| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0174/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/176 |
| Огноо | 2024-08-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/176
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,
Улсын яллагч Р.Мягмардорж,
Шүүгдэгч С.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан С******* Н*******д холбогдох эрүүгийн 2431002540196 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ш******* суманд төрсөн, эрэгтэй, 57 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Ш******* сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд дулааны сангийн ажилтай, ам бүл 2, ач хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Д******* .. дүгээр баг .. дугаар баг .. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* ургийн овогт С******* Н*******, Регистрийн дугаар: *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н******* нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* ******* улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг 1,91 хувийн согтолтойгоор жолоодон 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 278 дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Ш*******-6 уулзварт Тоёота приүс загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,96 хувийн согтолттой замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл жолодож явсан хүний согтуурал шалгасан гэрэл зургийн тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/,
Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 08 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Х өгсөн: Би Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажилладаг. Болсон он явдлын талаар ярихад би 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд тус аймгийн Ш******* суманд олон нийтийн цагдаа Б.О хамт шугаман эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Иус сумын Д******* 1-р баг наадмын талбайн хажууд явж байсан ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон жолоочийг согтуурал шалгах тандагч багажаар шалгахад ёогтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байна гэж гарсан бөгөөд тээврийн хэрэгслийг жолоочийн хамт авч яваад Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын 100 тоот өрөөнд аваачиж алкотест 75-10 багажаар үлээлгэн шалгахад 0.96 хувийн согтолттой гэж гарсан тул тээврийн хэрэгслийг Ш******* сумын цагдаагийн хэсэгт саатуулан холбогдогч болох С.Н******* гэх хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 16 дугаар хуудас/,
Эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн техникийн тодорхойлолт, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 18 дугаар хуудас/,
Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20 дугаар хуудас/,
Баримт бичгийг хураан авах тухай тогтоол /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 22 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 278 дугаартай шүүх хугалдааны тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 278 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн торгууль төлсөн баримт /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Техникийн тодорхойлолтын лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Н******* нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* ******* улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг 1,91 хувийн согтолтойгоор жолоодон 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 278 дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Ш*******-6 уулзварт Тоёота приүс загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,96 хувийн согтолттой замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,
Гэрч Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч Э.Х мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл жолодож явсан хүний согтуурал шалгасан гэрэл зургийн тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
2431000386 тоот зөрчлийн хэргийн материал /хх-ийн 15-29 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч С.Н*******н үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч С.Н******* нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* ******* улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгслийг 1,91 хувийн согтолтойгоор жолоодон 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 278 дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн үед дахин Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Ш*******-6 уулзварт Тоёота приус загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,96 хувийн согтолттой замын хөдөлгөөнд оролцож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..." гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч С.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Н******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч С.Н******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ... Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч С.Н*******н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймд С.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх буюу 2,700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Н*******н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жил буюу 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Н******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харъяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Н******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт С******* Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н*******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н*******н хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жил буюу 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ