Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2272

 

 

Ц.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01543 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б-д холбогдох

 

Гүйцэтгэсэн ажлын хөлс 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Л,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М,

Хариуцагч Н.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б-тэй 2016 оны 3 дугаар сарын 18-наы өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ныг өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяа бугант тосгоны их алт, Сэлэнгэ аймгийн шарын гол сумын гахайтын аманд байрлах уурхайд Ц.Л би зохицуулагч дapгaap ажиллахаар харилцан тохиролцож, тухайн ажлын хөлсөнд Н.Б нь нэхэмжлэгч миний байрны лизингийн өр болох 38 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Би дээрх уурхайнуудын үйл ажиллагааг 24 цаг /өдөр бүр/ хариуцаж ажилладаг байсан ба зарим үед өөрөө оператор, засварчин, аж ахуй гэх мэт бүх төрлийн ажлыг хариуцдаг байсан бөгөөд ажилтан албан хаагчдыг удирдан зохион байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажлыг дуусган ажлын хөлсөө авахаар шаардсан боловч Н.Б нь тохирсон ажлын хөлсөө өгөхгүй цаг хугацаа хожиж, утсаа авахгүй, худал хэлж, тохиролцсон ажлын хөлс болох 38 000 000 төгрөгийг өгөхгүй байсан тул 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр уулзалт зохион байгуулж, нийт 2 000 000 /хорин сая/ төгрөгийг Н.Б-с авахаар харилцан тохиролцсон боловч өнөөг хүртэл өгөхгүй байна. Тиймээс гүйцэтгэсэн ажлын хөлс 20 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Л-тай 3 жилийн өмнө танилцаж байсан бөгөөд 2016 онд өөрийн байрны төлбөрийн тухай ярьж надтай хамт ажиллах саналыг тавьж байсан. Би тухайн үед ’’Уурхай зарим үед ашигтай, зарим үед ашиггүй шатах тохиолдол байдаг. Боломж гарах эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Ашигтай ажиллавал тус болъё. Ямар ч ашиггүй гэхгүйгээр хамт дагаад явбал яваа” гэж хэлэхэд өөрөө хамт явсан. Тэрээр тэнд очоод тоймтой зүйл хийгээгүй. Ажилчдын хамт ойр зуурын зүйл хийж байсан. Би түүнтэй Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах, мөн хөдөлмөрийн гэрээ зэрэг ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Уурхайн дарга болон өөр ямар нэгэн удирдах албан тушаалд томилоогүй. Тэрээр надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна. Тэрээр Бугантад очоод хамт олонтой нийцэхгүй, хэл ам гаргаад байсан бөгөөд тэдгээрээс “буцаан ав” гэсний дагуу Архангай руу явуулж тус болох бодолтой дуудсан. Ингээд ажил эхлэхгүй байсан тул Зүүнхараа дахь “Гахайтын ам” гэх газар дуудсан бөгөөд тэнд байхдаа юу ч хийж чадахгүй байсан тул би нэмж найзыгаа илгээж байсан. Би 3 сарын 15-наас ажилласан гэж бодоод ажилчдынхаа нэгэн адил бодох 800 000 төгрөг нэг удаа, 6 дугаар сарын 01-ний өмнөхөн 1 сая төгрөг өгсөн. Ц.Л 3 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатараас хоол зөөх зэрэг хэргээр тусалж байсан бөгөөд 5 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Бугант дахь газар байсан. Ингээд хэл ам хийгээд бие өвдлөө гэхээр нь татсан. Зүүнхараагийн “Гахайтын ам” гэх газар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр очиж үйл ажиллагаа явагдахгүй байсан тул Шарын голын буудалд манай дүүгийн хамт 3 хоноод хот руу эргэн орж ирсэн. Буцаж очоод юмаа харж байгаад 9 cap дөхүүлж ажил эхэлсэн. Хэрэв харуулын ажлыг бүрэн хариуцаж байсан бол машин техникийн тоног төхөөрөмжүүд, шатах тослох материал алдагдах, генератор эвдэрэх зэрэг үйл явдал болохгүй байсан. Нэхэмжлэлд дурдсан 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллуулсан явдал байхгүй. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б-с 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Л-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Н.Б-с 258 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Л-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн харьяалал зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ц.Л-ын гаргасан нэхэмжлэлд намайг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 72 дугаар байрны 56 тоотод оршин суудаг гэж тодорхойлсон   байдаг   бөгөөд   тус   шүүхээс   намайг дуудаж байгааг утсаар мэдэгдсэний дагуу би өөрөө Өвөрхангай аймагт байнга оршин суудаг тул өөрийн төлөөлөгчөөр Т.А-г томилж тус шүүхээс нэхэмжлэлийг гардаж авсан байдаг. Миний Т.А-д олгосон итгэмжлэлд ч Өвөрхангай аймгийн Арвайхээр баг, Өнөр хэсгийн 1 дүгээр гудамжны 25А тоотод оршин суудаг тухай хаяг болон иргэний үнэмлэхний хуулбар авагдсан байгаа. Гэтэл тус шүүхээс хэргийн харьяаллын талаар огт асууж тодруулалгүй, надаас аль шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх талаар саналыг авахгүйгээр Баянзүрх дүүргийн шүүх хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хэргийн зохигчид хуульд заасан хэргийн харьяаллыг өөрчлөх бол зохигчид харилцан зөвшөөрсөн тохиолдолд тухайн шүүх хэргийг хянан шийдвэрлэхээр заасан байгааг зөрчсөн. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. 18 дугаар зүйлийн 18.1/ Үүнээс шалтгаалан надад үндэслэлгүй нэхэмжлэлээс болж давхар, давхар зардал гарч байгааг анхан шатны шүүх огт анхаараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг 17 минутанд нэхэмжлэгч Ц.Л-ын гаргасан надад холбогдох 20 сая төгрөг гаргуулах тухай шүүх хуралдааныг хийсэн байна. Уг шүүх хуралдаантай эсэх талаар шүүхээс надад мэдэгдэж, хэргийн материалтай танилцах боломжоор огт хангаагүй. Давж заалдах шатны шүүхээс шийдвэр хүчингүй болж ирсний дараа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж огт гараагүй байна. Би нэгэнт төлөөлөгчөөсөө татгалзсан, орон нутагт оршин суудаг болох нь миний бичиг баримт, шүүхээс албадан ирүүлэх захирамжийн дагуу цагдаагийн байгууллагын хийсэн ажиллагаа, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны тодорхойлолтууд зэрэг баримтууд хэрэгт мөн авагдсан байхад хэргийг оршин суудаг хаягийг тодруулж шилжүүлдэггүй юмаа гэхэд шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж болох байсан. Гэтэл хэргийн материалтай шийдвэр гарснаас хойш одоо танилцаж байхад надад "утсаар мэдэгдэв" гэсэн тэмдэглэлийг туслах нь үйлдэж хэрэгт хийгээд өмгөөлөгч нарыг оролцуулан хуралдааныг хийсэн байна. Надад өөрт хамааралтай хэрэг маргааныг шийдвэрлүүлэх ажиллагаанд биеэр оролцох хуульд заасан үндсэн эрх, зохигчийн хувьд байгаа. Би уг маргааны хариуцагч талын хувьд уг хуралдаанд биеэр оролцож болсон асуудлын талаар үнэн бодит зүйлийг мэтгэлцэх боломжийг олгоогүй атлаа шүүхийн шийдвэрийг одоо хүртэл надад гардуулаагүй явсаар, надад давж заалдах

эрхийг маань хязгаарлан нэхэмжлэгч талд шууд гүйцэтгэх хуудас бичиж өгсөн нь шүүхийг шударгаар энэ хэргийг шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас намайг дуудаж эхлэх үед би шүүхийн шийдвэр гарсныг мэдсэн. Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэрээ гардуулаагүй атлаа давж заалдах хугацаа дууссан гэж гомдлыг хүлээн авахгүй байх зэрэг нь үнэхээр шударга бус үйлдэл гэж бодож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 100 дугаар зүйлийн 100.3, 119 дүгээр зүйлийн 119.5 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

Нэхэмжлэгч Ц.Л 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл уурхайн зохицуулагчаар ажилласан гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад хариуцагч намайг татгалзлаа нотлоогүй гэж үзэж нэхэмжлэлийг хангасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Ц.Л бид хоёрын дунд хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй, ямар нэгэн удирдах албан тушаалд ч томилоогүй бөгөөд бие өвдлөө гэх зэргээр ажил хийсэн зүйл байгаагүй атлаа тасралтгүй   7 сар ажилласан мэт нэхэмжлэл гаргаж, шүүх түүнийг нь ямар ч баримтаар нотлоогүй байхад юуг үндэслэж, ямар нотлох баримтаар, хичээн хэмжээний ямар ажил хийж гүйцэтгэснээ нотолсон гэж үзэж надаас 20 сая төгрөг гаргуулж шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Би түүний амьдрал ахуйг нь хүнд хэцүү байгаад туслах гэж өөрийн ажлын байранд очвол очиж ажилла гэсэн болохоос түүнтэй хэзээ ч хамтран уурхай ажиллуулж, ашиг орлогоо хуваах тухай тохиролцоогүй, бидний дунд хамтран ажиллах гэрээ байгаагүй. Гэтэл хууль бус аргаар бүрдүүлж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт болох СD-г үндэслэн шүүх хэргийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага нотлох баримтгүй байсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Л-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

           

Нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч Н.Б-д холбогдуулан ажлын хөлс            20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид уурхайд ажиллуулсан эсэх, хэрэв ажиллуулсан бол ямар хугацаагаар ажиллуулсан болон ажлын хөлсийг хэрхэн тохиролцсон талаарх үйл баримтын талаар маргаж байна.

 

Хариуцагч Н.Б “2016 онд Ц.Л байрны төлбөрийн тухай ярьж надтай хамт ажиллах саналыг тавьсан... Уурхай зарим үед ашигтай зарим үед ашиггүй шатах тохиолдол байдаг. Боломж гарах эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Ашигтай ажиллавал тус больё. Ямар ч ашиг гэхгүйгээр хамт дагаад явбал яваа гэж хэлэхэд өөрөө хамт явсан. Тэрээр тэнд очоод тоймтой зүйл хийгээгүй. Ажилчдын хамт ойр зуурын зүйл хийж байсан...” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ц.Л-ыг уурхайд ажиллуулсныг тэрээр үгүйсгээгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч нь “...түүнтэй ...ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах, хөдөлмөрийн гэрээ... хийгээгүй. Уурхайн дарга болон өөр ямар нэгэн удирдах албан тушаалд томилоогүй. Тэрээр надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна...2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тасралтгүй ажиллуулсан явдал байхгүй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Ц.Л-ын тайлбар болон хариуцагч Н.Б-ийн “Би 3 дугаар сарын 15-наас ажилласан гэж бодоод ажилчдынхаа нэгэн адил бодож 800 000 төгрөг нэг удаа, 6 дугаар сарын 01-ний өмнөхөн 1 сая төгрөг өгсөн... 3 дугаар сарын 15-наас Улаанбаатараас хоол зөөх зэргээр тусалж байсан бөгөөд 5 дугаар сарын 23-наас 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Бугант дахь газар байсан...хэл ам хийгээд өвдлөө гэхээр нь татсан. Зүүнхараагийн Гахайтын ам гэх газар 2016 оны 8 дугаар сарын 01-нд очиж үйл ажиллагаа явагдахгүй байсан тул Шарын голын буудалд манай дүүгийн хамт 3 хоноод хот руу эргэн орж ирсэн. Буцаж очоод юмаа харж байгаад 9 сар дөхүүлж ажил эхэлсэн” гэх тайлбараар Ц.Л-ыг Н.Б нь 2016 оны 3 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл ажиллуулсан үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль бус аргаар цуглуулсан нотлох баримтыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна. Энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч Н.Б-тэй утсаар ярьсан ярианы бичлэгийг өөрт нь мэдэгдэлгүйгээр хийсэн тул уг нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэж үзэх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул дараах байдлаар залруулах боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан зохигчдын тайлбар нотлох баримт болох бөгөөд хариуцагчийн 3 дугаар сард 800 000 төгрөгийн ажлын хөлс, 6 дугаар сард 1 000 000 төгрөгийн ажлын хөлс өгсөн гэх тайлбараас дүгнэвэл нэхэмжлэгчийн сарын ажлын хөлсийг 1 000 000 төгрөгөөр тооцох боломжтой. Тэрээр 2016 оны 3 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл 7 сар ажилласан тул 7 000 000 төгрөгийн ажлын хөлснөөс өмнө өгсөн 1 800 000 төгрөгийг хасч 5 200 000 төгрөгийг хариуцагч Н.Б-с гаргуулж нэхэмжлэгч Ц.Л-т олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийн харьяалал зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Хэрэгт хариуцагч Н.Б нь Өвөрхангай аймгийн Арвайхээр баг Өнөр хэсгийн 1 дүгээр гудамжны 25А тоотод оршин суудаг талаарх иргэний үнэмлэхний хуулбар авагдсан байна. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 72 дугаар байрны 56 тоот хаягаар хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлснийг тухайн хаягт Н.Б байсан боловч аваагүй талаар бичиг хүргэгч тэмдэглэсэн байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч энэ талаар маргаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд түүний хаягийг тодруулахад дээрх хаягт хүүхэд оюутан болсноор түрээслэн амьдардаг тул ирэн очин амьдардаг гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан иргэн бүртгүүлсэн газраа амьдран суудаггүй гол төлөв амьдран суудаг эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхолж болно гэж заасан тул шүүх хэргийн харьяалал зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хэргийн 45, 50-51, 78, 83, 96, 111 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл шүүх хариуцагчид хэргийн материалыг танилцуулсан, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул шүүхээс Н.Б-д хэргийн танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй түүний эрхийг зөрчсөн, хязгаарласан гэх байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар хариуцагч нь Иргэний хэрэг шүүхд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01543 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-с 5 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Л-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “258 000” гэснийг “98 150” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ