Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2025/00077

 

А.Л-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/05098 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2025/00231 дүгээр магадлалтай,

А.Л-н нэхэмжлэлтэй

Д.Г-д холбогдох

*** дүүргийн ** хороо ** гудамж ** тоот хаягт байрлах 63 м.кв бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 163,2 м.кв талбай бүхий хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.А.Л нь Д.Г-д холбогдуулан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай үндсэн, Д.Г нь 2015.12.11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг зохигч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/05098 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар *** дүүргийн ** хороо ** гудамж ** тоот хаягт байрлах, 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай /Ү-******33/ үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 163,2 м.кв талбай бүхий хувийн сууц гаражийн зориулалттай /Ү-******31/ үл хөдлөх эд хөрөнгүүдийг Д.Г-н эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2015.12.11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, *** дүүргийн ** хороо ** гудамж ** тоотод байрлах 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай /Ү-******33/ үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт Д.Г-д шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А.Л-д холбогдуулан 2015.09.21-ний өдрийн 163.2 м.кв талбайтай хөрөнгийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт Д.Г-д шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Г татгалзсаныг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Л-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагч Д.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-с 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2025/00231 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/05098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар *** дүүргийн ** хороо ** гудамж ** тоот хаягт байршилтай /Ү-******31/, 163,2 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Гын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс үлдэх *** дүүргийн ** хороо ** гудамж ** тоот хаягт байршилтай /Ү-******33/, 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Г-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар *** дүүргийн ** хороо ** гудамж ** тоотод байршилтай /Ү-******33/, 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Д.Г-г бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.” гэж,

4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 210,600 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх 2015.12.11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн бол давж заалдах шатны шүүх “...А.Л, Б.Б, Д.Г нарын хооронд 2015.09.21, 2015.12.11-ний өдрүүдэд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан тул хариуцагчийн эд хөрөнгөө үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэл зоригийн дагуу нэхэмжлэгч маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй гэж үзэхээр байна...” гэж зөрүүтэй дүгнэлт хийж 2015.12.11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг А.Л, Б.Б, Д.Г нарын хооронд байгуулагдсан мэтээр буруу дүгнэсэн. Бэлэглэлийн гэрээ бэлэглэгчийн сайн дурын үндсэн дээр хийгддэг бөгөөд хуулиар заавал бэлэглэх үндэслэл бий болсон байхыг шаардахгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх бэлэглэгч, бэлэг хүлээн авагч талын хооронд бэлэг өгөх үндэслэл үүссэн байх ёстой мэтээр дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Д.Г нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, мэдэх чадвартай бөгөөд 63 м.кв талбайтай хувийн сууцны өөрт ногдох хэсгийг бусдад шилжүүлэх эрх олгосон итгэмжлэлийг С.Н-д олгосон, уг итгэмжлэлийг үндэслэн А.Л шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн Д.Г нь үр дүнд хүрэх зорилгогүйгээр уг гэрээг хийсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.03-ны өдрийн 001/ШХТ2025/00387 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээв.

7.Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч Д.Г-д холбогдуулан, *** дүүргийн ** хороо ** гудамж ** тоот хаягт байрлах 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 163,2 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг түүний хууль бус эзэмшлээс нь чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ “...дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Б болон хариуцагч Д.Г нараас 2015 онд гэрээний дагуу шилжүүлэн авсан, хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл хариуцагч нь өөрийн өмч хэмээн маргаж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй, өнөөг хүртэл хууль бусаар амьдарч байна...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч Д.Г нь нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Би иргэн Б.Б-с 2013 оноос хойш 9,471,560 төгрөгийн авлагатай байсан бөгөөд 2015 онд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг надад худалдахаар тохирч, ингэхдээ авлагаа хасаад зөрүү мөнгийг түүний өр, зээлтэй газруудад төлөх замаар буюу 2015.04.07-ны өдөр 19,000,000 төгрөг, 2015.09.10-ны өдөр 7,191,475 төгрөгийг “О” ХХК-д, нийт 35,663,035 төгрөгийг төлж үл хөдлөх эд хөрөнгүүдийг нь барьцаанаас чөлөөлсөн. Өмчлөх эрхээ шилжүүлэх гэтэл Б.Б нь А.Л-тай хамтран өмчлөгчөөр бүртгүүлчих, түүнд хөрөнгө барьцаалахгүй бол намайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах гээд байна гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч, өөрийн 63 м.кв талбай бүхий сууцны хамтран өмчлөгчөөр А.Л-г бүртгүүлсэн. Ингэхдээ мөн түүний гуйлтаар 63 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох 50 хувийг барьцаа болгон А.Л-н хуульч болох С.Н-д шилжүүлэх эрхтэй гэсэн итгэмжлэл хийж өгсөн. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарч байгаа, эдгээр хөрөнгийг Б.Б-с шударгаар худалдаж авсан, харин иргэн А.Л бол барьцаалсан...” гэсэн үндэслэлийг заажээ.

Хариуцагч Д.Г нь “...63 м.кв хувийн сууцны өөрт ногдох хэсгийг А.Л-д шилжүүлсэн 2015.12.11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр тогтоолгох” сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна. Харин хариуцагч нь дээрх хаягт байрлах 163,2 м.кв талбай бүхий хувийн сууц, газар эзэмших эрхийг шилжүүлсэн 2015.09.21-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт шилжүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шийдвэрлэжээ.

8.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...Д.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, нөгөө талаас А.Л нарын хооронд байгуулсан 2015.12.11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй, хариуцагч Д.Г нь хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч А.Л-д үл хөдлөх эд хөрөнгийн ногдох хэсгийн өмчлөх эрхээ шилжүүлсэн, иймд нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувьд эд хөрөнгөө хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй..., хариуцагч нь хүсэл зоригийн дагуу, гэрээний үндсэн дээр өмчлөх эрхээ шилжүүлсэн байна...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлээс ...163,2 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Г-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангасан шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, харин нэхэмжлэлээс үлдэх ...63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Г-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан ...63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Д.Г-г бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, сөрөг нэхэмжлэлийг хангасан байна.

Магадлалд: Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон гэж дүгнээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны өмчлөгч” гэдэгт зөвхөн улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгүүлсэн байх нь хангалтгүй бөгөөд уг эрхийг хууль болон гэрээний дагуу олж авсан байх учиртай. Зохигчийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний талаар хариуцагч нь өмчлөх эрхээ шилжүүлэх хүсэл зориг байгаагүй, БНСУ-ын иргэн J.K-д Б.Б-н төлөх 110,000 ам.долларыг төлүүлэх зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, талуудын хувьд бэлэглэлийн гэрээний нэгдмэл хүсэл зориг илэрхийлэгдээгүй буюу хариуцагч эд хөрөнгөө бэлэглэх хүсэл зориг илэрхийлээгүй, дүр үзүүлсэн илэрхийлэл гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан учир бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг буцаах өгөх үүрэгтэй тул сөрөг нэхэмжлэл хангагдана. Уг хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх асуудал нь цаашид талуудын хооронд маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй тул хариуцагчийг маргаж буй хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь хууль зөрчихгүй...” гэсэн дүгнэлт тусгагджээ.

9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

10.БНСУ-ын иргэн J.K-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Л болон Б.Б нарын байгуулсан 2015.09.17-ны өдрийн “Өр барагдуулах хэлцэл” гэсэн баримт хэрэгт авагдсан ба уг баримтад “...Б.Б нь 110,000 ам.долларыг 2016.01.20 гэхэд 5 удаагийн төлөлтөөр хэсэгчлэн төлж дуусгах, уг төлбөрийг төлж дуустал *** дүүргийн ** хороо ****** зуслангийн 434 м.кв талбай бүхий газрын эзэмших эрх, уг газар дээрх 163,2 м.кв болон 63 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 55,000 ам.долларт тооцон А.Л-д үнэ төлбөргүйгээр шилжүүлж, эзэмшил, өмчлөлд нь байлгах, өр барагдуулах хуваарийг 15 хоног, түүнээс дээш хоногоор зөрчвөл дээрх хөрөнгүүдийг 55,000 ам.долларт тооцож, өрөндөө авна...” гэсэн тохиролцоо тусгагджээ. /хх-ийн 155-156/

Улмаар нэхэмжлэгч А.Л нь 2015.09.23-ны өдөр ...163,2 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж, ...434 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 2015.11.17-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь газар эзэмших гэрчилгээ болон улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ. /хх-ийн 75, 105/

Хариуцагч нь дээрх эд хөрөнгийн өмчлөлийг маргаагүй, улмаар сөрөг нэхэмжлэлийн эдгээр эд хөрөнгөд холбогдох шаардлагаасаа татгалзсан бөгөөд өөрийн худалдан авсан ...63 м.кв талбайтай хувийн сууцын өмчлөлийг маргасан байна.

Зохигчийн хоорондох маргааны зүйл нь дээрх хаягт байрлах ...63 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөл буюу хариуцагч нь хамтран өмчлөлийн зүйлийн ногдох хэсгээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь хүчин төгөлдөр эсэх асуудал байв.

11.Хариуцагч Д.Г нь Б.Б-той 2015.09.10-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ...63 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******33 дугаартай хувийн сууцыг худалдан авахаар тохирсон, гэрээнд үнийг 10,000,000 төгрөг гэж тусгасан боловч 35,633,000 төгрөгийг төлж эд хөрөнгийг хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийг одоог хүртэл эзэмшиж байгаа нь тогтоогджээ.

Гэвч Д.Г нь өмчлөх эрхээ дангаар бүртгүүлээгүй, хамтран өмчлөгчөөр А.Л-г бүртгүүлсэн ба энэ талаар тайлбарлахдаа худалдагч Б.Б нь эрүүгийн хэрэгт шалгагдах гээд байна, түр хамтран өмчлөгчөөр бүртгүүлээч, удахгүй хасуулаад өгнө гэж гуйсан, мөн итгэмжлэл хийлгүүлсэн /хх-ийн 27-30, 74/ гэжээ.

Үүний дараа хариуцагч нь 2015.09.26-ны өдөр ...63 м.кв талбайтай хувийн сууцны өөрт ногдох хэсгийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн А.Л-д бэлэглэх, худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг С.Н-д олгосон итгэмжлэлийг үйлдсэн, С.Н нь 2015.12.11-ний өдөр А.Л-тай бэлэглэлийн гэрээг бичгээр хийж, энэ гэрээний үндсэн дээр А.Л нь ...63 м.кв хувийн сууцыг дангаар өмчлөх эрхтэй болж, өмчлөх эрхийн гэрчилгээг авчээ. /хх-ийн 5, 31, 128/

12.Дээрх баримтуудаас дүгнэвэл, иргэн Б.Б нь өөрийн өмчлөлийн *** дүүргийн ** хороо ** гудамж ** тоот хаягт байрлах 163,2 м.кв талбай бүхий хувийн сууц, гараж, ...434 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг өр төлбөртөө тооцуулахаар А.Л-д, мөн дээрх хаягт байрлах 63 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г-д тус тус худалдсан байна. Д.Г нь ...63 м.кв талбайтай хувийн сууцыг худалдан авсан боловч А.Л-тай хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн, өөрт ногдох хэсгээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээр нэхэмжлэгч А.Л нь маргаж буй сууцны хөрөнгийг өмчлөгч болжээ.

13.Хариуцагч Д.Г /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н/ өөрт ногдох хэсгээ А.Л-д шилжүүлсэн 2015.12.11-ний өдрийн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар хоёр шатны шүүх зөрүүтэй дүгнэлтийг хийсэн.

Нэхэмжлэгч А.Л болон хариуцагч Д.Г /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н/ нарын хооронд байгуулагдсан 2015.12.11-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Хүсэл зоригийн илэрхийлэл нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг мэдэж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Хариуцагч Д.Г нь хамтран өмчлөлийн зүйлийн ногдох хэсгээ бэлэглэх хүсэл зоригийг илэрхийлээгүй, дүр үзүүлсэн илэрхийлэл байсан гэдгийг нэхэмжлэгч А.Л мэдэж байсан болох нь 2015.09.17-ны өдрийн “Өр барагдуулах хэлцэл”, Б.Б-н 2017.07.16-ны өдрийн “*** дүүргийн ** хороо ******* гудамж хаягт байрлах зуслангийн газрыг буцаан шилжүүлэх нөхцөлтэйгөөр бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлсэн болно” гэх, 2019.09.09-ний өдрийн “*** дүүргийн ** хороо ** гудамж ** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээний дагуу Д.Г-д худалдсан бөгөөд буцаан шилжүүлэх болзолтойгоор түр шилжүүлсэн нь үнэн болно” гэх агуулгатай бичмэл баримтууд, тухайн сууцыг Д.Г 2015 оноос хойш эзэмшиж байгаа, Д.Г нь сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхтэй учраас А.Л болон Б.Б нарын 2015.09.21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурж оролцсон баримтуудаар тогтоогджээ.

Энэ тохиолдолд талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул талууд хэлцлээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүргийг хүлээнэ.

Энэ талаар давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2025/00231 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч А.Л-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.03.13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.БАЯРМАА

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

             ШҮҮГЧИД                                                              Н.БАТЗОРИГ

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                Д.ЦОЛМОН