Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/175

 

 

 

 

 

 

 

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Т.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Б

Шүүгдэгч: З.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Згийн Нд холбогдох 2412.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, ............... аймгийн .............. сумын ............... багийн .................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Згийн Н /РД:...................../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч З.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ................. аймгийн .................. сумын ..............багийн ................ хорооллын 3 дугаар гудамжны 20 тоот хашаанд орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу өөрийн эзэмшлийн нохойг зохих хамгаалалтгүй байлгаж уяаг нь тавьсны улмаас хашаанаас гарч гудамжаар явж байсан насанд хүрээгүй хохирогч А.Э рүү дайрч, газарт унаган, 2 хөлийг хазаж, хоёр шилбэний эдийн дутагдалтай, халдварлагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хөдөө малдаа гарсан байхад утсанд маш олон удаа дуудлага ирсэн байсан. Тэгээд холбогдоход эмнэлгийн асрагч яриад танай охин нохойд уруулсан, нэлээн хүнд уруулсан байна шүү гэж хэлсэн. Охиндоо санаа зовоод өөр рүү нь залгахад З.Н эгч утсыг нь аваад эхний ээлжинд авах ёстой арга хэмжээг авсан. Та хэд өнөөдөр ирэх юм уу, эсхүл ажилтай байгаа бол маргааш ирэх юм уу гэж хэлсэн. Тэгээд бид охиндоо санаа зовоод тэр өдрөө очсон. Очиход боолт хийчихсэн байсан. Бидний хувьд аймаг руу авч явж мэс заслын эмчид үзүүлэх нь дээр байх гээд аймаг авч ирсэн. Ирээд үзүүлэхэд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Тэгээд аймагт 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацаанд эмнэлгийн хоол зөөх хүн байхгүй байсан учир Н эгч рүү залгаад ирэх үү, ирж хоол цай зөөх үү? гэхэд зөөх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би охиндоо тухайн хугацаанд дэлгүүрээс хүнсний зүйл авч өгч байсан. Тэр хүнсний зүйл авсан гээд байгаа баримтын тухайд тухайн үеийн баримт байгаа. Тэгээд эмнэлгээс гараад буцаад сумандаа ирсэн бөгөөд миний охин 3 сар тасралтгүй боолт хийлгэж явж байсан. Ингээд 7 дугаар сард Улаанбаатар хот руу охиноо үзүүлэхээр авч явсан. Очоод Сүхбат гэх эмчид үзүүлэхэд тосон түрхлэг болон Японы наалт бичиж өгсөн. Тэгээд тухайн бичиж өгсөн тос болон наалтыг нь хэрэглэж байгаад дахиад 08 дугаар сарын 20-ны үед очиж үзүүлсэн. Тэгэхэд сорвины тос бичиж өгөөд 2 цагийн зайтай 1 сар тасралтгүй түрхэх шаардлагатай гэсэн. Одоогоор тухайн сорвины тосоо түрхэж байгаа. Тэгээд 1 сарын дараа сорвины цаад талын арьсны өнгийг харж байгаад биеийн арьсны өнгөтэй нь ижил болгох тариа тарина гэсэн. Бид тосоо түрхээд сар болоод буюу 9 сарын сүүлээр юм уу 10 сарын эхээр дахин очиж үзүүлнэ. Хохирлын тухайд бид аймагт шүүх, цагдаагаас дуудагдаад ирэх бүртээ хүний машинд бензин хийж өгөөд гуйгаад ирж байгаа, машин олдохгүй тохиолдолд таксигаар ирдэг. Энэ бүхэнд зардал гарч байгаа. Уг машин хөлсөлж ирсэн тохиолдолд ямар нэг баримт гаргах боломжгүй байгаа ...” гэв.

 

Шүүгдэгч З.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед манай охин над руу залгаад нохой хүүхэд урчихлаа эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиход тухайн эмнэлгийн эмч сувилагч нар үзлэг хийж байсан. Би дараа нь эмч сувилагчаас нь охиныг ямар байгааг нь асуухад авч болох бүх анхан шатны үйлчилгээг үзүүлсэн гэж хэлсэн. Миний хувьд тухайн хүүхдийн аав ээжтэй нь холбогдож хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгээд өвөө, эмээд нь хэлсэн. Удалгүй аав, ээж нь мэдээд ирсэн. Тэгээд би энэ хүмүүстэй уулзсан. Миний хувьд хүн ураг гээд нохойгоо санаатай тавьсан зүйл байхгүй. Санамсаргүйгээр болсон хэрэг. Тухайн хохирогч охины өвөө эмээтэй нь манайх ойролцоо хашаа бөгөөд бид бие биеийнхээрээ орж гарч дэмтэй тустай амьдардаг хүмүүс байсан. Эцэст нь ийм зүйл боллоо. Миний хувьд хохирогчийн аав ээжтэй уулзаад айлын охин хүүхдийг ийм байдалтай болгосон юм чинь шаардлагатай гэсэн бүхий л зүйлээр тусална, хэвийн өмнөх шиг нь болгодоггүй юм гэхэд ямар ч байсан эрүүл саруул болгож өгнө гэж хэлж байсан. Би 2-3 удаа энэ хүмүүстэй уулзаж байсан, мөн охинтой нь байнга холбоотой байж дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Миний хувьд манай нохой ураагүй гэж хэлээд маргаад байх зүйл байхгүй, урсан нь үнэн. Энэ хүмүүсийг аймаг руу эмчилгээ хийлгэхээр явна гэхэд нь би 250,000 төгрөг өгч байсан. Мөн хот руу эмчилгээнд авахад нь эхлээд 500,000 төгрөг, дараа нь 300,000 төгрөг өгсөн...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2412................... дугаартай эрүүгийн хэргээс:

Шүүгдэгчийн гэм буруутай холбоотой:

Насанд хүрээгүй хохирогч А.Эийн “...2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед ............... аймгийн .............. сумын ...............багийн ......... хорооллын 3 дугаар гудамж руу ороод явж байхад сагсгар халтар зүсмийн нохой Н гэх айлын хашаанаас гарч ирээд миний зүүн талын хөлөөс дахин хазсан. Уг нохой намайг 4-5 удаа хазсан. Би айсандаа зарим зүйлийг санахгүй байна. Уг гудамжинд явж байсан Батдорж, Одмаа гэх хүмүүс хараад намайг нохойноос салгасан. Тэгээд уг хашаанаас Н гэх хүний бэр нь гарч ирээд намайг эмнэлэг рүү авч ирж, шархыг цэвэрлүүлсэн. Оёж болохгүй гээд оёогүй. Тэгээд маргааш нь Архангай аймгийн төв яваад эмнэлэгт үзүүлсэн. Шархаа оёхгүй бол эдгэхгүй гээд шархаа оёулж 7 хоног хэвтэн эмчилгээ хийлсэн. Уг нохой чь Н гэх хүний нохой байсан. Миний зүүн талын хөлийн өвдөгний доод шилбэний урд хэсэгт 2 удаа хазсан шархтай, 1-ийг нь оёулсан. Баруун талын хөлийн доод шилбэ хэсэгт хазсан. Нөгөө эрээн булчин хэсэгт хазсан шарх үүссэн. Уг шархнуудаа боолгож байгаа. Зүүн талын өвдөгнөөс доош битүү хөхөрсөн. ...би гомдолтой байна. ...дахин эмчлүүлэх шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 62-63 хуу/

Гэрч Б.Огийн “...2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед би өөрийн нөхөртэйгөө хамт ............... хорооллын 21 тоотод байрлах гэрийнхээ хашааны гадна зогсоод машинаас буухад ард хүүхэд орилсон. Тэгээд харсан чинь А.Э охин газар унасан, нохой дайрсан байсан. Тэгээд би өөрийн нөхрийн хамт очиж салгасан. Бид нартай Н эгчийн бэр хамт очоод уг хүүхдийг машиндаа суулгаад эмнэлэг аваад явсан. Манай хөрш айлын Н эгчийн нохой байсан. Уг хүүхэд хойшоо унасан байсан. 2 хөлөөс нь хазсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

Гэрч Э.Жгийн “...Би 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ........... аймгийн ................ сумын ............багийн нутаг ............. хороололд ажлаа тараад гэртээ байж байсан. Манай ээжийн нохой хашаандаа байсан. Тэгээд би гэртээ ороод хүүхдээ унтуулчхаад байж байхад гадаа хүүхэд орилохоор нь гүйгээд газар унасан нохой хөлөөс хазсан байдалтай байсан. Тэгээд би машиндаа суулгаад эмнэлгийн байгууллагад аваачиж туслалцаа үзүүлсэн. Уг хүүхдийн хоёр хөлөөс хазсан байсан. Тэгээд би хүүхдийн ээж, аав руу залгаад утсаа аваагүй. Мөн хадам ээждээ хэлсэн. Хадам ээж эмнэлэгт харж үлдээд би гэр рүүгээ явж хоол цай хийж авч ирж өгсөн. Тэгээд эмийн сан явж эм тариа, урагдсан өмдийг сольж өгсөн. Манай ээжийн нохой уяатай байдаг. Тэр өдөр ...халуун байхаар нь нохойг хэсэг суллаад тавьсан байсан. Уг нь хашаанаасаа гардаггүй. Тэр өдөр манай хүүхэд хашааны хаалга онгойлгож гарсан байсан. Тэгээд гадна явж байсан Э охиныг урсан байсан. Манай ээжийн нохой улаан халтар зүстэй жоохон сагсгардуу нохой байгаа. Энэ нохой хүн рүү дайраад байдаггүй, ихэнхдээ уяатай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

Гэрч Д.Бийн “...Батцэнгэл сумын Дайрбор багийн нутаг Бор үзүүр хороололд 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эхнэрийн хамт гэртээ харих гээд явж байхад манай гудамжинд Э гэх хүүхэд явж байсан. Тэгээд би гэрийн үүдэнд зогсоод буухад хүүхэд орилсон. Тэгэхээр нь харсан чинь Э гэх охин нохойд хазуулаад хойшоо саваад унасан. Тэгээд би болон өөрийн эхнэрийн хамт орилоод гүйсэн чинь нөгөө нохой буцаад өөрийн хашаа болох Н эгчийн хашаа руу орсон. Тэгээд би гүйгээд очиход Э охины толгой урагшаа харсан байдалтай эгц дээшээ хараад унасан байсан. Тэгээд би болон Н эгчийн бэрийн хамт өргөөд машинд суулгаад эмнэлэг аваад явсан. ...намайг гүйгээд очиход хойшоо хагас суусан, гараараа газар тулсан, хөлөөрөө өвдгөө хагас нугалсан байдалтай байсан. Мөн Э охин уйлж байсан. Тэгээд шууд өргөөд машинд суулгасан. ...машинд суулгахад Эийн өмд нь урд доод шилбэ хэсгээрээ урагдсан байсан. Өмдний цаанаас шалбарсан юм шиг харагдаж байсан. ...манай хөрш Н эгчийн нохой мөн байсан. Уг нь хашаандаа байнга уяатай байж харагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаартай дүгнэлтэд “...1. А.Эийн биед хоёр шилбэний эдийн дутагдалтай, халдварлагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн хазах хазагдах хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг :тоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 30-31 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-41 хуу/

Яллагдагч З.Нгийн “...зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Гэрч Т.Аийн мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 хуу/

Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84 хуу/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 86-94 хуу/

Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 95 хуу/

Мал, хашаа, худгын тооллого /хх-ийн 96 хуу/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 97 хуу/

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 98-100 хуу/

Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-ийн 101 хуу/

Хохиролтой холбоотой:

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 104 хуу/

“Чамин урлал” зарлагын баримт №01 /хх-ийн 105 хуу/

“Өсөх тун” ХХК эмийн сан зарлагын баримт №06 /хх-ийн 106/

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 107 хуу/

Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн лавлагаа /хх-ийн 109/

Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлэг /хх-ийн 114-115 хуу/

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 123 хуу/

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан:

Гэрэл зураг 6 хуудас, хохирлын е-баримт 6 ширхэг

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргасан:

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлсөн талаарх Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн Бор үзүүр хорооллын 3 дугаар гудамжны 20 тоот хашаанд орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгаж уяаг нь тавьсны улмаас хашаанаас гарч гудамжаар явж байсан насанд хүрээгүй хохирогч А.Э рүү дайрч, газарт унаган, 2 хөлийг хазаж, хоёр шилбэний эдийн дутагдалтай, халдварлагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Олон нийтийн аюулгүй байдал, хшиг сонирхлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч З.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...”,

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчид хохирол төлсөн...” дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч З.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн Бор үзүүр хорооллын 3 дугаар гудамжны 20 тоот хашаанд орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгаж, уяаг нь тавьсны улмаас хашаанаас гарч гудамжаар явж байсан насанд хүрээгүй хохирогч А.Э рүү дайрч, газарт унаган, 2 хөлийг хазаж, хоёр шилбэний эдийн дутагдалтай, халдварлагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

Насанд хүрээгүй хохирогч А.Эийн “...2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн Бор үзүүр хорооллын 3 дугаар гудамж руу ороод явж байхад сагсгар халтар зүсмийн нохой Н гэх айлын хашаанаас гарч ирээд миний зүүн талын хөлөөс дахин хазсан. Уг нохой намайг 4-5 удаа хазсан. Би айсандаа зарим зүйлийг санахгүй байна. ...Архангай аймгийн төв яваад эмнэлэгт үзүүлсэн. Шархаа оёхгүй бол эдгэхгүй гээд шархаа оёулж 7 хоног хэвтэн эмчилгээ хийлсэн. Уг нохой чь Н гэх хүний нохой байсан. Миний зүүн талын хөлийн өвдөгний доод шилбэний урд хэсэгт 2 удаа хазсан шархтай, 1-ийг нь оёулсан. Баруун талын хөлийн доод шилбэ хэсэгт хазсан. Нөгөө эрээн булчин хэсэгт хазсан шарх үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 62-63 хуу/

Гэрч Б.Огийн “...2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед би өөрийн нөхөртэйгөө хамт Дайрбор баг Бор үзүүр хорооллын 21 тоотод байрлах гэрийнхээ хашааны гадна зогсоод машинаас буухад ард хүүхэд орилсон. Тэгээд харсан чинь А.Э охин газар унасан, нохой дайрсан байсан. Тэгээд би өөрийн нөхрийн хамт очиж салгасан. Манай хөрш айлын Н эгчийн нохой байсан. Уг хүүхэд хойшоо унасан байсан. 2 хөлөөс нь хазсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

Гэрч Э.Жгийн “...Би 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн нутаг Бор үзүүр хороололд ажлаа тараад гэртээ байж байсан. ...гадаа хүүхэд орилохоор нь гүйгээд газар унасан нохой хөлөөс хазсан байдалтай байсан. Тэгээд би машиндаа суулгаад эмнэлгийн байгууллагад аваачиж туслалцаа үзүүлсэн. Уг хүүхдийн хоёр хөлөөс хазсан байсан. ...Манай ээжийн нохой уяатай байдаг. Тэр өдөр ...халуун байхаар нь нохойг хэсэг суллаад тавьсан байсан. Уг нь хашаанаасаа гардаггүй. Тэр өдөр манай хүүхэд хашааны хаалга онгойлгож гарсан байсан. Тэгээд гадна явж байсан Э охиныг урсан байсан. Манай ээжийн нохой улаан халтар зүстэй жоохон сагсгардуу нохой байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

Гэрч Д.Бийн “...Тэгээд би гэрийн үүдэнд зогсоод буухад хүүхэд орилсон. Тэгэхээр нь харсан чинь Э гэх охин нохойд хазуулаад хойшоо саваад унасан. Тэгээд би болон өөрийн эхнэрийн хамт орилоод гүйсэн чинь нөгөө нохой буцаад өөрийн хашаа болох Н эгчийн хашаа руу орсон. Тэгээд би гүйгээд очиход Э охины толгой урагшаа харсан байдалтай эгц дээшээ хараад унасан байсан. Тэгээд би болон Н эгчийн бэрийн хамт өргөөд машинд суулгаад эмнэлэг аваад явсан. ...намайг гүйгээд очиход хойшоо хагас суусан, гараараа газар тулсан, хөлөөрөө өвдгөө хагас нугалсан байдалтай байсан. Мөн Э охин уйлж байсан. Тэгээд шууд өргөөд машинд суулгасан. ...машинд суулгахад Эийн өмд нь урд доод шилбэ хэсгээрээ урагдсан байсан. Өмдний цаанаас шалбарсан юм шиг харагдаж байсан. ...манай хөрш Н эгчийн нохой мөн байсан. Уг нь хашаандаа байнга уяатай байж харагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаартай дүгнэлтэд “...1. А.Эийн биед хоёр шилбэний эдийн дутагдалтай, халдварлагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн хазах хазагдах хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг :тоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 30-31 хуу/

Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн лавлагаа /хх-ийн 109/

Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлэг /хх-ийн 114-115 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч З.Н нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн Бор үзүүр хорооллын 3 дугаар гудамжны 20 тоот хашаанд орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгаж, уяаг нь тавьсны улмаас хашаанаас гарч гудамжаар явж байсан насанд хүрээгүй хохирогч А.Э рүү дайрч, газарт унаган, 2 хөлийг хазаж, хоёр шилбэний эдийн дутагдалтай, халдварлагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Харин шүүгдэгч З.Нг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж мөрдөн байцаалтын шатанд гэрчээр хууль сануулж авсан З.Нгийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч З.Нг  2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн Бор үзүүр хорооллын 3 дугаар гудамжны 20 тоот хашаанд орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгаж, уяаг нь тавьсны улмаас хашаанаас гарч гудамжаар явж байсан насанд хүрээгүй хохирогч А.Э рүү дайрч, газарт унаган, 2 хөлийг хазаж, хоёр шилбэний эдийн дутагдалтай, халдварлагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөртэй холбоотой 238,225 төгрөгийн баримт гаргасан.

 

Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1,050,000 төгрөгийн мөнгөн, 121,000 эм, эд материалын нийт 1,171,000 төгрөгийн хохирол төлсөн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээг тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахгүй тул энэ талаар шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болно.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.

Насанд хүрээгүй хохирогч нь гэмт хэргийн улмаас 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас 525,991 төгрөг төлөгдсөн байна.

Шүүгдэгч С.Н нь дээрх эрүүл мэндийн даатгалын санд учирсан хор уршгийг төлсөн болох нь Төрийн банкны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүгдэгч З.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгчөөс  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч З.Нгийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Үүнд: Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь өөрийн эзэмшил өмчлөлийн орчиндоо аюул учруулах амьтан болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас  гэмт хэрэг үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч З.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Бусад асуудлын талаар:

           Энэ хэрэгт шүүгдэгч З.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Згийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Нг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Нд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч З.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, /иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ДОНИДДОЛГОР