Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

 

 

 

 

 

        

 

 

 

                           

      2024         04           19                                       2024/ШЦТ/88

 

                                                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б.Нзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Пүрэвжаргал, түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Булганы өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр

Иргэний нэхэмжлэгч Т.Эрдмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Чад холбогдох эрүүгийн 2319000000214 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн мэргэжилтэй, Дунд сэнхэр ХХК-ий гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт аймгийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнж 10 дугаар гудамж 10-412 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Төнхөн овогт Авирмэдийн А.Ч /РД:ПО75081619/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Ч нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Айраг сумын төвөөс хойд зүгт 10 километр орчим зайд Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн А/0102 дугаартай улсын чанартай авто замд ... УБТ улсын дугаартай Мерседес Бенз Актрос (Mercedes Benz Actros) 1851 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт “Жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн.... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3 дугаар заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл 1.4 дүгээр заалт “1.1-1.3... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас ... УБҮ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн жолооч талаас мөргөж, зам тээврийн осол 2 гарган, улмаар 41 настай С.Б, 3 настай Б.Н, 12 настай Б.Т нар болох нийт 3 хүний амь насыг хохироож, Н.Эгийн эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, духны дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, дух, зулайн, чамархайн хуйхны хууларсан шарх, цээжний баруун талын 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн шингэн хуралдалт, бүсэлхийн 2 дугаар нугалмын хугарал, баруун бугалга, баруун тохой, баруун өвдөг, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

1.Гэм буруутайд тооцох:           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч А.Ч нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Айраг сумын төвөөс хойд зүгт 10 километр орчим зайд Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн А/0102 дугаартай улсын чанартай авто замд 1 ... УБТ улсын дугаартай Мерседес Бенз Актрос (Mercedes Benz Actros) 1851 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт “Жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн.... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3 дугаар заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл 1.4 дүгээр заалт “1.1-1.3... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас ... УБҮ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн жолооч талаас мөргөж, зам тээврийн осол 2 гарган, улмаар 41 настай С.Б, 3 настай Б.Н, 12 настай Б.Т нар болох нийт 3 хүний амь насыг хохироож, Н.Эгийн эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, духны дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, дух, зулайн, чамархайн хуйхны хууларсан шарх, цээжний баруун талын 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн шингэн хуралдалт, бүсэлхийн 2 дугаар нугалмын хугарал, баруун бугалга, баруун тохой, баруун өвдөг, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дор дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ. Үүнд:

 

Шүүгдэгч А.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тийм, анх Замын-Үүдээс орой гараад шандаас шатахуун аваад 33 дугаар тоочик дээр хоносон. Тоочик дээр зогссон шалтгаан нь машины тосоол гоожоод байхаар нь янзалж чадахгүй тэндээ хоносон. Тэгээд өглөө машинаа үзээд Айраг сум руу ирсэн. Айраг сумын дэлгүүрээс тамхи авах гэж зогссон. Тэгээд дэлгүүр орох гэхэд араас Батжав гэдэг хүн ирсэн. Дэлгүүр хаалттай байсан тул нээтэл нь юм ярьж зогссон. Тухайн үед наадам болоод хөл хөдөлгөөн ихтэй байсан. Батжав архи уугаагүй, надад чанасан мах өгөөд би архинаас уусан. Удалгүй Батжав яваад өгсөн, би араас нь явах замдаа ийм асуудал болсон. Тухайн үед зам дээр хөдөлгөөн хэвийн үргэлжилж байсан ч гэнэт урдаас ирж байсан машин манай эгнээ рүү орсон. Тэгээд толиндоо харсан чинь миний хажууд цагаан өнгийн машин гүйцэж түрүүлээд явж байсан. Тэгэхээр нь би зүүн тийш дарсан, хохирогч мөн зүүн тийш дарж энэ осол гарсан гэв....” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Пүрэвжаргалын мэдүүлсэн: “...Манай гэр бүл хүнд зовлон зүдгүүр туулж байна. Эгчийн маань биеийн байдал улам л хүндэрч байгаа. Тархи нь 70 хувь үхэжсэн, хэзээ ч эргэж ухаан орохгүй. Эмч нарын хэлж байгаагаар ургамлын байдалтай байгаа гэсэн. Маш их өвдөлттэй байдаг учраас хүчтэй тариа хийлгэж байгаа. Манай ээж мөн бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Сэтгэл санааны хувьд ч мөн маш хүнд байгаа. Энэ хүн архи уугаагүй байсан бол нэг гэр бүл элэг бүтэн байх байсан. Биед нь эрүүл эрхтэн байхгүй, бүгд бяцарсан байсан. Шүүгдэгч рүү манай ах залгаж яаралтай 50,000,000 төгрөг олоод өгөөч гэж ярьсан. Тухайн үед бид нар хятадад эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үед тэр мөнгийг олоод өгсөн бол бид нар эгчдээ тархины хагалгаа хийлгэх боломжтой байсан. Хагалгаа хийлгэх боломж байсан ч мөнгө байсангүй. Шүүгдэгч рүү 30-40 удаа залгасан, залгахаар утсаа авдаггүй. Авахаараа ахын дүү гээд тавласан 25 маягтай ярьдаг. Бид нарт маш их хүн тусалсан. МИАТ-р хамгийн боломжит үнээр нааш цааш зорчиж байгаа. Ярьж хэлж ч барагдахгүй зовлон зүдгүүрийг мөнгөөр хаацайлна гэж байхгүй. Хийсэн хэрэгтээ хүн шиг хандаж, хандлагаа арай өөр байлгах хэрэгтэй байна эгж удаа дараа л хэлж байгаа. Энэ хүнд тохирсон арга хэмжээг нь авч өгөөч. Манай бурхан болооч ах, эгч хоёр маань байрны зээлтэй байсан юм байна лээ. Би хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсоны дараа банк, даатгалын газруудтай очиж уулзсан. Тэгээд шүүхийн шийдвэрийг хараад байрны зээлийн 50 хувийг нь хасаж магадгүй юм шиг ярьсан, гэхдээ яг тодорхой биш. Ард даатгалд хамрагдсан юм байна лээ. Тухайн үед ажлын 5 хоногт мэдэгдэх ёстой байсныг нь мэдээгүй өнгөрүүлчихсэн. Тийм учраас шүүхийн шийдвэрээ бариад гуйж үзье л гэж бодож байгаа. Бид нар байрных нь зээлийг төлөөд явж байгаа. Тухайн байрыг нь зараад ч хамаагүй эгчийнхээ эмчилгээний төлбөрт нь зарцуулаад явъя гэж бодож байгаа. Тухайн үед даатгалын компанид өрхийн тэргүүн нь нас барчихлаа энийг яаж зохицуулах вэ гэдэг талаар мэдэгдэх сөхөө бид нарт байгаагүй. 2, 3 хоногийн зайтай ажил явдлуудыг нь хийсэн гэв....” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгчийн мэдүүлсэн: “...Осол гарсны дараа манай нөхөр цагдан хоригдож байсан. Тэр хугацаанд Пүрэвжаргал над руу залгасан. Тэгээд би ахыгаа дагуулж эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очиход нэг эмэгтэй хохирогчийг сахиад байж байсан. Тухайн үед би жаахан тортой юм, 600,000 төгрөг өгч биеийн байдлыг нь асууж ярилцсан. 600,000 төгрөгийг хохирогчоос нэхэмжилж байгаа мөнгөнд 22 оруулаагүй, манай гэр бүлийн зүгээс өгч байгаа сэтгэл гэж бодоод аваарай гэж өгсөн. Тэгээд уулзчихаад гэртээ ирээд байж байхад Пүрэвжаргал яагаад эмнэлэгт ирж уулзахгүй байна гэхээр нь сая уулчихаад ирлээ гэсэн чинь аан тийм үү, би холбогдож амжаагүй байна гэсэн. Ер нь ар гэрийнхэнтэй нь холбогдох гэхээр Пүрэвжаргал надтай л яриарай гэдэг байсан. Дараа нь өөртэй нь ярих гэсэн чинь утсаа авахгүй байж байснаа над руу яриад хэрэггүй, нэг эмэгтэй хүн ярих байх тэр хүнтэй холбогдоорой гэж мессеж бичсэн. Тэрнээс хойш бид хоёр холбогдоогүй...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Оийн “...Би Айраг сумын Оргил худалдааны төвийн худалдагчаар ажилладаг. Манай дэлгүүр өглөө 09 цагт нээдэг. 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өглөө 08 цаг 50 минутад дэлгүүрээ нээсэн. Надад дэлгүүрийн түлхүүр байсан болохоор 09 цаг болохоос 10 минутын өмнө нээсэн байсан. Би 08 цаг 50 минутад дэлгүүр нээсний дараа миний араас 2 эрэгтэй хүн орж ирсэн. Царай төрхийг сайн санахгүй байна. Дэлгүүрт орж ирээд 0,33 литрийн Хараа нэртэй архи 1 шил, 0.5 литрийн Сүүн Чингис архи 1 шил, Esse тамхи 1 хайрцаг, 1 удаагийн аяга 2 ширхэг, тор 1 ширхэг, холимог хатаасан жимс 212 гр, 0.5 литрийн Сэрүүн 4 лаазыг авсан байсан. Нийт авсан бараа нь нийлээд 48,516 төгрөг болсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

Гэрч ын “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр... Дэлгүүр лүү ороод 0,5 литрийн Чингис нэртэй архи 1 шилийг, 0,5 литрийн Сэнгүр нэртэй 4 лааз пиво, хатаасан жимсний цуглуулга авсан... Тэгээд бид 2 дэлгүүрээс гараад нөгөө залуугийн машин дээр нь ирээд миний машин дотор сууж байгаад авсан Чингис архиа задлаад 1 аяганд хийж байгаад 1 хундага татсан. Дараа нь надад хийж өгөхөөр нь би амсаад өгсөн.... тэгээд нөгөө залуу надад хийхээр нь би “Уухгүй” гээд өгсөн чинь надад хийж өгсөн архиа уусан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар тал),

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/069 дугаартай “...Амь хохирогч Б.Ны цогцост хийсэн шинжилгээгээр гавал гавал тархины ил гэмтэл, гавлын хэлбэр дүрсний алдагдал, гавлын орой, суурийн яс, нүүрний яснуудын олон тооны хугарал, тархигүйдэл, толгойн хуйхны цус хуралт, уушгины эдийн няцрал, зүүн бөөрний өөхлөг, сэмж чацархайн цус хуралт, эгэм яс, зүүн шилбэ ясны зөрөөтэй далд хугарал, баруун хацрын шарх, баруун зүүн хацар, доод эрүү, хүзүү хоолой, зүүн мөр, цээж, нуруу, хэвлий, зүүн гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч нь гавал тархины ил гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 51-58 дугаар тал),

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/067 дугаартай “...Амь хохирогчийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Амь хохирогч С.Б нь авто ослын хавсарсан гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 60-67 дугаар тал),

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/068 дугаартай “...Амь хохирогч Б.Т нь авто ослын хавсарсан гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 69-80 дугаар тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10359 дугаартай “...Н.Эгийн биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, духны дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, дух, зулайн, чамархайн хуйхны хууларсан шарх, цээжний баруун талын 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн шингэн хуралдалт, бүсэлхийн 2 дугаар нугаламын хугарал, баруун бугалга, баруун тохой, баруун өвдөг, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3- д. 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 82-85 дугаар тал),

Техникийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 06/43-1 дугаартай “... Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд ... УБҮ улсын дугаартай Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр тал),

Техникийн эвдрэлийн 33 дугаартай “... Тухайн осол ...... дугаартай цагаан өнгийн Тoyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн техникийн байдлаас шалтгаалаагүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 112-118 дугаар тал),

Техникийн эвдрэлийн 29 дугаартай “... Тухайн осол 4022... дугаартай улаан өнгийн Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийн техникийн байдлаас шалтгаалаагүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 94-102 дугаар тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 3648 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн “А.Ч” гэж хаягласан цуснаас 2,1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 103-105 дугаар тал),

Техникийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 06/43 дугаартай “...... УБТ Улсын дугаартай “Mercedes Benz” маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт “Жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн.... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3 дугаар заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл 1.4 дүгээр заалт “1.1-1.3... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. ... УБТ Улсын дугаартай Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт, 11.3-р заалт, ЗХД-ийн 2-р хавсралтын 1.4-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр тал),

Хас Үнэлгээ ХХК-ий шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 569 дугаартай “...нийт дүн 8,006,000...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дүгээр тал),

Дорноговь аймгийн Айраг суманд үйл ажиллагаа явуулдаг Оргил хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 6-17 дугаар тал),

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 18-21 дүгээр тал),

Техникийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06/43- 2 дугаартай “...Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. ... УБҮ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашины жолооч замд саад тааралдсан нөхцөлд осол гаргахгүйгээр зогсоож болох эсэх нь тухайн саад ямар зайнд, хугацаанд бий болсон, автомашины хурд, жолоочийн самбаачлах хугацаа, анхаарал, дадлага, туршлага, замын орчин нөхцөлөөс хамаарна. Хавтаст хэргийн материалаас харахад ... УБҮ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. ... УБҮ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тухайн нөхцөлд жолооч нь техникийн ямар нэгэн арга хэмжээ авах боломж буюу хангалттай хугацаа байсан эсэхийг хавтаст хэргийн материалаас тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-Хохирлын баримтууд зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тухайлбал: Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.О, Б.Б нарын мэдүүлэг, Оргил худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, болон 3648 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр А.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх бөгөөд ... УБТ улсын дугаартай Мерседес Бенз Актрос (Mercedes Benz Actros) 1851 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болохыг,

Техникийн эвдрэлийн 33, 29 дугаартай дүгнэлтүүдээр ... УБТ улсын дугаартай Мерседес Бенз Актрос (Mercedes Benz Actros) 1851 болон ... УБҮ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан бөгөөд осол гарахад нөлөөлөх эвдрэл, гэмтэлгүй байсан болохыг,

Мөн 06/43-1 болон 06/43-2 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр ... УБҮ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдоогүй ба түүний биед хийсэн шүүх шинжилгээний хэлтсийн 02/067 дугаартай дүгнэлтээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болохыг тус тус тогтоосон бөгөөд харин хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон техникийн шинжээчийн 06/43 дугаартай дүгнэлтээр А.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт, 11.3 дугаар заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-р заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн бөгөөд гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг нарийвчлан тогтоожээ.

 

Өөрөөр хэлбэл осол болсон гэх газар нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд үргэлжилсэн цагаан шугамтай болох нь нийтэд илэрхий харагдаж байх бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд уг үргэлжилсэн цагаан шугамыг давах, тус тэмдэглэгээт газарт тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлэх, буцаж эргэх үйлдэл хийхийг хатуу хориглодог.

 

Гэвч шүүгдэгч нь А.Ч нь гуравдагч тээврийн хэрэгсэл гүйцэд түрүүлж зэрэгцэн орж ирсний улмаас амь хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн эсрэг урсгал сөрж орж ирсэн, улмаар аргагүйн эрхэнд цагаан шугамыг тал давж мөргөлдсөн гэж тайлбарладаг ч хэрэгт авагдсан баримтаар гуравдагч тээврийн хэрэгсэл байсан эсэх, түүний улмаас осол болох нөхцөл байдал үүсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд гагцхүү А.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас түүний самбаачлах хугацаа уртасч улмаар богино хугацаанд осол болохоос сэргийлж чадалгүйгээр үргэлжилсэн цагаан шугамыг давж эсрэг урсгалд орсны улмаас 2 тээврийн хэрэгсэл буруу талаараа буюу баруун талаараа мөргөлдсөн гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна.

 

Мөн хэргийн газрын үзлэгт тэмдэглэгдсэнээр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх А цэгийг буруу тэмдэглэсэн гэж үзэх, эргэлзээ төрүүлэхүйц баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтээс тээврийн хэрэгслээс гоожсон тос, тээврийн хэрэгслийн түрэгдэж эхэлсэн ул мөр, хатуу хучилттай замын ухагдсан хэсэг, дугуйны мөр, түүний чиглэл зэргээс А цэгийг зөв тодорхойлогджээ.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4,2-т зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, зөрчсөний улмаас “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон” тохиолдолд энэ гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж хангагдахаар хуульчилжээ.

 

Хэргийн нөхцөл байдлаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт, 11.3 дугаар заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дүгээр заалтуудыг тус тус зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчин эсрэг урсгал сөрөн улмаар хоёр эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах хэвтээ тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давсны улмаас эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас хоёр ба түүнээс олон хүн буюу 41 настай С.Б, 3 нас 9 сартай Б.Н, 12 нас 5 сартай Б.Т нарын амь нас хохирч, Н.Эгийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан гэдгийг шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг. 

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндэс шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

          

           Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэж бий болох гэнэтийн осол, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байх үүрэг бүхий этгээд юм.

 

Дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгслээ жолоодсоны улмаас учирс дээрх хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч А.Ч нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлээс үүдэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт, 11.3 дугаар заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дүгээр заалтуудад заасныг тус тус зөрчиж, улмаар С.Б, Б.Н, Б.Т нарын амь насыг хохироож, Н.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаараа хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Тиймээс шүүгдэгч А.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Ч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ч гэсэн шүүхийн хэлэлцүүлэгт “...би эсрэг урсгалд орж замын цагаан зураас даваагүй...” гэж мэдүүлж байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын шинжлэн судалсан техникийн шинжээчийн дүгнэлт “…Техникийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 06/43 дугаартай “...... УБТ Улсын дугаартай “Mercedes Benz” маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт “Жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн.... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3 дугаар заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл 1.4 дүгээр заалт “1.1-1.3... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. ... УБТ Улсын дугаартай Mercedes Benz маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт, 11.3-р заалт, ЗХД-ийн 2-р хавсралтын 1.4-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна...” гэсэн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 3648 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн “А.Ч” гэж хаягласан цуснаас 2,1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, Гэрч Б.Баяржавын “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр... Дэлгүүр лүү ороод 0,5 литрийн Чингис нэртэй архи 1 шилийг, 0,5 литрийн Сэнгүр нэртэй 4 лааз пиво, хатаасан жимсний цуглуулга авсан... Тэгээд бид 2 дэлгүүрээс гараад нөгөө залуугийн машин дээр нь ирээд миний машин дотор сууж байгаад авсан Чингис архиа задлаад 1 аяганд хийж байгаад 1 хундага татсан. Дараа нь надад хийж өгөхөөр нь би амсаад өгсөн.... тэгээд нөгөө залуу надад хийхээр нь би “Уухгүй” гээд өгсөн чинь надад хийж өгсөн архиа уусан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар няцаагдаж байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “...Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй...” гэж, 230 дугаар зүйлийн 230.1-д “...Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй...” гэж, 230.2-т “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,

497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж,

499 дүгээр зүйлийн 499.1-д “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж,

505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж,

505.2-д “...Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй...” гэж,  

511 дүгээр зүйлийн 5-д “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно…” гэж тус тус гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтууд тусгагдсан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь амь хохирогч С.Б, Б.Т, Б.Н нарын оршуулгын болон бусад зардалд 70,575,992 төгрөг, хохирогч Н.Эгийн эмчилгээний зардалд 193,491,996 төгрөг төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул тус хохирол төлбөрийг бүхэлд нь шүүгдэгчээс гаргуулан хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарт олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч улмаар эмчилгээгүй гэсэн оноштойгоор эмнэлгээс гарсан, 3 хүний амь нас хохирсон учраас хүн тус бүрт ногдох сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тооцож тэдний гэр бүлийн гишүүн болон хохирогч Н.Э түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч Н.Эд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10359 дугаартай “...Н.Эгийн биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, духны дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, дух, зулайн, чамархайн хуйхны хууларсан шарх, цээжний баруун талын 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн шингэн хуралдалт, бүсэлхийн 2 дугаар нугаламын хугарал, баруун бугалга, баруун тохой, баруун өвдөг, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон бөгөөд одоогоор ямар ч эмчилгээгүй гэсэн оноштойгоор Монголд ирсэн гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарласан.

 

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалаар батлагдсан Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хор уршгийн зэрэглэлийг тогтоох тухай хүснэгтээр дээрх гэмт хэргийн хохирогч нь тавдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийн үлдэж хор уршиг зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон олгохоор журамласан.

 

Тиймээс Н.Эгийн сэтгэцэд учирсан хор уршгийг 550.000*149=81.950000 төгрөгөөр,

 

Амь хохирсон хохирогч нарын тухайд:

 

Улаанбаатар хотод 2023 оны байдлаар хүн амын дундаж наслалт эрэгтэй 67.4, эмэгтэй 75.6 байх бөгөөд уг дундаж наслалтаас амь хохирогч нарын дундаж наслалтын зөрүүг тооцоолох, эсхүл хөдөлмөрийн хөлсөний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс хохирогчид аль илүү ашигтай хувилбараар бодож олгох нь зүйтэй байна.

 

Тиймээс амь хохирогч С.Бийн хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 550.000*150=82.500.000

Харин бага насны амь хохирогч Б.Тий хор уршгийг хүн амын дундаж наслалт болох 67.4-12.4=54.9*550.000*5=150.975.000 төгрөг,

Б.Ны хор уршгийг хүн амын дундаж наслалт болох 75.6-3.8=71.8*550.000*5=197.450.000 төгрөгөөр тус тус тооцон шүүгдэгчээс гаргуулан хохирогч Н.Э, тэдний хууль ёсны төлөөлөгч нарт тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин амь хохирогч С.Бийн хууль ёсны төлөөлөгч С.Б өмгөөлөгч нарын зүгээс нэхэмжмлсэн “...Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т зааснаар нэхэмжилсэн гэм хор учруулсны төлбөрийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй…” 520 дугаар зүйлийн 520.1 “...Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. 520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх…” гэж, 531 дугаар зүйлийн 531.2 “...Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно…” гэж заасан бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ авсанаар өвлөх эрх үүсэх бөгөөд эрх үүсээгүй байхад, мөн тэргүүнд ээлжинд өвлөх эрхтэй, нэхэмжлэх эрхтэй этгээд болох Н.Э нь амьд байхад тус асуудлыг урьдчилан шийдвэрлэх нь зохисгүй байна.

 

Тиймээс амь хохирогч С.Бийн хууль ёсны төлөөлөгч С.Б өмгөөлөгч нарын зүгээс нэхэмжмлсэн “...Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т зааснаар нэхэмжилсэн гэм хор учруулсны төлбөрийг хэлэлцэхгүй орхисон бөгөөд хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Мөн хэдийгээр шүүгдэгч А.Чын унаж явсан ... УБТ улсын дугаартай Мерседес Бенз Актрос (Mercedes Benz Actros) 1851 загварын тээврийн хэрэгсэл нь “Дунд Сэнхэр” ХХК-ны өмчлөлийн тээврийн хэрэгсэл боловч тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар шүүгдэгч А.Ч нь өөрөө болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул дээрх хохирлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Чаас гаргуулсан болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж хуульчилсан байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жны зүгээс “...хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн санал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Э: “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хасах, 8 жилийн хугацаагаар хорих ялыг дэмжинэ...” гэсэн саналыг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хасах, 8 жилийн хугацаагаар хорих ялыг дэмжинэ…” гэсэн саналыг тус тус гаргаж оролцсон болно.

 

Шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно…” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг.

 

Шүүгдэгчийн хувьд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр уг гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар  “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...”- ээр, хэрэг хянан шийдвэрлэгдэх үед 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар дахь хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...” гэж тус тус өөрчлөн найруулагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

 

Өөрчлөн найруулагдсан хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдээгүй, эрүүгийн хариуцлага хүндэрч байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэл бүрдсэн гэж үзэн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

 Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Чын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч А.Чын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолох бөгөөд түүний цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Чыг шүүхээс хорих ялаар шийтгэсэн тул түүнд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/01 дугаартай ... УБГ улсын дугаартай Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний болон тээврийн хэрэгслийн бичиг баримт шүүхэд болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт А.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч А.Чын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.Чад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чын цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Чад авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хорьсугай. 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 551.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чаас амь хохирогч С.Бийн оршуулгын зардал болон бусад зардалд нийт 70.575.992 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82.500.000 төгрөг, нийт 153.075.992 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бд,

Хохирогчийн Н.Эгийн эмчилгээний зардалд 193.497.996 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд Н.Эгийнх 81.950.000 төгрөг, амь хохирогч Б.Тийх 150.975.000 төгрөг, Б.Ных 197.450.000 төгрөг, нийт сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 430.375.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Н.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Н.П нарт тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/01 дугаартай ... УБГ улсын дугаартай Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний болон тээврийн хэрэгслийн бичиг баримт шүүхэд болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОДБАЯР