Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 00136

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин, улсын яллагч Б.Бүжинлхам, хохирогч Ц.Эрдэнэчимэг, шүүгдэгч С.Уугансайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сарантуяагийн Уугансайханд холбогдох эрүүгийн 201714000265 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 20-нд Булган аймагт төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 1, Булган аймаг Булган сум Агуйтын 3б-11-7 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Сарантуяагийн Уугансайхан /ГЮ 88012016/.

 Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч С.Уугансайхан нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хамтран амьдрагч Ц.Эрдэнэчимэгийг машины бичиг баримт өгсөнгүй гэж маргалдсаны улмаас хоолойг нь боож, цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

  Шүүгдэгч С.Уугансайхан нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хамтран амьдрагч Ц.Эрдэнэчимэгийг машины бичиг баримт өгсөнгүй гэж маргалдсаны улмаас хоолойг нь боож, цохиж бие махбодид нь тархи доргилт, зүүн чамархай, хүзүү, дээд уруул, 2 гуя, баруун тохойнд зөөлөн эдэд 8 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

      1.  Шүүгдэгч Г.Уугансайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Би Ц.Эрдэнэчимэгтэй 2009 оноос хойш хамтран амьдарч байна. Бидний дундаас 4 хүүхэд гарсан. Би Улаанбаатар хотод хувийн барилгын компанид ажиллаж тэндээ амьдарч байгаа бөгөөд жилдээ 1-2 удаа Эрдэнэтэд ирдэг. Би баяр ёслолын үеэр ирдэг, бусад үед нь дандаа хотод байдаг. 2012 оноос хойш манай эхнэр Ц.Эрдэнэчимэг нэг залуутай холбоотой болж эхэлсэн. Тэгээд намайг асуухаар тийм зүйл байхгүй гээд байдаг байсан. Гэтэл сүүлдээ тэр залуу нь намайг Улаанбаатар хотод байхад утсаар над руу залгаж “чиний хүүхэд гээд байгаа 4 хүүхдийн чинь 3 бага нь чинийх биш миний хүүхдүүд шүү дээ” гээд байдаг болсон. Энэ талаар Эрдэнэчимэгээс асуухаар хэн чамайг тэрэнтэй ярь гэсэн юм, чиний миний ах гээд хэлээд байж байхгүй яасан юм гээд утгагүй юм яриад уурлаад байдаг. Хүүхдүүддээ хэрэгтэй юм уу гэж бодоод хүүхдүүдээсээ хол газар ажил хийж мөнгө олж явахад намайг доромжилж байгаад би уурладаг байсан ч гар хүрч цохиж зодож байгаагүй. Гэхдээ хэрэлдэж маргалддаг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэчимэгээс машиныхаа бичиг баримтыг авах гэсэн боловч нуугаад өгөхгүй, машины эд зүйлийг эвдээд байхаар нь араас нь татахад хоолой нь боогдсон. Ганц нэг цохисон . Тэгээд намайг цагдаа дуудаж өгсөн гэв .

2. Хохирогч Ц.Эрдэнэчимэг шүүхийн хэлэлцүүлэгт:  ... Би 2009 оноос Уугансайхантай хамтран амьдраад бид дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Уугансайхан бид хоёр гэр бүлээ батлуулаагүй. Уугансайхан 2013 оноос хойш Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Цалин мөнгөө буусан үедээ цөөхөн хэдэн төгрөг явуулдаг байсан. Жилдээ 1,2 удаа л Эрдэнэтэд ирдэг, ирэхээрээ хэрэлдээд бид хоёр таардаггүй юм. Би нэг залуутай танилцаж найзлаж байгаад саяханаас дотно харьцаатай болсон. Энэ талаар Уугансайхан мэдсэн ба тэр залуутай бас маргалддаг болсон. 2013 оноос хойш би Уугансайханд салъя гэж хэлдэг байсан боловч тэр ерөөсөө салдаггүй юм. Эрдэнэтэд ирэхэд нь ч бид хамт байдаггүй, тэр хүүхдүүдтэйгээ байж байгаад явдаг байсан. Надаас машины бичиг баримтаа авах гээд маргаан үүсэн. Татварын бичиг баримт нь олдохгүй болохоор нь ээжээс асуугаад өгье гэтэл чи миний мыг нуулаа гээд  маргалдаад намайг хоолойноос боож, 2-3 удаа өвдөглөсөн. Гараараа толгой руу 2-3 удаа цохисон.  Бид 2 учир зүйгээ олж эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

     3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 395 дугаартай дүгнэлтэд: Ц.Эрдэнэчимэгийн биед  тархи доргилт, зүүн чамархай, хүзүү, дээд уруул, 2 гуя, баруун тохойнд зөөлөн эдэд 8 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэн. . 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Шинэ гэмтэл байна. 2017 оны 05 дугаар сарын 01-нд үүссэн байж болно. 5. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  6. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 14 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

      Шүүгдэгч С.Уугансайханы үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

       Хохирогч Ц.Эрдэнэчимэг нь бид хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, гэжээ.

     Иймд шүүгдэгч С.Уугансайхан нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Ц.Эрдэнэчимэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1.д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

      1. Шүүгдэгч Боржигон овгийн Сарантуяагийн Уугансайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3.д заасныг баримтлан С.Уугансайханд холбогдох эрүүгийн 201714000265 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

        4.  Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ