Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/92

 

   

 

 

 

 

 

 

 

                                 

      2024        04           25                                       2024/ШЦТ/92

 

                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

             Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,   

             Шүүгдэгч Ж.О, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.О, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2419000000087 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын байцаалт:

 

           1. Монгол Улсын иргэн, Ж.О,

 

            2. Монгол Улсын иргэн, Б.Б.

 

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.О, Б.Б нар нь бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг ... тоотод байх өөрийн гэртээ хохирогч М.Бийг унтсан байх үед түүний хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар хоорондоо ярьж тохиролцон Хаан банкны картыг ашиглан Хаан банк дахь ... дугаарын данснаас 1.700.000 төгрөгийг “Хулгайлан” авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

           Шүүгдэгч Ж.О, Б.Б нар нь бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, ... тоотод байх өөрийн гэртээ хохирогч М.Бийг унтсан байх үед түүний хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар хоорондоо ярьж тохиролцон Хаан банкны картыг ашиглан Хаан банк дахь ... дугаарын данснаас 1.700.000 төгрөгийг “Хулгайлан” авсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Бийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “... Унтаж байгаад 21 цаг өнгөрч байхад У ажилтай гээд явсан. Тэгээд би унтаад үлдсэн. Тэр үед Ж.Оын гэрт Ж.Оын эхнэр хүүхдүүд нь байсан. Би унтаж байгаад 00 цагийн үед сэрээд утсаа оролдож байтал шөнийн 01 цаг 52 минутад миний данснаас 100,000 төгрөгийн зарлагын мессеж ирсэн. Үргэлжлүүлээд 500,000 төгрөг, 500,000 төгрөг, 600,000 төгрөгийн зарлага гарсан. Тэгээд би юу болчхов гэж бодоод дансандаа үлдсэн 190,000 төгрөгийг Ж.Оын эхнэрийн данс руу шилжүүлсэн. Би Хаан банкны картаа гар утасныхаа хавтасны завсар хийдэг. Зарлага гарахаар нь картаа харсан чинь байхгүй болсон байхаар нь би Ж.Оыг авсан уу гэж асуух гэтэл гэртээ байхгүй байсан. Тэгээд утас руу нь залгаж карт авсан уу гэж асуусан чинь Ж.О би картыг чинь аваагүй би гадуур явж байна гэж хэлсэн...”, “...Миний виза картын нууц дугаарыг Ж.О, Ж.Оын эхнэр хоёр мэдэж байгаа...”... Ж.Оаас хаана байсан юм гэж асуухад шөнө таксинд явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 13 дугаар тал)

           Гэрч С.Сийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн *... Баагий унтаж байгаад 02 цагийн орчимд сэрээд миний виза карт хаана байна миний данснаас зарлага гарсан мессеж ирээд байна гэсэн. Удаагүй манай нөхөр гэртээ ирэхээр нь Бийн картыг аваад мөнгө аваагүй биз дээ гэсэн чинь юу гэж би авах бэ маргааш АТМ-ийн камер шүүлгээд үз гээд бид хэд унтацгаасан...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 15 дугаар тал),

           Шүүгдэгч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Би Б.Бөд найзынхаа картыг аваад гараад ирсэн дотор нь 1,800,000 төгрөг байгаа чи надаа бүгдийг нь аваад өгчих гэж хэлсэн чинь за тэгье гэж хэлсэн. Тэгээд ард байдаг Хаан банкны АТМ-рүү явсан. Би Б.Бөд виза картын нууц үгийг нь хэлж өгөөд АТМ-рүү оруулсан. Удалгүй Б.Б АТМ-ээс 1,700,000 төгрөг бэлнээр аваад гарж ирсэн. Тэгээд би Б.Бийг гэрт нь хүргэж өгсөн. Гэрийнх нь гадаа иртэл Б.Б надаас 500,000 төгрөгийг нь зээлчих гэхээр нь 500,000 төгрөгийг өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

           Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би Ж.Оын өгсөн картаас мөнгө авсныхаа дараа Ж.Оаас 300,000 төгрөг зээлчих гэж хэлсэн чинь, Ж.О нь хүнд өгөх мөнгө байгаа юм гэж хэлж байсан. Би Ж.Оаас авсан мөнгөө идэх юманд зарцуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ж.О, Б.Б нар нь бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, ... тоотод байх өөрийн гэртээ хохирогч М.Бийг унтсан байх үед түүний хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар Б Хаан банкны картыг ашиглан Хаан банк дахь ... дугаарын данснаас 1,700,000 төгрөгийг “Хулгайлан” авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хулгайлах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. 

 

           Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч хүсэл зоригоо гүйцэлдүүлэх, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

 

             Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг  хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Иймд шүүгдэгч Ж.О, Б.Б нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

             Хохирол, хор уршгийн талаар:

  Шүүгдэгч Ж.О, Б.Б нар нь хохирогч М.Бд 1,700,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хохирогчоос нэхэмжлэх зүйл, хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан /хх 82-рт/ байх тул шүүгдэгч Ж.О, Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.О, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

  Шүүгдэгч Ж.О, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Ж.О, Б.Б нарт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.О, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

               Шүүгдэгч Ж.О, Б.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, хохирогчид хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

             Хэрэв шүүгдэгч Ж.О, Б.Б нар нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй болохыг дурдав.

 

             Шүүгдэгч Ж.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүгдэгч Б.Бөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяаллын дагуу Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

 

             Бусад асуудлаар:

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н овогт Ж.О, Б овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, Б.Б нарыг 240 цаг нийтэд тустай хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүгдэгч Б.Бөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяаллын дагуу Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хариуцуулсугай.  

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР