| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 183/2022/01895/И |
| Дугаар | 001/ХТ2025/00001 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2025/00001
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02172 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/01848 дугаар магадлалтай,
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Б” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдох
Цэвэр ус дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх, 46,461,711 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “М” ХХК-ийн “У” ХК-ийн 2008 оны 300 тоот техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын 165/07 дугаартай техникийн нөхцлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг “Э” ХХК хууль зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э, М, хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Э, өмгөөлөгч Г, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Б” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдуулан цэвэр ус, дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх, 46,461,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “М” ХХК нь “У” ХК-ийн 2008 оны 300 тоот техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын 165/07 дугаартай техникийн нөхцлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг “Э” ХХК хууль зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02172 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар ... газраас цэвэр ус, дулааны шугам сүлжээг чөлөөлөхийг хариуцагч “М” ХХК-нд даалгаж, хариуцагч “Б” ХХК-иас 12,212,156 төгрөг гаргуулж, “Э” ХХК-нд олгож,
Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2-т зааснаар “У” ХК-ийн 2008 оны 300 тоот техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын 165/07 дугаартай техникийн нөхцлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг “Э” ХХК хуул зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулах тухай “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,459 төгрөг, хариуцагч “М” ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 70,200 төгрөг, хариуцагч “Б” ХХК-иас 210,344 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/01848 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК, “М” ХХК нарт холбогдох хариуцагч нарын цэвэр ус, дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх, 46,461,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “М” ХХК-ийн барилгын гадна дулааны болон цэвэр усны шугам сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахыг нэхэмжлэгч “Э” ХХК-д даалгасугай” гэж өөрчилж,
3 дахь заалтын “...хариуцагч “М” ХХК-аас 70,200 төгрөг, хариуцагч “Бодиз автомати”в ХХК-аас 210,344 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай” гэснийг “нэхэмжлэгч “Э” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч “М” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн,
шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж, 3 дахь заалтыг 2 гэж, 3 гэж дугаарлагдсан 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “М” ХХК-аас урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч “Б” ХХК-аас төлсөн 280,545 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх нь магадлалаа гаргахдаа хуулийг илтэд зөрүүтэй, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь ... газрыг эзэмшиж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Тус газрын зэргэлдээ, зүүн талд “Б” ХХК нь манайд хүсэлт тавьсныг хүлээн авч, 2009.09.24-ний өдрийн Хамтран ажиллах гэрээгээр манай эзэмшлийн газар дээр 135 м урттай, 288 м.кв талбайд өөрсдийн дулаан, цэвэр усны шугам татаж байрлуулснаар манай компанийн газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж эхэлсэн байдаг. Бид “энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 3 жилийн дараагаас С төвийн барилга, өргөтгөлд өөрчлөлт гарвал Б тал А талын саналыг хүлээн авах үүрэгтэй” гэх нөхцөлтэйгөөр гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан. Манай компани С төвийн барилгын ажлыг дахин төлөвлөж, барилгын ажлаа эхлүүлэх болсон тул гэрээнийхээ дагуу “Б” ХХК-д хандаж, гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага хүргүүлж, удирдлагуудтай нь удаа дараа уулзсан ч үр дүнд хүрээгүй учир шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа дараах байдлаар ноцтой дүгнэлтүүдийг гаргасан:
- Гэрээний дагуу “Б” ХХК өөрийн шугам сүлжээг “Э” ХХК-ийн газар дээр тавьж байрлуулсан, гэрээнд заасан төлбөрийг төлсөн зэргээр хэн аль нь гэрээний үүргээ биелүүлсэн талаар маргаагүй байна.
- харилцан тохиролцож, дээрх 2 тоот гэрээг байгуулснаар зохигчийн хооронд хөршийн газраар дамжин өнгөрөх шугам барьж байгуулахтай холбоотой Иргэний хуулийн 186.1-д заасан үүрэг үүсгэсэн хэлцэл хийгджээ. Иймээс энэхүү маргаанд Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалт хэрэглэгдэхгүй.
- нэхэмжлэгчийн эзэмшил газраас дамжин газраа ашиглах эрхээр хязгаарлагдах зайлшгүй шаардлага үүссэн эсэх, мөн хариуцагч тал өөр газраар шугам хоолойг тавих боломжтой гэх байдлыг нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй байна. Иймээс хуульд заасан үүргийн дагуу нэхэмжлэгч ...байрлуулсан шугам хоолойг чөлөөлөхийг шаардах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 138.2 дахь хэсэгт зааснаар нэг удаагийн нөхөн төлбөрт 35,800,000 төгрөгийг хариуцагч төлсөн байх тул хариуцагч нар нэхэмжлэгчийн эзэмшил газарт хууль бусаар шугам хоолой байрлуулсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хариуцагч нарын эсрэг шаардлага гаргах эрхгүй.
- “Р” ХХК-ийн 2022 оны дүгнэлтэд нэхэмжлэгчийн барилга тус шугам хоолойд 2 метрийн дотогш байхаар зохиогдож, нэхэмжлэгч барилгыг уг зургийн дагуу барьсан нь БНбД 41-02-13 8.3-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
4.1. Давж заалдах шатны шүүхийн эдгээр дүгнэлтэд тус бүр дараах байдлаар тайлбар өгье. Үүнд:
4.1.1. Хэн аль нь гэрээний үүргээ биелүүлсэн талаар маргаагүй гэх.
“Б” ХХК нь 2009 оны Хамтран ажиллах гэрээний дагуу манай компанийн эзэмшил газарт өөрсдийн шугам сүлжээг тодорхой хугацаатайгаар байрлуулахаар болсон. Гэрээний 5.5-д зааснаар С төвийн барилгын өргөтгөл баривал манай саналыг хүлээж авах үүрэгтэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар маргаагүй гэдэг нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, манайх нэг удаагийн төлбөр гэж үзэж 35,000,000 төгрөгийг аваагүй. Гэрээний 2.1 дэх заалтаас үзвэл “А талын техникийн анхдагч нөхцөл одоо хийгдсэн байгаа сувагчлал, газар ашиглах зэрэг хамтын ажиллагааны төлбөрт 35,000,000 төгрөг төлнө” гэж заасан буюу зөвхөн манай хөрөнгө оруулалтаар хийгдсэн зам доогуурх болон газар дээрх манай сувагчлалыг ашигласны төлбөр юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Гэтэл давж заалдах шатны шүүх нөхөн төлбөр гэж үзэж, “...нэхэмжлэгчийн эзэмшил газарт дээрх шугам хоолойг байрлуулсны нөхөн төлбөрт 35,800,000 төгрөгийг төлсөн ...тохиролцсон байх тул “Э” ХХК-ийн үйлдэл зөвтгөгдөх хууль зүйн үндэслэлгүй байна” гэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Үүний дагуу гэрээг бичгээр байгуулж, харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан. Гэрээний аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол энэ нь зөрчил болно.
Ийнхүү талуудын харилцан тохиролцож хэлэлцсэн гэрээний дагуу “Б” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, бидний саналыг үл тоож, асуудалд эс үйлдэхүй гаргасаар өдийг хүрсэн. Бид энэ асуудлыг шийдвэрлэхээр удаа дараа уулзаж, шаардлага хүргүүлсэн байтал нэхэмжлэгчийг буруутгаж, эрх ашиг сонирхлыг хохироосон дүгнэлт гаргасанд гомдолтой байна.
4.1.2. Хөршийн газраар дамжин өнгөрөх шугам барьж байгуулахтай холбоотой Иргэний хуулийн 186.1-д заасан үүрэг үүсгэсэн хэлцэл хийгджээ. Иймээс энэхүү маргаанд Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалт хэрэглэгдэхгүй гэх.
Талуудын хооронд Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж буй харилцаа үүссэн. Үүний дагуу манай эзэмшил газарт “Б” ХХК, одоогийн “М” ХХК-ийн шугам сүлжээ явж байгаа. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнийхээ дагуу, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т зааснаар бидэнд шаардах эрх бий.
Гэтэл давж заалдах шатны шүүх үүрэг үүсгэсэн хэлцэл гэж үзэж, Газрын тухай хуулийг хэрэглэхгүй гэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа бөгөөд хуулийн үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Бид гэрээнийхээ дагуу хариуцагчаас үүргээ биелүүлэхийг шаардсан бөгөөд Газрын тухай хуульд зааснаар өөрсдийн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал бодитоор үүссэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Газрын тухай хуулийн 48.6-д “Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулснаас үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.4-т заасны дагуу шийдвэрлэнэ, 60.1.4-т “бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх” гэж заасны дагуу бид шүүхэд хандсан. Газрын тухай хуулийг огт хэрэглэхгүй, зөвхөн Иргэний хуулийн зохицуулалтыг ашиглана гэсэн зохицуулалт бий юу?
Газрын тухай хуулийн 48.7-д “Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахтай холбогдсон бусад харилцааг Иргэний хуулийн холбогдох заалтаар зохицуулна.” гэжээ.
Газрын тухай хуулийн тайлбараас харвал энэхүү заалт нь дараах агуулгатайгаар зохицуулагдсан байна: энэхүү заалтаар төрийн өмчийн газар эзэмших эрхтэй этгээдийн газар дээр хувийн сервитут үүсгэхтэй холбогдох харилцааг зохицуулж байна. ... харин хувийн өмчийн газар, үл хөдлөх эд хөрөнгөд хувийн сервитут үүсгэхтэй холбогдох харилцааг Иргэний хуулиар ... зохицуулна.”
Энэ заалтаас ч харсан газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахтай холбогдох бусад харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэсэн болохоос Газрын тухай хуулиар зохицуулагдахгүй, Газрын тухай хуулийг хэрэглэхгүй гэсэн агуулга байхгүй байна.
Тэгвэл үүний дагуу Иргэний хууль дахь зохицуулалтыг харая. Иргэний хуулийн Хөршийн эрхийн зохицуулалттай зайлшгүй холбогдоно.
Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй” гэж заасан. Хариуцагч “Б” ХХК ч энэ заалтаар өөрсдийн үндэслэлээ тайлбарладаг.
Гэтэл энэхүү заалтын урьдач нөхцөл болох “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй” нөхцөл байдал хариуцагчид бодитоор үүссэн үү? Өөрөө хэлбэл, зөвхөн “Э” ХХК-ийн эзэмшил газраар л өөрсдийн шугам хоолойг тавих боломжтой юу? Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч өөрийн татгалзал, тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй.
4.1.3. Нэхэмжлэгчийн эзэмшил газраас дамжин газраа ашиглах эрхээр хязгаарлагдах зайлшгүй шаардлага үүссэн эсэх, мөн хариуцагч тал өөр газраар шугам хоолойг тавих боломжтой гэх байдлыг нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй байна гэх.
Гэтэл хариуцагч өөрийн тайлбартаа дурдсан үндэслэл, хуулийн үндэслэлээ өөрөө нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй гэдэг нь ямар учиртай вэ?
Иргэний хуулийн тайлбараас 138.1 дэх заалтын тайлбарыг харвал “бусдын газраар хүрээлэгдсэн газрын өмчлөгч өөрийн газрыг ердийн байдлаар ашиглахад бусдын газраар зам болон шугам хоолой дамжуулан тавих зайлшгүй шаардлагатай үед ийм шаардах эрхтэй байна.” гэж тайлбарласан. Ийм нөхцөл байгаа тохиолдолд л нэхэмжлэгч хөршийн нөлөөллийг хүлцэх үүрэгтэй. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 16 дугаар тогтоолд ч хөршийн нөлөөллийн талаар тодорхой тайлбарласан.
Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 135.1-д “Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй.” гэж зааснаар зайлшгүй шаардлагатай нөлөөлөл буюу манай компанийн эзэмшил газрыг дамжихаас өөр аргагүй нөхцөл байгаа тохиолдолд хориглохгүй.
Гэтэл хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдэг нь хэрэгт илэрхий байх бөгөөд манай газраар л дамжихаас өөр аргагүй нөхцөл байдал, зайлшгүй шаардлагаа нотлоогүй байхад “талуудын хооронд үүрэг үүссэн, нэхэмжлэгчид нөхөн төлбөр төлсөн байна, нэхэмжлэгчийн эзэмшил газраас дамжин газраа ашиглах эрхээр хязгаарлагдах зайлшгүй шаардлага үүссэн эсэх, мөн хариуцагч тал өөр газраар шугам хоолойг тавих боломжтой гэх байдлыг нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй. Иймээс хуульд заасан үүргийн дагуу нэхэмжлэгч ...байрлуулсан шугам хоолойг чөлөөлөхийг шаардах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 138.2 дахь хэсэгт зааснаар нэг удаагийн нөхөн төлбөрт 35,800,000 төгрөгийг хариуцагч төлсөн байгаа тул хариуцагч нар нэхэмжлэгчийн эзэмшил газарт хууль бусаар шугам хоолой байрлуулсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хариуцагч нарын эсрэг шаардлага гаргах эрхгүй” гэж дүгнэн, энэ талаарх нотлох үүргийг бидэнд хамаатуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус дүгнэлт.
4.1.4. “Р” ХХК-ийн 2022 оны дүгнэлтэд нэхэмжлэгчийн барилга тус шугам хоолойд 2 метрийн дотогш байхаар зохиогдож, нэхэмжлэгч барилгыг уг зургийн дагуу барьсан нь БНбД 41-02-13 8.3-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэх.
Энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд бүдүүлгээр хандсан. Хариуцагч нар ч энэ талаар хариу тайлбартаа болон шүүх хуралдаан дээр хэлдэг нь “Бусдын шугам сүлжээ байгааг мэдсээр байж, зориудаар барилгаа ингэж төлөвлөж барьсан” гэх агуулгыг хэлдэг. Гэтэл аливаа иргэн, хуулийн этгээд хуулийн хүрээнд өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газартаа барилга барих эсэх нь эзэмшигч бус этгээдүүдэд хамааралгүй байдаг. Бид Хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд харилцаж, “барилгын ажил эхлэх тохиолдолд манай компанийн саналыг хүлээн авч, шугам сүлжээг чөлөөлнө шүү” гэсэн агуулгаар хандаж, асуудлыг ажил хэрэгч, эвийн журмаар шийдвэрлэх гэж хичээсээр ирсэн.
Гэтэл зайлшгүй нөлөөлөл байхгүй байхад гэрээний үүргээ үл тоож, өнөөдрийг хүртэл бусдаар төлбөрөө төлүүлж байгаа атлаа “барилгаа хууль зөрчиж, манай шугам, сүлжээ байгааг мэдсээр байж, хууль зөрчиж барьсан, хуульд заасан үүргээ биелүүлэхээс татгалзсаар ирсэн” гэж хариуцагч нар тайлбарлаж байгааг, шүүх ч ийнхүү дүгнэж буйг ойлгохгүй байна, мөн хүлээн зөвшөөрөхгүй.
4.1.5. Газрын төлбөрийн талаар.
“Б” ХХК нь Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээний дагуух төлбөрөө 2014 оноос хойш төлөөгүй, бид үүнээс хойших төлбөрийг одоог хүртэл эрх бүхий байгууллагад төлсөөр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4.2. Гомдолдоо дурдсан эдгээр нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл хариуцагч нар нь:
- Барилгын ажил хийгдэх тохиолдолд манай саналыг хүлээн авч, шугам сүлжээ чөлөөлөх агуулга бүхий гэрээний үүргээ биелүүлээгүй,
- Гэрээний үүргээ биелүүлээгүй учир манай газрыг хууль бусаар ашиглаж байгаа,
- Манай компани асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж, удаа дараа уулзаж, удирдлагуудад нь хандсаар ирсэн байдаг,
- Хариуцагч нар нь 2014 оноос хойш төлбөрөө төлөөгүй буюу өөрсдийн шугам сүлжээ байрлуулсан газрын төлбөрийг нэхэмжлэгч “Э” ХХК нь Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу төлсөөр байна.
Нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа байгаа бол бид яагаад хариуцагчийн шугам сүлжээ байрлуулсан газрын төлбөрийг төлөх ёстой вэ? Үүнд хариулт авмаар байна. Эдгээр нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоно. Эдгээр нөхцөл байдлууд, үндэслэл хэргийн материалд хангалттай авагдсан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд үндэслэлгүй халдаж, хууль бус дүгнэлтүүд хийж, бидний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Үүнийг бид огт хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус иргэний хэрэгт шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр дараах хяналтын гомдлыг гаргаж байна.
5.1. Нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан хариуцагч нарын цэвэр ус, дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх тухайд шүүхүүд хууль хэрэглээний хувьд зөрүүтэйгээр хэрэглэсэн.
Талуудын хоорондын маргаанд тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Газрын тухай хуулийн 481.1-д “Эрх бүхий байгууллагаас олгосон газар өмчлөх, эзэмших, ашиглах газрын эрхээ хэрэгжүүлэх, хүн амын нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд бусдын өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлаж сервитут тогтоож болно”, 481.3.1-д “Сервитутыг ...инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ байгуулах, ашиглах... гэсэн төрөлтэй байна”, 481.12-д “Хувийн сервитуттай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Иргэний хуулиар зохицуулна”, 48.2-д “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, ... зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх ... инженерийн шугам татах ... зориулалтаар бусдын эзэмшилд байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
Тэгвэл дээрх хуулийн заалтуудад байгаа “инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ байгуулах” гэдэгт талуудын хооронд үүсээд байгаа “цэвэр ус, дулааны шугам” хамаарах уу гэдэг асуулт гарна. Үүнд:
Барилгын тухай хуулийн 4.1.1-д “барилга байгууламж гэж ...эрчим хүч, ус, ус суваг зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг”, мөн зүйлийн 4.1.35-д “инженерийн шугам сүлжээ гэж ус хангамж, дулаан, ариутгах татуурга, ...-ын төвлөрсөн байгууламжийг хэлнэ” гэж тус тус заасныг болон дээрх хуулийн заалтуудыг үндэслэвэл цэвэр ус, дулааны шугамыг бусдын эзэмшилд байгаа газраар татахад хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж хувийн сервитуттай холбогдсон харилцаа үүсэх юм байна гэсэн дүгнэлт гарч байгаа билээ. Үүнээсээ үндэслээд Иргэний хуулийн 151.1-д заасныг харвал үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хязгаарлах гээд зөвхөн өмчлөх эрхтэй этгээдүүдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахаар, харин Газрын тухай хуулийн 481 дугаар зүйлийн 4811.1-д зааснаар газар эзэмших эрхтэй этгээдүүдийн эрхийг хязгаарлаж сервитут тогтоохоор байгаа нь Иргэний хууль болон Газрын тухай хууль хоорондоо нийцэхгүй зөрчилдсөн гэж харагдахаар байж болох юм. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 3.3-т зааснаар хуулиуд хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэнэ гэсний дагуу Газрын тухай хуулийг хэрэглэхээр байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалт хэрэглэгдэхгүй гэсэн нь үндэслэлгүй харин анхан шатны шүүхийн Газрын тухай хуулийн 48 дугаар зүйл, Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь хууль хэрэглээнийхээ хувьд зөв гэж үзэж байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 138.1-д “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй” гэж заасныг нотлох үүргийн хуваариар нь авч үзвэл хариуцагч байгууллагууд нь өөрийн эзэмшил газар нь нийтийн ашиглалтын усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй гэдгээ нотолж нэхэмжлэгчийн газраар шугам хоолойг тавих эрхтэй болно.
Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний зүгээс хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2023 оноос хойш цэвэр ус, дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл явлаа. Танай байгууллагын зүгээс өөр шугамаас холболт хийлгэх боломжтой эсэх талаар лавласан уу? Энэ талаар хавтаст хэрэгт баримт байгаа юу?” гэж асуухад “бид энэ талаар лавлагаагүй, шаардлагагүй” гэж хариулсан бөгөөд мен “У” ТӨХК-ийн 2023.04.11-ний өдрийн 01/806 тоот албан бичгээр “шугам сүлжээг өөрчлөх шаардлага гарсан тухай бүрт шугам эзэмшигчтэй зөвшилцөж дулааны шугам татах трассаа тодорхой болгож ирүүлсэн нөхцөлд холболтын цэг өөрчлөх асуудлыг техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжтой” /2-р хавтас 11 тал/ гэсэн хариуг өгч байсан болно.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн “Нэхэмжлэгчийн эзэмшил газраар дамжин өнгөрөх хариуцагч нарын эрх нэхэмжлэгчийн газраа ашиглах эрхээр хязгаарлагдах зайлшгүй шаардлага үүссэн эсэх, мөн хариуцагч тал өөр газраар шугам хоолойг тавих боломжтой гэх байдлыг нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй” гэж үзсэн нь нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийж дүгнэсэн алдаа бөгөөд харин анхан шатны шүүхийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д заасныг баримтлан хариуцагч нар нь цэвэр ус дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй” гэж дүгнэсэн нь ИХШХШтХ-ийн дээрх заалтуудын зөв хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой юм.
Иргэний хуулийн 106.2, 106.4-т заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь өөрийн өмчлөлийн С өргөтгөлийн барилгыг өмчилж, эзэмшиж, ашиглахад нь хариуцагч нарын эзэмшлийн шугам сүлжээ саад учруулж байгаа учир нэхэмжлэгч нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч тул эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигч буюу хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хариуцагч нарын эсрэг нэхэмжлэл гаргах эрхтэй атал давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүү гаргаж эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.10-д заасныг шууд нэхэмжлэгчийн үүрэг гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Учир нь тус заалт нь хэрэглэгчийн эрхийг бас давхар заасан ба энэ ч үүднээсээ “У” ТӨХК-ийн 300 тоот техникийн нөхцлийн 1-д “Холболтын цэгийг зураг төслийн шатанд “Э” ХХК-тай салаа шугамын хүчин чадлыг тооцож өргөтгөхөөр сайтар зөвшөөрөлцөх”, 164/07 тоот техникийн нөхцлийн 4-т “С төвийн цэвэр усны шугамаас зөвшилцөж холбох, ажлын зургийн явцад зөвшилцөх” гэж оруулж талуудын хооронд Хамтран ажиллах гэрээнүүд байгуулагдсан байдаг. Хэрэв зөвхөн үүрэг байсан бол техникийн нөхцлүүдэд дээрх заалтууд орохгүй байсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн дүгнээд байгаа шиг хуульд заасан үүрэг юм бол талуудын хооронд техникийн нөхцлүүд дээр үндэслэгдээд гэрээ хийгдэхгүй байсан юм.
5.2. Хариуцагчаас 46,461,711 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд.
Газрын тухай хуулийн 48.3-т талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ гэж заасны дагуу зохигчдын хооронд 2009.04.27-ны өдрийн №01, 2009.09.24-ний өдрийн №02 “Хамтран ажиллах гэрээ”, 2010, 2011, 2012 онуудад гэрээг сунган байгуулж шугам, худгийн ашиглалт, засварын зардал, шугам сүлжээ байрлуулсан газрын төлбөр зэргийг зохицуулсан нь Иргэний хуулийн 151.3-т “Талууд хэлэлцэн тохиролцсон бол сервитут бүхий тал нь зохих төлбөр, шагналыг эрх нь хязгаарлагдсан талд тогтоосон хугацаанд тогтмол төлнө” гэж заасантай нийцэх учир нэхэмжлэгч нь 46,461,711 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй билээ.
Түүнчлэн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшил газрын 288 м.кв талбайд цэвэр, дулааны шугамыг байршуулсан атлаа 2014 оноос шугам, худгийн ашиглалт, засварын зардал, шугам сүлжээ байрлуулсан газрын төлбөрийг огт төлөхгүй, харин нэхэмжлэгч “Э” ХХК нь 2014 оноос өнөөдрийг хүртэл улсад төлж байгаа газрын төлбөрт нийт 41,241,600 төгрөгийг төлчихөөд байна. Иргэний хуулийн 496.2-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшил газрыг бодитоор ашиглаад байгаа атлаа газрын төлбөрөө нэхэмжлэгчээр төлүүлж хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бөгөөд шүүх энэхүү хуулийн заалтыг хэрэглэвэл зохих байтал хэрэглээгүй гэж үзэж байна.
5.3. Хариуцагч “М” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд.
ИХШХШтХ-ийн 118.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана” гэж заасны дагуу ямар ч шатны шүүхэд бусдын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг найруулан томьёолох эрх байхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх илтэд хариуцагчийн талд ажиллаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн учир хяналтын шатны шүүхээс энэхүү алдааг засаж хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзнэ хэмээн найдаж энэхүү гомдлоо гаргаж байна.
Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд:.
Давж заалдах шатны шүүх “гадна дулааны болон цэвэр усны шугам сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөл” гэдгийг юу гэж ойлгох талаар магадлалдаа огт дурдаагүй. “М” ХХК-ийн барилгын дулааны болон цэвэр усны ашиглалт хэвийн байгаа. Шинэ С төвийн барилгын суурийн ажлын үеэр “Э” ХХК-аас хамааралгүй нурж ирсэн шугамыг бид өөрсдийн зардал, ажиллах хүчээр засварлаж, В1 давхрынхаа хойд ханаар явуулсан бөгөөд трасс өөрчлөгдөөгүй. Барилгын суурьт хөндөгдөөгүй шугамын бусад хэсэг нь манай компанийн эзэмшил газарт хэвээрээ байршсаар байна. Ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахыг даалгах гэх нэхэмжлэл гаргасан бол ашиглалт нь хэвийн байгаа талаарх тайлбар, баримтыг гаргаж мэтгэлцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байсан. “Хуучин трассаар байрлуулах тухай” шаардлагыг “Ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахыг даалгах” болгон өөрчилж шийдвэрлэх эрх давж заалдах шатны шүүхэд байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын сөрөг нэхэмжлэлд хамаарах хэсгийг “Э” ХХК нь хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй. Угаасаа хэвийн ашиглалттай, цэвэр ус, дулаанаар хангагдаж, үйл ажиллагаа нь саадгүй явагдаж байхад “Э” ХХК-д юуг даалгаж байгаа нь ойлгомжгүй. Эсхүл ирээдүйд үүсэх харилцааг зохицуулж, ашиглалтыг нь хэвийн байлгах үүрэг хүлээлгэж байгаа юм уу?
Товчхондоо давж заалдах шатны шүүх нэгдүгээрт шүүхэд гаргаагүй шинэ сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн, хоёрдугаарт шийдвэрлэсэн шинэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагад “Э” ХХК хариу тайлбар, нотлох баримт гаргаж чадаагүй, мэтгэлцэх эрх зөрчигдсөн, гуравдугаарт “ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах” гэдгийг юу гэж ойлгох нь тодорхойгүй, “Э” ХХК нь шүүхийн шийдвэрийг ямар үйлдлээр биелүүлэх нь ойлгомжгүй байна.
6.2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах тухайд.
Иргэний хуулийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх... зарчимд үндэслэнэ”, 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасныг зөрчсөн.
“Э” ХХК, “Б” ХХК-уудын хоорондын 2009.09.24-ний өдрийн №2 гэрээний 5.4-д “Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 3 жилийн дараа С төвийн барилга, өргөтгөлд өөрчлөлт гарвал Б тал А талын саналыг хүлээн авах үүрэгтэй” гэх тохиролцоотой. “Э” ХХК нь өөрийн бизнесийн төлөвлөгөө, газрын эзэмшил, ашиглалттай уялдуулан зөвшөөрөл олгож, гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд хуульд харшлаагүй, хэний ч эрхийг зөрчихгүйгээр гэрээ байгуулсан. Хэрэв “Б” ХХК нь өөрийн шугамаа хугацаагүй байрлуулах нөхцөл тавьсан бол “Э” ХХК зөвшөөрөхгүй байсан гэдгийг харгалзан үзэх ёстой. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон №300 техникийн нөхцөлд “Э ХХК-тай сайтар зөвшилцөх”, №165/07 техникийн нөхцөлд “С төвийн цэвэр усны шугамаас зөвшилцөж холбох, ажлын зургийн явцад зөвшилцөх” гэх шаардлагыг тавьсан байдаг.
Иргэний хуулийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.4-д “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заасныг, мөн 135.1-д “Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй”, 135.2-т “Нөлөөлөл нь ноцтой боловч нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар ийнхүү нөлөөлж байвал энэ хуулийн 135.1-д заасан журам нэгэн адил үйлчлэх бөгөөд хэрэв энэ нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзвэл нөгөө тал нь ийнхүү нөлөөлж байгаа талаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй”, 135.4-д “Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй” гэж заасныг тус тус зөрчсөн.
Талуудын нотлох үүргийн хуваарийг ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1-д хуульчилсан. Хариуцагч тал өөрийн шугамыг зайлшгүй “Э” ХХК-ийн эзэмшил газраар тавих ёстой гэдгийг нотолж чадаагүй. Эсрэгээрээ Ус сувгийн удирдах газар, “У” ТӨХК-аас “М” ХХК-аас холболтын цэг өөрчлөх, шинэ трасс, техникийн нөхцөл гаргуулах тухай хүсэлтээ гаргавал судлан үзэж, шийдвэрлэх боломжтой гэх албан бичиг, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Мөн “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э өөрөө “зүүн талд Лада төвөөс холболт хийх боломжтой” гэх и-мэйлийг явуулж байсан нь хэрэгт авагдсан, өөрөө ч зөвшөөрдөг. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй” гэж заасныг зөрчсөн.
“М” ХХК-ийн барилга нь бусдын газраар хүрээлэгдээгүй нь кадастрын зургаар нотлогдоно, “нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй” гэх хуулийн гипотез хангагдсан талаарх нотлох баримт байхгүй. Ийм байтал шүүх Иргэний хуулийн 138.1 дэх заалтыг хариуцагчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 35.1-д “Газар эзэмшигч дараах эрхтэй”, 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасныг зөрчсөн, 48.3-д “Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана”, 48.4-д “Газар эзэмшигч, ашиглагч нь газраа бусдад хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулснаас уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болбол тийнхүү ашиглахыг зогсоохыг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж байгаа этгээдээс шаардах эрхтэй” гэж заасныг зөрчсөн, 481.1-д “Эрх бүхий байгууллагаас олгосон газар өмчлөх, эзэмших, ашиглах газрын эрхээ хэрэгжүүлэх, хүн амын нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд бусдын өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлаж сервитут тогтоож болно” 481.3-д “Сервитутыг дараах зориулалтаар тогтоож болно”, 481.3.4-д “инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ байгуулах, ашиглах”, 481.8-д “Сервитут тогтоолгуулсан этгээд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн аливаа үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно”, 481.9-д “Нийтийн болон хувийн сервитут тогтоох болон дуусгавар болгох шийдвэрийг цахим системд бүртгэнэ”, 481.10-т “Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй этгээдүүд хоорондоо хувийн сервитут тогтоох гэрээ байгуулан бүртгүүлэх хүсэлтээ сервитут тогтоосон газрын хил заагийг кадастрын зургийн хамт аймаг, нийслэлийн газрын албанд гаргана” гэж заасныг зөрчсөн.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.15-д “техникийн нөхцөл гэж шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг” гэж тодорхойлсныг, 17.6-д “Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно” гэж заасныг зөрчсөн.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5-д техникийн нөхцөлийг “зөвшөөрөл” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Техникийн баримт бичиг буюу горим, шаардлагыг тодорхойлсон төдий гэдгийг шүүх анхаарах ёстой. Мөн 5 метр гэж заасан хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангуулах нь ойлгомжгүй байна. Мөрдөхгүй байх ёстой юу? Нөгөөтээгүүр хуульд заасан энэхүү зайн шаардлага нь инженер, техникийн аюулгүй байдал, харилцан нөлөөллийг бодолцож тогтоосон тооцоолол болохоос биш диспозитив зохицуулалт биш юм. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 290 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Дулаан дамжуулах, түгээх сүлжээний Холболтын журмын хоёрдугаар зүйлийн 1-д “Шинээр барих, өргөтгөл шинэчлэл хийх барилга байгууламжид дулааны эрчим хүч авах, ачааллыг нэмэгдүүлэх болон дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээ, халаалтын системийн техникийн шийдлийг өөрчлөх шаардлага гарсан тухай бүрт хэрэглэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дулааны техникийн нөхцөл авна” гэж заасныг зөрчсөн. Техникийн нөхцөл нь заавал биелүүлэх, захирамжилсан шинжтэй захиргааны акт биш бөгөөд хуульд зааснаар техникийн баримт бичиг юм. Хариуцагч “М” ХХК нь 2 жилийн хугацаанд хүчинтэй байх техникийн нөхцөлийг 17 жилийн дараа мөрдүүлэх шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй. Бодит байдалд орчин цагийн инженерийн арга техник, технологийн дэвшил, нарны замын орчмын ачаалал, ус дулааны хэрэглээний хэмжээ, С төвийн 15 давхар барилга гэх мэт олон нөхцөлийг харгалзан шинэ техникийн нөхцөл, шаардлага тавигдах учиртай.
Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрмийн 2.2-д заасан хүснэгтийн 3 дахь хэсэгт заасан газар дор байрласан дулааны шугамын зайн шаардлагыг, 2.6-д “Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр, хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн. “Б” ХХК-ийн шугамын лотки С төвийн ханатай наалдсан байсныг фото зургаас харж болно. Дахин холбогдох норм, дүрмийг зөрчих үр дагавар бүхий шийдвэрийг давж заалдах шатны шүүх гаргасан.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь инженерийн байгууламжийн техникийн шийдэл бүхий маргаан юм. Шүүх тусгай мэдлэг бүхий экспертийн дүгнэлтгүйгээр ийнхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй. Ингэхдээ ганц хууль хэрэглэхээс гадна техникийн баримт бичиг буюу БНбД, холбогдох стандарт, дүрмийг үндэслэж хэргийг шийдвэрлэх ёстой. Ийнхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар 17 жилийн өмнөх техникийн нөхцөлөөр шугам, сүлжээг тавьж болох эсэхийг шүүх тогтоох боломжгүй.
6.3. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд.
Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 4 дүгээр дэд бүлгийн зарим зүйл, заалтыг доор байдлаар тайлбарласан. Хуулийн 135.1-д заасан “нөлөөлөл” гэдгийг хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйл гэж ойлгоно. Эдгээр нь дуу чимээ, доргио, утаа, гэрэлтүүлэг, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэрэг эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилээр нэвтрэх хэлбэрээр илэрнэ. Уг нөлөөлөл нь хөрөнгийг ашиглах тухайн хэлбэр зайлшгүй гарах учиртай эсхүл гарах боломжтой бөгөөд ноцтой үр дагаврыг үүсгээгүй байна. Энэ зүйл, хэсэгт заасан “нөхөн төлбөр” гэдгийг өөрийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх чөлөөг хязгаарлуулсан боловч хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлага гаргах өмчлөгч, эзэмшигчийн эрхийг эдлэх боломжгүйн учир авч буй төлөөс гэж ойлгоно.
Уг төлөөсийг хуулийн 228, 492 дугаар зүйлд заасан гэм хорыг арилгах төлбөр гэж үзэхгүй. Хуулийн 135.3-т заасан “хөрш залгаа газар” гэдэгт Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон, хилээр хязгаарлагдсан, тодорхой эзэмшигч, ашиглагч, өмчлөгчтэй, оноосон дугаартай, кадастрт тусгагдсан, хил залгаа болон хил залгаа биш боловч харилцан нөлөөлөл бүхий эдлэн газар, барилга байгууламж буюу түүний хэсгүүдийг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан “ноцтой хохироож болох барилга байгууламж” гэж хөрш залгаа газрыг эзэмшигч нөгөө этгээдийн хил хязгаарыг зөрчөөгүй буюу Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газрын улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа өгөгдлүүд болох талбайн хэмжээ, хилийн шугам, түүний геодезийн байнгын цэг, тэмдэглэлтийг тэмдэгшүүлсэн байршилтай давхцаагүй, хөрш залгаа этгээдийн хилийн шугамыг агаарын эсхүл газрын хэвлий хэсгээр давж ороогүй, өөрийн эзэмшлийн газарт барьж байгаа боловч уг барилга, байгууламжаас бий болох нөлөөлөл нь хөрш залгаа газрын эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн ажиллах, аж төрөхөд саад учруулах нь илэрхий болсон үл хөдлөх эд хөрөнгийг хэлнэ.
Хариуцагч “М” ХХК нь нөлөөллийг зайлшгүй гэдгийг нотлоогүй, нөгөөтээгүүр энэхүү шугам, сүлжээний нөлөөлөл нь ноцтой үр дагавар үүсгээгүй байх ёстой. Гэтэл бодит байдал дээр шугам нь С төвийн шинэ барилгын хаяагаар барилгын суурьтай наалдсан байдлаар тавигдах үр дагавар үүсэж байна. Цаашид шугамын гэмтэл, засвар арчлалттай холбоотой ноцтой нөлөөллүүд бий болно. Дулааны шугам бүхий газрын дээгүүр худалдааны төвийн үйлчлүүлэгч, машин тэрэг зорчих нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах ч эрсдэл байна.
6.4. Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтойн тухайд.
Улсын дээд шүүх энэхүү маргааныг шийдвэрлэх замаар дараах асуудлуудын хүрээнд хууль хэрэглээний зарчим тогтооход нийтлэг ач холбогдолтой байна. Үүнд:
- Инженерийн шугам сүлжээний маргааныг шийдвэрлэхэд холбогдох норм ба дүрэм, стандартуудыг хэрэглэх жишиг тогтоох. Эсхүл анхан шатны шүүхэд буцааж сөрөг нэхэмжлэлийн хувьд мэргэшсэн инженер, экспертүүдийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх зарчмыг тогтоох,
- Талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмын баталгааг хангах. Бизнесийн шийдвэр, төлөвлөгөөнд хүндэтгэлтэй хандах эрх зүйн соёл, ухамсрыг тогтоох,
- Шүүх үзэмжээрээ нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн шийдвэрлэх явдлыг таслан зогсоох, талуудын зарчим, хэргийн оролцогчдын мэтгэлцэх зарчмын баталгааг хангах.
Мөн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх хүрээнд тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт шаардлагатайг анхаарч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл ч байгааг дурдъя.
Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, М нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.12.13-ны өдрийн 001/ШХТ2024/01590 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Б” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдуулан цэвэр ус, дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх, 46,461,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...хариуцагч нь 2009 онд манай С төвийн зүүн талд “Б” ХХК авто салон барих зорилгоор манай эзэмшлийн дулаан болон цэвэр бохир усны шугамд өөрийн барилгыг холбох хүсэлт гарган бид тохиролцож, 2009.09.24-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулснаар тус компани манай газар дээр 135 м урттай, 288 м.кв талбайд өөрийн дулаан, цэвэр усны шугам татаж байрлуулан манай компанийн эзэмшил газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж эхэлсэн.
Хамтран ажиллах гэрээний 5.5-д Энэхүү гэрээг байгуулагдсанаас хойш 3 жилийн дараагаас С төвийн барилга, өргөтгөлд өөрчлөлт гарвал Б тал А талын саналыг хүлээн авах үүрэгтэй гэж заасан. Манай компани С төвийн барилгыг дахин төлөвлөж шинээр барилгын ажлыг 2021 оны 7 дугаар сараас эхлүүлснээр манай эзэмшил газар дээрх шугам сүлжээг чөлөөлөх шаардлага үүсч, удаа дараа шаардлага тавьсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй, барилгын ажилд саад учруулж байна.
...“Б” ХХК нь автосалон, засвар үйлчилгээний барилга, үл хөдлөх эд хөрөнгөө “М” ХХК-д худалдсан байх тул манай эзэмшил газраас “М” ХХК-ийн цэвэр ус, дулааны шугамыг чөлөөлж, ...Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээний дагуу хуримтлагдсан өр төлбөр 31,407,600 төгрөг, алданги 15,054,111 төгрөг, нийт 46,461,711 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан,
Хариуцагч “Б” ХХК тайлбартаа: “...“У” ХК-ийн 2009.09.29-ний өдрийн 300 тоот техникийн нөхцөл, мөн Ус сувгийн удирдах газрын 2007.07.19-ний өдрийн 164/07 тоот техникийн нөхцөлийн дагуу талууд Хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Б” ХХК тухайн техникийн нөхцөлд заагдсан газраас шугамыг татахын тулд “Өндөр бар” ХХК-д компанид 215,000,000 төгрөг төлж, Хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон 35,000,000 төгрөгийг ч өгчихсөн. ...Шугам сүлжээний ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, газрын төлбөр, нэхэмжлэгч газрын төлбөрийн гэрээ нь 2012.01.01-ний өдрөөс 2012.12.31-ний өдрийн хугацаатай. Өөрөөр хэлбэл 2015.12.31-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэж,
Хариуцагч “М” ХХК хариу тайлбартаа: “...Талууд 2009 онд хамтран ажиллах гэрээ байгуулж уг гэрээгээр Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээг байгуулсан. Хариуцагч хязгаарлагдмал эрхтэйгээр газрыг ашиглаж байгаа. Тиймээс гэрээгээр харилцан тохиролцож, эрх нь үүссэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь манай зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хязгаарлаж байгаа нь хуулийг зөрчиж байна. “Э” ХХК-ийн барьж буй С төвийн өргөтгөлийн барилга нь манай дулааны шугамтай 2 м-ээс багагүй зайтай барьж, манай дулааны усны шугамыг ашиглах, өртгийн барилга байгууламжийг ашиглах эрхэд халдаж байгаа. Иргэний хуулийн 138.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-д хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй. “Э” ХХК нь уг шугам сүлжээг өөрсдийн газраар дайран өнгөрч буйг мэдсээр байж өргөтгөлийн барилгын зураг төслийг манай компанийн шугам сүлжээтэй 2 м-ээс багагүй зайтай барих дүрмийг зөрчиж барьсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргасан.
Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан “У” ХК-ийн 2008 оны 300 тоот техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын 165/07 дугаартай техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг “Э” ХХК хууль зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ: “...“М” ХХК нь “Б” ХХК-аас С төвийн зүүн талын барилгыг худалдаж авсан. “Э” ХХК нь өөрийн С өргөтгөлийн барилгыг барихдаа хангагч тал буюу “У” ХК, УСУГ-т мэдэгдэлгүйгээр дээрх шугам сүлжээг өөрчилсөн, “Б” ХХК-ийн хэрэглээг хязгаарласан зөрчлүүдийг удаа дараа гаргасаар байгаа нь хэргийн баримтаар нотлогдсон ба зөрчлөө одоог хүртэл арилгаагүй тул шугам сүлжээг техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулахыг даалгаж өгнө үү...” гэж тайлбарласныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, маргажээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Хариуцагч “Б” ХХК тухайн шугам, сүлжээ татсан газрын эзэмшигчтэй харилцан зөвшилцөж, шугам сүлжээг байрлуулахдаа 2009.09.24-ний өдрийн гэрээний 5.4-т энэхүү гэрээг байгуулснаас хойш 3 жилийн дараа С төвийн барилга, өргөтгөлд өөрчлөлт гарвал “Б” ХХК “Э” ХХК-ийн саналыг хүлээн авах үүрэгтэй байхаар тохиролцсон. ...Хариуцагч нар нь цэвэр ус дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул Газрын тухай хуулийн 48.4, Иргэний хуулийн 151.2-т зааснаар “Э” ХХК-ийн эзэмшлийн газраас цэвэр ус, дулааны шугамыг чөлөөлөхийг хариуцагч “М” ХХК-д даалгана, ...талуудын хооронд байгуулсан шугам сүлжээг хамтран ашиглах гэрээний дагуу “Э” ХХК төлбөр шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил тул нэхэмжлэл гаргасан 2022.09.30-ны өдрөөс өмнөх 3 жилийн төлбөрт 12,212,156 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулна...” гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэж,
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
“Э” ХХК “У” ХК-ийн 300 дугаар техникийн нөхцөл, Ус сувгийн удирдах газрын 164/07 дугаар техникийн нөхцөлийг өөрчилсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна, ...Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар хариуцагч нь өмчлөгчид холбогдуулан хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулахаар шаардах эрхгүй. ...Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно...” гэж дүгнэсэн бол,
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгч “Э” ХХК нь Иргэний хуулийн 138 дугаар зүйл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-д зааснаар өөрийн эзэмшил газарт хариуцагчийн шугам хоолойг байрлуулах, дамжин өнгөрүүлж хүлцэх үүрэг бүхий газар эзэмшигч байна. ...гэрээгээр хариуцагч нарын хуульд заасан эрхийг хязгаарлахгүй, нэхэмжлэгчийн хүлцэх үүргийг үгүйсгэхгүй, ...Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар нэг удаагийн нөхөн төлбөрт 35,800,000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК төлсөн байх тул хариуцагч нар нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хууль бусаар шугам хоолой байрлуулсан гэж үзэх үндэслэлгүй ...тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно, ...Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээ 2012.12.31-ний өдөр дуусгавар болсноос хойш талууд дахин гэрээ байгуулаагүй, ...Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй тул хариуцагчаас 46,461,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгоно, ...“Э” ХХК нь Ус сувгийн удирдах газар, “У” ХК-ийн техникийн нөхцөлөөр хийгдсэн дулааны болон цэвэр, бохир усны шугамын холболтыг тасалж хариуцагч “М” ХХК-ийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан нь тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй...” гэж дүгнэжээ.
11. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтад өөр өөр дүгнэлт хийж, эрх зүйн зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн гаргасан нэхэмжлэгч талын гомдлын заримыг хангах үндэслэл тогтоогдлоо.
12. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч “Э” ХХК нь өөрийн эзэмшил газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Хамтран ажиллах гэрээний үүрэгт 46,461,711 төгрөгийг гаргуулах гэсэн хоёр шаардлага гаргасан.
12.1. Эхний шаардлагын талаар:
Хариуцагч “Б” ХХК, “М” ХХК-д холбогдуулан ... хаягт байрлах барилгын цэвэр ус, дулааны шугамыг өөрийн эзэмшил газраас чөлөөлүүлэхийг хүссэн, хариуцагч “Б” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
12.1.1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь маргаж буй газрыг 2005 оноос хойш хууль ёсоор эзэмшиж байгаа, “Б” ХХК-тай байгуулсан 2009.04.27-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр өөрийн эзэмшил газарт байрлаж буй С төвийн анхдагч олгогдсон техникийн нөхцөлийн дагуу хийгдсэн гадна инженерийн шугам сүлжээг өргөтгөн хариуцагчийн баригдаж буй автосалон үйлчилгээний төвийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг холбохоор харилцан тохиролцож, 288 м.кв талбайд 135м урттай дулаан, цэвэр усны шугам татаж, байрлуулсны дараа 2010.02.15-ны өдрөөс Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээг байгуулан хамтран ашиглаж ирсэн.
“Э” ХХК нь 2021 оноос С төвийн барилгыг дахин төлөвлөж, шинээр барилгын ажлыг гүйцэтгэхдээ 2009 онд байгуулагдсан гэрээний 5.4 дэх заалтыг үндэслэн газрыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан байх ба гэрээний дээрх заалтад “энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 3 жилийн дараа С төвийн барилга, өргөтгөлд өөрчлөлт гарвал Б тал А талын саналыг хүлээн авах үүрэгтэй” гэж тохиролцсон байна.
12.1.2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлт хийх үндэслэлтэй гэж үзэв.
12.1.3. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: “...зохигчийн хооронд хөршийн газраар дамжин өнгөрөх шугам хоолой барьж байгуулахтай холбоотой Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д дэх хэсэгт заасан үүрэг үүсгэсэн хэлцэл хийгдсэн, Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтыг тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газарт хариуцагчийн шугам хоолойг байрлуулах, дамжин өнгөрүүлж хүлцэх үүрэг бүхий этгээд...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь маргаантай эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байна.
Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 138 дугаар зүйлийн 138.1-д заасан эрх зүйн харилцаа үүссэн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу.
12.1.4. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч “Б” ХХК нь “У” ХК-ийн Техникийн нөхцөл олгох комиссын 2008.09.29-ний өдрийн №300 тоот Техникийн нөхцөл, УСУГ-ын Техникийн нөхцөл олгох комиссын 2007.07.19-ний өдрийн Техникийн нөхцөл №164/07 дугаар шийдвэрийг үндэслэн “Э” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр “Э” ХХК-ийн С төвийн эзэмшил газраар дамжуулан дулаан, цэвэр усны шугамыг татаж байрлуулсан бөгөөд Техникийн нөхцөлд “...гадна дулааны шугамын холболтыг 5-В магистраль, “Э” ХХК-ийн С төвийн барилгын салаа шугамын хүчин чадлыг тооцож өргөтгөн, тусдаа салаа шугам татаж хийх...” гэсэн зөвшөөрөл олгогдсноор, түүний эзэмшлийн газраар дамжин өнгөрөх шугам татсан нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах сервитутийн харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 481 дүгээр зүйлийн 481.3.4-т нийцжээ.
12.1.5. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаартайгаар ашиглах эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ гэж, 481 дүгээр зүйлийн 481.3.4-т инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ байгуулах, ашиглах зориулалтаар сервитут тогтоож болно гэж тус тус зохицуулсан байна.
“Э” ХХК, “Б” ХХК-ийн 2009 оны Хамтран ажиллах гэрээгээр хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн эзэмшлийн ус, дулааны шугамаас өөрийн өмчлөлийн автосалон, үйлчилгээний үл хөдлөх эд хөрөнгө рүү дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг нэхэмжлэгчийн эзэмшлийг газраар дамжуулан татаж, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хязгаартайгаар ашиглахаар харилцан тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.
12.1.6. Хариуцагч “Б” ХХК тухайн үед гэрээнд заасан газраас өөр газраар ус, дулааны шугамыг татах боломжгүй байсан тул “У” ХК болон УСУГ-аас авсан Техникийн нөхцөлд заасан зөвшөөрлийг үндэслэн төвийн магистрал шугамаас ус, дулааны хангалт авсан нэхэмжлэгчийн шугамаас салаалж нэхэмжлэгчийн эзэмшил газраар дамжиж өөрийн ус, дулааны шугамыг татсан үйл баримт тогтоогдсон байхад хариуцагчийг трасс шугамыг өөрчлөх боломжгүй байдлаа нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.
12.1.7. Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор өөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг дараах замаар хязгаарлах эрхтэй, 151.1.1-д хууль буюу гэрээнд заасан тохиолдолд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд хязгаартайгаар ашиглах эрхтэй гэж зохицуулсан байна.
Хариуцагч “Б” ХХК нь эрх бүхий этгээдийн тусгай зөвшөөрлийг үндэслэн, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр зайлшгүй шаардлагын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт байрлах ус, дулаан дамжуулах төвийн шугамаас татсан нэхэмжлэгчийн шугамаас ус, дулааны салаа шугам татаж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй холбосон тул тэрээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж буй этгээд юм.
Иймд зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх буюу сервитутийн харилцаа үүссэн, энэ үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хуульд зааснаар хязгаарлах эрхтэй тул газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.
12.1.8. “Б” ХХК ... үл хөдлөх эд хөрөнгө /хуучнаар ... үл хөдлөх эд хөрөнгө/-ийг 2022.09.19-ний өдөр “М” ХХК-д худалдаж, өмчлөх эрх худалдан авагчид шилжсэн тул тус барилгын ус, дулааны шугам сүлжээ “М” ХХК-ийн өмчлөлд хамаарах бөгөөд түүний өмчлөл хууль ёсны гэж үзнэ.
Дурдсан үндэслэлээр “Б” ХХК, “М” ХХК-д холбогдох цэвэр ус, дулааны шугамыг өөрийн эзэмшил газраасаа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн эхний шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
12.2. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага:
Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээний дагуу хуримтлагдсан өр 31,407,600 төгрөг, алданги 15,054,111 төгрөг, нийт 46,461,711 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
12.2.1. “Э” ХХК, “Б” ХХК-ууд 2010.02.15-ны өдөр Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээ байгуулж, С төвийн хашаан дотор тавигдсан дулаан, цэвэр ус, бохирын хоолойг хамтран болон дангаар ашиглах талаар харилцан тохиролцож, шугам сүлжээний ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал, газар ашиглалтын төлбөрийг харилцан тохиролцжээ.
Гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил 288 м.кв газарт шугам сүлжээ байрлуулсан газрын төлбөр, хариуцагчийн ашиглаж байгаа бохир усны шугам, худгийн ашиглалт 61 м.кв талбайн төлбөрт нийт 299,120 төгрөгийн тогтмол зардлыг сар бүр төлөх, хамтран ашиглаж байгаа 253 м.кв талбайд хамаарах шугам сүлжээнд хийгдсэн засвар үйлчилгээний төлбөрийн 50 хувийг хариуцагч хариуцахаар тус тус тохиролцжээ.
Гэрээний дагуу хариуцагч “Б” ХХК 2013 оныг дуустал төлбөрөө төлсөн боловч 2014 оноос төлбөр төлөөгүй үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасны дагуу алдангийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
12.2.2. Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3-т талууд хэлэлцэн тохиролцсон бол сервитут бүхий тал нь зохих төлбөр, шагналыг эрх нь хязгаарлагдсан талд тогтоогдсон хугацаанд тогтмол төлнө гэж зохицуулсан.
Талууд гэрээгээр тогтмол төлөх төлбөрийг харилцан тохиролцсон байх тул хариуцагч “Б” ХХК гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж тус тус заасан байна.
12.2.3. Талууд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаалахтай холбогдуулан Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээ байгуулсан ба хариуцагч нь гэрээгээр тохирсон газар ашиглалтын төлбөрөө шаардсан нэхэмжлэл гаргасан нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бус мөнгөн төлбөр төлөх гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардлага тул хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гурван жилээр тооцно гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Нэхэмжлэгч нь 2014-2023 оны эхний улирлын төлбөрийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй сүүлийн 3 жилийн төлбөрийг хариуцагч “Б” ХХК хариуцах үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагчаас 12,212,156 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
13. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-д холбогдуулан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг хууль зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулахыг даалгахыг хүссэн байна.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой.
Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч нь барилгын ажлын өргөтгөл хийхдээ шугам сүлжээний холболтыг тасалж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан үндэслэлээр хуучин трассаар шугам сүлжээг байрлуулахыг хүссэн боловч бодит байдалд нэхэмжлэгч нь трассын зарим хэсгийг өөрчилсөн нь хариуцагчийн эрхийг зөрчөөгүй, хариуцагчийн шугам сүлжээний ашиглалт хэвийн байгаа гэх тул хариуцагчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй, энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
14. Дурдсан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/01848 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02172 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1, 151.3, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хариуцагч “Б” ХХК-аас газрын төлбөрт 12,212,156 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, үлдэх 34,249,555 төгрөгт холбогдох болон хариуцагч “М” ХХК-д холбогдох ... хаягт байршилтай “Э” ХХК-ийн эзэмшлийн газраас цэвэр ус, дулааны шугам сүлжээг чөлөөлөхийг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2-т зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан үндэслэлгүй тул...” гэж, 3 дахь заалтын “...хариуцагч “М” ХХК-аас 70,200 төгрөг...” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, М нарын гомдлын заримыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа “Э” ХХК-аас 2024.11.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД