| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0183/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/181 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/181
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч Ч.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч******* Г*******д холбогдох эрүүгийн 2431002470188 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1******* оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Б******* суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Авто механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Х******* сум Т******* .. дүгээр баг .. тоотод оршин суух хаягтай, урьд С******* дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 06 сар хорих ял шийтгүүлсэн, уг ялаа эдэлж байх хугацаанд
Б*******, Хан-Уул, С******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1043 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт татагдаж байхдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 1-д зааснаар өршөөл үзүүлэн хэргийг хэрэгсэхгүй болгож, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 сар 25 хоногийг эдлүүлэхээр шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Ч******* Г*******, Регистрийн дугаар: //
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Х******* сумын цагдаа, цагдаагийн ахлагч М.Г: 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ч.Г "Алко тест 6820" багажаар согтуурлыг шалгахад 2,84 хувийн согтолттой байсан болохыг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.М "... Х******* сумын Баянцагаан 2 дугаар багийн нутагт мөргөж гэмтээсэн гэх гэрэлтүүлгийн төмөр шонг иргэн Ч.Г******* нь бүрэн засварлаж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх 13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.М өгсөн "... Би 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Х******* сумын Баянцагаан 2 дугаар баг Хайрхан гудамжинд өөрийн эзэмшлийн - улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад Хайрханы гэр хорооллын гудамжинд байдаг гэрэлтүүлгийн төмөр шонг миний урд явж байсан - улсын дугаартай Соната маркийн тээврийн хэрэгсэл мөргөж зогссон тухайн үед нэлээн ширүүн бороо орж байсан. -79 улсын дугаартай машины хүрдэн дээрээс Х******* сумын Г******* гэх хүн бууж ирээд машинаа эргүүлж тойруулж харж байгаад надаас ирж машинаа яаж гаргах уу гэж асуусан. Тухайн үед Г******* гэх хүнээс архи үнэртэж байсан. Тэгэхээр нь би та цагдаа дуудаа гэж хэлээд явсан. Тэгээд би цагдаа руу утсаар ярьж согтуу жолооч машин барьж яваад гэрлийн шон мөргөсөн байна гэж хэлсэн. Соната маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Г******* гэх хүн ганцаараа явж байсан. Би тухайн үед гэрэл зургийг нь гар утсан дээрээ дарсан байсан. Одоо миний гар утсан дээр байхгүй устгасан. Би 2011 оноос эхлэн Х******* суманд гэрлийн байцаагчаар ажиллаж байгаа. Би Х******* сумын бүх айл өрөхөөр орж цахилгааны заалт бичдэг болохоор Г******* гэх хүнийг танина. Г******* гэх хүн машинаасаа бууж миний жолоодож явсан машин дээр ирээд юм асуухад нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Мөн байгаа байдал, царайны хувирал, хэлж байгаа үг яриа нь илтэд согтуу байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.А өгсөн "... Би 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байхад Г******* ах манай гэрт ирээд ах нь машинтайгаа явж байгаад гудамжинд гэрлийн шон мөргөчихлөө. Чи цуг очоод машин гаргаад өгөөч, дугуй нь шонгийн цементэн хөл давж ороод гацчихлаа гэсэн. Тэгээд бид хоёр гудамжинд байсан. Г******* ахын машин дээр очоод гаргах гэж оролдоод байж байтал цагдаа нар ирсэн. Г******* ахын унаж яваад гэрлийн шон мөргөсөн - улсын дугаартай Соната-7 маркийн машиныг би Г******* ахаас 5.000.000 төгрөгөөр тохиролцоод урьдчилгаа гэж 1.500.000 төгрөгийн өгсөн байсан. Миний Г******* ахаас худалдан авахаар тохиролцож урьдчилгаа мөнгө өгсөн байсан -43 улсын дугаартай Соната-7 маркийн машин гэр хорооллын гудамжинд сайжруулсан шороон замын хажуу талын гэрэлтүүлгийн төмөр шонг баруун урд хэсгээрээ мөргөж, баруун урд дугуй нь шонгийн цементэн хөл давж ороод гацчихсан байсан. Манай гэрийн гадаа ирээд надтай уулзахад Г******* ахаас бага зэрэг архи үнэртэж байсан. Цагдаа нар Г******* ахыг авч яваад согтуурал хэмжих багаж үлээлгэж шалгаад 2.84 хувийн согтолттой байна гэсэн. Г******* ах бид хоёр машин дээр очиход өөр ямар нэгэн хүн байгаагүй. Гадаа бороо их орж байсан болохоор зам дээр гулгаж очоод зам мөргөчихлөө гэсэн." гэх мэдүүлэг, /хх-ийн дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Э өгсөн "... Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Х******* сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг. Иргэн Ч.Г******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус сумын Т******* 1 дүгээр багт - улсын дугаартай Хюндай Саната-7 маркийн тээврийн хэрэгслийг 2.%-ийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ саатуулж Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын гомдол мэдээллийн бүртгэлд бүртгэгдэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Монгол Улсын Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж шийтгэл оногдуулах саналтай Шүүхэд хүргүүлэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/3Ш/51 дугаартай шийтгэврээр 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, дөрвөн зуун нэгжээр торгуулсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ч.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/3Ш/51 дугаартай шийтгэвэр, /хх-ийн 24-27 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 47 дугаар хуудас/
С******* дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолын хуулбар /61-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Г******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/51 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Сэлэнгэ аймгийн Х******* сум Т******* 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2.84%-ийн согтолттой - улсын дугаартай Хьюнда саната-7 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож гэрлийн шон мөргөсөн болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Х******* сумын цагдаа, цагдаагийн ахлагч М.Г: 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ч.Г "Алко тест 6820" багажаар согтуурлыг шалгахад 2,84 хувийн согтолттой байсан болохыг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.М мэдүүлэг /хх 13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.М өгсөн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.А өгсөн мэдүүлэг, /хх-ийн дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Э өгсөн мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ч.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/3Ш/51 дугаартай шийтгэвэр, /хх-ийн 24-27 дугаар хуудас/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/, зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ч.Г*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч Ч.Г******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/51 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Сэлэнгэ аймгийн Х******* сум Т******* 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2.84%-ийн согтолттой - улсын дугаартай Хьюнда саната-7 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож гэрлийн шон мөргөж, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..." гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Ч.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, манссуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Г******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж мэтгэлцээгүй болно.
Гэм хорын хохирлын талаар :
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Ч.Г******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Г*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Ч.Г*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Г*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 2 жил буюу 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харъяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Г*******д энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/3Ш/51 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ч.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан хугацаа дууссан үеэс эхлэн тооцуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Г******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Ч**************ийн Г*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г********лыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Ч.Г*******д энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/3Ш/51 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ч.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан хугацаа дууссан үеэс эхлэн тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г*******ын хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жил буюу 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ