Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 29

 

        Б.Б, Ц.Б, Л.А нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                                        Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э, М.А

Нарийн бичгийн дарга   Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар  сарын 04-ний өдрийн 468 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б, Ц.Б, Л.А нарт холбогдох 2012000950035 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Буйлан нуур гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Б 

           Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Тэлээ гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ц.Б 

           Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Буйлан нуур гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Л.А

          Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 20-ны орчимд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Ар хүйтэн гэх газраас хохирогч С.С-ийн 1 тооны адууг хулгайлж 850.000 төгрөгийн, хохирогч П.Баасандоржийн 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

шүүгдэгч Л.А нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн 1912003430314 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...яллагдагч Б.Бг 2018 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын төвд байх гэртээ хоноод өглөө мал руугаа явсан гэж худал мэдүүлэг өгсөн, 

шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хүүш гэх газраас хохирогч Ц.Б-ийн 10 тооны буюу олон тооны адууг хулгайлж 7.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Ц.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Л.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тус тус  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 468 дугаартай шүүгчийн захирамжаар ... Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хянахад эрүүгийн 2012000950035 дугаартай, Б.Б, Ц.Б, Л.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж  дүгнэв. 

Өөрөөр хэлбэл Б.Б нарт холбогдох хэрэгт дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй байна. Үүнд:

1. 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хүүш гэх газраас хохирогч Ц.Баасандоржийн 10 тооны адуу алдагдаж, 7.900.000 /долоон сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч Ц.Б-ийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хүүш гэх газраас бэлчээрт байсан адуунаас 10 тооны адуугаа хулгайд алдсан. Буйлан нуурын ойролцоо нутагладаг Б хулгай хийсэн байж болзошгүй, сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 01-02 хуудас/, гэрч Б.Бгийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 28-нд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Мэлзий гэх газраас өөрийнхөө адуунд мотоциклтой яваад хаваржааны урдаас адуугаа туугаад ус руу оруулчхаад байж байсан. Манай хээр морь үхчих гээд гэдсээ аваад байхаар нь адуугаа туугаад Буйлан багийн Мэлхий толгой гэх газар С-ийн гадаа адуугаа өдөр 12 цаг өнгөрч байхад аваачсан. Намайг адуугаа туугаад очиход С гэртээ Э гэдэг хүнтэй хамт байсан. С-н гадаа хээр морио барьж аваад С, Э бид 3 манай хээр морийг нядалж гаргасан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-13 хуу/, гэрч Л.А-ын өгсөн: “...Манайх 2020 оны 01 сарын 28-нд би Архангай аймгийн Цэнхэр сумын төвд хүүхдээ хараад юмаа угааж байсан. Манай адуу Буйлан багийн Мэлзээ гэх газраас Нугын тохой руу гүйгээд байсан. Манай нөхөр Б.Б хээр морины бөгс нь явж болохгүй байна хө, С-ийн гадаа ойрчлоод гаргачихлаа гээд ирээд намайг ав гэж хэлсэн. Би тэгээд ганцаараа Аллион маркийн 78-55 АРХ улсын дугаартай машинаараа 14-15 цагийн үед очиж махыг ачихад С, Б.Б, нэг танихгүй ах гурвуулаа байсан....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 03-04 хуу/, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн засаг даргын 77 дугаартай албан бичиг тус тус хэрэгт авагдсан байна. 

Хохирогч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 10 тооны адууг хулгайд алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч шүүгдэгч Б.Бг түүний 10 тооны адууг хулгайлж 7.900.000 /долоон сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх боловч 9 тооны адууг хэрхэн, хэзээ, яаж хулгайлсан, хэн хулгайлсан зэргийг нарийн шалгаж тогтоох шаардлагатай байна. 

Түүнчлэн Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн хээр зүсмийн адууг нядалсан гэх боловч хамт нядлалцсан Н.С, мөн н.Э гэх хүмүүс уг хэрэгт оролцоотой эсэх, хулгайн мал нядалсан үгүйг мэдсэн эсэх, эсхүл Б.Бгийн эзэмшлийн морь мөн эсэх, хэдэн тооны ямар зүсмийн адуу тууж авчирч нядалсан эсэх зэргийг тодруулахаар гэрчийн мэдүүлэг авах, нядалсан махыг ченж Т гэж хүнд худалдсан гэж Л.А, Б.Б нар мэдүүлдэг тул Т гэж хүнээс хэдэн малын мах худалдаж авсан талаар тодруулахаар гэрчийн мэдүүлэг авах, Цэнхэр сумын Буйлан багийн Засаг дарга Ц.Б  нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 77 дугаартай албан бичгийг хэнд, хэзээ, хаана мал махыг үзэж бичиж өгсөн эсэхийг тодруулахаар Ц.Б-ыг гэрчээр асуух, хохирогч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 10 тооны адуу алдсан гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-гийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх зам маршрутыг шалгах ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй байна. 

2. 2 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудаст авагдсан диплом, сертификатын хуулбарууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй /нотариатаар гэрчлүүлээгүй/, мөн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 3-т “Яллагдагч Б.Б Ц.Б, Л.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба яллагдагч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт ... хоног цагдан хоригдсон байна.” гэж тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй байна. 

Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Б.Б, Ц.Б, Л.А нарт холбогдох 2012000950035 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эм мөрийн баримтаар хураагдсан 3 метр, 95 см-н урттай 1 ширхэг суран бугуйл хураагдсан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн хүрэн зүсмийн азарга, 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий соёолон насны хонгор зүсмийн морь зэргийг прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай тогтоолоор битүүмжилсэн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна гээд 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б,  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А нарт холбогдох 2012000950035 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б, Ц.Б, Л.А нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 метр, 95 см-н урттай 1 ширхэг суран бугуйл хураагдсан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий нас нийлсэн хүрэн зүсмийн азарга, 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий соёолон насны хонгор зүсмийн морь зэргийг прокурор 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай тогтоолоор битүүмжилсэн болохыг тус тус дурдаж, Шүүгчийн захирамжийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцэлд: 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ц би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/468 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 20-ны орчимд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Ар хүйтэн гэх газраас хохирогч С.С-ийн 1 тооны адууг хулгайлж 850.000 төгрөгийн, хохирогч П.Б-ийн 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

шүүгдэгч Л.А нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн 1912003430314 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...яллагдагч Б.Бг 2018 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын төвд байх гэртээ хоноод өглөө мал руугаа явсан гэж худал мэдүүлэг өгсөн, 

шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хүүш гэх газраас хохирогч Ц.Б-ийн 10 тооны буюу олон тооны адууг хулгайлж 7.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Ц.Б, Л.А нарт холбогдох хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд:

Хохирогч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 10 тооны адууг хулгайд алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч шүүгдэгч Б.Бг түүний 10 тооны адууг хулгайлж 7.900.000 /долоон сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх боловч 9 тооны адууг хэрхэн, хэзээ, яаж хулгайлсан, хэн хулгайлсан зэргийг нарийн шалгаж тогтоох шаардлагатай байна. 

Түүнчлэн Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн хээр зүсмийн адууг нядалсан гэх боловч хамт нядлалцсан Н.С, мөн н.Э гэх хүмүүс уг хэрэгт оролцоотой эсэх, хулгайн мал нядалсан үгүйг мэдсэн эсэх, эсхүл Б.Бгийн эзэмшлийн морь мөн эсэх, хэдэн тооны ямар зүсмийн адуу тууж авчирч нядалсан эсэх зэргийг тодруулахаар гэрчийн мэдүүлэг авах, нядалсан махыг ченж Т гэж хүнд худалдсан гэж Л.А, Б.Б нар мэдүүлдэг тул Т гэж хүнээс хэдэн малын мах худалдаж авсан талаар тодруулахаар гэрчийн мэдүүлэг авах, Цэнхэр сумын Буйлан багийн Засаг дарга Ц.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 77 дугаартай албан бичгийг хэнд, хэзээ, хаана мал махыг үзэж бичиж өгсөн эсэхийг тодруулахаар Ц.Б-ыг гэрчээр асуух, хохирогч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 10 тооны адуу алдсан гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Бгийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх зам маршрутыг шалгах ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаар хохирогч П.Б нь 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хүүш гэх газарт бэлчээрлэж байсан адуун сүрэг дотроосоо 10 тооны, онцлох содон шинж тэмдгийн хувьд эдгээр адуунуудын 5 тооны адууны зөв талын хамрыг нь зориудаар тэмдэг тавьсан сэтэрхийтэй адуунуудыг нэг газраас нэг цаг хугацаанд алдсан бөгөөд энэ байдлыг гэрч Ж.Ж, Л.А нар баталж тус тус мэдүүлэг өгчээ. 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Мэлхий толгой гэх газрын орчимд иргэн Н.С-ийн гэрийн гадна зөв талын хамар сэтэрхий хээр зүсмийн морийг нядлан бусдад зарж борлуулсан, шүүгдэгч Б.Б, гэрч Л.А нар нь тухайн 1 тооны адуугаа өөрийн өмчлөлийн адуу гэж мэдүүлдэг боловч тэдгээрийн мэдүүлэг нь уг адууны толгойг хохирогч П.Б өөрийн 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хүүш гэх газарт бэлчээрлэж байсан адуун сүрэг дотроосоо алдсан 10 адууны нэг нь болохыг таньсан, адууны зөв талын хамар хэсэгт тавьсан тэмдэг, тэмдэглэгээний талаар томилсон шинжээч Ё.Д-ын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагдсан байна. 

Мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц, далд хэлбэрээр авахыг ойлгоно. Нууц далд хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэргийн тухайд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гагцхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, тэдгээрийн хоорондын харилцан хамаарал, нотлох баримтын эх сурвалжийг магадлах зэргээр шинжлэн судалсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ. 

Шүүгдэгч Б.Бг 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хүүш гэх газраас хохирогч П.Б-ийн 10 тооны буюу олон тооны адууг хулгайлж, 7.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад тухайн гэмт хэргийг хэн, хэзээ, хэрхэн яаж үйлдсэн болохыг нарийн шалгаж тогтоох шаардлагатай хэмээн дүгнэн хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. 

Нөгөө талаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчлан тогтоож өгсөн. 

Гэтэл шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, мөрдөн шалгах тодорхой ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг прокурорт  буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгчийн захирамжид заасан Н.С, н.Э, н.Т, Ц.Б нараас мэдүүлэг авахгүйгээр хэрэгт цугларсан бусад нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцаах үндэслэл болсон бусад заалтын тухайд шүүгчийн зүгээс шүүх хуралдааны шийдвэрийг уншиж сонсгох, шийдвэрийн үндэслэлийг тайлбарлах үед дурдагдаагүй нөхцөл байдлуудыг үндэслэл болгож захирамжид дурдсан байна гэж үзэж байгаа бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээр нотлогдоно. 

Иймд шүүгдэгч Б.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 468 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Ц.Б, Л.А нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гээд хэргийг прокурорт буцаасан. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хүүш гэх газраас хохирогч П.Б-ийн 10 тооны буюу олон тооны адууг хулгайлж 7.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон болох нь тогтоогдсон. Тухайн алдагдсан 10 адууны 5 адууных нь хамар хэсэгт нь тэмдэг тавьсан байсан бөгөөд дээрх үйл баримт нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч Б.Бгийн өөрийн адуу гээд байсан адууны толгойг хохирогчид хуульд заасны дагуу таньж олуулах ажиллагаа хийхэд хохирогч нь өөрийн адуу гэдгийг шууд таньсан. Тухайн алдсан 10 адууны нэг нь болохыг таньсан, адууны зөв талын хамар хэсэгт тавьсан тэмдэг, тэмдэглэгээний талаар шинжээч томилсон бөгөөд шинжээч нь тухайн тэмдгийг зориуд тавьсан болохыг тогтоосон байдаг. Иймд шүүгдэгч Б.Бгийн нэг цаг хугацаанд нядалсан 10 тооны адууг бүгдийг нь хулгайлсан байна гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Б.Б нь хохирогч П.Б-ийн 10 тооны адууг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийхгүйгээр тухайн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл гаргасан. Миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.7 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 468 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Б нарт холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд тухайн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул тухайн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 468 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Шүүхийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үнэлэх боломжтойг нь үнэлж, үнэлэх боломжгүйг нь үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Тиймээс тухайн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах саналтай байна. Өнөөдрийн шүүх хуралдаан нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхгүй тул шүүгдэгчийн холбогдсон үйлдлийн талаар ярих нь зохимжгүй байх гэж үзэж байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А  шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч Ц.Б нь шүүгдэгч Б.Бтай хамтран нэг удаагийн хулгайн үйлдэлд оролцсон бөгөөд үйлдлийн хувьд маргах зүйл байдаггүй юм. Шүүгчийн захирамжийн хувьд шүүгдэгч Б.Бгийн хохирогч П.Б-ийн 10 тооны адууг хулгайлсан гэх үйл баримтыг шалгуулахаар буцааж шийдвэрлэсэн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүхийн зүгээс хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

          Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бг бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 20-ны орчимд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Ар хүйтэн гэх газраас хохирогч С.С-ийн 1 тооны адууг хулгайлж 850.000 төгрөгийн, хохирогч П.Б-ийн 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Хүүш гэх газраас хохирогч Ц.Б-ийн 10 тооны буюу олон тооны адууг хулгайлж 7.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Быг бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 20-ны орчимд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Ар хүйтэн гэх газраас хохирогч С.С-ийн 1 тооны адууг хулгайлж 850.000 төгрөгийн, хохирогч П.Б-ийн 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Аыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн 1912003430314 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...яллагдагч Б.Бг 2018 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын төвд байх гэртээ хоноод өглөө мал руугаа явсан гэж худал мэдүүлэг өгсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хэд хэдэн үндэслэл зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад...анхан шатны шүүхийн... Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн хээр зүсмийн адууг нядалсан гэх боловч хамт нядлалцсан Н.С, мөн н.Э гэх хүмүүс уг хэрэгт оролцоотой эсэх, хулгайн мал нядалсан үгүйг мэдсэн эсэх, эсхүл Б.Бгийн эзэмшлийн морь мөн эсэх, хэдэн тооны ямар зүсмийн адуу тууж авчирч нядалсан эсэх зэргийг тодруулахаар гэрчийн мэдүүлэг авах, нядалсан махыг ченж Т гэж хүнд худалдсан гэж Л.А, Б.Б нар мэдүүлдэг тул Т гэж хүнээс хэдэн малын мах худалдаж авсан талаар тодруулахаар гэрчийн мэдүүлэг авах, Цэнхэр сумын Буйлан багийн Засаг дарга Ц.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 77 дугаартай албан бичгийг хэнд, хэзээ, хаана мал махыг үзэж бичиж өгсөн эсэхийг тодруулахаар Ц.Б-ыг гэрчээр асуух гэсэн нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх бөгөөд энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

            Харин шүүгчийн захирамжид заасан бусад шаардлага нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 468 дугаартай шүүгчийн захирамжийг  хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                            Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                             В.ЦЭЦЭНБИЛЭГ