| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/01225/и |
| Дугаар | 142/ШШ2021/01066 |
| Огноо | 2021-11-09 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2021/01066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.У холбогдох,
Газар чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хашаагаа зөөж барьсан зардал 3 911 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч Д.У, хариуцагчийн өмгөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д овогтой Б би газар эзэмших 6105543621 дугаартай газрын гэрчилгээтэй, хашааныхаа газарт одоог хүртэл амьдарч байгаа. 2020 оны 05 дугаар сард Д.У нь манай газар руу хашаагаа дур мэдэн, дураараа сунгаж гэрийн хажуугаар барьчихаад гэрээ цаашаа болгож барь, эсвэл ногоон төмөр хашаа хүртэл газраа авна гэж дайрч давшлаад байнга удаа дараа хэл ам хийгээд байх юм. 2021 оны 07 дугаар сард газрын албанд өргөдөл өгсний дагуу газрын албанаас ирж газрын хяналтын цэг тогтоож өгсөн байдаг. Хяналтын цэг тогтоохдоо манай хашаа руу 4 метр газар орсныг тогтоож өгсөн. 2017 оны 09 дүгээр сард газрын албанаас Уянга гэж газрын даамал ирж газар хэмжиж өгсний дагуу газраа авсан. Ингээд манай газар руу жорлон нь орсон байдаг тул манайх жорлонгийн нүхийг нь ухаж өгөөд хоорондоо ярилцаж тохироод хашаагаа барьсан байдаг. 2021 оны 04 дүгээр сард манайх газраа авъя, ногоон хашаагаа авъя гэж байнга дарамталж амар тайван алдагдуулж, сэтгэл санаа, эрүүл мэндээр манай гэр бүл болон манай хүүхдүүдийг маш ихээр хохироосоор өдий хүрлээ. Иймээс өөрийн газраа Д.Уын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Д.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Бын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Д.У би Баянбулаг багийн Зээлийн урд 3 жилийн хугацаанд Ёндонжамц гэх айлын хашаанд амьдарч байсан бөгөөд Орхон аймгийн Газрын харилцааны албанаас тэр хавьд байсан айлуудыг хойш шахаж буух шаардлага тавьсан учир одоо амьдарч байгаа зээлийн 3-296 тоотод 7 дахь жилдээ оршин байна. Би тухайн үеийн ханшаар 1 сая 200 мянган төгрөгөөр уг хашааг барьсан байсан бөгөөд хашааны хаалга ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байсан юм. Гэтэл Газрын харилцааны албаны ажилтан Уянга гэх эмэгтэй багийн засаг дарга Тамиртай хамт ирэн “Энэ эмэгтэйг хажуудаа буулгачихаач хүүхэд нь зүрхний хүнд өвчтэй, хагалгаанд орох гэж байгаа юм байна" гэж гуйгаад байхаар нь ээжийгээ буулгах байсан хажуу газартаа буулгаж хашааны хаалгаа урдаа гаргасан. Одоо манай тэр хавьд газрын гэрчилгээ албан ёсоор гарсан айл байхгүй. Би 3 дай орсон төсрөөр барьсан хашаагаа газартайгаа өгч Б гуай одоо хамар хашаагаа буулгаж нэгтгэж авсан байгаа бөгөөд би өөрийн барьсан байсан 00-ийг хоёр дай газартай авахаар тохирч бичиг хийж өгөөд “ахин газрын маргаан гарахгүй” гэж хэлээд салсан юм. Ингээд 00-оо авдагаараа би авч бетонон хашаа хийж авсан. Ер нь анх би ээжийгээ хажуудаа авч амьдрахаар хоёр айлын газарт хашаа хатгасан бөгөөд багийн дарга болон Газрын харилцааны албаны Уянга энэ хоёр будилаан хутгаагүй бол анхнаасаа энэ маргаан үүсэхгүй байлаа. Б гуай анх хэлэхдээ “эгчид нь ганц гэр барих зай байхад л хангалттай гэж хэлж байсан. Одоо энэ хүн тэр үгээ умартан миний хатгасан газар дээр буучихаад намайг эхнэртэй минь хамт доромжлоод сууж байна. Энэ хүнээс болж би 3 удаа хашаагаа татаж барьсан. Зардал ч тодорхой хэмжээгээр гарсан. Одоо бодохноо Газрын харилцааны Уянгатай тохиролцож миний газрыг луйвардаж аван гэрчилгээгээ гаргуулж авсан юм байна билээ. Дахин хэлэхэд манай тэр хавийн айлуудад газрын гэрчилгээг нь одоог хүртэл олгоогүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.У би Баянбулаг багийн Зээлийн урд 3 жилийн хугацаанд амьдарч байсан бөгөөд Орхон аймгийн Газрын харилцааны албанаас тэр хавьд байсан айлуудыг хойш шахаж буу гэсэн шаардлага тавьсан учир одоо амьдарч байгаа зээлийн 3-296 тоотод хашаа хатган одоог хүртэл оршин сууж байна. Газрын харилцааны албаны ажилтнууд ирэн “Энэ эмэгтэйг хажуудаа буулгачихаач хүүхэд нь зүрхний хүнд өвчтэй юм байна” гэж гуйгаад байхаар нь ээжийгээ буулгах байсан хажуу газартаа буулгаж хашааны хаалгаа урдаа гаргасан. Одоо манай тэр хавьд газрын гэрчилгээ албан ёсоор гарсан айл байхгүй. Би Бын гуйсны дагуу түүний зүүн талд 3 дай орсон төмрөөр барьсан 1 200 000 төгрөгний үнэ бүхий хашаагаа газартай нь өгч Б гуай одоо хамар хашаагаа буулгаж нэгтгэж авсан байгаа бөгөөд би өөрийн барьсан 00-ийг хоёр дай газартай авахаар тохирч бичиг хийж өгөөд “ахин газрын маргаан гарахгүй” гэж хэлээд салсан юм. Ингээд 00-оо авдагаараа би авч хүн хөлслөн бетонон хашаагаа буулган дахин бариулж авсан. Ер нь анх би ээжийгээ хажуудаа авч амьдрахаар хоёр айлын газарт хашаа хатгасан бөгөөд Б гуай анх хэлэхдээ “эгчид нь ганц гэр барих зай байхад л хангалтгай” гэж хэлж байсан. Одоо энэ хүн тэр үгээ умартаж миний хатгасан газар дээр буучихаад намайг эхнэртэй минь хамт дормжлоод, миний газрыг луйвардаад, дээр нь нэмж газар авах сонирхолтой сууж байна. Энэ хүнээс болж би 4 удаа хашаагаа татаж барьсан. Зардал ч тодорхой хэмжээгээр гарсан. Манай тэр хавийн айлууд 10 орчим жил газрын гэрчилгээгээ гаргуулахаар хөөцөлдөөд одоог хүртэл авч чадаагүй байхад хажууд буунгуутаа жил гарны хугацаанд гэрчилгээ гаргуулаад л авчихсан явж байгаа хүн юм. Надаас бетонон шон 14 ширхэг /35 000/ 490 000 төгрөг, бетонон хавтан 52 ширхэг /22 500/1 170 000 төгрөг, ажлын хөлс 455 000 төгрөг, модон шон 15 ширхэг /20 000/ 300 000 төгрөг, модон дай 7х5м, 39 ширхэг /11 500/ 448 500 төгрөг, дээврийн төмөр /8 500/ 255 000 төгрөг, шрупп 1 хайрцаг 18 000 төгрөг, ажлын хөлс 250 000 төгрөг, нийт 3 041 500 төгрөгний зардал гарсан. Үүнээс гадна тээврийн зардал гэх мэт зардлууд гарсан болно. Иймээс би Баас 4 удаа хашаа зөөвөрлөж барьсан ажлын хөлс, зардал болох 3 911 500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Уын бусдад алдсан газраа эргүүлэн авах, хашаа зөөвөрлөн барьсан зардлаа гаргуулах сөрөг нэхэмжлэлийг Д.Б миний бие хүлээн авч танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна. Д.У нь нэхэмжлэлийн 2 шаардлага гаргаснаас газар эргүүлэн авах шаардлагаасаа татгалзсан гэж ойлгож байна. Хашаа зөөвөрлөн барьсан зардал 3 911 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.У нь эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр өөрөө дур мэдэн хашаа хатгасан, үүнийгээ өөрөө зөөвөрлөж барьсан. Нэхэмжлээд байгаа бетон хавтан, шон, дээврийн төмөр модон шон, дай гэх мэт материалыг өөртөө үлдээсэн, одоо яагаад надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Миний модон хашаа, амбаарыг шууд нураагаад намайг Улаанбаатар хот явсан хойгуур ногоон төмөр хашаа барьсан байсан. Иймд сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Д.Ут холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 3-296 тоот хаягт байрлах өөрийн эзэмшлийн 359 м.кв газрын 4 м.кв газрыг хөрш Д.Уын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Д.У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх ба өөрийн хашаагаа 4 удаа зөөж барьсан зардал 3 911 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцэж байна.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэг: Үндсэн нэхэмжлэлийн талаар.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Ут холбогдуулан өөрийн эзэмшлийн 4 м.кв талбай бүхий газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг зээл 3-296 тоот /шинэ хаяг-Орхон аймаг, Баян-Өндөр сум, 18 дугаар баг ивээлт 14-1434 тоот/-д байрлах 359 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Д.Бд эзэмшүүлэхээр аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/290 дүгээр захирамжийг үндэслэн 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн Э-2101001047 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 000094960 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Газрын албанаас тогтоосон хяналтын хэмжилтээр газрын хууль ёсны эзэмшигч Д.Бын эзэмшилийн 4 м.кв газрыг хариуцагч Д.У хууль бусаар эзэмшиж байх тул эзэмшилийн газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн хуулийн 27.4.-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан байна.
Хариуцагч Д.У уг газар минийх байсан, ээжийгээ буулгах гэж байсан газарт ирж буучихаад тохирсон тохиролцоогоо ч биелүүлэхгүй, одоо манай жорлон байгаа газрыг авна гээд байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр уг газрыг хууль ёсоор эзэмших, өмчлөх эрхтэй болох нь нотлогдоогүй, эрхийн гэрчилгээ аваагүй байна. Өөрөөр хэлбэл хэн түрүүлж суурьшсанаар газрын эзэмших эрх үүсэхгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшигч, өмчлөгчийг тодорхойлдог болно.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Уын хууль бус эзэмшилээс 4 м.кв газрыг чөлөөлүүлэх нь зүйтэй.
Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн талаар.
Хариуцагч Д.У хашаагаа 4 удаа сэлгэн барьсан бөгөөд гарсан зардал, ажлын хөлс нийт 3 911 500 төгрөгийг нэхэмжлэгч Д.Баас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч Д.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд мэтгэлцдэг.
Газрын харилцааны албаны ажилтнууд багийн засаг дарга “Энэ эмэгтэйг хажуудаа буулгачихаач хүүхэд нь зүрхний хүнд өвчтэй юм байна” гэж гуйгаад байхаар нь ээжийгээ буулгах байсан хажуу газартаа буулгаж, хашааны хаалгаа урдаа гаргасан. Бын гуйсны дагуу түүний зүүн талд 3 дай орсон төмрөөр барьсан 1 200 000 төгрөгний үнэ бүхий хашаагаа газартай нь өгч Б гуай одоо хамар хашаагаа буулгаж нэгтгэж авсан байгаа бөгөөд би өөрийн барьсан жорлонг хоёр дай газартай авахаар тохирч бичиг хийж өгөөд “ахин газрын маргаан гарахгүй” гэж хэлээд салсан. Ингээд жорлонгоо авдагаараа авч хүн хөлслөн бетонон хашаагаа буулган дахин бариулж авсан. Ер нь анх би ээжийгээ хажуудаа авч амьдрахаар хоёр айлын газарт хашаа хатгасан бөгөөд Б гуай анх хэлэхдээ “эгчид нь ганц гэр барих зай байхад л хангалтгай” гэж хэлж байсан. Одоо энэ хүн тэр үгээ умартаж миний хатгасан газар дээр буучихаад намайг эхнэртэй минь хамт дормжлоод, миний газрыг луйвардаад, дээр нь нэмж газар авах сонирхолтой сууж байна. Энэ хүнээс болж би 4 удаа хашаагаа татаж барьсан тул гарсан зардал нийт 3 911 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэж хариуцагч Д.У тайлбарладаг.
Нэхэмжлэгч Д.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Д.У эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр өөрөө дур мэдэн хашаа хатгасан, үүнийгээ өөрөө зөөвөрлөж барьсан. Нэхэмжлээд байгаа бетон хавтан, шон, дээврийн төмөр модон шон, дай гэх мэт материалыг өөртөө үлдээсэн, одоо яагаад надаас энэ бүхнийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Манай зүүн талд байгаа ногоон төмөр хашаагаа авна биз би өгөхгүй гээгүй. Өөрөө барьсан байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарладаг.
Хариуцагч Д.Уын бетонон хашаагаа 4 удаа зөөвөрлөн барьсан зардал гарахад нэхэмжлэгч Д.Бын буруутай үйлдэл тогтоогдохгүй байхаас гадна Д.Б нь ногоон хашааг үндэслэлгүйгээр эзэмшиж байгаа байдал тогтоогдоогүй. Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Гэрээ хийв” гэсэн хэлцлийг хэн хэнтэй байгуулж байгаа нь тодорхойгүй байхаас гадна хэрэв газрын тодорхой хэсгийн эзэмшлийг шилжүүлж байгаа бол талууд хуульд заасан шаардлагыг хангаж хэлцэл хийх ёстой байсан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3.-т Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Б хариуцагч Д.Утай хэлцэл хийгээгүй, ногоон хашаагаа авч болно, өөрөө л барьсан гэсэн тайлбарыг хариуцагч Д.У няцааж чадаагүй ба нэхэмжлэгч Д.Быг хариуцагч Д.Утай хэлцэл хийж тохиролцсон гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт зохигчдын урьдчилан төлсөн 147 734 төгрөг /70 200 төгрөг, 77 534 төгрөг/-ийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Уаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бын эзэмшилийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, 3-296 тоот /ивээлт 14-1434 шинэ хаягаар/ хаягт байрлах, 359 м.кв газрын 4 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа хариуцагч Д.Уын эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Баас хашаа зөөвөрлөн барьсан зардал нийт 3 911 500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Уын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 147 734 төгрөг /70 200 төгрөг, 77 534 төгрөг/-ийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Уаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ