Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2025/00058

 

Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148/ШШ2024/00642 дүгээр шийдвэр,

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 208/МА2025/00005 дугаар магадлалтай,

 Цын нэхэмжлэлтэй

З холбогдох

 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Зын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагч З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Ц нь хариуцагч Зт холбогдуулан 5,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148/ШШ2024/00642 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан Цын нэхэмжлэлтэй, Зт холбогдох 5,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 208/МА2025/00005 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148/ШШ2024/00642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 399 дүгээр зүйлийн 399.1-т зааснаар хариуцагч Заас 3,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цад олгосугай.” гэж,

3 дахь заалтыг: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэлч Ц нь өөрийн эзэмшлийн КИА маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний дүү болох М-д 2019 онд 3,500,000 төгрөгөөр зарж борлуулсан ба машины мөнгийг тухайн үедээ бэлнээр авсан болно. Энэ тухай п.М болон бусад хүмүүс гэрчилсэн мэдүүлэг өгсөн. Цад машины мөнгийг бэлнээр өгсөн тул тухайн үед ямар нэг баримт үйлдээгүй болно. Тухайн үед мөнгө төгрөгөө бэлнээр өгөөд тооцоо дууссан тул ямар ч маргаан үүсээгүй 5 жил болсон. Миний хувьд уг машиныг зарж борлуулах үүргийг Цын өмнөөс хүлээгээгүй. Тухайн үед Ц нь надтай цуг явж машиныг М түүний эхнэр 2-т зарж, мөнгийг бэлнээр авсан. Энэ үед М болон түүний эхнэр, миний бие хамт байсан. Ц нь 2019 онд мөнгөө бэлэн авсан тул ямар ч маргаангүйгээр машинаа дараагийн худалдан авагч Г-ийн нэр дээр шилжүүлсэн нь өр авлага байхгүйг харуулж байна. 5-6 жилийн дараа гэнэт 5,100,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хамтын амьдралаа дуусгавар болгосноос үүдэн хэрэг зохион холбогдуулж мөнгө нэхэж байна гэж ойлгож байна. Харин уг машиныг дараагийн хүн болох Ганцэцэгт зарсан талаар ямар нэгэн маргаан байхгүй. Дээрх хэргийн талаар гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт байсаар байтал үүнийг нотлох баримт гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа учир шүүхийн шийдвэрийг хэвээр нь хадгалж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч Зын гаргасан гомдлыг хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.02.27-ны өдрийн 001/ШХТ2025/00229 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Ц хариуцагч Зт холбогдуулан автомашины үнэ, үнэлгээний төлбөр нийт 5,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч машиныг 3,500,000 төгрөгөөр зарж, үнийг бэлнээр нь төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна, хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь иргэн Г-тэй маргаж буй тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...зохигчийн хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан, хариуцагч автомашиныг бусдад худалдах үүрэг хүлээж, дүү М-д 3,500,000 төгрөгөөр худалдсан, мөнгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн гэх боловч төлбөр төлснөө нотлоогүй байна, ...иймд дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

8. Хоёр шатны шүүх зөрүүтэй шийдвэр гаргасан гэх үндэслэл заасан хариуцагчийн гомдлыг хүлээн авч хэргийг хянавал давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх ба хяналтын шатны шүүхээс уг зөрчлийг залруулах боломжгүй тул дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

8.1. Харьцангуй тодорхой эрх зүйн маргаанаас үүдэлтэй, бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх ажиллагааг хялбаршуулж, аль болох богино хугацаанд, хэргийн оролцогчийг чирэгдүүлэхгүй, тэдний эрхийг зөрчихгүйгээр шийдвэрлэх зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн “Долдугаар1 бүлэг” гэсэн бүлгийг 2024.01.17-ны өдрийн хуулиар нэмж, нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд хуулийн тус зохицуулалтыг 2024.10.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.

Хуулийн 751.1-д нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах тухай хуульд тухайлан заасан нэхэмжлэл тус бүлэгт хамаарахаар зохицуулсан.

8.2. Нэхэмжлэгч Ц хариуцагч Зт холбогдуулан автомашины үнэ 5,000,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 100,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024.10.16-ны өдөр шүүхэд хандаж гаргасан нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлд хамаарч байна.

Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гаргахдаа болон нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, эрх үүрэг танилцуулах ажиллагааг явуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хэргийн оролцогчид тайлбарлаагүй, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхэд хэрэглэдэг албан бланкийг ашигласан нөхцөл байдал тогтоогдсон боловч шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.9-д заасныг баримталсан нь тус хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 Гэтэл давж заалдах шатны шүүх тус маргаан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хольж шийдвэрлэсэн үндэслэлээр тус хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

8.3. Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

Нэгэнт тухайн хэрэг тусгайлсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх байтал тус шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэж, улмаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байхаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

9. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг арилгуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 208/МА2025/00005 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Заас 2025.02.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД