| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2021/00649/и |
| Дугаар | 135/ШШ2021/00976 |
| Огноо | 2021-10-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 135/ШШ2021/00976
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/00649/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овогт Д.Б- /регистрийн дугаар:*******. /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум ******* дугаар баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овогт Б.Г- /регистрийн дугаар:******* /-т холбогдох,
"Хохирол 310,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 08:00-08:30 цагийн хооронд энэ хэрэг болсон. н.А- нь Б.Г-ийн хууль ёсны нөхөр бөгөөд тэр өдрийн өглөө нь бид хоёр ажлаасаа хоцрох гээд яараад явж байсан, тэгээд н.А- гэртээ юм орхисон гэхээр нь заза очиж авъя гээд би машины хойд талд нь суугаад явсан. Тэгээд гарч ирээд хөдлөх гэтэл дээрээс юм унасан, монгол цоожны түлхүүр байсан. Машины шил хагарсан. ...Б.Г- миний нэр хүндэд халдаж орцоор дүүрэн орилж, бичлэг хийсэн. 2 жилийн өмнө миний машины 4 дугуйг хагалж байсан боловч Прокурор дээр очоод хэрэгсэхгүй болсон. Б.Г- нь санаатайгаар хохирол учруулсан байдлыг хэсгийн байцаагч Т.С- шалгаж үзэхэд Б.Г- нь хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, торгуулийн төлбөрөө төлсөн. Гэвч миний машины хохирлыг барагдуулахгүй, хохь чинь гэсэн хариу өгсөн. Миний машины урд талын цонхны шил 220,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний 10,000 төгрөг, гэрийн хаалга хонхойлгосон нийт 310,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч Б.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: “...310,000 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч нь 00-00ДАУ улсын дугаартай приус машины шил, хаалга, гэрийн хаалганы үнэ 310,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Зөрчлийн хэргийг татуулж шалгахад машины шил хагарахын хувьд хагарсан. Түүн дээр шинжээч томилсон байна. Тэгээд гэрийн хаалга, машины хаалга, цонхыг шалгаад үнэлгээ гаргасан байна. Зөрчлийн шалгасан материалыг анхаарч үзнэ үү. Зөрчил оногдуулсан шийтгэвэр дээр машины шил хагалсан л гэсэн байсан. Машины өмчлөгч нь ТВ автофинанс юм билээ. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машины хаалга, гэрийн хаалга эвдэлсэн гэдэг нь хангалттай тогтоогдоогүй байна. Тухайн зөрчил гараад шалгаж байхад машины шилээс бусад нь гэмтээгүй гэсэн. Тэгээд одоо ингээд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрийн хаалга, машины хаалга гэж нэмж гаргаж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.Г-ээс хохирол төлбөр 310,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шилийг хагалсан гэснийг зөрчлийн хэрэгт үзлэг хийгээд тогтоосон, зарим хэсэг болох машины хаалга, гэрийн хаалга зэрэгт хохирол нэхэмжилсэн байна, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, маргадаг болно.
Нэхэмжлэгч 00-00ДАУ улсын дугаартай, Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, хаалга, гэрийн хаалга эвдэрсэн хохирол 300,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 10,000 төгрөг гаргуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн 1400 дугаартай материалд авагдсан зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлд автомашины салхины шилийг Б.Г- нь хагалж гэмтээсэн гэх амаар гаргасан гомдол, мэдээллийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 20 минутад хүлээн авч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэн байна. Дээрх тэмдэглэлд урд талын салхины шил нь ...цуурсан байдалтай гэж тэмдэглэсэн тэмдэглэл, 0508944 дугаартай шийтгэлийн хуудсанд ...бусдын эд хөрөнгө устаж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн зэргээс үзэхэд тухайн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хариуцагч хагалсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд Тоёота приүс-20 маркийн 00-00ДАУ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашины урд салхины шил хагалсан үйлдлийн улмаас учирсан хохирол 220,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин тус тээврийн хэрэгслийн баруун талын урд хаалга дунд хэсэгт будаг нь халцарч хонхойсон, гэрийн гадна бүргэд хаалга баруун доод хэсэгтээ хонхойсон зэрэгт 80,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 80,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Капитал зууч” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар зохигчид маргадаггүй бөгөөд энэ талаар талууд хүсэлт гаргаагүй байна.
Тухайн тээврийн хэрэгсэл нь хэрэгт авагдсан баримтаар АФ-ХХК-ийн нэр дээр байгаа хэдий ч гэрээний үндсэн дээр Д.Б- эзэмшиж, ашигладаг болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 9,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 7,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г-ээс 230,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, үлдэх хэсэг болох 80,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 9,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 7,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
З.ТУНГАЛАГМАА