Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/171

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр, улсын яллагч Д.Номин-Эрдэнэ, шүүгдэгч Г.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г******* Б*******өд холбогдох эрүүгийн 2431002150175 дугаартай хэргийг 2024 оны 08 дүгээр  сарын 09-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 07-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн , 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа амьдардаг гэх, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, .. дүгээр баг, .. дүгээр хэсэг, .. тоотод оршин суух хаягтай, урьд

Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б******* овогт Г******* Б******* /РД:*******/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

 

Шүүгдэгч Г.Б******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн согтуугаар 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хохирогч болох салсан эхнэр Н.Н Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг 112 тоот гэрт нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим М дэлгүүрийн ойролцоо Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг Шүдэнз 14-р гудамж ******* тоот хашааны гадна тус тус зодож түүний эрүүл мэндэд хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, хамар яс зүүн талд зөрөө хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б******* мэдүүлэхдээ: Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр ярих зүйл байхгүй, хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлдээд дараа нь хохирогчийн эмчилгээний зардлыг төлнө, одоо би хүүхдүүд дээрээ очиж уулзахдаа Нандинцэцэгтэй уулзахгүй гэж бодож байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Н******* өгсөн: ".... Би Б******* гэж хүнтэй анх 2006 онд танилцаад гэр бүл болсон юм бид 14 жил хамт амьдарч 6 хүүхэдтэй болсон юм. Тэгээд архи бүлээ цуцлуулж хэрүүл маргаан ихтэй байсан учир залхах 2020 он шүүхээр гэр бүлээ цуцлуулсан одоо салаад салаад үндсэндээ 4 жил болж байна. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 31-нд би гэртээ байж байтал гаднаас Б******* согтуу орж ирээд "Гичий, Банзал" минь гэж хэлээд миний хоолойг Боогоод намайг доош дарсан тэгэхэд манай ааваа та яах гээд байгаа юм бэ? ээж маргааш одонгоо авах гэж байхад гэж хэлэхэд Ална шүү пизда минь гээд намайг боосон чигээр миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд би маргааш нь алдарт эхийн одон авах байсан учир нүүрээ гараараа хамгаалаад газар хэвтсэн тэгэхэд миний хөл бие рүү өшиглөж "Янхан гичий банзал" гэж ёс бус хэллэлээгээр доромжилж байгаад явчихсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Алдарт эхийн одонгоор шагнуулж баяраа тэмдэглээд найзуудтайгаа 1-2 пиво гэртээ уугаад байж байтал гаднаас Б******* орж ирээд ханиа гараад ир гэж хэлэхэд Манай А******* гэж хочилж дууддаг найз маань яах юм бэ? битий гар надад хэлсэн. Тэр үед Б******* согтуу тэгээд байгаа байдал эвгүй харагдаад байсан тэгэхэд А*******, Б*******өд хандаж за чи эхнэрээ цохиж болохгүй шүү ганц одон авч байхад нь зүгээр баярлуул гэж хэлсэн. Тэгээд Б******* нь миний хоолоо боох гэхэд нь А******* дахиад Б*******өө болохгүй гэж хэлээд аргалаад тухайн үедээ надад гар хүрэлгүй яваад өгсөн. Маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед гэрийн ойролцоо байдаг М нэртэй дэлгүүрээс гараад явж байтал Б******* согтуу надтай таарсан тэгээд намайг дуудаад хоёулаа булан эргье ханиа хайраа нааш ир гэхээр нь би юм бодолгүй очсон юм. Тэгээд М дэлгүүрийн урд байх саравчны урдуур явж намайг нэг айлын хашаа руу шахсан тэгээд Б******* намайг "Чи болиоч дээ" гэж хэлэхэд нь би ямар чиний амаар уусан юм уу? өөрийнхөө амаар ууж байна чамд ямар хамаа байнаа гэж хэлэхэд эхлээд миний хамар хэсэг рүү нэг цохисон тэгэхэд нүүр халуу дүүгээд явчихсан. Тэгээд Б******* намайг чи Төөгөөтэй янхандаад яв гэхээр нь би тэгье чамд ямар хамаатай юм гэхэд дахиад хамар луу нэг цохисон. Тэгээд арай гэж салаад би шууд гэр лүү очсон. Гэрт очиход миний 6 хүүхэд байсан тэгээд ээж та яасан юм бэ? гэж асуухаар нь аав чинь цохичихлоо гэж хэлэхэд манай том хүү та одоо эртхэн амар маргааш цагдаад өргөдөл бичиж өг гэж хэлсэн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д өгсөн: ...хохирогч Н.Н******* биед гэмтэл учирсантай холбоотойгоор 1 удаагийн үйлчилгээгээр нийт 181,213 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 200 дугаартай шинжээчийн: 1. Н.Н******* биед хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, хамар яс зүүн талд зөрөө бүхий хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтыг тогтонги алдагдуулахгүй” дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас / хх-н 29-30 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/114 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,

2000 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 49-59 дүгээр хуудас/,

Г. Б*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас /,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 66 дугаар хуудас/,

Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/ гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Б******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн согтуугаар 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хохирогч болох салсан эхнэр Н.Н Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг 112 тоот гэрт нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны орой 22 цагийн орчим М дэлгүүрийн ойролцоо Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг Шүдэнз 14-р гудамж ******* тоот хашааны гадна тус тус зодож түүний эрүүл мэндэд хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, хамар яс зүүн талд зөрөө хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Н.Н******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 200 дугаартай шинжээчийн: 1. Н.Н******* биед хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, хамар яс зүүн талд зөрөө бүхий хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтыг тогтонги алдагдуулахгүй” дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д өгсөн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас / хх-н 29-30 дугаар хуудас /,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 66 дугаар хуудас/,

Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.Баямөнхийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Баямөнхийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Г.Баямөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж мэтгэлцээгүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Г.Б******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Ц.Д ...хохирогч Н.Н******* биед гэмтэл учирсантай холбоотойгоор 1 удаагийн үйлчилгээгээр нийт 181,213 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч Г.Б*******өөс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хохирогч Н.Нандинцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад  ... би гомдолтой, хамраа тэгшлүүлмээр байна гэх боловч үүнийг нэхэмжилсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт тусгагдаагүй байх тул баримтыг бүрдүүлэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 181,213 төгрөгийн эмчилгээний төлбөрийг 2 хоногийн дотор төлнө гэж  шүүхэд илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Г.Б******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Б*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б*******өд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч Г.Б*******өд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Г.Б******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б*******ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдан ирсэн бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаад шүүгдэгч Б.Б*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Г******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б*******ийг 3 / гурав / сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б*******ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Г.Б*******ийг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Б*******өөс 181,213 төгрөгийн эмчилгээний төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Хохирогч Н.Нандинцэцэг нь нотлох баримтыг бүрдүүлэн хамрын эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Г.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ