Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2021/00945

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К Б ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Г холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг нийт 14 739 447 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “К” ХХК-ний Эрдэнэт салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Т овогтой Г нь тус банктай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №3052-2020/027 тоот цалингийн зээлийн болон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 17 700 000 төгрөгийн зээлийг, жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, эмчилгээний төлбөр төлөх зориулалтаар авсан юм. Зээлдэгч Т.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүүг төлөөгүй байх тул зээлийн гэрээний 5.2.5, 7.2, 8.2-д зааснаар талуудын хооронд байгуулсан №3052-2020/027 тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 14 685 730.76 төгрөг, зээлийн үндсэн хүү 53 716.24 төгрөг, нийт 14 739 447 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гаргуулах, Иргэний хуулийн 175-р зүйлийн 1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т овогтой Г миний бие 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цалингийн зээл авсан. Иймд би Кнаас авсан 14 739 447 төгрөгийн зээлийг өөрийн биеэр төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Т.Г шүүхэд ирүүлсэн нэмэлт хариу тайлбартаа: Б овогтой С миний бие нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жижүүрээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Кнаас 17 700 000 төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд үндсэн зээл 14 685 730.76 төгрөг, зээлийн үндсэн хүү 53 716.24 төгрөг, нийт 14 739 447 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Одоогоор би өөрийн гэсэн ажилгүй, орлогогүй байгаа тул 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 400 000 төгрөгөөр төлж төлбөрийг бүрэн барагдуулах хүсэлтэй байна. Хамтран зээлдэгч Н.Нг хамтран зээлдэгчийн үүргээс чөлөөлж өгнө үү. Б овогтой С миний бие нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн нагац эгчийн оронд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилд орох зорилгоор өөрийн нэрийг Тын Г болгон өөрчилсөн байсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн хуучин нэрийг сэргээж, Бн С болгож өөрчилсөн гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Н миний бие нь Кны нэхэмжлэлтэй, Т.Гд холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй байна. Учир нь Т.Г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т жижүүрээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №3052-2020/027 тоот цалингийн зээлийн болон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Кнаас 17 700 000 төгрөгийн цалингийн зээл авч, батлан даагчаар би гарын үсэг зурсан. Гэвч 2020 оны 03-р сард Т.Г ажлаасаа халагдаж, халагдсан өдрөөсөө эхлэн өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Гэтэл банк миний данснаас зээлийн төлөлтийг нь шууд суутган авч, өнөөдрийг хүрлээ. Одоогийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 6 сая гаруй төгрөг төлсөн байна. Би “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг бөгөөд мөн тухайн банкнаас цалингийн зээл авч, сард 830 000 төгрөгийн төлөлт хийдэг. Давхар хүний өмнөөс зээл төлж байгаа нь надад эдийн засгийн маш том хүндрэл учруулж байна. Би өөрөө тусдаа гараагүй, хүүгийн хамт өөрийн ээжийнд амьдардаг. 2 зээл зэрэг төлж байгаа нь цалингийн орлого амьдрал ахуйд хүрэлцэхгүй, зээлийн төлөлт л хийсээр өнөөдрийг хүрч байна. Энэ асуудлыг банкинд удаа дараа хэлсэн боловч хүлээж авдаггүй. Намайг батлан даагчаар гэрээнд гарын үсэг зурах үед банкны эдийн засагч гэрээг болон эрх, үүргийг танилцуулаад, гэрээнээс үүдэн гарах үр дагаврыг танилцуулсан бол би гэрээнд гарын үсэг зурахгүй байсан. Гэвч надад гэрээг ч танилцуулаагүй, батлан даагч заавал хэрэгтэй байдаг, та гэрээнд гарын үсэг зур гээд л зуруулсан. Үндсэн зээлдэгч буюу тухайн мөнгийг авсан хүн нь өөрөө байж байхад шууд надаас мөнгийг суутгаж байгаад нь гомдолтой байна. Хэдийгээр банк Т.Гд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүхээс Т.Г мөнгө төлөхөөр шийдвэр гарсан ч бодит байдалд энэ шийдвэр хэрэгжихгүй, банк Т.Ггаас биш надаас мөнгө суутгасаар байх бөгөөд цаашид энэ байдал нь үргэлжилсээр байх болно. Иймд миний эрх ашиг хөндөгдсөөр байх тул 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №3052-2020/027 тоот цалингийн зээлийн гэрээний батлан даагчийн үүргээс чөлөөлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Н нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №3052-2020/027 тоот цалингийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч юм. Түүнийг батлан даагчийн үүргээс чөлөөлөх тухай шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэв.

Хариуцагч Т.Г бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Г миний бие Н.Нгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би ажилгүй болсны улмаас миний өмнөөс миний авсан цалингийн зээлийг төлсөн нь үнэн. Цаашид би өөрөө зээлээ төлж явах учир Н.Нг цалингийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж өгнө үү. Миний өмнөөс цалингийн зээлд төлсөн мөнгийг Н.Нд эргүүлэн төлөх болно гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К” ХХК-ний Эрдэнэт салбар нь хариуцагч Т.Гд холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3052-2020/027 тоот цалингийн зээлийн гэрээ болон мөн өдрийн 3052-2020/027-1 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 14 685 730.76 төгрөг, хүүний төлбөрт 53 716.24 төгрөг нийт 14 739 447 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Н 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №3052-2020/027 тоот цалингийн зээлийн гэрээний батлан даагчийн үүргээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус гаргасан.

Хариуцагч Т.Г нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

К зээлдэгч Т.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Н нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3052-2020/027 дугаартай цалингийн зээлийн гэрээ, 3052-2020/027-1 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж,  17 700 000 төгрөгийг жилийн 15.60 хувийн хүүтэй, 30  сарын хугацаатай, эмчилгээний төлбөр төлөх зориулалтаар авсан болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээнүүдийн хуулбараар нотлогддог.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу К ХХК-ний Эрдэнэт салбар шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлдэгч Т.Гд  холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Т.Г нь зээлийн эргэн төлөлтийг хоцроож, зээлээ төлөхгүй байсан, оршин суух хаягтаа байхгүй, ажлаас халагдсан зэрэг шалтгаанаар түүнийг эрэн сурвалжлах хүсэлт гаргаж тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/01049 дугаартай шийдвэрээр хаягийг олж тогтоосноор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул зээлийг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан.

Зээлдэгч Т.Г ажлаас халагдсан үндэслэлээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд барьцаанд түүний ирээдүйд орж ирэх цалингийн орлого гэж тодорхойлсон боловч хувь хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой орлого байхгүй болсноор барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчилэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж тодорхойлсон ба хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Н нь зээлийн гэрээний үүргээс 6 300 000 төгрөгийг биелүүлсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш хүлээн зөвшөөрдөг.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Н өөрийн болон Т.Ггийн зээлийг хамтад нь төлөхөөр ямар ч цалин авахгүй, амьдрал тун хүнд байгаа талаараа тайлбарлсан ба өнгөрсөн хугацаанд Т.Ггийн зээлээс 6 300 000 төгрөгийг төлсөн учир уг зээлийн батлан даагчийн үүргээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг гаргасан гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д 1.Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг.

Хариуцагч Т.Г бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч үлдэж байгаа зээлээ өөрөө хариуцан төлнө гэсэн тайлбарыг гаргасан. Мөн овог нэр өөрчилсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлж, Б.С гэж сэргээсэн нэрээрээ ч тайлбар өгсөн болохыг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн овог нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор жинхэнэ хариуцагчийн нэрийг өөрчлөх тухай хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

К зээлдэгч Т.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Н нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3052-2020/027 дугаартай цалингийн зээлийн гэрээ, 3052-2020/027-1 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр Н.Н зээлийн харилцаанд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар оролцсон бөгөөд батлан даагчийн үүрэг гүйцэтгээгүй тул түүний батлан даагчийн үүргээс чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд К зээлдэгч Т.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Н нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3052-2020/027 дугаартай цалингийн зээлийн гэрээ, 3052-2020/027-1 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Т.Ггаас зээлийн гэрээний үүрэгт нийт 14 739 447 /үндсэн зээл 14 685 730.76 төгрөг, хүүний төлбөр 53 716.24 төгрөг/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-ний Эрдэнэт салбарт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Нгийн батлан даагчийн үүргээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй, хариуцагч Т.Гд шүүх хуралдааны товыг түүний оршин суугаа газрын хаягаар хүргүүлсэн, товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зүгээс эзгүйд хурлыг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Т.Ггийн эзгүйд шүүх хурлыг үргэлжлүүлсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 240 880 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ггаас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 240 880 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-ний Эрдэнэт салбарт олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 160 дугаар зүйлийн 160.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг баримтлан К, зээлдэгч Т.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Н нарын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3052-2020/027 дугаартай цалингийн зээлийн гэрээ, 3052-2020/027-1 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Т.Ггаас зээлийн гэрээний үүрэгт нийт 14 739 447 /арван дөрвөн сая долоон зуун гучин есөн мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-ний Эрдэнэт салбарт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар батлан даагчийн үүргээс чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Нгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240 880 /хоёр зуун дөчин мянга найман зуун ная/ төгрөг, гуравдагч этгээийн урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Т.Ггаас 240 880 /хоёр зуун дөчин мянга найман зуун ная/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-ний Эрдэнэт салбарт олгосугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ