Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 191

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Гансугар,   

Иргэдийн төлөөлөгч Р.Мөнхтуяа,     

Улсын яллагч Ц.Ариунтуяа,  

Хохирогч Л.Бямбатогтох,    

Шүүгдэгч Б.Цог-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илжигэн овогт Балтхүүгийн Цог-Эрдэнэд холбогдох 2017 2601 0340 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн 1967 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  барилгын засалчин мэргэжилтэй, группт байдаг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 11-27а тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Илжигэн овогт Балтхүүгийн Цог-Эрдэнэ РД:УУ67030410,  

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Цог-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их нарангийн 11 дүгээр гудамжны 27а тоотод “би нарийн тамхи татдаг бүдүүн тамхи татдаггүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж иргэн Л.Бямбатогтохын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:  

- хохирогч Л.Бямбатогтохын мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр харанхуй болсон байхад Б.Цог-Эрдэнийн гэрт би эхнэр Нансалмаагийн хамт самсунг гар утасны цэнэглэгч авах гээд гэрт ороход Б.Цог-Эрдэнийн эхнэр Долгорсүрэн Цог-Эрдэнэ 2 байсан. Гэрт нь ороод цай унд уугаад сууж байхад Цог-Эрдэнэ 0.75 литрийн Арвай нэртэй архи гаргаж ирээд задалсан. Тэр архийг Цог-Эрдэнэ бид 2 хувааж уусан. Эхнэрүүд өгсөн архийг амсаад өгч байсан. Тэгээд архиа хувааж ууж дуусаагүй хугас шил архи үлдээгээд би явлаа гэхэд эхнэр Нансалмаагийн хамт орой 20 цагийн орчим гэрээс нь гараад хашаанаас нь гараагүй байхдаа Цог-Эрдэнийн гэрт буйдан дээр нь өөрийнхөө улаан вест нэртэй тамхиа мартсанаа санаад эргэж ороод Цог-Эрдэнэд тамхиа мартсан байна гэж хэлээд Цог-Эрдэнийг том өрөөндөө сууж байхаар нь хажуугаар нь гараад тамхиа аваад гал тогооны өрөөнд нь ороход Цог-Эрдэнэ гал тогооны өрөөнөөсөө урдаас гарч ирээд урдаас 1 удаа хутгалсан. Тэгээд би яагаад хутгалсныг нь мэдэхгүй яаж байна аа чи гэж асуухад юу ч дуугараагүй. Тэгээд би шууд ухаан алдсан байсан...нэг ухаан ороход эмнэлэг дээр ирчихсэн байсан...Цог-Эрдэнэ намайг ямар шалтгааны улмаас хутгалсныг мэдэхгүй байна. Архиныхаа халуунд намайг хутгалсан байх гэж бодож байна. Сүүлд хэрэг явдал болоод дууссаны дараа Цог-Эрдэнэ намайг яагаад хутгалах болсон талаар асуухад архины халуунд ийм зүйл болсон байна лээ. Архиндаа согтоод юу болсон талаар санахгүй байна гэж надад хэлсэн. Архи ууж байх үедээ бид 2 хоорондоо маргалдаагүй. Ямар нэгэн маргалдах шалтгаант зүйлийн талаар яриагүй. Архи ууж байх үедээ Цог-Эрдэнэ бид 2 ажил ярьж танай ажил ямар байдаг вэ? Манай ажил ийм байдаг, цагаан сар болох гэж байна мах шөлөө бэлдсэн үү буузаа хийсэн үү бууз хийхэд дулаахан байна гэх мэтийн зүйлийн талаар ярилцсан, бид урьд өмнө нь маргалдаж байгаагүй. Бид хоёрын өс хонзонгийн асуудал байхгүй. Бид 0.75 литрийн архины 3 хуваасны 2-ыг хувааж уусан байсан. 2-уулаа нилээн согтолттой байсан. Би бол болсон явдлын талаар буюу Цог-Эрдэнэд хутгалуулах хүртлээ сайн санаж байна. Намайг Цог-Эрдэнэ хутгалж байхыг харсан хүн байхгүй. Цог-Эрдэнэ намайг хутгалсны дараа Цог-Эрдэнийн эхнэр том өрөөнөөсөө гарч ирж харсан, манай эхнэр намайг хүлээгээд гадаа байсан хараагүй...би хутгыг анзаарч хараагүй. Цог-Эрдэнэ намайг 1 удаа хутгалсан, нөгөө нэг шарх нь эмнэлэг дээр шүүс гаргах хэрэгтэй болж зүсэлт хийж гуурс хийсэн. Эмнэлгийн эмчилгээний зориулалтаар зүссэн шарх...гэх мэдүүлэг /хх-30-31/...хэрэг болсон өдөр өвлийн хөх өнгийн куртик дотуур нь юүдэнтэй хар цамц, саарал ноосон өмд түрүүтэй шар гуталтай байсан. Миний хувцаснууд гэрт байгаа. Харин хутга орж урагдсан цустай хувцаснуудыг хэрэг болсон өдрийн маргааш хашаандаа шатаасан. Бусад доогуураа өмсөж явсан өмд, гутал хувцас байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-32/,   

-  гэрч Я.Нансалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 28-ны орой 18-19 цагийн хооронд нөхөр Л.Бямбатогтохын хойд аав Шоовдорын гэрт очоод гэр лүүгээ алхаж явах замд нөхөр Цогоогийн гэр лүү орж цэнэглэгч асуучихаад байвал аваад харъя гэсэн. Тэгээд Цогоогийн гэрт ороход Цогоо эхнэр Долгорсүрэнтэйгээ 2-уулаа байсан. Тэгээд мэнд мэдээд цай уугаад сууж байтал Цогоо уулзаагүй удсан юм чинь ганц шил архи ууя гээд Цогоо 0.75 литрийн Арвай нэртэй архи гаргаж ирээд Цогоо Бямбатогтох 2 хувааж уусан

Надад хийж өгөхөөр нь би амсаад уруулаа хүргээд өгсөн. Тэгээд Цогоо Бямбатогтох хоёрыг архи ууж байхад нь хажууд нь суугаад Долгорсүрэнтэй юм яриад байж байтал Цогоо Бямбатогтох хоёрын ууж байсан архи дуусаад Бямбатогтох бид хоёр 20 цагийн үед гэртээ харилаа гээд Цогоогийн гэрээс гараад хашаанаас нь гараагүй байхад Бямбатогтох тамхиа мартсан байна ороод тамхиа аваад ирье гэсэн, тэгээд би Цогоогийн хашаанд зогсоод хүлээгээд байж байтал нээх удалгүй Бямбатогтох гарч ирээд газар хэвтээд миний бие өвдөөд байна. Чи түргэн дуудаад намайг үзүүлээч гэж хэлээд ухаан алдсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй айсандаа 103 дугаарт залгаж манай нөхөр ухаан алдаад уначихлаа цээжнээс нь цус гараад цус алдаад байна гэж хэлчихээд Цогоогийн гэр лүү ороогүй байж байтал Цогоо эхнэр Долгорсүрэнтэй гарч ирээд яасан юм бэ гэж асууж байснаа цагдаагийн машин ирсэн чинь Цогоо би Бямбааг хутгалчихсан байхдаа явъя...би явъя гээд цагдаагийн машинд ороод суучихсан...архи ууж байхдаа Цогоо Бямбатогтох 2 хоорондоо маргалдаагүй...гэх мэдүүлэг /хх-33/,

- гэрч Ц.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 21 цаг болж байхад манай нөхөр Цог-Эрдэнийн найз гэх Бямбатогтох, Нансалмаа 2 манай гэрт орж ирэхдээ 0.75 литрийн нэрийг нь мэдэхгүй архи барьж орж ирсэн. Тэгээд тэр архийг нь Бямбатогтох нөхөр Цог-Эрдэнэтэй хувааж уугаад Нансалмаа бид 2 архи уугаагүй...Бямбатогтох Цог-Эрдэнэ 2 ажил ярьж байсан..би Нансалмаатай хууч хөөрөөд ажил олж хийх юмсан цагаан сар боллоо гэх мэт зүйл ярьсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Бямбатогтох Нансалмаа 2 явах үед Цог-Эрдэнэ гаргаж өгчихөөд гэртээ орж ирээд унтах гээд байж байтал Бямбатогтох улаан өнгийн хайрцагтай тамхиа үлдээсэн байна...байна уу гэж асуухаар нь байхгүй байна гэхэд би танайд нэг бүтэн нэг тал 2 хайрцаг тамхитай орж ирсэн гэж уурласан. Тэгэхэд Цог-Эрдэнэ би нарийн тамхи татдаг чиний бүдүүн тамхийг би татдаггүй гээд маргалдаад байсан. Тэр үед би хойд өрөөндөө ороо засаад байж байтал Бямбатогтох гэрээс гараад явчихсан. Цог-Эрдэнэ бас гараад явчихсан байсан. Би ороо засчихаад Цог-Эрдэнийг орж ирэхгүй байхаар нь гарахад манай нөхөр Цог-Эрдэнийг би хутгалчихсан юм гэж хэлээд сууж байсан. Тэгээд Бямбатогтохын эхнэртэй нь хамт түргэний эмч ирээд аваад явсан. Тэр 2 тамхинаас болж маргалдаад байсан. Би хутгалж байхыг нь хараагүй хоорондоо маргалдаад байхыг нь сонсоод хойд өрөөндөө ороо засаад байж байсан. Сүүлд хэрэг явдал болсны дараа үзэхэд тал хайрцаг тамхи нь манай гэрийн том өрөөний буйдан дээр байсан... /хх-34/,...би хараагүй хойд өрөөндөө байсан, би Бямбатогтох нь Цог-Эрдэнийг түлхэж байгааг хараагүй. Цог-Эрдэнийн сэтгэц нь эрүүл ямар нэгэн өөрчлөлт байхгүй...би хутгыг тухайн өдөр хоол хийгээд төмс арилгаад гал тогооны өрөөний ширээн дээр ил тавьсан байсан. Хэрэг болсны дараа хутгыг би хогийн саванд хийгээд хаячихсан...гэх мэдүүлэг /хх-35/,

- гэрч Б.Түмэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг 30 минутаас 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 08 цаг 30 минут хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт түргэн тусламж үзүүлэх түргэний эмчээр ажилласан. Ажиллах хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цаг 20 минутанд 9536-6542 дугаарын утаснаас Нансалмаа гэж хүнээс Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 11 дүгээр гудамжны 15-34 тоотод цээжиндээ хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагын дагуу 20 цаг 40 минутад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 11 дүгээр гудамж 27а тоотонд утсаар заалгаж ярьж байгаад очиход ...үзлэг хийхэд зүүн талын 5-6 дугаар хавирганы завсар хурц ир үзүүртэй зүйлээр 1.5 см орчим өргөнтэй хатгагдсан шархтай байсан. Цааш хэр хэмжээний гүн орсон эсэхийг шалгах боломжгүй байсан тул би шархыг уусмалаар ариутгаж ариун бинтээр боолт хийсэн...эхнэр нь гэх эмэгтэй хамт архи ууж байсан хүн нь хутгалчихлаа гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-37/,

- гэрч Б.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 28-наас 2017 оны 01 дүгээр сарын 29-нд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 20 цаг 22 минутанд хутгалуулсан хүн байна гэж...Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо гэсэн дуудлага орж ирсэн. Тэгээд лавшруулаад хаягийг тодруулахад Их нарангийн 11 дүгээр гудамжинд 50 орчим насны эрэгтэй баруун талаараа хажуулдаж хэвтсэн байдалтай хажууд нь эхнэр гэх эмэгтэй...эрүүл битгий архи уу гэж хэлээд байхад архи уулаа гээд үглээд зогсож байсан. Тэгээд би өөрийн гар утсаараа түргэн 103 дуудаж уг хутгалуулсан 50 орчим настай хүнийг хүлээлгэн өгсөн. Юу болсон талаар асуухад хоорондоо архи ууж байгаад маргалдаад намайг Цогоо хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би тэр айлын хашаа руу ороход урдаас Цог-Эрдэнэ гэх 50 настай эрэгтэй гарч ирэхээр нь та энэ хүнийг хутгалсан уу гэж асуухад би хутгалсан нь үнэн гэж хэлэхээр нь би 2 гарыг нь гавлаад машинд суулгаад цагдаагийн хэлтсийн түр саатуулах байранд хүргэж ирсэн. Зүүн талынх нь хавирга хэсэг рүү хутгалсан байсан. Яг ямар шалтгаанаас болж хутгалсныг нь мэдээгүй. Хоорондоо архи ууж сууж байгаад маргалдаад хутгалсан гэж хэлж байсан. Шалтгаангүй хутгалсан гэж хэлж байсан. Болсон явдлыг санах хэмжээний биеэ авч явах чадвартай байсан...гэх мэдүүлэг /хх-38/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2187 дугаартай:...Л.Бямбатогтохын биед цээжний зүүн хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-41/,

- шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...уг гэмтэл нь хэрэг болсон гэх 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байсан. Хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх мэдүүлэг /хх-42/,   

- ял шалгах хуудас /хх-58/,   

- 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гэрч Ц.Долгорсүрэнгийн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-14/,

- 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-19/,  

- хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-25/,  

- 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол” /хх-28/,  

- шүүгдэгч Б.Цог-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/,

- асап сангийн шүүлт /хх-64/,  

- шүүгдэгч Б.Цог-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 28-нд архи ууж дуусаад би унтаж амарлаа гээд Бямбатогтох харилаа гээд эхнэртэйгээ хамт гараад явсан. Тэгээд унтах гээд байж байтал Бямбатогтох гэрт орж ирээд тамхиа танайд орхисон байна гэж хэлэхээр нь “тэгээд тамхиа ав ав” гэхэд “миний энд тавьсан байсан, тамхи байхгүй болсон байна гэж хэлэхээр нь “би нарийн тамхи татдаг бүдүүн тамхи татдаггүй, тамхиа аваад гарсан юм байгаа биз”, “би чиний тамхийг аваагүй, одоо гар гээд Бямбатогтохыг түлхэхэд намайг зөрүүлээд түлхсэн. Тэгэхэд би хойшоо ухраад ширээн дээр тулахад ширээн дээр байсан манай гэрийн ногоо арилгадаг хар иштэй жижиг хутгаар Бямбатогтохын урдаас хавирга хэсэгт нь нэг удаа хутгалсан. Тэгэхэд Бямбатогтох манай гэрээс гүйгээд гараад явчихсан. Тэгэхээр нь би араас нь гараад яачихав гээд газар унасан байхаар нь татаж босгох гэхэд эхнэр Нансалмаа нь Цогоо намайг хутгалчихлаа гэж хэлээд ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би хаана нь хутгалсан байна харъя гээж байж байтал цагдаа, түргэн 2 зэрэг ирээд намайг цагдаагийн газар хүргэж ирсэн. Бямбатогтох манай гэрт тамхиа мартсан гэж орж ирсэн. Тэгээд тамхи олохгүй байхгүй байна гэж хэлэхээр нь би нарийн тамхи татдаг чиний тамхийг аваагүй гэж маргалдаж байснаа санаж байна. Бид архи ууж байхдаа ямар нэгэн маргаан хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-51-52/ зэрэг болно.

 

Нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэхэд:  

Шүүгдэгч Б.Цог-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их нарангийн 11 дүгээр гудамжны 27а тоотод байх гэртээ “танхайн сэдэлт”-ээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж иргэн Л.Бямбатогтохын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

- хохирогч Л.Бямбатогтохын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр харанхуй болсон байхад Б.Цог-Эрдэнийн гэрт би эхнэр Нансалмаагийн хамт орсон...Б.Цог-Эрдэнийн эхнэрийн хамт байсан...0.75 литрийн Арвай нэртэй архи Цог-Эрдэнэ бид 2 хувааж уусан...Орой 20 цагийн орчим гэрээс нь гарч явахдаа Цог-Эрдэнийн гэрт буйдан дээр нь өөрийнхөө улаан вест нэртэй тамхиа мартсан байсан тул эргэж орж...тамхиа мартсан байна гэж хэлсэн...Тамхиа аваад гал тогооны өрөөнд нь ороход Цог-Эрдэнэ 1 удаа хутгалсан...”яаж байна аа чи” гэж асуухад юу ч дуугараагүй. Тэгээд би шууд ухаан алдсан байсан...нэг ухаан ороход эмнэлэг дээр ирчихсэн байсан...Цог-Эрдэнэ намайг яагаад хутгалах болсон талаар асуухад архины халуунд ийм зүйл болсон, согтоод юу болсон талаар санахгүй байна гэж надад хэлсэн...Архи ууж байх үедээ бид 2 хоорондоо маргалдаагүй. Ямар нэгэн маргалдах шалтгаант зүйлийн талаар яриагүй...гэх мэдүүлэг /хх-30-32/,   

-  гэрч Я.Нансалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Бямбатогтох бид хоёр 20 цагийн үед Цогоогийн гэрээс гарахад Бямбатогтох тамхиа мартсан байна, аваад ирье гэсэн, би Цогоогийн хашаанд зогсоод хүлээгээд байж байтал нээх удалгүй Бямбатогтох гарч ирээд газар хэвтээд миний бие өвдөөд байна. Чи түргэн дуудаад намайг үзүүлээч гэж хэлээд ухаан алдсан...цагдаагийн машин ирсэн чинь Цогоо би “Бямбааг хутгалчихсан юм байхдаа” гэсэн..архи ууж байхдаа Цогоо Бямбатогтох 2 хоорондоо маргалдаагүй...гэх мэдүүлэг /хх-33/,    

- гэрч Ц.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 21 цаг болж байхад манай нөхөр Цог-Эрдэнийн найз гэх Бямбатогтох, Нансалмаа 2 манай гэрт орж ирсэн...Архийг Бямбатогтох нөхөр Цог-Эрдэнэтэй хувааж уугаад Нансалмаа бид 2 архи уугаагүй...гэрээс гарсныхаа дараа Бямбатогтох улаан өнгийн хайрцагтай тамхиа үлдээсэн байна, байна уу гэж асуухаар нь байхгүй байна гэхэд би танайд нэг бүтэн, нэг тал 2 хайрцаг тамхитай орж ирсэн гэж уурласан. Тэгэхэд Цог-Эрдэнэ “би нарийн тамхи татдаг, чиний бүдүүн тамхийг би татдаггүй” гээд маргалдаад байсан. Тэр үед би хойд өрөөндөө ороо засаад байж байтал Бямбатогтох гэрээс гараад явчихсан. Би ороо засчихаад Цог-Эрдэнийг орж ирэхгүй байхаар нь гарахад манай нөхөр Цог-Эрдэнэ “би хутгалчихсан юм гэж хэлээд сууж байсан”...би хутгалж байгааг хараагүй, хойд өрөөндөө байсан, би Бямбатогтох нь Цог-Эрдэнийг түлхэж байгааг хараагүй...Сүүлд хэрэг явдал болсны дараа үзэхэд тал хайрцаг тамхи нь манай гэрийн том өрөөний буйдан дээр байсан...хутгыг би хогийн саванд хийгээд хаячихсан...гэх мэдүүлэг /хх-34-35/,  

- гэрч Б.Түмэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг 30 минутаас 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 08 цаг 30 минут хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт түргэн тусламж үзүүлэх түргэний эмчээр ажилласан. Дуудлагын дагуу очиж, үзлэг хийхэд зүүн талын 5-6 дугаар хавирганы завсар хурц ир үзүүртэй зүйлээр 1.5 см орчим өргөнтэй хатгагдсан шархтай байсан. Цааш хэр хэмжээний гүн орсон эсэхийг шалгах боломжгүй байсан тул би шархыг уусмалаар ариутгаж ариун бинтээр боолт хийсэн...гэх мэдүүлэг /хх-37/,  

- шинжээчийн №2187 дугаартай:...Л.Бямбатогтохын биед цээжний зүүн хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-41/,

- шинжээчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...уг гэмтэл нь хэрэг болсон гэх 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байсан. Хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх мэдүүлэг /хх-42/,  

- шүүгдэгч Б.Цог-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Унтах гээд байж байтал Бямбатогтох гэрт орж ирээд тамхиа танайд орхисон байна гэж хэлэхээр нь “тэгээд тамхиа ав ав” гэхэд миний энд тавьсан байсан тамхи байхгүй болсон байна гэж хэлэхээр нь “би нарийн тамхи татдаг бүдүүн тамхи татдаггүй, тамхиа аваад гарсан юм байгаа биз, чиний тамхийг аваагүй, одоо гар гээд Бямбатогтохыг түлхэх”-д намайг зөрүүлээд түлхсэн. Тэгэхэд би  хойшоо ухраад ширээн дээр тулахад ширээн дээр байсан манай гэрийн ногоо арилгадаг хар иштэй жижиг хутгаар Бямбатогтохын урдаас хавирга хэсэгт нь нэг удаа хутгалсан...Бямбатогтох манай гэрт тамхиа мартсан гэж орж ирсэн. Тэгээд тамхи олохгүй, байхгүй байна гэж хэлэхээр нь би нарийн тамхи татдаг чиний тамхийг аваагүй гэж маргалдаж байснаа санаж байна. Бид архи ууж байхдаа ямар нэгэн маргаан хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-51-52/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Цог-Эрдэнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нь хохирогчийг гэрт нь мартсан тамхиа авах гэснийх нь төлөө “тэгээд тамхиа ав, би нарийн тамхи татдаг, бүдүүн тамхи татдаггүй, тамхиа аваад гарсан юм байгаа биз, чиний тамхийг аваагүй, одоо гар гээд Бямбатогтохыг түлхэх, улмаар хутгалсан” нь хувийн сэдэлттэй гэж үзэх үндэслэлгүйгээс гадна шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ илтэд ичгүүр сонжуургүй, бүдүүлэг, догшин авирласан буюу өөрийгөө бусдын эсрэг тавьж, бусдад өөрийн хүч, зоригийг үзүүлэх, айлган түгшээх гэмт санааны агуулга, үйлдэл хэрэгжсэн нөхцлөөрөө бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт цугларсан байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.  

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Л.Бямбатогтох манай эхнэрийг өөрийн ажилладаг ноосны үйлдвэрт ажилд оруулсан, гэтэл эхнэр ажил ихтэй гээд их оройтож ирдэг” байсан тул ажлаас нь гаргасан, эхнэрээ оройтохоор Л.Бямбатогтохтой харддаг байсан тэр бодлоороо хутгалсан тухай мэдүүлсэн боловч энэ нь шүүгдэгчийн үйлдсэн танхайрах гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларсан нотлох баримтаар үгүйсгэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.       

Хохирлын талаар нотлох баримтгүй, хохирогчид учирсан гэх хохиролд шүүгдэгч 50.000 төгрөг төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн /хх-69-70/, энэ тухай мэдүүлсэн байна.       

Шүүгдэгч нь ердийн өвчний учир хөдлөмөрийн чадвараа 70 % алдсан /х-63/, урьд өмнө гэмт хэрэгт шийтгүүлж байгаагүй /х-58/ байна.       

Шүүгдэгч Б.Цог-Эрдэнэ нь анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, уг хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх ба тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн нас болон хувийн бусад байдал зэргийг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулан, мөн эдлэх ялын дэглэмийг нь хөнгөрүүлж шийдвэрлэв.       

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримттаар 1 ширхэг /9.5 см хар өнгийн хуванцар бариултай 8.5 см ажлын хэсэгтэй, 1.8 см ажлын хэсгийн өргөнтэй/ хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон  

ТОГТООХ нь:  

 

 1. Шүүгдэгч Б.Цог-Эрдэнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цог-Эрдэнийг 3 жил 4 сар 5 хоног хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цог-Эрдэнэд оногдуулсан 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.          

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т   зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгасугай.     

6. Шүүгдэгч Б.Цог-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Цог-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР

                          ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                           Л.БААТАР