| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0732/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/740 |
| Огноо | 2024-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Даваахүү |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/740
2024 08 05 2024/ШЦТ/740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Хонгорзул,
улсын яллагч О.Даваахүү,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан эрүүгийн 2409000000908 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, насанд хүрээгүй хохирогч А.А мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7708 тоот акт, шүүгдэгч О.М сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч О.М нь _________________________________ нутаг дэвсгэрт байрлах ________________ ойролцоо 2024 оны 06 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө хохирогч А.А хардалтын улмаас маргалдаж, нүүр рүү нь алгадах, толгой руу хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд духанд шарх, зүүн бугалга, хоёр шуу, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.М хохирогч А.А эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Би ажилтай байсан болохоор найз охины хамт 6 дугаар сарын 05-ны өдөр миний төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тэгээд манай найз охины найзууд манай найз охин бид нар ___________________ орсон.
Тэндээс гараад буудал хайгаад найз нарын хамт явж байгаад манай найз охин найзтайгаа намайг хардаад уурласан. Тэгээд маргаан болсон. Манай найз охин бид 2 маргаж байх явцдаа би түүний үснээс зулгаагаад хэд хэнд удаа алгадсан. Тэгээд цааш эргээд явах гэтэл найз охин араас үснээс зулгаахаар нь барьсан утсаараа түүний духанд цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай найз залуугийн төрсөн өдөр болсон. эгээд өчигдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 05-ны орой гэрээсээ 22 цаг гэж гараад караоке ороод найзуудтайгаа 6-лаа байж байгаад бид нар дараа гээд баар ороод бүжиглэж байгаад манай 2 найз ________________ тэнд оччихсон байна гээд араас нь 4-лээ очсон. Зочид буудал руу ороод удаагүй байж байхад манай найз залуу эмэгтэй найз руу маань хандраад байхаар нь би найз залуудаа хандаж чи яагаад манай эмэгтэй найз руу хандраад далчганаад байгаа юм бэ гэж хэлээд манай найз залуу зайл зайл би явлаа гээд намайг түлхэж унагасан. Би гадаа гарахад найз залуу намайг хараагаад байхаар нь би түрүүлээд алгадчихсан юм тэгсэн чинь зөрүүлж намайг алгадаад би буцааж өшиглөсөн чинь намайг зөрүүлж өшиглөсөн, би толгой руу нь цохисон чинь намайг үсдээд нүүр рүү цохиод газар унагаад түлхээд байсан, би мөчөөгөө өгөхгүй чадлаараа үзээд байсан. Намайг зодоод газар унагаагаад 5-6 удаа толгой руу цохиод толгойноос цус гараад би сонин болоод хэвтсэн. Тэгээд би цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь манай найз залуу би дуудна гээд цагдаа руу залгаад энэ охин намайг зодоод байна гэж дуудлага өгөөд байсан. Тэгээд миний толгой хагарсан байсан болохоор 103,102 дуудсан. Намайг өшиглөсөн, толгой нүүр рүү нэлээн хэд алгадсан бас газар унагаагаад цохиод байсан битгий худлаа газар унаад бай гээд алгадаад цохиод байсан, намайг үснээс зулгаагаад чирээд байсан. Миний толгой хагарсан, дух булдруутсан толгой өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №7708 дугаартай: “...А.А биед духанд шарх, зүүн бугалга, хоёр шуу, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.М нь _______________ нутаг дэвсгэрт байрлах ___________________ойролцоо 2024 оны 06 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө хохирогч А.А хардалтын улмаас маргалдаж, нүүр рүү нь алгадах, толгой руу хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд духанд шарх, зүүн бугалга, хоёр шуу, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч О.М дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч О.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянга/ торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч О.М 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч О.М нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Хохирогч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй болно.
Харин шүүх Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн найруулан баталсантай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “...Хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлал...”-ыг баталжээ. Уг аргачлалын 4 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг 2 дугаар зэрэглэлд хамруулан 4-8 хуваарь тооцож, нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор баталсан байна.
Дээрх аргачлалын дагуу хохирогч А.А-д сэтгэл санааны хохирлыг түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 3,300.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэсэн боловч шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.А-д 3.000.000 төгрөгийг, шүүхийн шатанд 300.000 төгрөгийг төлсөн байна.
Иймд шүүгдэгч О.М-ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заажээ.
Иймд О.М-ээс 49.920 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт О-ы М-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.М-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.М-ээс 49.920 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР