Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 453

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0480 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0609 дүгээр магадлалтай, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0480 дугаар шийдвэрээр: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан 28 гектар талбайн хуулиар хориглосон талбайд давхцаагүй хэсэг болох 27.25 гектар талбайг эзэмших тусгай зөвшөөрөл цуцалсан хэсгийг хүчингүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн давхцаагүй хэсэг болох 27.25 гектар талбайг эзэмших тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0609 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн талбай ашигт малтмалыг ашиглахыг хориглосон талбайтай давхацсан тул нөхөх олговор олгох харилцаа үүсэх бөгөөд давхцаагүй талбайн тухайд нөхөх олговортой холбоотой ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсэхгүй болно” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан нөхөх олговор олгох журмын дагуу нийт 600 орчим аж ахуйн нэгжүүд хамрагдсан бөгөөд нэхэмжлэгч компанид 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэд нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn гэх цахим хуудсанд байрлуулж мөн нийтэд мэдээлсэн болно. Гэвч “Т” ХХК-ийн эзэмшлийн 15332А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байсан, мөн нөхөн олговор авах талаар хууль, Нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-д заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй бөгөөд улмаар Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт “...хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй...” болохыг дурдсан байна. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль, журмаар хориглосон талбайтай давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байсан бол ГУУКХ-т хүсэлт гаргаж давхацсан хэсгээ хасуулж, солбицолд өөрчлөлт оруулж, үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой төдийгүй эрх нь байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг үндэслэн Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 5 дугаар зүйлийн 5.2-д заасан болон “Тодорхойлолтыг баталгаажуулсан тухай” Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно. Дээрх Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 295 дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэр гаргахаас өмнөх мэдэгдлийг 2012 онд холбогдох албан бичгээр нэхэмжлэгч компанид хүргүүлж байсан бөгөөд энэ нь Ашигт малтмалын газрын 2012 оны шуудангийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар баталсан хилийн заагтай давхцалтай мөн дээрх тогтоолуудын хилийн заагийн солбицлыг шинэчлэн тогтоосон Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын хилийн заагтай давхцалтай, чөлөөлөгдөөгүй байсан нь Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтний гаргаж өгсөн “кадастрын тойм” зургаас тодорхой харагдаж байгаа бөгөөд энэ нь нөхөх олговор авах хүсэлтээ тусгай зөвшөөрлийн нийт талбайдаа авах, эсвэл давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргах эсэх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэл зоригийн асуудал тул давхцаагүй талбайн тухайд нөхөх олговортой холбоотой ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсэхгүй болно гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлээр цуцлагдсан талбай тул сонгон шалгаруулалтын журмаар олгогдох талбай юм. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг үндэслэн “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5.2, “Тодорхойлолт баталгаажуулсан тухай” Сангийн дэд сайдын 2012 оны 3-2/1458 дугаартай албан бичгийн дагуу” гэж дурдаж “Т” ХХК-ийн эзэмшиж байсан МV-15332 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгч “Т” ХХК нь “...нөхөн олговор олгох талаар мэдэгдээгүйгээс хүсэлтээ гаргах боломж олгоогүй, ...нөхөн олговор олгоогүй атлаа тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй, цуцлах талаарх мэдэгдэл болон цуцалсан шийдвэрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй” гэж маргажээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн заагийг баталсан бөгөөд “Т” ХХК-д ашигт малтмал ашиглалтын 15332А дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон Булган аймгийн Бүрэгхангай сумын “Баруун зах цаг” нэртэй газрын 28.67 га уурхайн талбайн 1.42 га хэсэг газар нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарсан үйл баримт тогтоогджээ.

Дээрх хуулиар гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон тул тусгай зөвшөөрөл эзэмшигч “Т” ХХК-ийн хувьд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасны дагуу хориглосон уг газрын давхцалтай “газар”-т нөхөх олговор авах эрхтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг “бүрэн төлсөн” тохиолдолд төрийн захиргааны эрх бүхий байгууллага гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлахаар заажээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3.4.2-т дээрх газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол гэснийг “нөхөх олговор олгохгүй” байх тохиолдлын нэг болгож, тус журмын 3.4-т заасны зэрэгцээ уг газартай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь “үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой”-г журмын 4.1.8-т заасан байна.

Тусгай зөвшөөрлийн эрх шударгаар эзэмшигч этгээд уг журмаар тогтоосон хугацааны хамаарлын асуудлаар эрхээ сэргээлгэх, хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар гомдол, нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байгааг анхааралгүй, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг хуульд өөрөөр заасан байхад “Т” ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV-15332 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 295 дугаар шийдвэрийн холбогдох заалт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасанд нийцээгүй тул хууль бус захиргааны акт гэж үзнэ.

Түүнчлэн ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглоогүй газартаа уг үйл ажиллагаа явуулах нэхэмжлэгчийн эрхийг “нөхөх олговор авах хүсэлт гаргах хугацаа”-гаар хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалж байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөвтгөх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “нөхөх олговор авах талаар журамд заасан хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй, ...давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байсан бол ГУУКХ-т хүсэлт гаргаж, давхацсан хэсгээ хасуулж, солбицолд өөрчлөлт оруулж үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой төдийгүй, эрх нь байсан” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Ч.О “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх” хүсэлтийг хангаж, шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 6100 дугаар захирамжаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэнтэй хариуцагч маргаагүй тул хяналтын гомдолд дурдсан “...шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байсан” гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээрх байдалд үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0480 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0609 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ