Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 190

 

С.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган, Ж.Жаргалсайхан, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаар магадлалтай, 201610010142 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Мянган, Ж.Жаргалсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1962 оны 6 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Олгонд овогт С.Э нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 84-15 УНМ улсын дугаарын чирэгчтэй, 75-01 БЧ улсын дугаартай “Hongyan” загварын ачааны автомашиныг жолоодон Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн асфальтан хучилттай зам дээр явж байгаад ослын зогсолт хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас амь хохирогч Я.Баярсүрэнгийн жолоодож явсан 16-99 ДГА улсын дугаартай “Соната-6” загварын автомашин араас нь мөргөж, жолооч Я.Баярсүрэн, зорчигч М.Ядамсүрэн нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон ба прокуророос хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх прокуророос С.Э-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар зүйлчилж, С.Э-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар С.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар С.Э-аас 4.600.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ундармаад олгох, оршуулгын зардалд 5.935.644 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ундармаа, Я.Баярмаа нарт олгож, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, оршуулгын зардал 377.086 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын 7 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж хэрэгт хураагдсан 84-15 УНМ улсын дугаарын чирэгчтэй, 75-01 БЧ улсын дугаарын чиргүүлтэй ачааны “Hongyan” маркийн автомашиныг бичиг баримтын хамт хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй” гэж,

8 дугаар заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар оршуулгын зардлын 5.935.644 төгрөгийн 50 хувь болох 2.967.822 төгрөгийг, хохирогчийн автомашины үнэ 4.600.000 төгрөгийн 50 хувь болох 2.300.000 төгрөг, бүгд 5.267.822 төгрөгийг шүүгдэгч С.Эаас болон хэрэгт хураагдсан “Hongyan” маркийн автомашин, түүний чиргүүлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар худалдан борлуулсан үнээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ундармаа, Я.Баярмаа нарт олгож “Hongyan” маркийн автомашин болон түүний чиргүүлийг худалдан борлуулсан үнийн дүнгийн хохирлоос илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Э гаргасан гомдолдоо: “...Энэхүү хэрэгт миний бие маш удаан хугацаанд шалгагдсан бөгөөд хэргийн нотлох баримтууд янз бүрээр бүрдэж байсан. Тэр бүхэнд миний бие хүлээцтэй хандаж үнэн учир нь олдох байх гэсэн байр суурьтай байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх намайг зайлшгүй зогсолт хийсэн газраасаа түргэн хугацаанд ямар нэгэн аргаар машиныг холдуулах боломжтой байсан гэж үзэж ял шийтгэл оногдуулаад байна. Миний бие тухайн үед машиныг засварлаж зам чөлөөлөх гэж бодохоосоо илүү шүүхийн үзэж байгаачлан ямар нэгэн аргаар чирэх, түлхэх гэх мэтээр машиныг холдуулж, зам чөлөөлөөгүйдээ харамсаж байна. Дээрх үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн хохирол төлбөрийг өөрийн бололцоогоор төлж барагдуулаад байна. Мөн миний биеийн байдал хорих ял эдэлж эхэлснээс хойш эрс муудаж ослын улмаас авсан өвдөгний гэмтэл хүндэрч, даралт үргэлж ихэсч байгаа. С.Э миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа зэргийг харгалзан 3 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд хамруулан 1 жил 1 хоног хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дугаар зүйлд зөвхөн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдэг хэрэглэхээр журамлаж өгсөн байхад шүүх уг заалтыг үндэслэлгүй тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Ч.Өсөхбаяр болон шүүгдэгч С.Э нарын ослын гэрлээ асаачихсан байсан гэх мэдүүлгийг үнэлэлгүйгээр “бусад жолооч нарт анхааруулга болгож ослын дохиог зохих журмын дагуу хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэг учрал гарсан өдөр шүүгдэгч С.Э өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг оношилгоонд хамруулахад тухайн тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байсан гэдгийг мэргэжлийн байгууллага үнэлсэн нь уг тээврийн хэрэгслийн гэрэл дохио бүрэн ажиллаж байсныг нотолсон чухал нотлох баримт юм. Гэтэл шүүх “хэрэг гарах үед ослын гэрлээ асаасан болохыг нотлохгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэрэгт дүгнэлт гаргасан шинжээч нарын дүгнэлт зөрүүтэй, нэг нэгийгээ үгүйсгэсэн байхад уг нотлох баримтыг үнэлж шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, С.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...С.Э-ы гэм бурууд хамааруулаад байгаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтууд нь түүний үйлдэлд шууд хамаарахад эргэлзээтэй. Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 гэх заалт нь ослын гэрэл асаагаагүй тохиолдолд шаардагдах ба мөн дүрмийн 11.1 дэх заалт нь зайлшгүй зогсолтоор зогссон тохиолдолд хамаарахгүй болохыг зөв дүгнэх нь чухал юм. Шүүхээс С.Э-ыг ослын гэрэл асаагаагүй гэх үндэслэлийг техникийн шинжээчийн 6881 тоот дүгнэлтээр нотлогдож байна хэмээн үздэг. Гэтэл энэхүү дүгнэлт нь уг хэрэг гарснаас хойш 6 сарын дараа 2016 оны 11 дүгээр сард бидний санаачилгаар техникийн үзлэг хийгдэж гарсан нь цаг хугацааны хувьд үнэн байдалд нийцэхгүй, уг осол гарч машинд хүчтэй мөргөлт өгсний улмаас эвдрэл үүссэнтэй холбогдох нөхцөл учраас эргэлзээгүй баримтаар авч үзэх үндэслэлгүй юм. Шүүхээс С.Э-ы гэм буруугийн гол үндэслэлийг 728 тоот шинжээчийн дүгнэлтэнд үндэслэсэн атлаа уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч Батзоригийг асуусан мэдүүлгийг үнэлээгүй нь учир дутагдалтай. Иймд С.Э-ы гэм буруутай үйлдэл нь эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүү хэлсэн саналдаа: “С.Э-ы жолоодож явсан тээврийн хэрэгсэл Авирмэдийн нэр дээр байдаг бөгөөд Уул гэх хүнд тээврийн хэрэгслээ зарсан. Хохирлын хувьд шийдэгдсэн, гэм буруугаа хүлээсэн учир давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Улсын Ерөнхий Прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “С.Э нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Э болон түүний өмгөөлөгч Б.Мянган, Ж.Жаргалсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч С.Э нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бусдын эзэмшлийн 84-15 УНМ улсын дугаарын чирэгчтэй, 75-01 БЧ улсын дугаартай “Hongyan” загварын ачааны автомашиныг жолоодож явахдаа Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай зам дээр маслын даралтын шаланк задарсны улмаас 2 урсгалтай 4 эгнээ замын 1 дүгээр эгнээ бүхий зам дээр ослын зогсолт хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна”, мөн дүрмийн 11.1-д заасан “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүнийг зах руу аль болох шахаж зогсоно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөний замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг зөрчиж зам дээр зогссоны улмаас Я.Баярсүрэнгийн жолоодож явсан 16-99 ДГА улсын дугаартай “Соната-6” загварын автомашин араас нь мөргөж, жолооч Я.Баярсүрэн, зорчигч М.Ядамсүрэн нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэв.

Шүүгдэгч С.Э-ы үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Э-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон зэрэг байдлыг харгалзан С.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Э ослын зогсолт хийхдээ ослын гэрэл дохиог асаасан гэх боловч энэ нь жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-т заасны дагуу ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулах, автомашиныг замын зөрчих хэсгээс чөлөөлөх, зам тээврийн осол гарахаас урьдчилсан сэргийлэх талаар шаардлагатай бусад арга хэмжээг даруй авах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд “ослын гэрэл дохио асаасан гэх үндэслэлээр С.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох”, мөн “С.Эы хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

Шүүгдэгч С.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Баярмаа, Э.Ундармаа нарт 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 2.633.911 төгрөгийг төлж барагдуулсан болох нь төлбөрийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт /3хх-73,75/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирол төлөгдсөн учир давж заалдах шатны шүүхийн магадлалын тээврийн хэрэгслийг хураасан хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 7 дахь заалтын 8415 УНМ улсын дугаартай, 7501 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй “Hongyan” маркийн тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч Д.Авирмэдэд буцаан олгосон хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаар магадлалын 1 дэх заалтын тээврийн хэрэгслийг хураасан хэсгийг хүчингүй болгож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч С.Э нь шүүхийн шийдвэрт заасан 5.267.822 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Мянган, Ж.Жаргалсайхан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН