дундын өмч болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдоогүй бөгөөд хариуцагч бүртгэлийн байгууллага хууль зөрчиж бүртгэсэн, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 5 дугаар гудамж, 174 тоот хаягт байрлах хувийн орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон болон уг орон сууцыг бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж бүртгүүлж баталгаажуулсан баримт байхгүйн дээр энэ талаар нотлоогүй байна.

Тодруулбал орон сууцыг Б.Гт үлдээж  уг орон сууцны үнээс оногдох хэсгийг Ж.Оад олгож шийдвэрлэсэн дээрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэлийн байгууллагын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр ирүүлсэн гуравдагч этгээдийн мэдүүлэг, хүсэлт түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн хийсэн эрхийн улсын бүртгэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан дагуу хөтлөх” гэж заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэн бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4, 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Y-2206067418 дугаарт бүртгэлтэй 000773413 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэгч Ж.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.Оыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                А.НАСАНДЭЛГЭР