Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/170

 

    

 

 

 

 

 

 

 

                                                       2024/ШЦТ/170

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч, хохирогч: Н.Б, түүний өмгөөлөгч Г.Э

Шүүгдэгч, хохирогч: Д.Б, түүний өмгөөлөгч С.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нын Б, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Б нарт холбогдох 2212................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, .......... аймгийн ....... сумын .......... баг ........... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Нын Б /РД:........./

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, Батцэнгэл сумын 6 дугаар багийн Засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, .......... аймгийн ........... сум ......... баг ............ тоотод гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Дийн Б /РД:................/

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой .........аймгийн .......сумын ........... багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Быг зодож эрүүл мэндэд нь зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 01 дүгээр  сарын 05-ны орой ......... аймгийн ........... сумын .............. багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Бтай маргалдан зодолдож улмаар Н.Бын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт Д.Б хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ж эхнэрийн хамт манайд ирсэн байсан. Тухайн өдөр манай суманд эмэгтэйчүүдийн уулзалт болсон. Тухайн уулзалтаас болоод ажил их байна гээд Ж над руу ярьсан. Тэгээд би чи манайд ирээд хоол идчих би хоол хийгээд байж байя гэж хэлсэн. Ж эхнэртэйгээ ирсэн. Мөн манай эхнэр ч гэсэн тухайн үед ажлаасаа тараад ирсэн. Оройн 9 цагийн үед Б манайд согтуу орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ Б, Ж та хоёрыг ална гэж орилсоор орж ирсэн. Тэгээд Ж чи яахаараа бид хоёрыг алдаг юм гэж хэлсэн. Орж ирээд миний хажууд суугаад надаас хэрүүл өдөөд байсан. Би тухайн үед юм дуугараагүй. Би Бд чамтай ярих юм байхгүй, чи гар гэж хэлээд гаргах гээд түлхээд ноцолдож байхад манай эхнэр чи согтуу хүнтэй яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би түлхээд гаргасан. Манайх үүдэндээ 20х20 хэмжээтэй хайрган чулуу асгасан байсан. Тэр чулуун дээгүүр гишгээд Б гараад явах шиг болсон. Манайх тухайн үед хэдэн шуудай нүүрс аваад үүдний амбаарынхаа ханыг дагуулаад хураасан байсан. Тухайн үед өвөл байсан учир харанхуй болсон байсан. Би Бг энд тэнд уначихсан байж магадгүй гэж бодоод араас нь хүрмээ өмсөөд гарч байшингаа тойроод үзэхэд Б манай шуудайтай нүүрсэнд тээглээд түрүүлгээ хараад унасан байсан. Би чи босооч, хөлдөж үхлээ гэж хэлээд дээлийн зах дээрээс нь өргөж босгоход намайг цохих гээд байсан, тэгэхээр нь би дээлийнх нь захнаас бариад доош туламлаж дарсан, тэгсэн миний хөлөөс зуураад мушгисан. Би тэр мушгилтаас нь болоод газар унасан. Тэгээд миний хөл эвгүй болсон. Чи хөл тавиач гэж хэлэхэд намайг тавиад явсан байсан. Э нойлоос гарч ирээд намайг Б явчихсан байна шүү дээ гэж хэлээд түшиж босгоод гэрт оруулж өгсөн. Тэгээд эмнэлэг цагдаа дуудаад үзүүлэхэд эмч таны хөл хугарсан байж магадгүй, аймаг яв гэж хэлсэн. Би аймагт ирэхэд хөл хугарсан байсан. Тухайн өдөр шинийн 4-ны өдөр байсан учир сар гараагүй, гадаа харанхуй байсан. Тэр үед Бгийн нүүр шалбарсан байсан эсэхийг харах боломжгүй байсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Б хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би Бын гэрт согтуу орсон. Тухайн үед бид хамтарч хадлан тэжээл авсан байсан. Намар нь хадлангаас буугаад гэрээ хураахад Б гэр хураалцаагүй. Би хүүтэйгээ хамт гэр хурааж байсан. Тэгээд Бын гэрт ороод мэндлэхэд өмнөөс мэнд ч мэдэхгүй байсан. Үүнээс нь болж бид маргалдсан. Б миний дээлний захнаас доош дараад гэрээсээ чирээд гаргасан. Б намайг дээлийн захаар толгой ороогоод дөрвөн хөллүүлсэн. Би тухайн үед юм харахгүй байсан. Намайг дээлны захаас доош дарж байгаад шилэн хүзүү, толгой руу  2-3 удаа дэвсэж, цохисон. Би бодохдоо хөлөөрөө дэвслээ гэж бодсон. Тэгээд нүд рүү нэг удаа өшиглөсөн. Миний гар дээлэн дотроо байсан учир гаргах боломжгүй байсан. Би тухайн үед барилддаг бөх хүүгийнхээ дээлийг өмссөн надад томдож байсан. Ямар ч байсан миний толгой дээлний захаар доош орсон Б намайг зодож байсан. Би юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд нэг ухаан ороход Э чи хүний хөл хугалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь очоод хөлд нь хүрээгүй байхад яахаараа хугардаг юм гэж хэлээд гарсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэв.

 

Улсын яллагч, өмгөөлөгч нараас 2212............... дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Н.Бын өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой Б гэх айлд ороод за сайн байна уу гэхэд Ж миний өмнөөс сайн сайн байна уу гэсэн. Б надтай дуугараагүй. Тэгээд би та нар хамт байсан тарианы гэр хураалцсангүй гэж хэлсэн. Тэгэхэд Б чи юу хуцаад яваад байгаа юм бэ гээд чи гар гээд миний дээлийн захнаас бариад чирээд гараад явсан гадаа гараад үүдэндээ намайг хөлөөрөө өшиглөөд байсан хүзүү хэсэг рүү 4-5 удаа хүчтэй өшиглөсөн. Тэгээд би өндийгөөд босох гэтэл баруун талын зовхи хэсэг рүү өшиглөөд миний зовхи хагараад цус гарсан байсан. ...У, Э нар байсан. Энэ хоёр хүн юу болсон талаар сайн мэдэж байгаа. У намайг түшээд гэр лүү явж байхад цагдаа таараад намайг гэрт хүргэж өгсөн. Би гэртээ орж хоноод бие өвдөөд болохгүй болохоор нь түргэн дуудаж үзүүлээд эмнэлэгт 5 хоног эмчилгээ хийлгэсэн. Сумын ерөнхий эмч үзээд тарх гэмтэлтэй цус хуралттай байна хот руу явж үзүүл гэсэн би хот руу явах гэж байна. Би тухайн үед архи уусан байсан. Тэгэхдээ би өөрийгөө хянах чадвартай байсан. Намайг Б өшиглөөд байсан. Өөр хүн цохиогүй ээ Ж миний хоолойг боогоод чи хүний хөл хугалчихлаа гэхээр нь би яагаа ч үгүй, яагаад хөл нь хугарсан юм бэ гэж асуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу/,

 

Хохирогч Д.Бын өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ манайд орж ирээд надаас хэрүүл өдөөд байхаар нь Б гэх хүнийг гэрээсээ гаргах гээд дээлийнх нь араас татаад гэрийнхээ үүдний коридорт гаргаад орхисон. Б манай гэрийн таамбарын хаалгыг онгорхой орхиод цааш явсан. Тэгэхээр нь би араас нь гараад харахад манай таамбарын хажууд байсан нүүрсийг даваад унасан байхаар нь Бын дээлийнх нь захнаас татаад бос гэсэн чинь миний хөлөөс татаад би хөлөө авах гээд татах явцад миний хөлийг Б хөшиж татаад миний хөл гишгэж болохгүй би газар унасан. Тэгэхэд Э нойлоос гарч ирж таараад намайг түшиж босгоод гишгэх гэсэн чинь миний хөл гишгэж болохгүй байсан. ...Тэгээд түргэн дуудаж сувилагчид үзүүлсэн таны хөл хугарсан байж магадгүй. Аймаг явж зураг авхуулахгүй бол мэдэгдэхгүй байна гэж хэлэхлээр нь би маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн төв явж хөлөө үзүүлэхэд миний хөл шагайны үений дээд хэсгээр хөндлөн хугаралтай байна. Хадаж болохгүй гээд гипсдүүлсэн. Би Б гэх хүнд хөлөө хугалуулсан учир гомдолтой байна. Мөн Б гэх хүн маргааш өглөө нь Ж, Б намайг нийлээд намайг зодчихлоо гэж хүмүүст яриад байсан. Би өөрийн сэтгэл санаа болон миний ажил байдлаар хохироосон. Би өөрийн малыг хүн цалинжуулж хариулуулж байгаа. Тэгэхээр би хөлөө гэмтээсэн гишгэж явж чадахгүй байгаа. Малчины 600.000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн зардал 380.000 төгрөг нийт 980.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/,

 

Гэрч Б.Нийн өгсөн “... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой манай аав гаднаас орж ирээд гадаа хүн байна уулзаадах гэж хэлсэн. Гарахдаа намайг түшээрэй гээд би түшиж гараад харахад гадаа цагдаа ах байсан. Тэгээд надад хүлээлгэн өгсөн. Би аавыг хүлээж авахад баруун талын хөмсөг хагарсан цус гарсан байсан. Мөн толгой ард хэсгээрээ хавагнасан байдалтай байсан. Тэгээд аав гэртээ орж ирээд толгойны эм уусан. Шөнө унтаж байхдаа ёолоод байсан. Тэгээд өглөө 06 цагийн үед босоод бие өвдөөд байна. Манай эгч Ог дууд гэсэн. Би утсаар яриад дуудсан. Тэгсэн О эгчийн нөхөр Баярсайхан толгойны эм аваад ирсэн. Авч ирээд эмийг нь уугаад өвчин намдахгүй байсан. Тэгээд түргэн дуудсан. Эмнэлгээс түргэн ирээд дусал, тариа, эм уулгасан 1 цаг орчим гайгүй байж байгаад буцаад толгой нь өвдөөд байна гээд байсан. Тэгээд О эгч нөхөртэйгөө хамт эмнэлэгт авчирч хэвтүүлсэн. Сумын эмнэлэгт 5 хоног хэвтээд хот руу эмчилгээнд явсан. ...Б гэх хүнд зодуулчихлаа. У харж байсан гэж ярьж байсан. Өөр хүний нэр хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,

 

Гэрч Л.Жын өгсөн “...Би өөрийн эхнэрийн хамт Б гэх айлд хоол идээд сууж байхад гаднаас Б орж ирээд Б бид хоёрыг ална гээд байсан. Тэгээд Б гэх хүн Быг аваад гараад явсан. Тэгээд гадаа гараад юу болсныг мэдээгүй ээ. Гадаа гараад удаагүй буцаад ороод ирсэн. Тэгэхэд Б миний хөл хугарчихлаа гээд ороод ирсэн. Б нь буцаж орж ирээгүй. Би Бын биед хүрээгүй. Хараад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,

 

Гэрч М.Угийн өсгөн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б гэх айлд очиж нэг шил архи хувааж уусан. Ямар архи байсныг нь санахгүй байна. Тэгээд бид хоёр О гэх айлд орж нэг 0,5 литрийн хараа гэх архи хувааж уусан. ...Б гэх айлын гадаа ирээд Б би ийшээ орчхоод гараад ирье гэсэн. Тэгэхээр нь би гадаа нь үлдээд хүлээж байсан чинь Бын гэрээс Быг нэг хүн гаргаж ирээд газар унагаагаад дээр нь дэвсээд байсан. Тэгсэн чинь цаанаас нэг эмэгтэй хүн ирээд намайг дуудаад ахаа энэ хоёрыг салгаадах гээд дуудаад байсан. Тэгээд би очиж Быг салгаж аваад гэр лүү нь явж байсан чинь цагдаа Б бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. ...Нүүрэн хэсгээс нь цус гарсан байсан. Зүүн талын хөмсөг шанаа орчмоос цус гарсан байсан. Нөгөө эмэгтэй хүн залуугаа сугадаад цаашаа гэрийн хаалга руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/,

 

Гэрч М.Угийн дахин өгсөн “...Б Бын гэр рүү орсон. Тухайн үед би хашааны гадаа зогсож байсан. Тэгсэн Б Бын гэр лүү ороод удаагүй байж байхад Б Быг гэрээсээ чирч гаргаж ирээд дээлээр нь толгойг нь боогоод газар хэвтүүлээд дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан. Аль хөлөөрөө дэвсэж байсныг мэдэхгүй. Тэгсэн Бын эхнэр Нод руу хандаж энэ хоёрыг салгаач гэхээр нь би ирж нөгөө хоёрыг салгасан. Тэгээд Быг босгоод ирсэн чинь нүүр хэсэг нь цус болсон баруун талын хөмсөг зулгарсан байсан. Б тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 171-172 хуу/,

 

Гэрч Х.Оын өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б, У нар гаднаас манай гэрт орж ирсэн. Тэгээд бид хоёр нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи авч орж ирээд танайд уучихъя ахаа гадаа хүйтэн байна гэсэн. Тэгэхээр нь би тэг тэг гээд манайд архи задлаад уусан. Би тэр архинаас 2 удаа уусан. Бусдыг нь Б, У нар хувааж уучхаад гараад явсан. ...Бид 3 хуучилж сууж байгаад архи дуусаад Б, У нар гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/,

 

Гэрч Д.Мгийн өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 06-мы өдөр Б гэх хүн дуудлага өгснөөр очиж биед нь үзлэг хийхэд Б нь толгойндоо хөндүүр зовуурьтай, гараараа тэмтэрч үзэхэд хөндүүр байсан. Баруун талын зовхи язарсан байдалтай харагдаж байсан. Даралт нь 140-100 тай байсан. Зүрхний цохилт 110-тай байсан. Тэгээд толгой их өвдөж байна. Өндийхөөр толгой эргээд байна гэж ярьж байсан. Хүнд зодуулаад толгой өвдөөд босож чадахгүй байна. Б гэх хүнд зодуулчихлаа гэж ярьж байсан. Биедээ өөр шарх сорви байгаагүй. Толгой хэсэгтээ нэлээд зовуурьтай байсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/,

 

Гэрч И.Цгийн өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би ажлаа тараад гэртээ хариад байж байхад Ж, Э нар ирээд бид нар хоол унд хийгээд сууж байхад гаднаас Б хаалга үүд саваад пизда минь гээд ороод ирсэн. Би Б чи гар гэж хэлсэн. Миний үгэнд ороогүй. Тэгээд Б Быг аваад гарсан. Тэгээд 2-3 минутын дараа хөл хугарчихлаа гээд Эг сугадаад ороод ирсэн. Гадаа гараад юу болсон талаар мэдээгүй. Б нэлээд согтуу байсан. Б Быг авч гараад орж ирэхдээ хөл нь гэмтээд ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/,

 

Гэрч Т.Эгийн өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн нөхөр Л.Жын хат Б гэх айлд байж байхад гаднаас Б согтуу нэлээд ууртай орж ирсэн. Тэгсэн Б чи гар, чамтай ярих юм байхгүй гэж хэлсэн. Би тэгээд зөрөөд гарч нойл ороод сууж байхад Бын гэрээс хүмүүс гарч байсан. Тэгээд би нойлоос гараад ирсэн чинь байшингийн буланд Б, Б нарын дуу гараад байсан. Тэгээд би яваад очтол Б Бын хөлөөс нь барьсан байсан. ...Тэгээд Б хөлийг нь тавьсан. Тэгсэн Бын хөл гэмтсэн байсан. Би Быг түшээд гэр лүү нь орсон. Тэгээд хөлийг нь харахад хөл нь хавдсан байсан. Тэгээд бид нар эмнэлэг дуудаад үзүүлсэн. Маргааш нь аймгийн төв орж хөлийг нь гипсдүүлсэн. Бын хөл хугарсан байна гэж хэлсэн. Аль яс нь яаж хугарсныг хэлж мэдэхгүй байна. Би байсан Б, Б, машины цаана нэг хүн байсан. Тэрийг таниагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 91-93 хуу/,

 

Гэрч А.Жгийн өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хариуцсан Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад Ж Бын хөл нь эвгүй болчихлоо чи хүрээд ир гэсэн. Үүний дагуу очиход Б гэртээ орон дээрээ зүүн талын хөлөө хугалчихсан гээд хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Б манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд архи ууя гэхээр нь хүмүүс цай уулгаж байна дараа болцгооё гээд гэрээс гараарай гэсэн чинь гарахгүй байсан. Тэгэхээр нь гэрээс чирээд гаргасан. Гадаа гаргахад миний зүүн хөлөөс Б татаад байсан. Тэгсэн эвгүй болчихсон гэж ярьсан. Тэгээд би нөгөө хоёрыг аваад ажлын байран дээрээ очиход Бын баруун талын хөмсөг хэсэг цус гарсан байсан. Тэгэхээр нь Бын охинд нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 166-168 хуу/,

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 82 дугаартай Д.Бын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн “...Д.Бын биед зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, үеэр эвгүй хөших, гишгэх үед үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 хуу/,

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн “Н.Бын амбулаторийн картанд бичигдсэн эмчийн тэмдэглэлд тухайн үед эмнэлэгт хэвтсэн он сар тодорхойгүй, үндсэн онош бичигдээгүй тул дүгнэлт гаргах боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 62-63 хуу/,

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаартай Н.Бын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн “Н.Бын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 102-104 хуу/,

 

Гэрч А.Жгийн дахин өгсөн “...Намайг дуудлагаар очиход Н.Б, М.У нарын согтолт нь гаагүй байсан бөгөөд Өөрсдийгөө бүрэн хянах чадвартай байсан. Н.Б, М.У нар тухайн зодоон болсон асуудлыг мэдэх чадвартай байсан. Мөн хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байгаагүй. Н.Б нь өөрөө унаж эрүүл мэнддээ гэмтэл авахаар согтуу байгаагүй. Ер нь бол тухайн хэрэг маргааныг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 197-198 хуу/,

 

Гэрч Х.Оын дахин өгсөн “...Манай гэрт 1 шил архи уугаад гарсан.Уг нэг шил архийг бид гурав хувааж уусан тэгээд гараад явсан. Би нэрийг нь санахгүй байна. 0,5 литрийн архи хувааж уугаад гарсан. Өөр зүйл болоогүй. Аль зэрэг согтсон эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Манай гэрээс хоёулаа гараад явсан. Гарахдаа ямар ч байсан гуйвж унаж тусаагүй зүгээр алхаад гараад явсан. Өөрөө зүгээр алхаад гараад явсан. Гадаа нэлээд хүйтэн байсан. Би араас нь гарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 201-202 хуу/,

 

Хохирогч Н.Бын дахин өгсөн “...Би Бын гэрт ороход нээх согтуу байгаагүй. Тухайн үед болж байгаа асуудлыг мэдэж байсан. Юу болсныг санаж байна. Би өөрийнхөө гэрт Угийн хамт 1 шил архи уусан. Тэгээд Бынд очсон юм. Би Д.Бын гэрээс гарахдаа унаагүй харин Д.Б намайг миний өмсөж байсан дээлээр толгойг дарж чирээд гэрээс гаргаж миний толгой дээрээс дэвссэн. У Бын гэрт ороогүй хашааны гадаа үлдсэн. Харин Б намайг зодож байхад хашааны гаднаас хараад орж ирж салгасан. Хашааны гадаа байж байгаад намайг Б зодож байхад гаднаас хашаан дотор орж ирээд намайг салгасан. Гадаа үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Дөнгөж бүрэнхий болж байсан. Би Д.Бын хөлөөс татаагүй. Мөн гар хүрээгүй. Харин намайг гэрээсээ чирч гаргаж ирээд зодсон. Д.Быг гомдолгүй гэх юм бол надад нээх гомдол санал гээд байх юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 209-210 хуу/,

 

Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 218-223 хуу/,

Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-ийн 96-97 хуу/,

Гэрч М.Сн мэдүүлэг /2хх-ийн 100-101 хуу/,

Д.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,

Н.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/,

Шинжээч эмч Б.О мэдүүлэг /2хх-ийн 175-176 хуу/,

Гэрч Д.Мгээс дахин авсан мэдүүлэг /2хх-ийн 179 хуу/,

Гэрч Б.Ниас дахин авсан мэдүүлэг /2хх-ийн 182-183 хуу/,

Гэрч П.Б мэдүүлэг /2хх-ийн 190-191 хуу/,

2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/400 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж /2хх-ийн 158-166 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 203-208 хуу/,

Амбулаториор үйлчлүүлэгсдийн карт /хх-ийн 65-85 хуу/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 120 хуу/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147 хуу/,

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/187 дугаартай албан бичиг /хх-ийн 149 хуу/,

Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 107 дугаартай албан бичиг /хх-ийн 151 хуу/,

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 160-161 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Быг зодож эрүүл мэндэд нь зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр  сарын 05-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Бтай маргалдан зодолдож улмаар Н.Бын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь харилцан бие биедээ хохирол учруулсан, бие биеэсээ гаргуулах хохирол төлбөр байхгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж хэлсэн учир шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй...”,

 

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Г.Э шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дэвсгэр дээр таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байна. Уг гэмтлийг шүүгдэгч Н.Б нь учруулсан байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Н.Бын тухайд Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл дээрээ маргахгүй гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгөхдөө илэрхийлсэн. Тухайн үед Б нь согтуу байсан нь үнэн, гэхдээ өөрийнхөө үйл явдлыг мэдэх боломжтой байсан, мөн өөрөө унаад бэртэхээргүй нөхцөл байдалтай байсан гэдгийг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Өмгөөлөгч миний хувьд гэмт хэрэг мөн эсэх, энэ хэрэгт Н.Б гэм буруутай эсэх дээр Н.Бтай ялимгүй зөрүүтэй дүгнэлттэй байгаа. Н.Бын холбогдсон гэмт хэргийн үйл явдал нь гэмт хэргийн санаатай хэлбэр юм уу? эсхүл шинжээчийн дүгнэлтэд дурдагдсанаар Д.Б өөрөө эвгүй гишгэсэн нөхцөл байдлаас болсон уу? Н.Б хөлийг нь хөшсөн нөхцөл байдлаас үүссэн үү? санамсар болгоомжгүй байдлаар үүссэн гэмтэл үү? гэдгийн ялгааг заавал гаргах ёстой. Мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй. Н.Б шууд санаатайгаар Д.Быг гэмтээе гэсэн сэдэл санаа зорилго байсан эсэх, энэ хоёр хүн хоорондоо ноцолдож байхад ямар үйл явдал болж байсан, ямар процесс явагдаж байсан, би чамайг тавихгүй гэх мэт үг үйлдэл гаргаж байсан эсэх, хөлийг нь хугална гэсэн зорилго нь тухайн үед илэрхийлэгдэж байсан эсэх энэ бүхийг тогтоох хэрэгтэй. Миний хувьд эргэлзээгүй байдлаар Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтлийг Н.Б учруулсан байна гэдгийг тогтоосон зүйл байхгүй гэж харж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Быг яллах боломжгүй гэж харж байна. Хэрэгт авагдсан баримтууд нь Н.Быг гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүй нотолж чадахгүй байх тул түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…”,

 

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч С.П шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг буцаасан боловч захирамжид дурдсан гол ажиллагаануудыг хийгээгүй шүүхэд шилжүүлсэн. Бид сая шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалсан. М.У гэх гэрчийн тухайд энэ хоёр хүнийг ноцолдож байхад хашааны гаднаас орж ирээд салгасан гээд мэдүүлээд байдаг. Гэтэл нойлд Э гэх гэрч байсан бөгөөд энэ хоёр хүний үйл баримтыг сонсоод хараад байж байсан байдаг. Энэ хоёр хүний мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, эрс тэс өөр мэдүүлэг гараад ирэхээр нь нүүрэлдүүлээд мэдүүлэг автал М.У гэх хүн нь би тэр үйл явдлыг хараагүй, Н.Б намайг харсан гээд хэлчих гэхээр нь би тэгээд хэлчихсэн юм гэж мэдүүлдэг. Нүүрэлдүүлж мэдүүлэг өгөхдөө ингээд хэлчихсэн байхад өмнө нь өгсөн мэдүүлгүүдийг нь аваад, тэр мэдүүлгээр нотлогдож байна гэж хүн яллах гээд оруулаад ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий ямар ч эргэлзээгүйгээр бодитой нөхцөл байдлыг тогтоох хуулийн шаардлага тавигддаг. Яллах дүгнэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой Д.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Бтай маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж бичигдсэн. Гэтэл согтууруулах ундааны зүйлийг Д.Б хаана хэрэглэсэн, яаж хэрэглэсэн, ямар хэмжээний согтолттой байсан эдгээрийг тогтоосон зүйл огт байдаггүй. 2012 оны 04 дүгээр сарын 22-нд буюу хэрэг учрал болсноос хойш 3 сар хагасын дараа хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэг бол энэ хэргийн амин сүнс юм. Гэтэл тэнд дүрслээд байгаа үйл процессыг яг бодит нөхцөл дээр нь дүрсэлж чадаагүй. Гурван шуудаатай нүүрс тухайн үед хүн тээглээд унахаар байрлалтай байсан юм уу?, хана дагуулж тавьсан байдалтай байсан юм уу?, үүнийг нөхөн үзлэг хийгээд дүрслэх боломжгүй. Үнэхээр тухайн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж тогтоох гээд байгаа юм бол 01 дүгээр сарын 05-ны шөнийн 21 цагийн үед гадаа үзэгдэх орчин  ямар байх ёстой талаар ч гэсэн тогтоож орж ирэх ёстой. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Быг Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Быг зодож эрүүл мэндэд нь зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 01 дүгээр  сарын 05-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Бтай маргалдан зодолдож улмаар Н.Бын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлджээ.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар:

 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Бын гэрт таарамжгүй харьцаа үүсгэсэн, улмаар маргалдан Д.Б нь Н.Быг өөрийн гэрээс гаргаж, өмсөж явсан дээлийн захнаас барьж дөрвөн хөллүүлж дарсан, энэ үед Н.Б нь Д.Бын зүүн хөлийг барьж хөшсөний улмаас хохирогч Д.Бын зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны далд хугарал гэмтэл учирсан,

2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харьцаа үүсгэсэн Н.Быг өөрийн гэрээс гаргаж, өмсөж явсан дээлийн захнаас барьж дөрвөн хөллүүлж дарах явцдаа толгой хүзүү хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогч Н.Бын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх бүхий гэмтэл учирсан гэх үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Бын зүүн хөлийг барьж хөшсөний улмаас хохирогч Д.Бын зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Бын толгой хүзүү хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримтууд нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Бын эрүүл мэндэд нь зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Бын “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ манайд орж ирээд надаас хэрүүл өдөөд байхаар нь Б гэх хүнийг гэрээсээ гаргах гээд дээлийнх нь араас татаад гэрийнхээ үүдний коридорт гаргаад орхисон. ...Бын дээлийнх нь захнаас татаад бос гэсэн чинь миний хөлөөс татаад би хөлөө авах гээд татах явцад миний хөлийг Б хөшиж татаад миний хөл гишгэж болохгүй би газар унасан. Тэгэхэд Э нойлоос гарч ирж таараад намайг түшиж босгоод гишгэх гэсэн чинь миний хөл гишгэж болохгүй байсан. ...Тэгээд түргэн дуудаж сувилагчид үзүүлсэн таны хөл хугарсан байж магадгүй. Аймаг явж зураг авхуулахгүй бол мэдэгдэхгүй байна гэж хэлэхлээр нь би маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн төв явж хөлөө үзүүлэхэд миний хөл шагайны үений дээд хэсгээр хөндлөн хугаралтай байна. Хадаж болохгүй гээд гипсдүүлсэн...” гэх мэдүүлэг

Гэрч Л.Жын “...Би өөрийн эхнэрийн хамт Б гэх айлд хоол идээд сууж байхад гаднаас Б орж ирээд Б бид хоёрыг ална гээд байсан. Тэгээд Б гэх хүн Быг аваад гараад явсан. Тэгээд гадаа гараад юу болсныг мэдээгүй. Гадаа гараад удаагүй буцаад ороод ирсэн. Тэгэхэд Б миний хөл хугарчихлаа гээд ороод ирсэн...” гэх мэдүүлэг

Гэрч И.Цгийн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би ажлаа тараад гэртээ хариад байж байхад Ж, Э нар ирээд бид нар хоол унд хийгээд сууж байхад гаднаас Б хаалга үүд саваад пизда минь гээд ороод ирсэн. ...Тэгээд Б Быг аваад гарсан. Тэгээд 2-3 минутын дараа хөл хугарчихлаа гээд Эг сугадаад ороод ирсэн. Гадаа гараад юу болсон талаар мэдээгүй. Б нэлээд согтуу байсан. Б Быг авч гараад орж ирэхдээ хөл нь гэмтээд ороод ирсэн...” гэх мэдүүлэг

Гэрч Т.Эгийн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн нөхөр Л.Жын хат Б гэх айлд байж байхад гаднаас Б согтуу нэлээд ууртай орж ирсэн. ...байшингийн буланд Б, Б нарын дуу гараад байсан. Тэгээд би яваад очтол Б Бын хөлөөс нь барьсан байсан. ...Тэгээд Б хөлийг нь тавьсан. Тэгсэн Бын хөл гэмтсэн байсан. Би Быг түшээд гэр лүү нь орсон. Тэгээд хөлийг нь харахад хөл нь хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг

Гэрч А.Жгийн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хариуцсан Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад Ж Бын хөл нь эвгүй болчихлоо чи хүрээд ир гэсэн. Үүний дагуу очиход Б гэртээ орон дээрээ зүүн талын хөлөө хугалчихсан гээд хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Б манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд архи ууя гэхээр нь хүмүүс цай уулгаж байна дараа болцгооё гээд гэрээс гараарай гэсэн чинь гарахгүй байсан. Тэгэхээр нь гэрээс чирээд гаргасан. Гадаа гаргахад миний зүүн хөлөөс Б татаад байсан. Тэгсэн эвгүй болчихсон гэж ярьсан ...” гэх мэдүүлэг

Гэрч Ц.Бын “...тэгээд нэлээд хэд хоногийн дараа сумын төвд ирээд Бын гэрт ороход Б хөлөө гипсдсэн байсан. Тэгээд хөл хугарсан талаар мэдсэн. Тэгээд яагаад хөлөө хугалав гэсэн чинь Б гэх хүнтэй маргалдаад хөлөө гэмтээлээ гэж ярьсан. Би яг яаж хөлөө гэмтээсэн талаар нарийн мэдэхгүй надад тайлбарлаж яриагүй...”

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 82 дугаартай Д.Бын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн “...Д.Бын биед зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, үеэр эвгүй хөших, гишгэх үед үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Бын хохирогчоор өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ж эхнэрийн хамт манайд ирсэн байсан. Оройн 9 цагийн үед Б манайд согтуу орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ Б, Ж та хоёрыг ална гэж орилсоор орж ирсэн. Тэгээд Ж чи яахаараа бид хоёрыг алдаг юм гэж хэлсэн. Орж ирээд миний хажууд суугаад надаас хэрүүл өдөөд байсан. Би чи босооч, хөлдөж үхлээ гэж хэлээд дээлийн зах дээрээс нь өргөж босгоход намайг цохих гээд байсан, тэгэхээр нь би дээлийнх нь захнаас бариад доош туламлаж дарсан, тэгсэн миний хөлөөс зуураад мушгисан. Би тэр мушгилтаас нь болоод газар унасан. Тэгээд миний хөл эвгүй болсон. Чи хөл тавиач гэж хэлэхэд намайг тавиад явсан байсан. Э нойлоос гарч ирээд намайг Б явчихсан байна шүү дээ гэж хэлээд түшиж босгоод гэрт оруулж өгсөн. Тэгээд эмнэлэг цагдаа дуудаад үзүүлэхэд эмч таны хөл хугарсан байж магадгүй, аймаг яв гэж хэлсэн. Би аймагт ирэхэд хөл хугарсан байсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг

 

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр  сарын 05-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Бтай маргалдан зодож улмаар Н.Бын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Бын “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой Б гэх айлд ороод за сайн байна уу гэхэд Ж миний өмнөөс сайн сайн байна уу гэсэн. Б надтай дуугараагүй. Тэгээд би та нар хамт байсан тарианы гэр хураалцсангүй гэж хэлсэн. Тэгэхэд Б чи юу хуцаад яваад байгаа юм бэ гээд чи гар гээд миний дээлийн захнаас бариад чирээд гараад явсан гадаа гараад үүдэндээ намайг хөлөөрөө өшиглөөд байсан хүзүү хэсэг рүү 4-5 удаа хүчтэй өшиглөсөн. Тэгээд би өндийгөөд босох гэтэл баруун талын зовхи хэсэг рүү өшиглөөд миний зовхи хагараад цус гарсан байсан. ... Би гэртээ орж хоноод бие өвдөөд болохгүй болохоор нь түргэн дуудаж үзүүлээд эмнэлэгт 5 хоног эмчилгээ хийлгэсэн. ...Намайг Б өшиглөөд байсан. Өөр хүн цохиогүй. ...” гэх мэдүүлэг

Гэрч Б.Нийн “... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой манай аав гаднаас орж ирээд гадаа хүн байна уулзаадах гэж хэлсэн. Гарахдаа намайг түшээрэй гээд би түшиж гараад харахад гадаа цагдаа ах байсан. Тэгээд надад хүлээлгэн өгсөн. Би аавыг хүлээж авахад баруун талын хөмсөг хагарсан цус гарсан байсан. Мөн толгой ард хэсгээрээ хавагнасан байдалтай байсан. Тэгээд аав гэртээ орж ирээд толгойны эм уусан. Шөнө унтаж байхдаа ёолоод байсан. Тэгээд өглөө 06 цагийн үед босоод бие өвдөөд байна. ...Сумын эмнэлэгт 5 хоног хэвтээд хот руу эмчилгээнд явсан. ...Б гэх хүнд зодуулчихлаа. У харж байсан гэж ярьж байсан. Өөр хүний нэр хэлээгүй...” гэх мэдүүлэг

Гэрч Д.Мгийн “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б гэх хүн дуудлага өгснөөр очиж биед нь үзлэг хийхэд Б нь толгойндоо хөндүүр зовуурьтай, гараараа тэмтэрч үзэхэд хөндүүр байсан. Баруун талын зовхи язарсан байдалтай харагдаж байсан. Даралт нь 140-100 тай байсан. Зүрхний цохилт 110-тай байсан. Тэгээд толгой их өвдөж байна. Өндийхөөр толгой эргээд байна гэж ярьж байсан. Хүнд зодуулаад толгой өвдөөд босож чадахгүй байна. Б гэх хүнд зодуулчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг

Гэрч Т.Эгийн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн нөхөр Л.Жын хат Б гэх айлд байж байхад гаднаас Б согтуу нэлээд ууртай орж ирсэн. ...Тэгээд би нойлоос гараад ирсэн чинь байшингийн буланд Б, Б нарын дуу гараад байсан. Тэгээд би яваад очтол Б Бын хөлөөс нь барьсан байсан. ...Тэгээд Б хөлийг нь тавьсан. Тэгсэн Бын хөл гэмтсэн байсан. Би Быг түшээд гэр лүү нь орсон...” гэх мэдүүлэг

Гэрч А.Жгийн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хариуцсан Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад Ж Бын хөл нь эвгүй болчихлоо чи хүрээд ир гэсэн. ...Тэгээд би нөгөө хоёрыг аваад ажлын байран дээрээ очиход Бын баруун талын хөмсөг хэсэг цус гарсан байсан. Тэгэхээр нь Бын охинд нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаартай Н.Бын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн “Н.Бын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт

Гэрч А.Жгийн дахин өгсөн “...Намайг дуудлагаар очиход Н.Б, М.У нарын согтолт нь гайгүй байсан бөгөөд өөрсдийгөө бүрэн хянах чадвартай байсан. Н.Б, М.У нар тухайн зодоон болсон асуудлыг мэдэх чадвартай байсан. Мөн хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байгаагүй. Н.Б нь өөрөө унаж эрүүл мэнддээ гэмтэл авахаар согтуу байгаагүй. Ер нь бол тухайн хэрэг маргааныг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байсан...” гэх мэдүүлэг

Хохирогч Н.Бын дахин өгсөн “...Би Бын гэрт ороход нээх согтуу байгаагүй. Тухайн үед болж байгаа асуудлыг мэдэж байсан. Юу болсныг санаж байна. Би өөрийнхөө гэрт Угийн хамт 1 шил архи уусан. Тэгээд Бынд очсон юм. Би Д.Бын гэрээс гарахдаа унаагүй харин Д.Б намайг миний өмсөж байсан дээлээр толгойг дарж чирээд гэрээс гаргаж миний толгой дээрээс дэвссэн...” гэх мэдүүлэг

Шинжээч эмч Б.О “...Дээрх тархи доргилт гэмтэл нь шилэн хүзүү хэсэгт хүчтэй гараар цохих үед, мөн толгой хэсэг мохоо зүйлээр цохигдох, юм мөргөх үед тархи доргих болон дээрх гэмтэл үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг

Гэрч Д.Мгийн дахин өгсөн “...Б хүнд зодуулсан гэж хэлж байсан. Толгойн хэсэгтээ гар хүрэхээр өвдөөд байна гэж хэлж байсан. Урд өдөр нь Д.Бт зодуулсан гэж хэлж байсан. Яг хаана юу болсон талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг

Гэрч Б.Ниас дахин өгсөн “...Хэрэг болох өдөр манай аавыг сумын цагдаа Ж ах гэрт хүргэж авч ирж өгсөн. Нэлээн орой болсон байсан цагийг нь санахгүй байна. Манай аав гаднаас орж ирэхэд баруун хөмсөг нь сэтэрсэн цус гарсан байсан. Мөн толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд Б ахтай муудалцсан гэж хэлээд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Бын хохирогчоор өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би Бын гэрт согтуу орсон. Тэгээд Бын гэрт ороод мэндлэхэд өмнөөс мэнд ч мэдэхгүй байсан. Үүнээс нь болж бид маргалдсан. Б миний дээлийн захнаас доош дараад гэрээсээ чирээд гаргасан. Б намайг дээлийн захаар толгой ороогоод дөрвөн хөллүүлсэн. Би тухайн үед юм харахгүй байсан. Намайг дээлийн захаас доош дарж байгаад шилэн хүзүү, толгой руу  2-3 удаа дэвсэж, цохисон. Би бодохдоо хөлөөрөө дэвслээ гэж бодсон. Ямар ч байсан миний толгой дээлийн захаар доош орсон Б намайг зодож байсан. Би юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд нэг ухаан ороход Э чи хүний хөл хугалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь очоод хөлд нь хүрээгүй байхад яахаараа хугардаг юм гэж хэлээд гарсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Дээр дурдсан үйл баримт тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрхээс дүгнэхэд Н.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Бын гэрт таарамжгүй харьцаа үүсгэсэн, улмаар маргалдан Д.Б нь Н.Быг өөрийн гэрээс гаргаж, өмсөж явсан дээлийн захнаас барьж дөрвөн хөллүүлж дарсан, энэ үед Н.Б нь Д.Бын зүүн хөлийг барьж хөшсөний улмаас хохирогч Д.Бын зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны далд хавчаар ясны далд хугарал гэмтэл учирсан,

 

Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харьцаа үүсгэсэн Н.Быг өөрийн гэрээс гаргаж, өмсөж явсан дээлийн захнаас барьж дөрвөн хөллүүлж дарах явцдаа толгой хүзүү хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогч Н.Бын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх бүхий гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Н.Бын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Быг зодож эрүүл мэндэд нь зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах

 

Шүүгдэгч Д.Бын 2022 оны 01 дүгээр  сарын 05-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Бтай маргалдан зодолдож улмаар Н.Бын эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б, Д.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 21-22, 40-41 дүгээр талд гэрчээр хууль сануулж авсан Н.Б, Д.Б нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэв.

 

Тус хэрэгт М.У нь 2 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд хохирогч Н.Бтай танилын харьцаатай хэрэг болохоос өмнө хамт айлаар орж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэрэг болох цаг хугацаанд Д.Бын хашааны гадна талд байсан, хэрэг болох цаг хугацаанд Н.Б, Д.Б нар чанга чанга дуугараад байсан өөр хүн байгаагүй талаар гэрч Т.Э мэдүүлдэг, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлгийн тэмдэглэлээр гэрч М.У нь хохирогч Н.Бын ашиг сонирхлыг хамгаалсан байдлаар гэрчийн мэдүүлгээ өгсөн тухай мэдүүлгийн нотлох баримтууд байдаг.

 

Насанд хүрээгүй гэрч Б.Э нь хохирогч Н.Быг гэрийн үүдэн хэсэгт газар цээж хэсгээрээ доош харж унасан, унаад босож ирээд шууд явсан. Явсны дараа би гэрийн хаалгаа хаасан. Б ахыг гэрээс гарч явсны дараа 20-30 минутын дараа манай аав араас нь гарсан талаар мэдүүлсэн бөгөөд уг гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Н.Б нь Д.Бын гэрийн үүд хэсэгт унасан талаар хохирогч, бусад гэрчүүд мэдүүлээгүй гэх нөхцөл байдлууд тогтоогддог. Насанд хүрээгүй гэрч нь хохирогч, шүүгдэгч Д.Бын төрсөн охин тул гэр бүлийн гишүүд, эцэг эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хүрээнд хувийн сонирхолтой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн нэгдүгээр хавтаст хэргийн 31-33, 171-172, 218-223 дугаар талд авагдсан гэрч М.У, 218-223 дугаар талд авагдсан гэрч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, хоёрдугаар хавтаст хэргийн 95-97 дугаар талд авагдсан насанд хүрээгүй гэрч Б.Э нарын мэдүүлгийн нотлох баримтуудыг шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нараас хэрэг гарсан гэх хугацаанаас хойш хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар тооцохгүй байх талаар дүгнэлт гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1, 23.3 дугаар зүйлд хэргийн газрын үзлэг хийх зохицуулалтыг хуульчилсан ба мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийнэ.

 

Мөн мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийхээр хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул нотлох баримтаар тооцохгүй үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Г.Э шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтэд:

 

Өмгөөлөгчийн зүгээс Д.Б нь Н.Быг өөрийн гэрээс гаргаж, өмсөж явсан дээлийн захнаас барьж дөрвөн хөллүүлж дарсан, энэ үед Н.Б нь Д.Бын зүүн хөлийг барьж хөшсөн, эсхүл Д.Б нь өөрөө хөшиж хөлөө гэмтээсэн үйл баримтын талаар эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байгаа, мөн шүүгдэгч Н.Б нь санаатай, болгоомжгүй гэм буруугийн аль хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар дүгнэлт гаргасан.

 

Хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Бын гэрт таарамжгүй харьцаа үүсгэсэн, улмаар маргалдан Д.Б нь Н.Быг өөрийн гэрээс гаргаж, өмсөж явсан дээлийн захнаас барьж дөрвөн хөллүүлж дарсан, энэ үед Н.Б нь Д.Бын зүүн хөлийг барьж хөшсөн үйл баримт тогтоогдсон.

 

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Бын хөлийг барьж хөшсөн үйл баримтыг шүүгдэгч, хохирогч Л.Б мэдүүлдэг. Мөн гэрч Т.Э Б Бын хөлөөс нь барьсан байсан талаар мэдүүлдэг бөгөөд тухайн үйл баримтын цаг хугацаанд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч Н.Б нь Д.Бын гэрт орсноос эхлэн шүүгдэгч, хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй байдал гэрээс гарах хүртэл үргэлжилж, улмаар Д.Б Н.Бын толгой хүзүү хэсэгт цохисон, Н.Б Д.Бын хөлөөс барьж, хөшсөн нөхцөл байдал тогтоогддог.

 

Дээрхээс дүгнэхэд Д.Бын довтолгооны үед Н.Б эсэргүүцэж, таслан зогсоохоор Д.Бын хөлөөс барьж хөшиж гэмтэл учруулсныг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гэж үзэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл Н.Б нь бусдын гэрт орж, Д.Бын эсрэг санаатай өдөөн хатгалт буюу гэр хураалцсангүй гэх байдлаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь өөрийгөө хамгаалах хэлбэр биш юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч Н.Бын хохирогч Д.Бын хөлийг барьсан үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Мөн хэрэгт хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд удаа дараа, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь тогтвортой бөгөөд шүүгдэгч Н.Б нь дээлийн захнаас нь туламлаж дарсан үед зүүн хөлөөс барьж хөшсөн талаар мэдүүлдэг. Тухайн хэрэг учрал болох цаг хугацаанд хохирогч Д.Б, шүүгдэгч Н.Б нараас өөр хүн байгаагүй бөгөөд хохирогчийн мэдүүлгийг анхдагч нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Дээр дурдсан үйл баримт бүхий үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнээр зүйлчлэгдсэн тул зүйлчлэлийг өөрчлөх, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч С.П шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтэд:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан.

 

Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгч Д.Бын хохирогч Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд болон, шүүх хуралдааны явцад нотлон тогтооход шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт хохирогч Н.Б мөрдөн байцаалтын шатанд удаа дараа, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь тогтвортой бөгөөд шүүгдэгч Д.Б нь Н.Быг гэрээс гаргаж дээлийн зах хэсгээс нь барьж туламлаж дарсан тухайн үед хохирогч Н.Б 4 хөллөсөн байдлыг хохирогч, шүүгдэгч хэн аль нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Тухайн хэрэг учрал болох цаг хугацаанд хохирогч Н.Б, шүүгдэгч Д.Б нараас өөр хүн байгаагүй бөгөөд хохирогчийн мэдүүлгийг анхдагч нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

 

Тухайлбал гэрч Т.Э нь нойлд сууж байхад байшингийн буланд Б, Б нарын дуу гараад байсан. Тэгээд очтол Б Бын хөлөөс нь барьсан байсан талаар мэдүүлдэг бөгөөд хохирогч Н.Бын мэдүүлэг нь Д.Бын хохирогчоор өгсөн мэдүүлэг болон гэрч Т.Эгийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

Дээрхээс дүгнэвэл эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгахад хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдсон, хэргийн нотлогдох үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжигдсэн байна.

 

Мөн өмгөөлөгч Д.Быг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй гэж мэтгэлцсэн бөгөөд хохирогч Н.Б Д.Бын гэрт ороход ширээн дээрээ архи тавьсан байсан, Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч нь согтуурсан, мансуурсан эсэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинжид хамаарахгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б, Н.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Б, Н.Б нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулах баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”,

 

шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Г.Э “...Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан улсын яллагчаас Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулснаас доош хэмжээгээр торгох ял оногдуулах санал гаргаж байна...” ,          

 

шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч С.П “...Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан улсын яллагчаас Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулснаас доош хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна....” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.  

 

Шүүгдэгч Н.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Үүнд: Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр шүүгдэгч нар харилцан бие биедээ хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Н.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Бын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр,

 

шүүгдэгч Д.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Д.Бт оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.                                                                                                

 

Бусад асуудлын талаар:

 

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.Б, Д.Б нарт холбогдох 2212................. дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд хүргүүлэх тухай 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/66 дугаартай албан бичигт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өмдний тэлээ 1 ширхэгийг хэргийн хамт хүргүүлсэн талаар дурдсан бөгөөд шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, энэ талаар мөрдөгч, прокурорын шийдвэр авагдаагүй, хэрэгт өмдний тэлээ хүргэгдэж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Нын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

Шүүгдэгч Б овогт Дийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял,  

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.     

 

             4. Шүүгдэгч Н.Б, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

             5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ДОНИДДОЛГОР