| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0180/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/178 |
| Огноо | 2024-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/178
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч Р.Мягмардорж
Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр
Шүүгдэгч Б.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б.Д*******д холбогдох эрүүгийн 2431002030193 дугаартай хэргийг 2024 оны ******* дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 02-ны өдөр А******* аймгийн Ц******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Цахилгаан холбоонд ХК-ний Сэлэнгэ салбарт сүлжээний инженер ажилтай, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт, Сэлэнгэ аймгийн С******* сум .. дугаар баг, .. дүгээр хэсэг ... тоотод оршин суух хаягтай, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн 359 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан Д******* овогт Б******* Д******* (РД: *******)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д******* нь 2024 оны 05 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн С******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах Коллектив нэртэй шөнийн цэнгээний газарт согтуурсан үедээ зүс үл таних Б.У******* маргалдаж улмаар түүний зүүн суга, зүүн цээжний 7 дугаар хавирганы орчим хэсэгт хутгаар хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д******* мэдүүлэхдээ: ... Коллектив бааранд найзтайгаа орсон, гарахдаа Мөнхдтой муудсан, энэ үед хохирогч Ууганбаяр ирээд намайг түлхэж унагасан. Би босож ирээд барилцаж аваад ноцолдсон боловч Ууганбаярыг дийлэхгүй болохоор нь хутгалсан. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Б өгсөн: “Би 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө С******* сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Коллектив баараар найз Т хамтаар үйлчлүүлж байсан юм. Намайг тухайн бааранд байхад зүс мэдэх Ууганбаяр, Д******* гээд хоёр залуу хоорондоо муудалцаж байхаар нь баарны гадна талд зогсож байтал баарнаас Д******* түрүүлээд гарч ирсэн. Д*******ыг гарч ирэхээр нь би түүнийг дуудаад уулзаад байж байтал араас нь Ууганбаяр гарч ирээд шууд л Д*******тай хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл Д******* хармаанаасаа жижиг тонгорго хутга гаргаж ирээд Ууганбаяр руу явсан. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад Ууганбаяр Д*******ыг доош унагах үед Д******* гартаа барьсан хутгаараа түүнийг хоёр удаа хутгалсан тэгээд бид нар тэр хоёрыг салгаад хоёр тийш болгосон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Т "...2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө С******* сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Коллектив баараар найз Б хамтаар үйлчлүүлж байсан юм. Тухайн үед баар шөнийн 03 цагийн орчимд хаасан санагдаж байна. Баар хаах үетэй зэрэгцээд би тамхи татаад баарны гадна талд байж байтал Д******* гарч ирээд араас нь Ууганбаяр гарч ирээд тэр хоёр хоорондоо зууралцаад авсан. Тэгтэл Д******* хармаанаасаа хутга гаргаж ирээд Ууганбаяр суга хэсэг рүү нь хоёр удаа хатгачихсан тэгээд л тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгаад хоёр тийш болгоод явуулсан. Д*******аас өөр хүн У******* ноцолдож зодолдсон зүйл байхгүй" Ямартай ч их жижиг л хутга байсан. Өнгө энэ тэрийг нь бол хараагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д өгсөн: ...хохирогч Б.У биед гэмтэл учирсантай холбоотойгоор 3 удаагийн үйлчилгээгээр нийт 162,890 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д Д 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаартай *..1.Б.У биед зүүн суганы урд болон дунд шугамаар нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийн түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Б.У үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3123 тоот шинжээчийн: ... Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн "Б.Ууганбаяр /27н/ эрэгтэй" гэж хаягласан хуруу шилтэй цусанд 3.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.0 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 40-41, 47-48 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 54-56 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 104 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 105 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 106 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн болон гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 1*******-109 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65, 67-69 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64, 66 дугаар хуудас/
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн 359 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-85дугаар хуудас/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 86-98 дугаар хуудас/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Д******* нь 2024 оны 05 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн С******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах Коллектив нэртэй шөнийн цэнгээний газарт согтуурсан үедээ зүс үл таних Б.У******* маргалдаж улмаар түүний зүүн суга, зүүн цээжний 7 дугаар хавирганы орчим хэсэгт хутгаар хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*******ын өгсөн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.У өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Б өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Т мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д Д 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаартай *..1.Б.У биед зүүн суганы урд болон дунд шугамаар нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийн түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Б.У үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.Д*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Д*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Д******* нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Б.Д******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Ц.Д ... хохирогч Б.У биед гэмтэл учирсантай холбоотойгоор 3 удаагийн үйлчилгээгээр нийт 162,890 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч Б.Д*******аас гаргуулаж, харин хохирогч Б.Ууганбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдолтой байна, гэхдээ нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Б.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Б.Д******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Д*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зөрчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Д******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Д*******ыг Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Б.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д******* овогт Б******* Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* Д*******ыг 3 / гурав / сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Б******* Д*******ыг Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Д*******ын зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Д*******аас 162,890 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Хохирогч Б.Ууганбаяр нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Д*******ын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ